Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Амжилттай хөгжсөн, хөгжиж буй улсуудын хувьд хөгжлийн эхэн үедээ тусгайлсан хөгжлийн хөрөнгө оруулалтыг хийх үүрэгтэй санхүүгийн институцийг байгуулж, түүгээрээ дамжуулан хөгжлийн хөрөнгө оруулалт хийдэг нийтлэг туршлагад үндэслэн манай улс 2010 оноос эхлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийх ерөнхий механизмыг тусган, улмаар Хөгжлийн банкийг 2012 онд байгуулсан билээ.
Өнөөгийн байдлаар Хөгжлийн банкаар хийгдэх санхүүжилт нь зөвхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн тусгай шаардлагаар хязгаарлагдаж байгаа бөгөөд Хөгжлийн банкаар дамжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний зарцуулалтыг төсөвт тусгахгүйгээр зарцуулж байна.
Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь, 2016 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувь, 2017 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас тус тус хэтрэхгүй байхаар хуулийн төсөл боловсрууллаа. Дээрх хугацаанд үндсэн төсвийн хувьд алдагдал 2 хувийн тусгай шаардлагыг хангах бөгөөд зөвхөн Хөгжлийн банк болон бусдаар дамжин хэрэгжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийг төсөвт тусгахтай холбоотой зардлаар төсвийн тэнцэл өөрчлөгдөх юм.
Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ 2014 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий 55 орчим хувьд гарахаар байгаа тул өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах зайлшгүй шаардлагатай байна. Өрийн тусгай шаардлагыг хангахын тулд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулан 2018 оны төсвийн жилд хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэн бууруулахаар холбогдох өөрчлөлтийг боловсрууллаа. Хуулийн төслийг хавсралт файлаас татаж авна уу./beta/upload/files/tusviintogtvortoibdliinhuuliintusul1.pdf
Tweet