Нэг.Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Эдийн засгийн ил тод байдлыг бий болгох нь бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог улам бүр боловсронгуй болгох, эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадахуйц тоон мэдээлэлтэй байх, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, эдийн засагчдыг үнэн бодит шийдвэр гаргах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Иймээс эдийн засгийг ил тод болгох чиглэлээр төрийнзүгээс тодорхой арга хэмжээ авах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Анх манай улсад 2007 онд энэ талаарх асуудлыг зохицуулах хууль батлагдан хэрэгжсэн билээ. Гэхдээ 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хууль нь албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, түүнтэй холбогдох хариуцлагаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байсан.
Том төрөөс ухаалаг төр рүү шилжих бодлогын зөвлөмжийн дагуу бизнесийн нэн таатай, тэгш, тогтвортой, тунгалаг орчинг бүрдүүлэх замаар бүртгэл, санхүү, татварын тайлагналын үр дүн, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор энэхүү хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудлыг хөндөж, илүү өргөн хүрээгээр эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлно.
Хоёр.Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ, хуулийн төслийн ерөнхий бүтэц
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа хөрөнгө, орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд нэг удаа албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулахгүй, холбогдох хариуцлагаас чөлөөлөх талаар тусгана.
Хөрөнгө орлогоо ил болгож, сайн дурын үндсэн дээр тайлагнах, мэдүүлэх хугацааг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаа байхаар хуулийн төсөлд заана.
Хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох журмыг Засгийн газар батлахаар хуулийн төсөлд тусгана.
Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал
Хуулийн төсөл батлагдсаны дараа хэрэгжүүлэх явцад нэмэлт, хөрөнгө, зардал шаардагдахгүй. Тухайн асуудал хариуцсан байгууллагууд эрхэлсэн ажлын хүрээнд хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Дөрөв.Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.
Tweet