Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль гаргах шаардлага бий болсон. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн, аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
Дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хариуцлагын хуульд заасан шийтгэл, Эрүүгийн хуульд заасан ялаас чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төслийн “Нийтлэг үндэслэл” бүлэгт хуулийн төсөл батлагдсан өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн 158, 1581, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль хамаарахаар тусгасан.
“Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээ” бүлэгт Эрүүгийн хуулийн 158, 1581, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хорих болон хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн ялтны оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж, захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийн биелүүлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хувь хэмжээг өршөөн хэлтрүүлэхээр заасан.
Мөн хуульд заасан ял шийтгэлтэй холбогдох зарим хугацааг хэрэгсэхгүй болгохоор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр шийтгэх шатанд байгаа эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх шатанд байгаа захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заасан болно.
“Өршөөлд үл хамааруулах” гэсэн бүлэгт өршөөлд хамааруулахгүй этгээдийг тодорхойлон тусгалаа.
Өршөөлөөр зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас, зарим захиргааны зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлж байгаа нь алдаж, эндсэн иргэндээ төрөөс онцгой итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд энэ нь тэдний цаашдын засрал хүмүүжилд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хавсралт файлаас татаж авна уу.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР/beta/upload/files/EZ-urshuultusul.pdf
Tweet