Нэг.Хуулийн төсөл боловсруулах үндэслэл,шаардлага
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 14-т “өршөөл үзүүлэх шийдвэр гаргах” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарахаар заасан ба Эрүүгийн хуулийн 77.1-д “Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтанг ял эдлэхээс чөлөөлж болно” гэж заасан.
Иймээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлөөр ял, шийтгэлээс чөлөөлөх нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хууль тогтоох байгууллагын бүрэн эрхийн асуудал юм.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан татвар, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх зорилгоор Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулна.
Хоёр.Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ, хуулийн төслийн ерөнхий бүтэц
Энэ хуулийн төсөл батлагдах өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн 158,1581,159,161,166,168 дугаар зүйл,175 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль хамаарна.
Хуулийн төсөлд:
1/ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэхийг;
2/ зарим хугацааг хэрэгсэхгүй болгохыг;
3/ эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгохыг;
4/ зарим этгээдийг өршөөлд үл хамааруулахыг тус тус тусгана.
Хуулийн төслийн бүтэц зүйл, хэсэг, заалтаас бүрдэх ба нийтлэг үндэслэл, өршөөл үзүүлэх хэлбэр хэмжээ, өршөөлд үл хамааруулах, хууль хүчин төгөлдөр болох гэсэн дөрвөн бүлэгтэй байна.
Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал
Хуулийн төсөл батлагдсаны дараа хэрэгжүүлэх явцад нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй болно.
Дөрөв.Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар
Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлтэй холбогдон ямар нэгэн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.
Tweet