УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь Монгол Улсад банк санхүүгийн тогтолцоо хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр түүний тогтвортой байдлыг хангах, хууль бус хөрөнгийг илрүүлэх, таслан зогсоох, битүүмжлэх, хураах талаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой аж. Мөн албан бус, тусгай зөвшөөрөлгүйгээр валютын худалдаа эрхэлдэг асуудлыг нэг мөр цэгцлэх үүднээс зөвхөн эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан валютын худалдаа эрхлэх нь зүйтэй гэж үзэж Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зохицуулалтыг тусгаж өгчээ.
Ийм эрх зүйн орчин бүрдүүлж өгснөөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх нөхцөл бүрдэхээс гадна банк, санхүүгийн системийн найдвартай, тогтвортой ажиллах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх гэнэ. Түүнчлэн, ФАТФ зэрэг олон улсын байгууллагуудын хяналтыг амжилттай давж Монгол Улсыг хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалтад оруулахгүй байх бололцоо бий болно гэж үзжээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Монгол Улс гадны олон улсын байгууллагаас хараат байж, өөрсдийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийддэг байх ёстой. Өнгөрсөн жил Мөнгө угаахтай холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхдээ ФАТФ “Хуулиа батлахгүй бол хар жагсаалтад оруулна” гэж анхааруулсан гээд хуй салхи шиг юм болсон. Одоо болохоор Х.Тэмүүжин сайд бас л ийм зүйл ярьж байна. Зэвсгийн наймааг том гүрнүүд хийдэг юм. Сайд Х.Тэмүүжин чи ийм юм ярьж толгой эргүүлдгийг боль” гэсэн юм.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Байлдааны сөнөөгч МИК-21 онгоцны хэрэг бол зэвсгийн наймаа” гэхэд Ц.Нямдорж гишүүн “МИК-21 байлдааны онгоцноос хасагдсан моторын хэрэг тэр чинь. Хөнгөн улстөр хийж байна” гэх хариу барьж, хэсэг хугацаанд маргалдав.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат “Моторыг нь тавихад л зэвсэг. Хоорондоо асар их холбоотой. Ер нь Монгол Улс хууль эрх зүйн орчноо шинэчилж, өөрчлөхдөө олон улсын байгууллагаар чичлүүлээл, гулдруулаад байж таарахгүй. Өөрсдөө санаачлага гаргаад явах ёстой” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Эдгээр хуульд өөрчлөлт оруулж батлах нь зөв боловч, зарим заалтыг хасах ёстой. Монголбанкинд хатуу хэлмээр байна, хүний эрх чөлөөнд халдсан, эрхийг нь хязгаарласан боомилсон юм битгий оруулж ир. Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагддаг зүйлийг Эрүүгийн хууль руу оруулж ирж байгаа нь маш буруу.
Өнгөрсөн онд бид эв санааны нэгдэлтэйгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан, энэ заалт энэ улсын тухай гадаадын хөрөнгө оруулагчдад ямар бодол төрүүлэх вэ. Шоронд оруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг орон гэж ойлгогдоно. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьд төр улам дарлах гэж байна, Ерөнхийлөгч худлаа хэлдэг юм байна, Ухаалаг төр худлаа юм байна гэсэн ойлголт төрүүлнэ. Хамгийн зөв ойлголт бол шударгаар өсөлдөх орчинг төр бүрдүүлэх ёстой. Гэтэл шударгаар өрсөлдөх орчинг төр нь булаачихсан бизнес эрхлээд явж байна” гэж шүүмжилсэн юм.
Улмаар гишүүд асуулт асууж, саналаа хэлж дууссаны дараа хуулийн төслөөр санал хурааж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
2014 оны 1 сарын 9
Эх сурвалж: news.mn
Tweet