http://www.dornodbiz.mn/ 2014 оны 01-р сар
УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл Монголын бизнесийн төлөөллийн хамт энэ сарын эхээр Япон улсад ажлын айлчлал хийж, арванхоёрдугаар сарын 2-нд Японы парламентын ордонд болсон Монгол, Японы бизнес уулзалт дээр үг хэлсэн юм. Тэрээр УИХ-аас шинээр батлагдан гараад байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн талаар танилцуулсан. Энэ уулзалтад Японы 30 гаруй компанийн төлөөлөл оролцсон юм. Тэрээр мөн айлчлалын үеэрээ Японы ГХЯ-ныхантай уулзсан. Японы парламентад хэлсэн түүний үгийг хүргэж байна.
- Би Японд 10 дахиа ирж байна. Нэг л зорилготой ирдэг. Тэр нь та бүхнийг монголчуудтай уулзуулах, хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилготой байдаг. Сая би танай парламентийн таван гишүүнтэй уулзаж, мөн л Монгол, Японы иж бүрэн түншлэлийн харилцааг яаж бизнесийн хүрээ рүү оруулах талаар ярилцлаа. Мөн Гадаад харилцааны яамныхантай уулзаж, эдийн засгийн хэлэлцээрийн талаар ярилцсан. Хэлэлцээрт бизнесийнхний дуу хоолой, тэдний хүсч байгаа зүйлийг илүү сайн тусгах хэрэгтэй байна. Монголын зах зээлд хөрөнгө оруулалт хийх, цаашдаа эдийн засгийн хэлэлцээрт та бүхний болон Монголын бизнесийнхний дуу хоолойг сайн оруулах тусам хэлэлцээрийн чанар, ач холбогдол улам нэмэгдэнэ. Би бизнесийн амьдралыг парламентын хууль тогтоох үйл ажиллагаа, хуульд суулгаж өгөх, хүмүүс юу хүсч байгаа, бизнест болон хөрөнгө оруулалтад ямар садаа байна, энэ бүхнийг арилгах зорилгоор өөрийн улсынхаа парламентад сууж байгаа.
- Монголын Хөрөнгө оруулалтын хуулийн орчин ямар байгааг ярихад энэ талын шинэ хууль батлагдаад сар хагас болж байна. Хуулийн анхны төсөл орж ирэхдээ, хүнээр жишвэл нэг хөлтэй байсан. Тэр нь татварын орчныг тогтвортой байлгая гэсэн ерөнхий заалт байв. Гэтэл аль ч улсын хөрөнгө оруулалтын хуульд хоёр дахь хөл байдаг. Тэрийг англиар “incentives” буюу хөшүүрэг гэдэг. Одоо шинэ хууль маань хоёр хөлтэй болсон. Нэг нь таны хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой, ил тод, тааламжтай байлгах зориулалттай нэг судас байна. Хоёр дахь нь та хөрөнгө оруулсан цагт таны хөрөнгө оруулалтад ямар хөшүүрэг хэрэглэх, татварын болон татварын бус арга замаар хөрөнгө оруулалтыг урамшуулна. Тодорхой хэлбэл, Монголын ийм ийм салбарт, хөдөө, орон нутагт хөрөнгө оруулалт хийвэл ийм хугацаанд таны бизнес ингэж дэмжигдэнэ гэсэн утгатай хоёр дахь хөл гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, Монголын дотоодын компаниуд, дотоодын хөрөнгө оруулагчид ямар хөнгөлөлт, ямар хөшүүрэг авдаг вэ гадны хөрөнгө оруулагч яг адил тэрнийг авна гэсэн үг. Дээр нь бусад улс орны хөрөнгө оруулалтанд түгээмэл байдаг омбудсмент үйлчилгээ буюу хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд үйлчлэх “Нэг цэг”-ийн үйлчилгээг бий болгох ойлголтыг хуулинд суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, та бүхэн манай улсад хөрөнгө оруулсан бол таньд үйлчлэх төр, засгийн үйлчилгээ хүнд сурталгүй, хөнгөн шуурхай, таны бизнес, хөрөнгө оруулалт, оруулсан хөрөнгийн чинь баталгааг хангасан тийм иж бүрэн үйлчилгээ үзүүлсэн байх ёстойг хуулинд заасан.
Нэг талаас ХАҮТ, нөгөө талаас төр, засаг, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон Зөвлөл байгаад тэндээс Хөрөнгө оруулалтын хуулийг бүгдийн эрх ашгийг тэнцвэржүүлсэн шийдвэр гаргаж байх, тэр нь дорхноо өөрчлөгдөөд байдаггүй, тогтвортой, удаан хугацаанд хэрэгждэг, хүнд сурталгүй, цаг авдаггүй ийм л орчинг үүсгэх зорилгоор хууль баталсан юм. Тийм учраас хөрөнгө оруулалтын орчинг эрх зүйн талаас нь сайжруулах юм хийгээд, түүнтэйгээ шууд холбоотойгоор бизнесийн орчны шинэтгэл гэж “business environment reform” хийгээд жил болж байна. Ер нь бол манайд бизнесийн орчинг сайжруулах хэрэгтэй байгаа. Дэлхийн банк болон олон улсын бусад байгууллагын зүгээс Монголын бизнесийн орчныг үнэлэхэд манай улс дунд зэрэгт яваа. Бизнес эрхлэхэд манайд хүндрэлтэй байсан. Ялангуяа гадаад худалдаа хийхэд олон бичиг баримт шаарддаг байсныг бид эхнээс нь алга болгож байна. Өмнө нь импортын худалдаа хийхэд 12 төрлийн, экспорт хийхэд бас 11 төрлийн бичиг баримт шаардагддаг байсан бол өнөөдөр тус бүртээ тав болсон. Одоо Монголд тусгай зөвшөөрөл, лиценз 1200 орчим байна.
Үүнийг бид 50-70 хувиар бууруулж, байхгүй болгохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, манайд бизнесийн шинэчлэлийг эрс хүчтэй хийж байгаа. Үүнийг олон улсын хэмжээнд гулитон арга гэдэг. XYI-XYII зууны үеийн Францад хүнийг цаазлахдаа толгойг нь шууд цавчдаг байсныг гулитон гэдэг. Одоо энэ нь дэлхий дээр “Жакапс энд аccociation” гээд том хуулийн компанийн барааных нь тэмдэг болчихсон, эрс шинэчлэл хийдэг арга болсон. Саяхан манай Ерөнхий сайд захирамж гаргаж миний яриад байгаа гулитоны аргын багийг томилж, Засгийн газраас үл хамаарсан байдалтай болгохын тулд парламентаас, УИХ-ын таван гишүүнээр бүрдүүлсэн. Тэрний хамгийн идэвхитэй гишүүн бөгөөд гулитоны энэ аргад хамгийн дуртай хүн нь би сууж байна, та нартай. Энэ аргаар юу хийх юм гэхээр одоо төрийн яамдууд бидэнд цааснуудаа авчирч өгөөд “Манайд ийм лиценз шаардлагатай байна” гэхэд нь бид тэднээс, наад лиценз, зөвшөөрөл чинь зах зээлд, чөлөөт өрсөлдөөнд саад болох уу, заавал яагаад танай яаманд хэрэгтэй юм, ТББ, мэргэжлийн холбоод хийгээд явж болохгүй юм уу гэж асууна. Эдгээрт хариулж чадахгүй бол шууд толгойг нь авах буюу тэр зөвшөөрөл бүхий цаас хүчингүй болно гэсэн үг. Үүний үр дүнд бизнест саад, чөдөр тушаа болж байгаа тусгай зөвшөөрөл, лицензийн тоог гадны дотны хэнд ч тэр мэдрэгдэхүйц хэмжээнд хөнгөлж өгөх юм. Энэ бол ирж байгаа 2014 оны хийгдчих ажил.
- Манай улсад бас нэг хүнд хэцүү зүйл байгаа. Тэр нь санхүүгийн орчин. Монголд арилжааны 13 банк, 200 гаруй банк бус санхүүгийн байгууллага бий. Хөрөнгийн бирж болон Тэтгэврийн, даатгалын сангууд байх ёстой утгаараа сайн хөгжиж чадаагүй, Хөрөнгө оруулалтын сангийн хууль дөнгөж батлагдаад явж байна. Тийм учраас манайд нийт санхүүгийн салбарын 96 хувийг банкууд эзэлдэг. Нийт бизнесийнхний хувьд банкаар үйлчлүүлдэг юм. Гэтэл банкны зээл нь хоёр оронтой тоогоор илэрхийлэгддэг. Одоо жилийн 19 хувьтай байгаа байх. Хугацаа нь нэг жилээс нааш. Засгийн газраас санхүүгийн орчныг сайжруулахын тулд Жижиг, дунд бизнесийн санг тодорхой хэмжээгээр ажиллуулж байна. Зээлийн баталгааны сангийн хууль батлагдаад жил хагас өнгөрч байгаа. Гэх мэтээр манай улс оролдлогууд хийж байна. Япон улсаас ч гэсэн одоо Монголд хоёр шаттай зээл олгох, манай улсын санхүүгийн орчин, санхүүгийн бизнес, зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна. Тийм учраас манай улсад ХАҮТ санал болгоод санхүүгийн секторын шинэчлэлийг хоёр жилийн дотор хийж эхлээд явж байна. Гол зорилго нь зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, зээлийн хугацааг нэгээс дээш жил урт хугацаатай болгох юм. Ийм учраас Хөрөнгө оруулалтаа идэвхижүүлж, бизнесийн санхүүжилтийн орчинг сайжруулахын тулд Монгол Улс гадны зах зээл дээрээс бонд босгож байгаа. Манай улс анх удаа Хөгжлийн банк байгуулсан. Одоо танай улстай хамтраад “Самурай бонд”-ын асуудлыг судлаж байна.
- Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр их чухал. Эцсийн дүндээ манай хоёр орны худалдаа их болоосой, хөрөнгө оруулалт нэмэгдээсэй гэсэн зорилгын хүрээнд бид өнөөдөр ид ажиллаж байна. Манай төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д над шиг ийм бодолтой хүмүүс их байдаг, ер нь олонхи нь. Тэр хүмүүсийн хувьд бизнесийнхний, ард иргэдийнхээ дуу хоолойг сонсоё, тэдэнд хэрэгтэй, садаа болдоггүй, бизнесийг дэмждэг орчныг бий болгоё гэж байгаа. Монголын эдийн засаг өнөөдөр ийм сорилтын идэвхитэй үе дээрээ ирчихээд явж байна. Тийм учраас бид ерөнхий бодлогоо шинэчилсэн юм.
- Эцэст нь, Монголын эдийн засгийн талаар товч мэдээлэхэд, манай ДНБ-ний бүтэц ХАА, аж үйлдвэр, уул уурхай гэсэн нилээн олон салбараас хамаарч байгаа юм шиг харагдана. Гэтэл экспорт дээр аваад үзэхэд Монголын эдийн засаг нэг хөлтэй болчихоод байгаа. Ихэнх хөл нь одоо уул уурхай руу явж байна. Бусад салбар нь бага байгаад байдаг. Монголын ДНБ-ний буюу эдийн засгийн өсөлт өндөр сэтгэгдэл төрүүлэхээр, Ази тивдээ байхгүй өндөр өсөлттэй байгаа. Энэ жил 11, ноднин 15 ч билүү хувьтай байсан. Ийм мундаг эдийн засагтай хэр нь өсөлт нь ганцхан салбараас хангагдаад байдаг. Тухайн уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн коньюктурууд муудлаа гэхэд эдийн засгийнх нь өсөлт эргээд доошилчихдог тийм эдийн засаг байвал муу биз дээ. Тийм учраас одоо бид бодитой хэрэгжих Rainbow буюу солонгорсон эдийн засаг бий болгож байна. Зөвхөн уул уурхайн бус салбарт та бүхний хамтын ажиллагаа, бизнес сайн хөгжих тусам манай эдийн засаг Rainbow economy /солонгорсон эдийн засаг/ болж эхэлнэ. Үүнийг манай Засгийн газар, УИХ-ынхан бүгд ойлгож байгаа учраас энэ чиглэлийн эдийн засгийг их дэмжиж байгаа.
- Монголчуудын хувьд “Япон” гэхээр ард нь “чанар” ойлгогддог. Энд надад нэрийн хуудсаа өгсөн болон өгөөгүй бүх хүмүүсийн бизнес манайд хэрэгтэй байна. Бүх хүмүүст бизнесийн боломж байгаа. Үүнийг Монгол гэрээр зүйрлэн хэлвэл Монгол Улсын хувьд Монгол гэрийн хаалга онгорхой байгаа. Монгол гэрт орохоор хоёр багана байгаа, та бүхэн бүгд анзаарна. Монголын эдийн засгийг гэр гэж бодвол нэг багана нь дотоодын хөрөнгө оруулагч, нөгөө багана нь гадаадын хөрөнгө оруулагч юм. Энэ хоёр багана тэнцүү байж гэр тэнцвэртэй оршин байдаг, гэрийг тулж түшиж авч явдаг. Тийм учраас Монгол Японы эдийн засгийн харьцааг гэрээр дүрслэх юм бол хөрөнгө оруулалтын нэг багана нь та бид байна. Бид та бүхнийг Монголд урьж байна. Welcome to Mongolia!
УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл Япон улсад хийсэн айлчлалынхаа эхний өдөр Японы парламентийн гишүүд, тэр дундаа Хоккайда мужаас сонгогдсон гишүүдтэй уулзаж хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцож Монгол Улс, Хоккайда мужийн Парламентийн сайн дурын бүлэг байгуулахаар ярилцсан юм. Үүний дараа тэрээр Яоны Гадаад Харилцааны яамныхан болон Японы Худалдааг дэмжих байгууллага, мөн “ЖАЙКА”-ынхантай уулзаж хоёр орны эдийн засгийн түншлэлийн талаар ярилцаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн Бизнесийн төв байгуулах талаар санал солилцсон юм.
Тэмдэглэсэн Д.ОЮУНЗУЛ
Tweet