УИХ-ын чуулганы 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс Эрхэм уншигч танд хүргэж байна.
“Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Өнөөдөр манай гишүүдэд аугаа ухааралын өдөр болж байх шиг. Бид юу хийсэнээ ухаарч байх шиг байна. Мөн өнөөдөр Олон Улсын валютын сангийнханд Монгол Улс, Засгийн газар нүглээ наминчилж байна.
Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд “OT nomics”, “bondonomics”, “businesnomics гэсэн гурван төрлийн эдийн засаг байсан. Энэ ч байдлаараа төсөвт тусгагдаж ирсэн. “OT nomics” байхгүй болчлоо, “bondonomics”-ын бал сар дууслаа, одоо “businesnomics”-ийг авч үлдэх зүйл бидний өмнө байна.
2014 оны төслийг олон асуудал ярилгүй, хурдан хэлэлцээд дэмжээд гаргах хэрэгтэй. Удахгүй 2015 оны төслийг хэлэлцэнэ. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэж ярьж байна. Гэхдээ нэг асуулт байна, хөнжил маань бидэнд байна уу, үгүй юу ? Диполтын бүх шинж тэмдгүүд бүрэлдээд байна шүү! Эдийн засгийн бүх тоонуудыг, бодит амьдралтай харьцуулж харах юм бол, Улс орны түвшинд төлбөрийн чадваргүй болох заналхийлэл Монголын эдийн засагт үүссэн байна. Үүнийг маш их анхаарах ёстой. Тэгэхээр өнөөдрийн оруулж ирж байгаа тоонуудыг хараад байхад нэг юм эрс дутуу байгаа. Ялангуяа УИХ-ын даргын зүгээс онцгой анхааран, ойрын өдрүүдэд яаралтай санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулж, 2015 оны мөнгөний бодлогод энэ бүхнийг нэгтгэх заалтуудыг оруулах хэрэгтэй байна.
Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдал их хэцүү болж байна шүү. Гадаад төлбөр тооцооны байдал, диполтын асуудал, валютын нөөц энэ бүгд дандаа “0”-ээс доош байгаа, үүнийг яаж “0”-рүү ойртуулах вэ, ядахдаа жаахан ч гэсэн дээш нь гаргах асуудал 2015 онд байх ёстой. Тэгээд 2016 он болно.
Тийм учраас өнөөдөр уг нь төсвийн тодотгол гэхээсээ илүү, эдийн засгийн бодит тодотголыг ярилцах ёстой байгаа юм. Эдийн засгийн бодит тодотгол гэдэг нь өнөөдөр хөнжилтэй байна уу, үгүй юу гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл Улс оронд маань диполтын ямар ямар шинж тэмдгүүд үүсчихээд байна вэ? Бид 2015 ондоо 2014 оны тодотголын эдийн засгийн бүх бодит байдлын нүцгэн үнэнийг хэлж ярьж мөн УИХ-ын гишүүд, УИХ-ын даргын хэлээд байгаа бодлого руу чиглэх ёстой. Оюутолгойн орлого үлдэхгүй байна гэж яриад байна. Ер нь орлого нь үлдэх ямар санал тавьсан юм бэ? Дандаа хуурамч эх оронч үзэл дээр суурилсан, эдийн засгийн романтик сэтгэлгээ дээр тоглосон ийм зүйлүүд л явж байгаа.
Сайн гэрээ гэдэг бол аль аль талдаа ашигтай байгаа гэрээг хэлдэг, хоёр талыг бүрэн оролцуулсан гэрээ хийж чадахгүй байгаа учраас л... Аливаа хөрөнгө оруулагч итгэл дээр суурилаад, мөнгөө үлдээдэг. Итгэл байхгүй бол мөнгө нь гарч явдаг нь энгийн асуудал. Энэ талаас нь бодолцож, цаашдын ажлуудаа уялдуулах ёстой. Өнөөдөр бид “Stand-By” хөтөлбөрийг авах талаар ярьж байна. Энэ чинь бидний алдааг засч, өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурал цаашид ийм төсөв битгий баталж байгаасай, тойргийнхоо сонирхолоо багасгаасай, бодит хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлээсэй гэсэн эдгээр зүйлийг харуулсан “Stand-By” хөтөлбөрийг одоо бид ярьж байна.
Бид өнөөдөр Олон Улсын валютын сангийн өмнө эдийн засгийн буруу бодлогын алдааны нүглээ наминчилж, асуудалд хандах ёстой. Бондын эдийн засгийн бал сар нь дууссан. Ус цаг уурын шинжилгээний институтаар зүйрлэбэл, бүх нутгаар цас зудтай гэж зарлах ёстой өдөр. Монгол улс энэ нөхцөл байдалд хэрхэн бэлтгэх вэ гэдгээ ярилцах өдөр. Харамсалтай нь цаг уурын мэдээ нь өөрөө цагтаа бүрэн биш орж ирэх магадлалтай байна. Тийм учраас энд тайвшрал байж таарахгүй. Гэхдээ 2014 оны тодотголыг бушуухан батлаад гаргах хэрэгтэй. Та бүхэнд баярлалаа.
Tweet