Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, шар айргийн 19, дарсны 10, нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосон нь зах зээл дэх архины нийлүүлэлт, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаа хэрэглэх үндэс болж байна.
Статистикаас үзэхэд, манай улсад гарсан нийт гэмт хэргийн гуравны нэг хувь, хүнд, онц хүнд гэмт хэргийн хоёрны нэг хувь, нийслэлд гарсан гэмт хэргийн 57.7 хувийг согтуугаар үйлдсэн байдаг. Үүнээс үзэхэд, гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл нь архидан согтуурах явдалтай шууд холбоотой байна. Иймд согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгахад чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай.
Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих хяналт сул байгаагаас хүнсний бус зориулалттай түүхий эдээр согтууруулах ундаа үйлдвэрлэж, улмаар бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах явдал гарч байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж, бусад улсын жишиг болон Монгол Улсын нийт хүн амын ихэнхийг хүүхэд, залуучууд эзэлж байгаа, согтууруулах ундаанаас шалтгаалсан өвчлөл, нас баралт ихэнх хувийг эзэлж байгаа, согтууруулах ундаанаас шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил, осол, хүчирхийлэл жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа зэргийг харгалзан 2014 оныг “Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон тодорхойлсон. Дээрх зорилгын хүрээнд уг хуулийн төлсийг шинчлэн боловсруулсан болно.
Хуулийн төслөөр согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэхэд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд хуулийн төсөлд дараах асуудлыг тусгав. Үүнд:
-
Спирт, бусад согтууруулах ундааны үйлдвэрлэл, спиртийн хуваарилалт, олголт, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг хуульчилна. Ингэхдээ тухайн согтууруулах ундааны спиртийн агууламжийн хэмжээг харгалзан ялгамжтайгаар зохицуулахаар заасан.
-
Өндөр агууламжтай согтууруулах ундаанд 18 хувиас дээш этилийн спиртийн агууламжтай бүх төрлийн согтууруулах ундааг хамааруулж, спирт, бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Засгийн газар олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан. Мөн түүнчлэн согтууруулах ундаа үйлдвэрлэх бүх төрлийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, сунгах асуудлыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бус, Засгийн газар шийдвэрлэдэг байх, тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар олгож, 2 жилийн хугацаагаар сунгаж байхаар тусгалаа.
-
Бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энгийн хувьцааны хяналтын багцыг буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд буй хөрөнгийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглохоор хуулийн төсөлд тусгасан.
-
Хуулийн төсөлд спирт, бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахаар сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигтэй холбогдсон асуудлыг тусгайлан зохицуулсан.
-
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд тавих хяналтын механизмыг хуулийн төсөлд нарийвчлан тусгаж, өндөр агууламжтай согтууруулах ундааг дагнасан цэгээр худалдах, тусгай зөвшөөрлийг 2000 мянган хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000-аас доош хүн амтай суманд 2-оос дээшгүй байхаар тооцож сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хязгаарт багтаан Сум, дүүргийн Засаг дарга олгохоор, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орчны бүсэд оршин суугч иргэдийн 50-иас доошгүй хувийн саналыг үндэслэн хүчингүй болгохоор тус тус тусгалаа.
-
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг 10-21 цагийн хооронд, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар 10-24 цагийн хооронд худалдаж, үйлчлэхээр төсөлд заасан. Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгох, сунгахад 50’000’000 төгрөг, аймгийн төвийн суманд 25’000’000 төгрөг, бусад суманд 15’000’000 төгрөг , спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгох, сунгахад нийслэлд 20’000’000 төгрөг, аймгийн төвийн суманд 15’000’000 төгрөг, бусад суманд 5’000’000 төгрөг; спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгахад нийслэлд 20’000’000 төгрөг, аймгийн төвийн суманд 10’000’000 төгрөг, бусад суманд 5’000’000 төгрөг, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгахад нийслэлд 12’000’000 төгрөг, аймгийн төвийн суманд 6’000’000 төгрөг, бусад суманд 4’000’000 төгрөг, төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж хураахаар тусгав.
-
Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах цэгт үйлчлүүлэгчээс иргэний цахим үнэмлэх эсхүл тухайн үйлчлүүлэгчийг 21 нас хүрснийг нотлох бусад бичиг баримт үзүүлэхийг шаардах, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд үйлчлэхгүй байхаар тусгав.
-
Хуулийн биелэлт хангалтгүй байгаа нь хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэмжээ бодитой бус байгаатай холбоотой тул хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан.
-
Мөн согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь иргэдэд худалдаалах, согтууруулах ундааг согтууруулах ундаанд ноогдуулсан татвар болон үйлдвэрлэсэн өртгийн нийлбэр дүнгээс бага үнээр худалдах, аж ахуйн нэгжийн нэртэй ижил нэрээр нэрлэсэн согтууруулах ундаа үйлдвэрлэхийг хориглосон зохицуулалтыг нэмж тусгав.
-
Согтууруулах ундаа худалдах болон үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгоход эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байдаг иргэдийн саналаар шийдвэрлэдэг байхаар тусгав. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга орчны бүсэд оршин суугч иргэдийн 90-ээс дээш хувийн дэмжсэн саналыг үндэслэн спиртийн өндөр агууламжтай, сул агууламжтай согтууруулах ундааны төрлөөр олгохоор тусгав.
-
Согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх, согтуурах сонирхол, сэдлийг өдөөгч гол хүчин зүйл болох зар суртчилгааг нарийн, хяналттай зохицуулдаг олон улсын жишгийн дагуу согтууруулах ундааны зар сурталчилгааг ил болон далд хэлбэрээр явуулахыг хязгаарласан.
Хуулийн төслийг хавсралт файлаас татаж авна уу.
/beta/upload/files/tusul.pdf