ЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэх үеэр
Улсын Их Хурлын дарга З.Энхболд: Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Самбуугийн Дэмбэрэл танилцуулна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан танилцуулга.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монголбанкнаас Монгол Улсын Их Хуралд 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Эдийн засгийн байнгын хороо дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг дараах байдлаар тогтоолын төсөлд тусгалаа.
Нэгдүгээрт: Тогтоолын төслийн 2 дахь заалтыг Засгийн газар болон түүний баталгаатай гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулж, хэрэгжүүлэх. Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг, нийслэлийн төвшинд нам тогтвортой байлгах арга хэмжээ авах, төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл боловсруулах аргачлал, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн боловсруулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах гэж өөрчлөн найруулах саналыг тогтоолын төсөлд нэмж тусгалаа.
Энэ дашрамд хэлэхэд өчигдөр Төсвийн байнгын хорооны хурал дээр хоёрдугаар хэлэлцүүлэг явж байгаа байдлыг харахад 2015 оны төсөв чинь зохистой байдлаар батлагдаж чадахгүй байна шүү, одоо хүртэл гишүүд Болор гишүүн дээр очоод лоббидох иймэрхүү зүйл хийж байна. Тэгсэн мөртлөө агаарын бохирдлыг бууруулах төсвийнхөө зардлыг 50 хувиар таначихдаг ийм байж болохгүй шүү.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд: -Дэмбэрэл гишүүн дүгнэлтээ унш. Хувийнхаа үзэл бодлыг ярьдаг талбар биш.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Хоёрдугаарт: Тогтоолын төсөлд төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанк, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгож, хөтөлбөрөөс үе шаттай гарах арга замыг сонгож хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанкинд тус тус даалгасан заалтуудыг мөн нэмж оруулав.
Гуравдугаарт: Тогтоолын төслийн 3 дугаарт, санхүүгийн зах зээлд экспортын болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлэх. Хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг мөнгөн хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангах, тогтвортой санхүүжилтийн санаачилгыг дэмжин ажиллах зэрэг саналуудыг нэмж тусгалаа.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хувилбарыг Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгын хамт та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар.
Tweet