Хүний эрхийг хамгаалах бие даасан механизм болох Хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагааг үндсэнд нь Парисын зарчим нэрээр танил болсон НҮБ-ын Хүний эрхийн Комиссын 1993 оны 54, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 48/134 дүгээр тогтоолоор батлагдсан баримт бичгээр тодорхойлдог. Уг баримт бичигт дурдсанаар хүний эрхийн үндэсний байгууллагад хүний эрхийг хөхүүлэн дэмжих, хамгаалах эрх мэдэл олгосон байх, үйл ажиллагааны цар хүрээ, эрх мэдлийг нь Үндсэн хууль, эсхүл бусад хуулиар тогтоосон байх шаардлага тавьдаг байна.
Хүний эрхийн үндэсний байгууллага нь хүний эрхийг хөхүүлэн дэмжих, хамгаалах асуудлаар төрийн аль ч байгууллагад санал, зөвлөмж илгээх, хууль тогтоомж, захиргааны практикт анализ хийх, эдгээрийг хүний эрхийн тулгуур зарчмуудтай уялдуулах талаар зөвлөмж гаргах, шаардлагатай гэж үзсэн хүний эрхийн ямар ч зөрчилтэй асуудлын талаар зөвлөмж, илтгэл хүргүүлэх, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орохыг дэмжих, олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар НҮБ-д илгээх Засгийн газрын илтгэлд санал өгөх, зэрэгцсэн илтгэл хүргүүлэх, хүний эрхийг заах, судлах хөтөлбөрийг боловсруулахад туслалцаа үзүүлэх, хүний эрхийг сурталчлах, бүх төрлийн ялгаварлан гадуурхалттай тэмцэх үйл ажиллагаа явуулах зэрэг үүргийг хүлээдэг.
Монгол Улсад бие даасан, хараат бусаар ажиллах чиг үүрэгтэй Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2000 онд баталж, Комисс 2001 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Хүний эрхийн үндэсний байгууллагын бие даасан механизмыг боловсронгй болгох, Парисын зарчимд бүрэн нийцүүлэх, НҮБ-ийн хүний эрхийн байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүнийн жам ёсны эрх болох амьд явах, халдашгүй дархан байх, эрүү шүүлтээс ангид байх, өөрийн амьдрах аргаа чөлөөтэй сонгох эрх, шүтэж бишрэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, хувийн амьдралын бие даасан байдал болон бусад эрхийг төрөөс хүлээн зөвшөөрч, хангах, хамгаалах үүргийг хариуцлагатайгаар хэрэгжүүлэх арга механизмыг боловсронгуй болгох практикийн болон хууль зүйн шаардлагыг шийдвэрлэхийн тулд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан болно.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 4 хэсэг, заалтын агуулгыг шинээр нэмж, 8 хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар тусгалаа.
Уг хуулийн хуулийн төсөлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг агуулгаар нь авч үзвэл одоогийн мөрдөгдөж буй хуульд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх асуудлуудыг бүхэлд нь тусгахыг зорьсон.
Төслийн “3.5.Комиссын дэргэд хүний эрх, эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүний эрхийн хараат бус шинжээчдийн бүрэлдэхүүн бүхий хүний эрхийн олон нийтийн орон тооны бус зөвлөл ажиллана.”, “3.6.Хүний эрхийн олон нийтийн зөвлөл нь Комиссын үйл ажиллагаанд санал, зөвлөмж өгөх, бие даасан хараат бус үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэгтэй байна.”, “3.7.Хүний эрхийн олон нийтийн зөвлөлийг аймаг, хотын хэмжээнд байгуулж болно. Аймаг, хотын хэмжээнд байгуулах үйл ажиллагааг Комисс хариуцан зохион байгуулна.”, “16.1.9.хохирогчтой ганцаарчлан уулзах, гэмтэл, хохирлыг баримтжуулах, энэ зорилгоор үзлэгийн өрөө, уулзалтын байр гаргуулж авах;”, “16.1.10.баримтжуулалт хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, мэргэжлийн хүмүүсийг үзлэгт хамт авч явах, тэдгээрийг өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх газарт саадгүй нэвтрүүлж оруулах;”, “16.1.11.хохирогчтой ямар нэгэн гэрчгүй уулзах;”, “16.1.12.аливаа төрлийн дарамт, эрүүдэн шүүхийн ямарваа нэг хэлбэр, тарчлаан зовоох зөрчил гарч байгаа бол хоригдож байгаа өрөө, байрыг нэн даруй солиулж, шаардлагатай бол батлан даалтад гаргуулах.”, “16.3.Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн тохиолдолд холбогдох этгээдийг батлан даалтад гаргах асуудлыг Комиссын гишүүн Комиссын хуралдаанд танилцуулж, Комиссын даргын гарын үсэг бүхий албан бичгийг холбогдох хууль, цагдаа, шүүхийн байгууллагад явуулна. Холбогдох хууль, цагдаа, шүүхийн байгууллага уг албан бичгийг хүлээн авсан даруй уг шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.”, “18.7.Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенци, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон зүйл, заалтыг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох албан тушаалтанд онцгой шаардлага хүргүүлэх, холбогдох албан тушаалтныг томилсон дээд шатны байгууллага, албан тушаалтныг уг албан тушаалаас нь нэн даруй чөлөөлөх саналаа тавина.” гэсэн агуулга бүхий хэсэг, заалтуудыг тус бүр шинээр нэмж тусгасан болно.
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд 8 хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар тусгасан бөгөөд эдгээрийн агуулгаар нь багцлан үзвэл дэлхийн олон улс орны хүний эрхийн байгууллагын үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог Парисын зарчмын үндсэн зургаан шалгуур болох бие даасан байдалтай байх, тодорхой эрх мэдэлтэй байх, байнгын үйл ажиллагаатай байх, олон ургальч төлөөллийг хангах замаар бий болсон бүрэлдэхүүнтэй байх, олон нийтэд ойр дөт байх, санхүүжилт хангалттай байх гэсэн шалгууруудад нийцүүлэхээр тусгав.
ХЭҮК-ийн үйл ажиллагааг хараат бус болгож, орчин үеийн нөхцөлд нийцүүлэн үйл ажиллагааг сайжруулах замаар Монгол Улсын Засийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрх зүйн шинэтгэлийн зарчим, холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ конвецид нийцүүлэн уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр шийдвэрллээ.
Tweet