Монгол Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы төрийн байгуулалтын байнгын хорооны 11 дүгээр сарын 04-ний өдөр /мягмар гариг/-ийн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Зарчмын зөрүүтэй саналуудыг эхнээс нь танилцуулъя. Та бүхэн мэдэж байгаа 2016 онд Монгол Улсад Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдах болно. Үүнтэй холбогдуулж Улаанбаатар хотод энэ байгууллагын хурлыг зохион байгуулах зардлын урсгал төсвийг 868.1 сая төгрөгөөр, бэлтгэл ажилтай хөрөнгө оруулалтын төсвийг 110 сая төгрөгөөр, нийтдээ 978.1 сая төгрөгийг Улсын Их Хурлын 2015 оны төсвийн төсөвт тусгая гэсэн ийм саналыг Нямаагийн Энхболд гишүүн гаргасан байна. Энэ зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлаж хэлэх үү. Нямаагийн Энхболд гишүүн саналаа тайлбарлая.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Манайх энэ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон. Байгууллагын хүрээнд олон хурал явагддагийн нэг нь парламентын ассамблейн хурал гэж байдаг. Өнгөрсөн оноос эхлээд Монгол Улсын Их Хурлын зүгээс албан ёсоор энэ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн 1 хурлыг нь, жилдээ 2-3 хурал болдог, түүнийг 1-ийг нь монголд хийе гэсэн хүсэлт тавьж байсан, энэ удаа би сая өнгөрсөн сард болсон хуралд нь Улсын Их Хурлын даргын удирдамжтай очиж оролцоод энэ урилгаа баталгаажуулсан. Хурлаас үндсэндээ зарчмын шийдвэр нь гарчихсан юм. Хойтон Монголд хурлаа хийнэ гээд. Одоо энэ сардаа багтаад тэр байгууллагаас хурал зохион байгуулах бэлтгэл ажилтай танилцаж зөвлөгөө, туслалцаа үзүүлэх ажлын хэсэг ирэх ёстой. Тэгээд бид нэгэнт олон улсын хэмжээнд амлачихсан ийм хурал болохоор үүнийгээ нэгдүгээрт хийх ёстой.
Хоёрдугаарт, энэ байгууллагаар дамжуулаад Монголын эрх ашгийг хамгаалах олон улсын тавцанд нөлөө байр сууриа бэхжүүлэх, өөрийнхөө явуулж байгаа бодлогыг ялангуяа Европын орнуудад, гишүүнд нь АНУ байдаг, гэх мэтчилэн улсуудад ойлгуулж байхад энэ байгууллагын хүрээнд ажиллах нь чухал ач холбогдолтой байдаг юм. Тийм учраас амласан, энэ байгууллагын ач холбогдол энэ бүхнийг харгалзаад хурлаа зохион байгуулалт сайтай хийх нь зүйтэй гэж бодож, урьд нь яригдаагүй Засгийн газар дээр мэдээгүй байсан учраас төсвийн төсөлд орж ирээгүй байх. Тэгээд Их Хурлын зүгээс энэ саналыг оруулаад, Их Хурлын төсөвт тусгаад хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.
Сүүлийн үед Монгол улсын гадаад харилцаа нэлээн хөгжиж, бас ч гэж нутаг дэвсгэр, хүн ам, эдийн засгийн хүчин чадавхаараа жижиг ч гэсэн олон улсын тавцанд нэлээн идэвхтэй үйл ажиллагаа явуулж Монгол гэдэг нэр Монголын гадаад бодлого бас тодорхой хэмжээгээр дэлхийн түвшинд яригддаг, бодлого тодорхойлдог улс гүрнүүд ч гэсэн тэр, бидэнтэй ижил төстэй улс гүрнүүд ч тэр, олон улсын байгууллагууд ч тэр нэлээн анхааралтай ханддаг болсон ийм байгаа.
Нөгөө талаар Монголд сүүлийн үед олон улсын томоохон хурал зөвлөгөөнүүд болдог болж байна. Энэ өөрөө их чухал ач холбогдолтой байдаг. Үүнийг ярьж тайлбарлаж хэрэггүй байх. Гэтэл яг ийм хурлуудыг сайн зохион байгуулах хэмжээний ложистик бүтэц нь манайд байхгүй байгаа юм. Манай хамгийн их оролцдог олон улсын парламентын холбооны хурлууд гэхэд л нэг дор мянгаас доошгүй хүнтэй шахам ийм том хурлууд болдог. Түүнийг дагасан зохион байгуулалтын ажлууд нэлээд их зүйлүүдийг шаарддаг юм. Тэгэхээр ийм ийм хурлуудыг хийж байдаг, өөрийн чадавх бүтэцтэй болох хэрэгтэй байгаа юм. Ер нь Монгол Улс олон улсын хэмжээний томоохон хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулдаг ийм олон улсын хурлын төв гэж байдаг шүү дээ. Бараг өөрийгөө хүндэтгэдэг улс болгонд ийм том барилга байдаг байх. Ийм юмтай болохгүй бол бид нар алийн болгон 40-өөд онд баригдсан Төрийн ордон, тэгээд энд тэндэхийн соёл, урлагийн газруудын тайзыг юмны завсраар гуйж хуралдаж хийж байх вэ. Үүнийг бодох цаг болсон байна.
Тэгээд би албан ёсоор Байнгын хорооны дүгнэлтэд оруулаасай гэж бодож байна. Магадгүй төсвийн тодотгол хийхээс эхлээд зураг төсөв гарахаас нь эхлэн энэ ажлыг хийх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Уг нь хувийн байгууллагууд бол ямар ч том барилгыг жилийн дотор барьдаг болсон байна. Тэгэхээр хэрэв энэ жил төсвийн тодотголоос эхлээд зураг, тэгээд үүнийг бол эрх баригч, эрх баригч биш бүгд дэмжих байхаа. Дараа нь байр нь солигдоно тэр үед үргэлжлүүлээд явуулна. Ер нь санал оруулж байгаа юм. Бид нар ийм том төвтэй болох хэрэгт.эй байна. Үүнийг цаг алдалгүй, заавал улсын гэхгүй хувийн байгууллагууд ч хийчихээр боломжтой ийм том төвүүд байдаг. Тэгэхээр энэ асуудлыг дүгнэлтэд тусгаад одооноос ажлыг нь эхлүүлж байх хэрэгтэй гэж би бодож байна. Үүнийг би ганцаараа ярьж байгаа юм биш, нэлээд олон Улсын Их Хурлын гишүүд олонх, цөөнх гэлгүй үүнийг яриад байгаа юм. Энэ бол олонхын ч асуудал биш, цөөнхийн ч асуудал биш, Монгол Улсын асуудал учраас бид нар эхлэх ёстой гэж бодож байгаагаа хэлье. Дүгнэлтэд оруулж өгөхийг хүсэж байна.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: С.Дэмбэрэл гишүүн саналаа хэлье.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Сая Эдийн засгийн байнгын хороон дээр 15 оны төсвийн тухай яриад ерөнхийдөө 15 онд эдийн засгийн байдал хүндрэхээр байгаа тул төсвийн бодлогод шаардагдах тийм нөхцөлүүдийг агуулсан тийм захидал явуулахаар 8 зүйл бүхий тийм захидал явуулахаар шийдлээ. Тэгэхээр манай Байнгын хорооны зүгээс Төрийн байгууламжийг хариуцаж байгаа Байнгын хорооны хувьд З зүйлийг оруулж өгөөсэй гэж бодож байна.
Нэгдүгээрт нь, 2015 оны төслийн 1 дүгээр хавсралт болох төсөвт байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчдын гаргах бүтээгдэхүүний тоо болон чанарын үзүүлэлт гэсэн юман дээр асар их хариуцлагагүй зүйлүүд байгаа. Үүнийг анхааруулаад, энэ талаар нэг юм өгөх ёстой байх.
Хоёрдугаарт, 2015 оны төсөвт сая Төрийн байгуулалтын байнгын хороо уруу их хаяглаж ярьж байна. Бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг зөвхөн яамдуудын хэмжээнд биш, ерөнхийдөө яам, агентлаг гэсэн энэ засаглалын схемийг Монгол Улсад хир зэрэг нутагшиж байгаа вэ гэдэг талд дүгнэлт гаргаж, энэ тал дээр цаашдаа үйл ажиллагаа явуулах, шинэчлэл хийх гэсэн ийм хоёрдугаар санал.
Гуравдугаар санал нь, 2015 оны батлагдах төсөлд объектууд гэхээсээ илүү Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс хамгийн гол авч үзэх зүйл нь хөрөнгө оруулалтын менежмент нь өөрөө ямар байгаа юм. Энэ талд нь илүү анхаарал тавьсан энэ дүгнэлтэндээ үүнийг суулгаж өгч, хөрөнгө оруулалтын менежментийг эрс сайжруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар төрийн байгууламжууд, институциудын хоорондын уялдаа холбоог хангах энэ мэтийн заалтуудыг малгай байдлаар хийгээд дараа нь бүх Байнгын хороон дээр явдаг, ингээд объектуудаар санхүүжилт бүгд өргөөд баталдаг ийм байдлаар явсан нь дээр байх гэж бодож байна. Баярлалаа.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Дэмбэрэл гишүүний хэлсэн саяны санал бол Байнгын хорооны дүгнэлтэд тусгагдахаар санал байна.
Улсын Их Хурлын гишшүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet