2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн төрийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна. “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хэлсэн санал: УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр цаашид хийх ажлын талаар ярих байлгүй дээ. Наана нь би зүгээр санаа авах үүднээс хэдэн зүйл хэлье. Үлдэж байгаа 1 жил 5 сарын хугацаанд гурван ажил хийх хэрэгтэй байна. Монголын ард түмэн аль ч засгийн газраас аливаа бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх, бага өсгөх, тогтвортой байлгахыг хүсэж, хүлээж, хийчээсэй гэж эрмэлзэж байдаг.
Өнгөрсөн хугацаанд бид төвбанканд мөнгөний бодлогыг даалгачаад, Засгийн газраас үнийг тогтворжуулах, тогтвортой байлгах төсвийн арга хэмжээ хэрэглэж ирсэн. Өөрөөр хэлбэл бодлогын хувьд иж бүрэн биш байсан. Тийм учраас таныг хэрэв Ерөнхий сайдаар томилогдвол:
Нэгдүгээрт: “Дунд хугацааны инфляцийн эсрэг бодлого хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай.
Монгол улсын үе үеийн засгийн газрын аль ч цаг хугацаанд “Дунд хугацааны инфляцийн эсрэг бодлого хөтөлбөр” гаргаж байгаагүй шүү. Дэлхийн олон орны туршлага, бодит байдал дээр инфляци нь энэхүү бодлого хөтөлбөрийг боловсруулахыг шаардаж байна.
Хоёрдугаарт: 2015 онд багтааж татварын өршөөлийг эдийн засгийн ил тод байдалтай хослуулж хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
Гуравдугаарт: Монгол улсын эдийн засгийн гадаад нөхцөл байдлыг сайжруулах үүднээс хууль гарахыг хүлээхгүйгээр зээлийн удирдлага, эргэн төлөлтийн иж бүрэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанкны түвшинд цаг хугацаа алдалгүй боловсруулж гаргаасай гэж санал болгож байна.
Монгол улсын 2015 он, 2016 оны эдийн засаг, тулгамдсан асуудал болон дунд хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд дээрхи гурван санал маш чухал байх болно. Мөн таны УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр хэлэх хөтөлбөрт тань эдгээр саналууд туссан байгаасай гэж хүсэж байна хэмээн онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet