2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт оруулахаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл танилцуулав.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Улсын ИХ Хурлын дарга, эрхэм гишүүдээ,
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны 10 дугаар сарын 23–ны өдөр шийдвэрлээд, анхны хэлэлцүүлгийг бэлтгүүлэхээр, эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо дээр дурдсан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар тогтоолын төсөлд, экспортын даатгал болон давхар даатгалын тогтолцоог бий болгох, мөнгөн хадгаламжийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр санал гаргасны дагуу, тогтоолын төсөл, төслийн хавсралтын санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институтыг бэхжүүлэх хүрээнд гэсэн хэсэгт, санхүүгийн зах зээлд экспортын болон давхар даатгалын тогтолцооны оновчтой бүтцийг бий болгох ажлыг эхлүүлнэ. Хадгаламж зээлийн хоршоодын, гишүүдийн хадгаламжийг мөнгөн хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангана гэсэн заалтуудыг төсөлд нэмэх зэрэг саналууд байнгын хороонд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. Гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрүүдийг буулгах асуудлыг макро эдийн засгийн бодлогод тусгах, төсвийн тогтвортой байдлыг хангах, Монгол улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах асуудлыг тогтоолын төсөлд тусгах санал гаргасны дагуу, Засгийн газрын болон түүний баталгаатай, гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах гэж, Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулж, хэрэгжүүлэх, Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах гэж, 2015-2017 онд санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсэх, системийн шинжтэй тогтворгүй байдал бий болохоос сэргийлэх зорилгоор эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2014 оны 34-р тогтоолд заасан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх гэж тус тус нэмэгдсэн саналууд гишүүдийн олонхийн санал авлаа. Мөн төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор, макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанкинд даалгах гэсэн, гол нэрийн бараа бүтээгдэхүүнийн үнийг тогтворжуулах, дунд хугацааны хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар, иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгож, хөтөлбөрөөс үе шаттайгаар гарах арга замыг сонгож, хэрэгжүүлэхийг Монгол улсын засгийн газар, Монголбанкинд тус тус даалгах гэсэн заалтуудыг тогтоолын төсөлд нэмэх, мөн тогтоолын төслийн хавсралтын 1.1-д хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2015 оны эцэсээр 7 хувьд, 2016-2017 онд энэ түвшинд тогтворжуулах, бодлогын оновчтой хувилбарыг сонгон, иргэдийн бодит орлогыг хамгаалаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцлийг бүрдүүлнэ гэж өөрчлөх саналууд хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёололыг та бүхэнд тараасан.
УИХ-ын эрхэм гишүүдээ, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал оруулж, өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.
Мөнгөний бодлогын өөрчлөлтийг хавсаргав./beta/upload/files/etssiinhelelcuuleg-munguniibodlogo.pdf
Tweet