2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс. “Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай хэлэлцэх үеэр
З.Энхболд: УИХ-ын гишүүн Самбуугийн Дэмбэрэл үг хэлнэ.
С.Дэмбэрэл: За баярлалаа. Өнөөдрийн хэлэх үгэндээ би аль нэг намыг, хэн нэгнийг буруутгахгүй, бас хэнийг ч уриалахгүй. Үндсэн хуулиар бид нарыг аль нэг намын элч биш, харин ард түмний элч гэж нэрлэдэг. Зарим хэвлэл мэдээлэл, олон түмэн бид нарыг “76 мангар” гэж нэрлэдэг. “76 мангар” гэсэн нэрийг зөвтгөх үйлдэл хийхгүй ийм л төр байгаасай гэж хүсэж байна. Энэ хагас дугуй заалыг УИХ гэж нэрлэдэг бөгөөд Үндсэн хуульд үүнийг “Монгол Улсын төрийн эрхийг барих, хуулийг засаглах хамгийн гол институци” гэдэг. Ийм байгууллага өнөөдөр засгийн газрын асуудлыг хэлэлцэж байна. Монголын ард түмэн аль ч Засгийн үед, аль ч Их Хурлын үед хоёрхон зүйлийг хүсэн хүлээдэг.
1. Шударга ёс, хүний эрх, эрх чөлөө
2. Амьдралд нь сөргөөр нөлөөлдөггүй, үнийн дарамтгүй, авч байгаа цалин хөлс нь хүрэхүйц, эрхэлж байгаа бизнес нь амжилттай яваасай гэсэн горьдлого найдлага байдаг.
Монголын ард түмэн үе үеийн Засгийн газраас, үе үеийн Их Хурлаас үүнийг л хүлээсээр ирсэн. Тэд маань аль нэг газар радио телевиз үзэж суугаа, очерлоод байж байгаа, эмнэлэгт хэвтэж байгаа, бизнес эрхэлж яваа. Тэр хүмүүс бүгд л энэ хоёр зүйлийг хүсэн хүлээдэг. Улсын Их Хурлын гишүүд бид ард түмний энэ хүсэлтийг л биелүүлэх гэж энд сууж байгаа. Хуулийн засаглал, хүний эрх, эрх чөлөөний асуудал бол Монгол Улсын номер нэг асуудал болсон байна. УИХ дахь бүх намууд үүнд нэгдсэн дуу хоолойгоо гаргах цаг нь болсон байна. Үүнийг бид зайлшгүй хөндөх ёстой асуудал.
Хоёрдугаарт: Эдийн засгийн салбарт хамгийн гол асуудал бол 2015 оны эдийн засгийн байдал. Сонгогч ард түмэн маань инфиляцын дарамтад өртдөггүй, валютын ханшны савлагаанд өртдөггүй, бизнесийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө нь чөлөөтэй байх тийм байдлыг хүсч байна. Хүмүүсийгзүгээр ажиллаж амьдарч байхад нь янз бүрээр шалгаж дарамтлаад байдаггүй, хүнд суртлаас зайлсхийсэн ийм орчин бий болоосой гэж хүсч байна. Аль нэг намууд эсвэл нам доторх фракцууд хоорондоо төрийн эрхийн төлөө маргах асуудал биш, хамгийн гол нь энэ улсын эдийн засаг нь, ард түмний амьдрал нь сайн байгаасай гэж хүсч байна.
2015 оны эдийн засаг хүндэрнэ. Хөрөнгө оруулалт бидний хүссэнээр орж ирэхгүй. Экспортын орлого хүссэнээр байхгүй. Одоо тэгээд яах юм вэ? Ямар шийдэл байна вэ?
Төсвөө хариуцлагатай, нэмэх тэмдэгтэй баталж байж, мөнгөний бодлогыг олигтойхон хийж байж, улс төрийн намууд, бүлгүүд нь хоорондоо зөвшилцөж байж, Монголын ард түмэн зангидсан нударга шиг байж энэ хүнд хэцүү жилийг давж чадна. Ийм л зүйлийг хүмүүс хүсч байна. Үүнтэй холбогдуулаад талийгаач Б.Чимэд гуайн хамгийн сүүлд нийтлэлч Г.Отгонбаярт өгсөн ярилцлагыг Улсын Их Хурлын гишүүд та бүхэн зориуд уншаасай гэж бодож байна. Дээр нь манай эртний Алунгоо эхийн таван хүүдээ сум өгөөд, багцаараа бөх, сайн байдаг юм шүү гэж хэлсэн тухай домог байдаг. Бид багцалсан таван сум шиг болж чадаж байна уу гэдгээ бодмоор байна.
Дараа жил гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, бидний дотроосоо сэмхэн хүсэн хүлээж байгаа тэр зүйл чинь болохгүй. Гадаадын хөрөнгө оруулагч ер нь аль ч хөрөнгө оруулалт энэ улсад тогтвортой байдал, хуулийн засаглал хэрэгжиж чадаж байна уу, үгүй юу, миний өмчийг булаагаад авах нь уу, үгүй юу, эсвэл юу ч болоогүй байхад намайг шоронд хийчихвий гэсэн болгоомжлолдоо тулгуурлан, хамгийн энгийн хүний эрхийн гол зорилтууд энэ улсад хангагдаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг л хардаг. Энэ тал дээр илүү их анхаараад, 2015 онд "Төр нь төвшин, түмэн олон минь амгалан" он байх болтугай. Төр нь түвшин, түмэн олон минь амгалан байх нөхцөл, улс төр, эдийн засгийн орчинг нь та бид бүрдүүлэх үүрэгтэй. Яагаад гэвэл, та биднийг Үндсэн хуулиар ард түмний элч гэж нэрлэдэг.
Tweet