Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монголбанкнаас Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, дунд, урт хугацаанд эдийн засаг тэнцвэртэй, тогтвортой өсөх орчныг бүрдүүлэхэд чиглэнэ гэж Монголбанк үзсэн байна..
Тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин нар 2015 оны төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, 2015 оны мөнгөний бодлогын зорилт бүрийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөртэй, чамбай сайн бодлого байхаар өөрчлөн батлах, мөнгөний бодлогыг Хөгжлийн банк, Засгийн газрын үнэт цаас, өр зээлүүдтэй нягт уялдаатай авч үзэх, төсвийн гол хэлэлцүүлгүүд Төсөв, Эдийн засгийн байнгын хороод дээр хамтарч хийгддэг байх, мөнгөний бодлого батлах тогтоолд Засгийн газар ямар үүрэг, хариуцлага хүлээх ёстойг тодорхой зааж өгөх, гишүүн Ч.Хүрэлбаатар Монголбанк бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үнэн бодит мэдээллийг өгдөг болох, үнэ ханшийн тогтвортой байдал, бизнесийн цэвэр өрсөлдөөнд сөрөг нөлөөлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг 2015 оноос эхлэн зогсоох, гишүүн С.Одонтуяа үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, ирээдүйд чиглэсэн томоохон төслүүд дээр мөнгө босгоход анхаарлаа хандуулж ажиллах, Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Мөнгөний бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг чанаржуулах, инфляцийг хязгаарлах бодлогын шинэ арга, хэрэгслийг ашиглах, гишүүн С.Дэмбэрэл Монголбанк дангаараа санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй, харин тус дэм үзүүлэх чиг үүргийн хүрээнд инфляцийг 2015 онд яаж 7 хувь болгох, валютын ханшийг хэрхэн савалгаагүй байлгах, төсөв мөнгөний бодлогын харилцан уялдааг хэрхэн хангах, макро эдийн засаг, хувийн хэвшлийг хэрхэн яаж идэвхжүүлэх гэсэн чиглэлүүдийг 2015 оны мөнгөний бодлогод суулгаж өгөх, гишүүн Ц.Баярсайхан 2013, 2014 онуудад Монголбанкны үйл ажиллагаа зөв байсныг өнөөдөр эдийн засагт гарсан зарим эерэг үзүүлэлтүүд харуулж байгаа, тухайлбал, барилгын зарим материалыг дотооддоо үйлдвэрлэдэг болж дотоодын үйлдвэрлэл сэргэн үнэ тогтвортой болсон зэрэг эерэг хандлагуудыг мөнгөний бодлогод хэвээр хадгалах, цаашид санхүүгийн зах зээлийн талаар Улсын Их Хурал тодорхой бодлого гаргаж ярих хэрэгтэй зэрэг саналуудыг гаргаж байсан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Tа бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр. Улаанбаатар хот
Tweet