2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр
С.Дэмбэрэл: Энэ хуультай холбогдуулаад хэд хэдэн асуулт байна.
Нэгдүгээрт: Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны төсөвтэй холбогдуулан Байгаль Орчин Ногоон Хөгжлийн сайд С.Оюунаас асууя. Монгол улс Байгаль Орчин Ногоон Хөгжлийн стратегитай болсон. Энэ стратеги нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой. Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн стратегид заасан зорилтуудыг “2015 оны төсөв”-т тусгахдаа их анхаарах ёстой. Эхний асуулт бөгөөд саналыг төсвийн байнгын хорооны дүгнэлтэд тусгаасай гэж хүсч байна. “Ногоон худалдан авалтийн бодлого”, 2015 оны Монгол улсын төсвийн бүх ерөнхийлөн захирагч бүрээр яаж тусгасан бэ? Үүнийг тусгах ёстой. 2015 онд эдийн засаг, төсвийн байдал хүндэрнэ. Түүнчлэн мөнгөний бодлого хатуурна. Монголчууд жинхэнэ хэмнэлтийн горимд шилжих, орчин цаг үе үүсэх гэж байна. Энэ тохиолдолд төсвийн урсгал зардалыг дээд зэргээр хэмнэхээс гадна, хөрөнгө оруулалтыг хамгийн оновчтой болгох ёстой. Оновчтой байх нэг хэлбэр нь 2015 оны нийт төсвийн хөрөнгө оруулалтанд /төсвийн худалдан авалттай холбоотой асуудал/ ногоон худалдан авалтыг тодорхой хувь хэмжээгээр \тухайлбал 20 хүртэлх хувь\ зааж өгөх ёстой юм. Ямар ч байсан энэ ажил 2015 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэх ёстой. Манай байнгын хорооноос төсвийн байнгын хороонд явуулах дүгнэлтэндээ үүнийг тусгаж өгөх хэрэгтэй. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, ногоон худалдан авалтын бодлогыг 2015 оны төсөвтөө хэрхэн тусгасан талаараа тодорхой мэдээлэл хэлмээр байна.
Хоёрдугаарт: Хүнс хөдөө аж ахуйн салбарт, өнгөрсөн 2013 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хүчин зүйлийг авч үзэхэд, уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэх шаардлага харагдаж байна. Уул уурхайн талаас дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх найдлага бага гэсэн хандлага байсан. Энэ тохиолдолд уул уурхайн бус сектор, түүний дотор хөдөө аж ахуй, хүнсний чиглэлийн хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, тухайн салбарын бизнесийн идэвхжүүлэлтийг нэмэгдүүлэх ёстой. Ийм зүйлүүдийг 2015 оны Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны төсөвт тусгасан байх ёстой. Энэ талаар тодруулга авмаар байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос явах дүгнэлтэнд, тухайлбал, өнөөдрийн малчдын орлогын бүтэц, зах зээлд нийлүүлж байгаа мах, махан бүтээгдхүүн зэргийг харахад, малчдын дунд орлогын хүчтэй ялгарал аль хэдийн үүсээд байна. Энэ тохиолдолд төрийн зүгээс, “малчдын малийн хөлийн татвар”-ыг яах юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийлүүлж байгаа бүх махны 43 хувийг нийт малчин өрхүүдийн 14 хувь л эзлэж байгаа. Үүнийг зөвхөн 500-аас дээш толгой малтай малчин өрхүүд нийлүүлж байна. Өөрөөр хэлбэл орлогын ялгаварлал хүчтэй болж байна. Малчдыг эдийн засгийн харьцаанд бүрэн оруулахын тулд татварын харилцаанд оруулах ёстой. Тиймээс, нэг нуугдмал нөөц бол “малын хөлийн татвар”-ын асуудал юм. Энэ тал дээр Хөдөө аж ахуйн яам болон Сангийн яамны байр суурь ямар байдаг юм бэ?
Гуравдугаарт: Хүнс, Хөдөө Аж Ахуйн салбараас Монголбанк гурилны үнийг тогтворжуулах хөтөлбөрөөс 2015 онд аажмаар татгалзаад, арилжааны банк болон холбогдох секторуудад үлдээх хандлагатай байна. Энэ тохиолдолд танай яамны хувьд, 2015 онд гурил, мах, цагаан будаа, элсэн чихэр зэрэг нийлүүлэлтийн гаралтай, инфляцын хүчин зүйл болдог бүтээгдэхүүнүүд дээр ямар бодлого төсөвтөө сулгаж өгсөн бэ?
Мэдээж хэрэг татаас, шилжүүлгүүд байгаа. Тэрнээс гадна, механизмын хувьд яаж өөрчлөгдөх юм бэ? Ийм нэг бодлогын чанартай асуулт, энэ бас санал юм шүү. Тийм учраас байнгын хорооны дүгнэлтэд тусаасай гэж бодож байна.
Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны сайд С.Оюун: УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэмнэлтийн тухай асууж байна. Хэмнэлтийн горим руу орох ёстой. Тэгэхээр энэ төсөв дээр хэмнэлт ямар байгааг авч үзвэл, манай яамны хувьд цэвэр агаар сангийн хөрөнгө оруулалт анх байгуулагдахдаа 30 тэрбум байсан бол, өнгөрсөн жил 20 тэрбум болтлоо буурсан. Тэгээд ирэх жил дахин 30 тэрбум дээр очиж байгаа. Бусад зардлууд ерөнхийдөө буурсан. Байгаль хамгаалах сан 6.1 тэрбум байснаас, ирэх жил 5.4 болтлоо буурсан. Хөрөнгө оруулалт, ойжуулалт дээр, ойн тооллоготойгоо нийлээд 6.5-аас 5.6 тэрбум болж, хөрөнгө оруулалт 6 тэрбумаас 4.2 тэрбумболтлоо тус тус буурсан. Бусдаар бол урсгал зардал, цалин тэтгэвэр батлагдсан хэмжээндээ байгаа. Буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа гадаадын төслүүдийн хэмжээ харин нэмэгдсэн. Энэ жил төсөв дээр гадаадын төслүүдийн хэмжээ 13.4 тэрбум \тоо, танилцуулгууд орсон\ байгаа. Агаарын бохирдлоос бусад зардлууд нь 20 хувиар буурсан байгаа. Ногоон худалдан авалт маань Ногоон хөгжлийн бодлогод суусан. Ногоон худалдан авалтыг УИХ-аас төсвийг дагаж, хэрэгжүүлэхэд гарах тогтоол дээр нэмж суулгах нь зүйтэй гэж бодож байгаа.
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд Ш.Түвдэндорж: Бид нар малын хөлийн татвар гэж яриагүй. Малаас татвар авья гэхээр малын хөлийн татвар гэж яригдаад эхэлдэг. Бэлчээрийн төлбөр авья гэсэн яриа байгаа. Энэ төлбөрийг төв рүү татаж авахгүй. Бэлчээрийн төлбөр бол шинэ сумын төсөл гэдэг шиг, сумандаа хэрэгтэй зүйлд \худаг ус гэх мэт\ зориулагдахаар, тийм төлбөр яригдсан. Гэхдээ эцэслэн шийдээгүй. Гурил, махны асуудал үнэ тогтворжуулах зарчмаараа явагдаж байгаа. Дараа жил мөн энэ зарчмаараа явна. Цагаан будаа, элсэн сахарийг бид зах зээлийн горимоороо нь явуулж байгаа. БОХХААБайнгын хорооны гишүүдийн анхааралд сонордуулахад, энэ жилийн ноосны урамшуулалыг ноднин өгсөн учраас энэ жил дутмагдуу төсөв орсон байгаа. Хоршооны гишүүн хүмүүст ноосны урамшуулал олгож байгаа. Эндээс бас зөрчил үүсээд байна. Энд анхаарал хандуулж өгнө үү гэж протоколд тэмдэглүүлмээр байна.
Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулья. 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдөр өргөн барьсан төсөвтэй хамт “малын хөлийн татварыг сэргээх” хуулийн төсөл УИХ-аар өргөн барьсан байгаа. Манай хуулийн төслийн онцлог гэвэл малын хөлийн татварын дээд хязгаарыг зааж өгөөд, тогтоох уу, тогтоохгүй юу? гэдэг эрхийг нь орон нутагт нь өгч байгаа. Олсон орлого нь орон нутагт орно. Та бас түрүүн малын даац, бэлчээрийн тухай хэллээ. Орон нутгийн бусад шаардлагаасаа хамаарч иргэдтэйгээ хэлэлцээд, иргэдийн төлөөлөгчдийн хурлаасаа тухайн аймаг малын хөлийн татварыг тавих уу, тавихгүй юу гэдгээ өөрсдөө шийдээд явах боломжыг нь УИХ-аас олгоё гэдэг хуулийн төслийг өргөн барьсан байсан. Үүнйигээ өмнөх төсөвтэйгээ хамт татаж авсан. Төсөвтэй хамт орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх 4 татвар оруулж ирсэн. Маш их татвар нэмж байна гэдэг яриа яваад байсан болохоор, ер нь бол төсөв дээр нэг ч мөнгө тусгаагүй орж ирсэн. Орон нутагт боломжыг нь өгөх, төсвийн тухай хууль батлагдсаны дараа, Ерөнхий сайд УИХ-д дахин өргөн барина. Энэ орлогыг улсын төсөвт авахгүй, орон нутгийн төсөвт хэрэглэхээр төлөвлөж байгаа. Төсөвтэй холбогдож буруу ойлголт төрж байсан болохоор бид нар буцааж аваад, төсөв батлагдсаны дараа эдгээр хуулийг өргөн барина.
Tweet