2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс:
С.Дэмбэрэл: Асуулт асуухаасаа өмнө, ажлын хэсэгтэй холбогдуулан та бүхэнд жишиг болохуйц саналаа хэлье.
Нэгдүгээрт: Одоо би мөнгөний бодлогын ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Энэ ажлын хэсэгт МАН-аас Л.Энх-Амгалан, А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар нар, Ардчилсан Намаас 3-4 хүн байна. Манай ажлын хэсэг дээд зэргийн уян хатан, бие биенээ ойлгосон, ямар ч улс төржилт байхгүй ажиллаж чадаж байна. Яг ингээд ажиллах хэрэгтэй шүү дээ. Төсөв болон мөнгөний бодлого дээр ямар нэгэн байдлаар, аль нэгнийх нь буруугаас болж ийм байдалтай, ингэж явж болохгүй. Манай ажлын хэсгээс үлгэр дууриал ав. Яаж ажиллахаараа, улс төрийн намууд хамтран, хагас бүтэн сайн өдөргүй суугаад, Монгол улсынхаа төлөө, үр бүтээлтэй сайхан ажиллаж болдгыг бид харуулж байна. Биднээс жишиг ав.
Хоёрдугаарт: Сангийн дэд сайд С.Пүрэв сайдаас асууя. Түрүүн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж маш үнэн, зөв үг хэллээ. Үүнийг Монгол Ардын нам дэмжиж байгаа байх гэж би бодож байна. Энэ эдийн засаг чинь хэцүү байна шүү. Тийм учраас маш тодорхой асуулт асууя. Энэ батлуулах гэж байгаа зүйлүүд дээр чинь зарлагыг нэмэгдүүлэх, багцыг нэмэгдүүлэх зүйлүүд зөндөө байна. Юуг нь хасах юм бэ? Хасах юм байгаа юм уу? 2015 оны төсвийн орлого чинь хамгийн дээд хэмжээгээр дайчлагдсан байгаа. 40 тэрбум хүртэл хэцүү шүү. Тийм учраас энэ боломжтой юу гэдгийг асуумаар байна. Бодит амьдрал дээр төсвийн орлого дутахаар байгаа шүү.
Гуравдугаарт: Сангийн яамнаас асууя. Монгол улсын хамгийн сайн төсөөлөл хийдэг байгууллагуудын судалгаагаар, эдийн засгийн бодит өсөлт чинь 6 хувь л хүрэхээр байна. Энэ 6 хувийг л дотроо төсөөлж, бодож ажиллах хэрэгтэй болохоос бус, тэрнээс дээш оптимист төсөөлөл байгаад нэмэргүй шүү. Бодит амьдралаас дэндүү холдчихоно.Тийм учраас эдийн засгийн бодит өсөлт 6 хувь гарах нөхцөлд, энэ төсвийг яаж хийх юм бэ? Монгол улсын 2015 оны төсвийг, сангийн яамнаас алдагдалгүй батлах, УИХ-аас тооцоог нь гаргуулж, алдагдалгүй байлгамаар байна. 2015 оны төсвийг нэмэх үзүүлэлттэй гаргамаар байна. Ингэж байж, дараа жилийн төсөв, мөнгөний бодлого 2 хоорондоо уялдах төдийгүй, Монгол улс эдийн засгийн энэ хүндрэлтэй, хямралтай байдлаас гаргаж чадах шийдэл чинь болно. Гарц чинь ингэж л харагдаж байна. Үүнийг С.Дэмбэрэл гэдэг хүн л ганцаараа хэлээд байгаа юм биш. Үүнийг ажлын хэсэг бид хоорондоо ярьж, мөн Монголбанк, Сангийн яамтай энэ бүхнийг ярьсан. Тийм учраас манай УИХ-ын эдийн засгийн байнгын хороо, Монгол улсын эдийн засгийг барьдаг “think tank”-ынхаа хувьд, шийдвэр гаргадаг гол субьектынхаа хувьд 2015 оны төсвийн төсөл дээр маш хариуцлагатай, төсөв мөнгөний бодлогыг цогцод нь уялдуулсан байдлаар ажиллах ёстой шүү. 2015 оны төсөв, мөнгөний бодлого яг одоогийн энэ байдлаараа байхад уялдаж чадах уу? Түрүүн байнгын хорооны орон тооны асуудал ярьж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс 2015 оны төсвийг төрийн байгууламж талаас нь хараад, бүтцийн өөрчлөлт хийх юм уу, хөрөнгө оруулалтын менежметийг яаж сайжруулах юм бэ гэдгээ тооцоолох учиртай. Төсвийн нэгдүгээр хавсралт болох тоо болон чанарын үзүүлэлт дээр хөгийн юм бичээд, батлах гээд байна. .
Сангийн яамны дэд сайд Пүрэв: Сангийн яамнаас энэ жилийн төсвийг нилээн бүсээ чангалсан төсөв болсон гэж үзэж, оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-аас өгсөн чиглэл, засгийн газраас гаргасан хэд, хэдэн тогтоолын дагуу урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, тэвчиж болох зардлыг хасах чиглэл өгсөний дагуу тооцоо, үндэслэлээ хийж, оруулж ирж байгаа. 2015 онд бид 900 тэрбумаар урсгал зардлыг нэмэгдүүлээд байгаа. Гарцаагүй нэмэгдэж байгаа зардлууд нь дийлэнхи хувийг эзлэж байгаа юм. Үүний 500 тэрбум нь цалингийн нэмэгдэл \50-60 %\, 100 тэрбум нь хүн ам статистикийн өөрчлөлтийн улмаас төрийн үйлчилгээг хүргэхтэй холбогдсон зардал, цэцэрлэг сургуулийн хүүхдийн өсөлттэй холбогдож үүсэн гарах зардал, 20-30 тэрбум нь шинээр ашиглалтанд оруулах хөрөнгө оруулалтаас хамаарч, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт гэх мэтчилэн тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Хэрвээ цаашдаа урсгал зардал, бусад зардлыг хасахаар хийх юм бол, энэ нь бүтцийн томоохон өөрчлөлт хийж байж шийдэгдэх байх гэсэн бодолтой байна. Сангийн яаманд бол ийм чиглэл өгөгдөөгүй байна. Бүтцийн томоохон өөрчлөлт хийвэл тодорхой хэмжээний хэмнэлтийг хийх тооцоог гаргаж болох байхаа гэж бодож байна.
Алдагдалгүй төсөв батлах тухай асууж байна. Энэ бол Сангийн яамны хүсэн эрмэлздэг, тэмүүлдэг зүйл. Төсөв бол алдагдалгүй, нэмэх үзүүлэлттэй байж чаювал хуримтлал, баялагийн санг бий болгоно. Сангийн яамнаас “Ирээдүй өв сангийн хууль” буюу “Баялгийн сан”-ийн тухай хуулийг санаачлан, ерөнхийлөгчийн тамгын газартай хамтарч боловсруулан, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж-д өргөн барьсан байгаа. Энэ хуулийн гол логик санаа нь “төсөв 0-тэй тэнцэх буюу нэмэх дүнтэй гарах“ тухай концепцыг тусгасан байгаа. Энэ тохиолдолд улс оронд хуримтлал бий болно гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ алдагдалгүй байлгах нь чухал асуудал. Бид нар ч ач холбогдлыг нь сайн ойлгож байна.
Төсөв мөнгөний бодлого аль зэрэг уялдаж байна вэ гэж асуусан. Энэ бол С.Дэмбэрэл гишүүний санаа тавих ёстой асуудал гэдгийг ойлгож байна. Төсөв мөнгөний бодлоготой уялдах үндсэн 3 суваг байдаг. Нэгдүгээрт, төсвийг алдагдалгүй байлгах, төсвийн алдагдлын хэмжээг зохих хэмжээнээс өсгөхгүй байлгах гэсэн ийм чухал суваг байдаг. Бид нар төсвийг боловсруулахдаа хасах хоёр хувь /-2%/ руу хэтрүүлэхгүй байхаар бодож, боловсруулж, оруулж ирсэн. Хоёрдугаарт, валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөв мөнгөний бодлого хоорондоо уялдах ёстой.
С.Дэмбэрэл: Мэдээж хэрэг сангийн яам бүтцийн өөрчлөлт хийхгүй. Эндээс ч тийм чиг үүрэг өгөхгүй нь тодорхой. Бүтцийн өөрчлөлт гэдгийг ганцхан энэ хүрээнд ярьдаг ч зүйл биш, тийм учраас түрүүн би төрийн байгуулалтын байнгын хороо гэж тодотгож хэлсэн юм. Урсгал зардлаа илүү хэмнэх боломж байна. Төсвийн “цэнхэр ном”-ны нэгдүгээр хавсралт дээр “хэнээр, ямар бүтээгдэхүүн гаргуулах” гээд, мөнгө өгч байгаа вэ гэдгээ дахин нэг эргэж харах юм бол урсгал зардлыг хэмнэх итгэл үнэмшил чинь эрс нэмэгдэх боломжтойг та бүхэнд хэлье.Тийм учраас урсгал зардлаа багасгах ёстой. Төсвийг ерөнхийлөн захирагч бүрээр урсгал зардлыг багасгах боломж байгаа. Хөрөнгө оруулалтыг зохистой болгох, түүний тодорхой обьектууд дээр гурван зарчим л баримтлах ёстой.
Сангийн яамны дэд сайд Пүрэв: Одоо бүх байнгын хороонууд дээр манай төсвийг хэлэлцэж байгаа. Эдийн засгийн байнгын хороо дээр хэлэлцэж байх явцад, төсөв, зардлыг багасгах талаар бусад байнгын хороон дээр ч нилээн саналууд гарч байна. Энэ чиглэлээр холбогдох тооцоо, үндэслэлүүдийг Сангийн яам тухай бүрд нь гаргаж өгч байгаа. Сангийн яам дээр ажлын хэсэг гарсан байгаа тул, УИХ-ын гишүүдээс тодруулах, энэ чиглэлийг нь хасвал ямар үр дүн гарах вэ, болзошгүй сөрөг болон эерэг үр дүнгийн талаар тухайн үед нь гаргаж өгөх боломжтой.
Tweet