“Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88 дугаар конвенцийн танилцуулга
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэхүү Конвенцийг хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 1948 онд баталсан бөгөөд дэлхийн 89 орон нэгдэн орсон байна.
Конвенциор хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн төрийн байгууллагуудын тогтолцоо, тэдгээрийн чиг үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны нөхцөл шаардлага, тогтвортой байдал, мэргэжлийн ур чадварын шалгуур зэргийг тогтоосон байдаг.
Хөдөлмөр эрхлэлтийн төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих нийгмийн түншлэлийн оновчтой бүтцийг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог хангах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудал мөн тусгагджээ.
Манай улсад хөдөлмөр эрхлэлтийн бүх шатны байгууллага 10 гаруй хуулийн хүрээнд төрийн бодлогыг хэрэгжүүлж, үйлчилгээ үзүүлж байгаа боловч хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчин боловсронгуй бишээс бодлогын нэгдмэл байдал хангагдахгүй байгаа нь үйлчилгээний үр дүнг бууруулж, улмаар хөдөлмөрийн насны хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход бэрхшээл учруулж байна.
Иймээс уг конвенцид нэгдэн орж, түүний агуулгад нийцүүлэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний стандарт, чанар, соёлыг олон улсын жишигт нийцүүлэх, хөдөлмөрийн ажилтнуудыг чадавхижуулах, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх зэргээр үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх боломж бүрдэх юм.
Эдийн засгийн бүс, орон нутаг дахь ажиллах хүчний төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулахад чиглэсэн цалин хөлс, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэх, ажиллах хүчнийг хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, өөрийн орны хөгжлийн тэргүүлэх чиглэлээр ур чадвар эзэмшүүлэхэд түлхүү анхаарсан бодлогыг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нийгмийн зөвшилцлийн гэрээ, хэлцлийн механизмыг сайжруулах асуудлыг конвенцийн агуулгад нийцүүлэн судалж шийдвэрлэх боломжтой болно.
Түүнчлэн олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон улсын байгууллагуудаас үзүүлэх техникийн туслалцаа нэмэгдэх, хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэнэ.
“Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88 дугаар конвенцийн зохицуулалтыг Монгол Улсын үндэсний нөхцөл байдалтай харьцуулан судалж үзсэний үндсэн дээр тус конвенцид нэгдэн орох нь зүйтэй гэж үзэв.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
Конвенцийг хавсаргав. Нээж үзнэ үү
Tweet