2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралданы тэмдэглэлээс, “ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үер УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хэлсэн үг
С.Дэмбэрэл: Манай хуулинд, Төв банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалах явдал байдаг. Үүнийг Ё.Отгонбаяр гишүүн ч бас асуугаад байна л даа. Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал гэж юу болох тухай олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 2 утга бүхий нэгдсэн ойлголт байдаг. Энэ нь “тухайн үндэсний мөнгөн тэмдэгтийн дотоод үнэ цэнэ”, нөгөө нь “тухайн үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад үнэ цэнэ” юм. 1996 онд манайхыг хуулиа батлах үеэр Орос, Хятад зэрэг нилээн хэдэн орны хуулинд currency stability гэдгээрээ орчихсон байсан.
Инфляцыг онилох мөнгөний бодлого эхэлж байгаа манай орны хувьд хуулиндаа зайлшгүй өөрчлөлт оруулж, “үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн тогтвортой байдал” гэдгийг “үнийн тогтвортой байдал” гэдгээр сольж орлуулах, тодорхой болгох цаг үе нь болсон гэж би бодож байна. Тэгэхгүй бол, энэ тухай УИХ-ын гишүүд бол жил болгон асуусаар л байх болно. Үүнийг ганцхан Монголбанкны Ерөнхийлөгч нь тайлбарлаад нэмэргүй юм. Бусад орны хувьд хуулиндаа энэ тухай тусгаад өгчихсөн байна. Тиймээс бид ч бас хуулиндаа хурдан тусгаж, оруулмаар байна.
Хоёрдугаарт: Монгол улсад capital control – капиталийн хяналт байдаггүй, тогтмол ханшгүй, Төв банкны бие даасан байдлыг хуулиараа хангачихсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол улс боломжтойн гурвалжинтай, “боломжгүйн гурвалжингүй”. Энэ нөхцөл байдалд валютын ханш дээр гарч байгаа асуудлууд маань Төвбанкны хуулинд байгаа “ханш нь чөлөөтэй бөгөөд уян хатан, бодитой тогтох” гэсэн ганцхан зарчмаар олон жил явсанд байгаа юм. Гэтэл бусад орнуудын Төв банкнуудын /60 гаруй орны/ валютын ханшны бодлогоо тодорхойлж байгаа туршлагаас нь харахад, валютын ханшны бодлогоо, Засгийн газартайгаа хамтарч тодорхойлоод /манайх бол Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээрээ тогтооно гэсэн үг/, харин төв банк нь хэрэгжүүлэх ажлаа 100%, бүрэн хариуцдаг юм байна. Энэ тогтолцоо руу орох ёстой гэж би бодож байна. Тэрнээс биш, мөрдөгдөх боломжгүй нэг зарчим биччихээд, тэр нь ард иргэд, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд, үнийг өсгөөд, тэгээд үнэ өсөхөөр бодлогоо хатууруулаад, түүнийгээ УИХ дээр жил болгон тайлбарлаад байж болохгүй байна. Тийм учраас энэ тал дээр анхаараасай гэсэн асуулт маягийн анхааруулга тавьж байна.
Гуравдугаарт: Одоо нэг маш тодорхой асуулт тавья. 2015 оны Төсвийн төслийн тухай нэг ийм зузаан ном ороод ирчихсэн байна. Үүнийг уншиж үзсэн чинь “инфиляц үйлдвэрлэх” хандлага л ажиглагдаад байна. Ийм “инфиляц үйлдвэрлэх” төсөв орж ирээд байхад, Монголбанкныхан та нар инфиляцыг 7 хувьд барина гэсэн байх юм. Нийлүүлэлтийн гаралтай инфиляци 40 хувь байсныг 5 хувь болно гэсэн байх юм. Тэгэхээр 95 хувь нь эрэлтийн гаралтай болох гээд байна. Эрэлтийн гаралтай болохоор та нар мөнгөний хатууруулах бодлого хэрэгжүүлнэ гэж ярьж байна. Мөнгөний бодлогыг хатууруулчихаар хувийн хэвшил хөдөлгөөн муутай болж, импортын үнэ өсч эхэлнэ. Энэ тохиолдолд юу хийх юм бэ гэдэгт хариулаадхаач! Тэгээд бас, энэ төсвийн зузаан номыг уншсан уу? Уншаагүй бол, УИХ-ын даргаас Төв банкинд, “УИХ-д дүгнэлтээ ирүүл” гэсэн 7 хоногийн хугацаатай үүрэг өгмөөр байна. Ийм хүсэлт, асуулт хоёр байна даа.
Tweet