2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “В” заал Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс:
Хэлэлцсэн асуудал:
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ –ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудал болон бусад хуулийн төсөл хэлэлцэх, ажлын хэсэг байгуулах
С.Дэмбэрэл: Энэ хурал олон нийтэд шууд дамжуулагдахгүй байгаа. Тиймээс Монгол банк УИХ-ын өмнө аливаа тоон мэдээллийг чөлөөтэй хэлж болно гэсэн үг. Хаалттай хуралдааны дэглэм биш боловч олон нийтэд нээлттэй биш. Үүнтэй холбогдуулан зарим зүйлийг асууя.
Нэгддүгээрт: “Валютын ханшийг бид олон нийтэд хэлдэггүй” гэж ярьж байна. Тийм л дээ. Гэхдээ УИХ –ын гишүүдэд хэлэх ёстой. 1750 гэдэг дээр танай байр суурь ямар байгаа юм бэ? Та нар “төсөөлөл хийдэггүй” гэж ярьж байна. Төсөөлөл хийдэггүй юм бол яаж тэр 7 хувийн инфляцийг гаргаж ирсэн юм бэ? Яаж 2 жилээр төсөөлсөн юм бэ? Ингэж, хүүхэдтэй ярьж байгаа юм шиг үг хэлж болохгүй ээ. Тийм учраас, засгийн газраас, бүр тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргаж, Сангийн яам шууд хүлээж авсан 1750 гэсэн ханш дээр та нар ямар бодолтой байна вэ?
Хоёрдугаарт: Төв банкны тухай хуулинд мөнгөний бодлогын үндсэн зорилтыг тодорхойлж өгсөн байдаг. Үүнийг хууль өөрчлөгдөөгүй байхад өөрчлөх эрх хэнд ч байдаггүй. Хуулинд “Эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангана” гэсэн үг байхгүй. Эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангадаг тэр улс нь Монгол улс биш. Манай төгрөг хөрвөдөггүй. Бид төгрөгийн тогтвортой байдлыг “төгрөгийн дотоод, гадаад үнэ цэнэ” гэж ярьдаг болохоос биш, “гадаад тэнцвэрийг хангах” гэсэн том зорилт тавьдаггүй. Энэ нь мөнгөний бодлогын зорилтод байдаггүй. Тийм учраас эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангана гэдгээр юугаа бодож, энэ том зорилтыг зүрхэлж оруулсан юм бэ? Үүний үндэслэл нь юу вэ?
Гуравдугаарт: Төв банкны тухай хуулинд “ханш чөлөөтэй бөгөөд уян хатан, бодитой тогтоно” гээд, төгрөгийн гадаад валюттай харьцах “ханш”-ны зарчмыг баримтална гэсэн байна. Хуулинд өөр ямар нэгэн заалт байхгүй. Төв банкны хуулинд “эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангахад тус дөхөм үзүүлэх” гэсэн ийм өгүүлбэр байна. Ийм л зарчим бичсэн байна. Санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ханш нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихүйц уян хатан тогтож, дунд хугацаанд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалахтай нийцтэй байх зарчим баримтална. Гэтэл та нарын өгсөн цэнхэр ном дээр чинь валютын ханшны бодлого байхгүй байна. Хуулинд “валютын ханшны бодлого” гээд байгаа. Валютын “ханш”-ны бодлого гэхээр зарчим бичихийг хэлдэггүй. Өмнөх хоёр жилийн зарчмууд дээр хоёр өгүүлбэр нэмж бичээд, жаахан өөрчлөлт хийгээд оруулж ирэхийг хэлдэггүй. Валютын ханшны зарчим, валютын ханш гэж асуухаар, урдаас “төгрөгийн ханш нь уян хатан бөгөөд бодитой тогтоно” гэсэн өгүүлбрийг хэлээд УИХ-ын гишүүдийн амыг хааж болохгүй. Хоёр жил энэ үгийг хэлж, танай банкыг хамгааллаа. Одоо тэсвэр алдагдаж, урам хугарч байна. Яагаад ийм байна вэ? Энэ “ханш”-ны бодлого чинь юу юм бэ? Ханш нь шокыг шингээгч биш, шокыг үүсгэгч гэдгийг өнгөрсөн сарууд харууллаа. Ийм зүйлүүд байсаар байхад “ханш”-ын тухай ийм сул мэдээлэл оруулж ирж байгаад, би хувьдаа 2014 он, 2015 онд инфиляцийг 7 хувьд барина гэдэгт итгэж чадахгүй байна. Та бүхэн өөрсдөө итгэж байна уу?
Дөрөвдүгээрт:Сангийн яам төсвийн төслөө өгсөн. Ийм зузаан ном байна. Монголбанк засгийн газарт мөнгөний бодлогоо өгсөн. Засгийн газар уншаагүй, нэг өгүүлбэр бичдэг заншсан ёсоороо л ирүүлсэн байна. Төсвийн талаар танайхаас албан ёсоор санал аваагүй.
Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Засгийн газрын төлбөр тооцоонуудыг үзэхэд, валютын ханшны, төлбөрийн тэнцлийн төсөөлөл дээр нэгэнт зарчмын өөрчлөлт байхгүй учраас валютын ханшаа 1750 гэж, төсвийн алдагдлаа та бүхэнд өргөн барьсан тооны түвшингээс бид өөрсдийн дүгнэлтээ хийгээд ямар ч байсан эерэг валютын орлогыг харж байна. Энэ дээр бол, төлбөрийн тэнцлийн бусад тооны задаргаан дээр харах л ёстой зүйл л дээ. 1750-ыг бүртгэлийн хувьд, төсөв хэлэлцэхэд зайлшгүй тоо хэрэгцээтэйг ойлгож байна. Тэрнээс, бид нар валютын ханшын төсөөллийг хийхдээ ямар аргачлалаар хийдгийг С.Дэмбэрэл гишүүн та сайн мэдэж байгаа байх, түүнээс биш, өөрөөр, ийм хүлээлтийн тоог ярьдаггүй. Энэ нь нууц гэдэгтээ ч гол нь биш. Хүлээлт үүсгэх зах зээлийн нөхцөл байхгүй юм.
Тооцоогоо яаж хийж байгааг гишүүн сайн мэдэж байгаа байх. Ер нь бол инфляцын хүлээлтээрээ жигнэж явдаг. Төсөв дээр энийг хэрхэн тусгах нь мэдээж тухайн төсвийн бүртгэлийн хувьд зарчмын зайлшгүй шаардалагатай учраас сангийн яам тооцоогоо хийж явдаг. Төлбөрийн тогтвортой байдлыг хангах гэдэг том зорилт л доо. Үнэн, үнэн. Гишүүний хэлж байгаа шиг тийм ч амаргүй зорилт байх. Гэхдээ үүнийг зорих нь ялангуяа 2015 оны бид нарын эдийн засгийн урд байгаа сорилтонд гол мэссэж юм байна гэж бид нар үзэж байгаа. 2015 онд гадаад төлбөрийн тэнцэл дээр, тогтвортой байдал дээр анхаарч ажиллахгүй бол Монгол улсын нийт эдийн засгийн хувьд макро тогтвортой орчинд хамгийн чухал зүйлүүдийн нэг нь болчихоод байна гэдгийг тодорхойлж өгч байгаа юм. Энэ маань өөрөө төлбөрийн тэнцлийг урт хугацаанд тогтвортой байх асуудал ч, энэ удаа 2015 онд маш чухал нөлөөтэй жил болох нь гэдгийг томьёолж өгсөн. Урд нь энэ өгүүлбэрээр тодорхой томьёолж байгаагүй нь үнэн. Энэ удаа чухал жил болох нь гэдэг утгаараа, үүнийг томьёолох гэж зориуд хийж өгсөн. Гадаад тэнцлийг хангах зорилт гэдэг нь түрүүчийн хүрээнд хэцүү зорилт нь үнэн. Энэ зорилт нь Монгол банкны зорилт ч биш, Монголын эдийн засгийн өмнө байгаа гол зорилтуудын нэг мөн. Энд зориулагдсан бусад мөнгөний бодлогын бусад арга хэмжээнүүд нь хэрэгжиж явах нь гэсэн Монголбанкнаас бодлогын зорилтыг дэвшүүлж байна гэсэн үг.
Ханшны хувьд, энэ тухай олон жил, цөөнгүй удаа ярьж байна. Энэ заншсан хэллэг. Сүүлийн 2 жил ч биш, ер нь өмнөх олон жил явж байгаа хэллэг. Хуулийн өнцгөөс л харж байсан. Одоохондоо бодлогыг тодорхойлж өгсөн тийм томьёолол руу зориглож ороогүй л байна. Яг нарийвчлаад үйл ажиллагаан дээр дүгнэлтүүдээ хэлэхэд С.Дэмбэрэл гишүүн өөрөө энэ ажил дээр 2 жил бид нартай хамтарч ажиллаа. Өөрийн гэсэн дүгнэлттэй, яг үйл ажиллагаан дээр тодорхой хэмжээний, ханшны бодлогын хувьд ямархуу бодлого хийгддэг тухай сайн мэдэж байгаа байх.
Сангийн яам: Мөнгөний бодлого, төсвийн бодлогууд нь мэдээж хоорондоо асар нягт уялдаа холбоотой. Мөнгөний бодлого боловсруулах, мөнгөний бодлого дээр тавигдаж байгаа зорилтуудыг хангах, төсвийн бодлого боловсруулах, төсвийн бодлого дээр тавигдаж байгаа үндсэн зорилтуудыг хангах асуудлыг манай 2 байгууллага нягт уялдаатай хийдэг. Ялангуяа техникийн түвшинд бүх тоонуудыг нарийвчлан тооцож ажилладаг. Мэдээж хэрэг засгийн газраас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нэгдсэн төсвийн зохистой бодлогоор мөнгөний бодлогыг дэмжих, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах, дотоодын үйлдвэрлэл, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авах, татвар, гааль, татаасын чиглээр хийгдэж байгаа энэ бүх үйл ажиллагааны тооцоонуудыг Монголбанкинд өгч, мөнгөний бодлогод тусгуулж явдаг.
Tweet