2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдааны тэмдэглэлээс:
Хэлэлцсэн асуудал: “Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх тухай“
С.Дэмбэрэл гишүүн: Засгийн газрын бүрэлдэхүүнээс 2012 оноос хойш хамтарч ажилласан хэсэг нөхөд нь чөлөөлөгдөж байна. Энэ хүмүүсийн чөлөөлөгдсөн шалтгааныг ярихаасаа өмнө, чөлөөлөгдөж байгаа гишүүдтэй өнгөрсөн 2 жилд, олон чиглэлээр маш үр дүнтэй, үр бүтээлтэй хамтран ажиллаж байсныгаа хувиасаа хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Монгол улсын засгийн газар 2012 онд байгуулагдаад, нэлээд олон томоохон зорилтуудыг тавигдсан. Засгийн газрын 2012-2014 онд тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд эдгээр чөлөөлөгдөж байгаа гишүүд өөрсдийн мэдлэг боловсрол, туршлагыг дайчлан ажилласан гэдэгт би итгэлтэй байдаг. Цаашдаа Засгийн газарт өнгөрсөн 2 жилээс илүү том зорилтууд тулгарч байгаа. Энэ хүмүүсийн тавьсан сайн суурин дээр дараагийн хүмүүс ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийг Сайн суурь тавьсан гэж би бодож байна. Энэ үгээ ч би бас баталж чадна. Ер нь асуудлуудыг тодорхой ярих хэрэгтэй.
Хэрэв аль нэг яамны ажил дээр тодорхой үр дүн гарсан байвал тэрнийг ямар нэгэн улс төрийн өнгө аясгүйгээр хүлээн зөвшөөрдөг, хэлэх үедээ шүүмжилдэг, магтах үедээ магтдаг, хэлэх ёстой үгийг цагт нь хэлдэг байх нь төрийн хүний чанар байх ёстой. Энэ талаас нь бодож, чөлөөлөгдөж байгаа гишүүдэд талархал илэрхийлж байгаа юм шүү. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсч байна. Баярлалаа.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар: Би бас үг хэлье гэж бодож байна. Манай эдийн засгийн байнгын хорооноос асуудал нь хамаардаг гол яамдын сайд нар чөлөөлөгдөж байна.
Нэгдүгээрт: Үнэхээр Монгол орны эдийн засгийг эрчимжүүлэх, Улс орны бүтээн байгуулалтын ажилд онцгой үүрэг гүйцэтгэсэн ийм сайдуудаа бид өнөөдөр бүтцийн өөрчлөлтийн улмаас ажил үүргээс нь чөлөөлж байна. Үндсэндээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Шинэчлэлийн засгийн газар”-ын гол нүүр царай болж явсан сайд нар бол манай байнгын хорооноос томилогдсон эдгээр сайд нар байгаа юм. Энэ сайд нарынхаа хийж бүтээснийг дараагийн шинэ сайд нар үргэлжлүүлж, эхэлсэн шинэчлэлийн ажлуудыг нэр төртэй хийж дуусгаасай гэж хүсч байна.
Хоёрдугаарт: Шинээр томилогдож байгаа сайдууд байнгын хороотой их нягт холбоотой ажиллах ёстой. Үүнийг сайтар анхаарч ажиллахыг шинээр томилогдох сайдууддаа давхар хэлье. Тийм учраас өнгөрсөн хугацаанд ажлаа сайн хийсэн бүх сайд нартаа гүн талархал илэрхийлж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Та бүхэнд цаашид олон ажлуудыг дахин хийж гүйцэтгэх боломжууд байгаа. Тэр ажлынхаа төлөө ч мөн сэтгэл зүрхээрээ ажиллаарай гэж хүсье !
Дуу бичлэгээс буулгасан: Б.Хандармаа
Хянан засварласан. Л.Алтанхуяг
Tweet