Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр
З.Энхболд: С.Дэмбэрэл гишүүн асууя
С.Дэмбэрэл: За баярлалаа. Энэ бол Монгол Улсын цаашдын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой хууль. Тийм учраас жишээлбэл, Дэлхийн банкны бизнес эрхлэлтийг хэмжих туслах индексээр Монгол Улс одоо хэддүгээр байранд байгаа вэ, энэ хуульд байгаа үг, үсэг, үзэл санаа хэрэгжсэнээр хэдэн байр ахиж, ямар үр дүнд хүрэх вэ гэсэн нэгдүгээр асуулт байна.
Хоёрдугаарт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны батлагдсан орлого, зарлага нь тус тус хэд вэ, 2015 оных нь хэд байх вэ гэдгийг хэлж өгнө үү. Энэ асуулт ч бас энэ хуультай хамааралтай.
Гуравдугаарт: Бизнест орохыг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэж болж байна. Гэтэл одоо ерөнхийдөө улс төрчдийн дунд маргаан дагуулаад, янз янзын зорилгоор ашиглаад байгаа бас нэг тоо байна. Бизнесээс орох, гарах хоёрын жинхэнэ харьцааг танайх яаж гаргадаг юм бэ? Үндэсний статистикийн газрын бизнес регистртэй энэ бүртгэл маань яаж холбогддог юм вэ?
Дээр нь, танай байгууллагын үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт дээр ийм сонин тоонууд байна. Бэлтгэсэн Улсын бүртгэлийн маягт 1000 ширхэг гээд ард нь 1700 ширхэг, 170 мянган ширхэг гэсэн байна. Дүгнэлт гаргах хяналт шалгалтын тоо /мянгаар/ гэчихээд 20,5 мянга гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? 20 мянган хяналт шалгалт хийнэ гэсэн үг үү? 20500 мянган удаа гэсэн үг үү? Энэ тоонуудын хариуцлага хаана байна? Одоо хууль болж, батлагдах гэж байна. Тийм учраас Улсын бүртгэлийн ерөнхий газраас асуумаар байна. Юу гэсэн үг вэ? Өөрөөр хэлбэл, Төсвийн ерөнхий захирагчдын тоо чанарын үзүүлэлтэнд, Хууль зүй дотоод хэргийн яамныхад ч энэ үзүүлэлт ингээд байж байна. 1700 ба 2,5 гэсэн, хоёулаа мянгаар. Нэг нь 170 мянга гэсэн үг, нөгөөх нь 20 мянга гэсэн үг. Тэгэхээр энэ чинь Хуулийн үзэл санаатай зохицож байна уу? Энэ юу гэсэн үг вэ? Энд маш тодорхой тайлбар авмаар байна. За баярлалаа.
З.Энхболд: Дэлхийн банкны бизнес эрхлэхийн асуудлын талаар Х.Тэмүүжин сайд, бусад асуултанд Т.Баттулга хариулъя.
Х.Тэмүүжин: Бизнес эрхлэлттэй холбоотой Монгол Улс ямар үзүүлэлттэй хаана явна вэ гэдгийг би яг одоогийн байдлаар мэдэхгүй байна. Манай ажлын хэсгийн Ш.Жолбарыс хариулна.
З.Энхболд: Энэ бол бодлогын асуудал учраас өөрөөс чинь асуугаад байна. Хууль оруулж ирж байгаа бол ямар үр дүнд хүрэх зорилготой юм бэ? С.Дэмбэрэл гишүүний асуулт зөв байгаа. Үндсэн асуудал учраас сайд нь өөрөө мэдэж байх ёстой. Т.Баттулга хариулъя.
Т.Баттулга: Дэлхийн банкнаас гаргадаг дэлхийн бүх улс орнуудын бизнес орчныг зэрэглэдэг DOING BUSINES гэдэг зэрэглэл байгаа. Энэ ангиллаар таван үндсэн үзүүлэлтүүдийг шалгуур болгодог. Энэ дотроос манай бизнесийг эхлэх буюу бизнесийн үйл ажиллагааг явуулах бололцоог бүрдүүлэх бүртгэлийн процессыг нэлээн өндөр үнэлсэн байдаг. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс 2013 оны дүнгээр 25-р байранд орсон. Энэ бол сайн үзүүлэлт. Гэхдээ бид нар энэ хуулийн дагуу нэлээн шинэчлэлт өөрчлөлтүүдийг хийгээд, илүү шуурхай бүртгэл хийдэг болсноор яг энэ үзүүлэлтээрээ эхний 10-д ч орох бололцоо бий гэж тооцоолж байгаа. Статистикийн мэдээллийн хувьд ерөнхийдөө манайд бүртгэгдсэн мэдээллийг Статистикийн газар шууд аваад, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой статистик тоонуудоо гаргадаг.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ш.Жолбарыс: Статистик тоо мэдээг Статистикийн газар манайхаас авч байгаа. Өнөөдрийн байдлаар 136 мянган хуулийн этгээд мэдээллийн санд бүртгэгдээд байгаа. Статистикийн байгууллага манай бүртгэлийг Бизнес регистр гэсэн нэр томьёогоор ашиглаж байна. Цаашдаа Статистикийн ерөнхий газартай хамтраад хуулийн этгээдийн регистрийг боловсронгуй болгох талаар хамтарч ажиллах зорилгоор тодорхой ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Орлого зарлагын талаарх мэдээллийг танд дараа хүргүүлье.
З.Энхболд: Хэдэн мянган аж ахуйн нэгжүүд хаалгаа барилаа гэж яриад байгаа. Үнэн юм уу, худлаа юм уу?
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ш.Жолбарыс: Аж ахуйн нэгжийн хувьд 2014 онд /өнөөдрийн байдлаар/ 13 мянга гаруй аж ахуйн нэгж манайд бүртгүүлсэн байгаа. Үүнээс 425 аж ахуйн нэгж 2014 онд Хуулийн этгээдийн бүртгэлээс хасагдаж, татан буугдсан. Татан буух процесс нь өөрсдийнх нь хүсэлтээр болон татварын байгууллагуудад 6 улирал дараалан тайлангаа өгөөгүйн улмаас, татварын байгууллагын саналыг үндэслэн 400 гаруй аж ахуйн нэгжийг татан буугдсан. Дампуурсан аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар 3 байгаа. 2014 оны статистик тоогоор яг 425 аж ахуйн нэгж татан буугдсан. 2013 онд нийт 16 мянган Хуулийн этгээд бүртгэгдсэн. Үүнээс 425 аж ахуйн нэгж бол татан буугдаж бүртгэлээс хасагдсан байна.
З.Энхболд: Та нарын тоо зөрөөд байна. Т.Баттулга болохоор манайхаас статистик мэдээгээ авдаг гэдэг. Статистик чинь болохоор 50-60 мянган аж ахуйн нэгж байгаад эдийн засгийн хямралд болоод 22 мянган алга болсон гээд байна. Хэн нь зөв яриад байгаа юм бэ? Төрийн байгууллагууд ийм замбараагүй, 425 ба 22 мянга гэсэн, хоёр өөр тоотой байж болохгүй. Д.Сарангэрэл гишүүн 22 мянган аж ахуйн нэгж эдийн засгийн хямралаас болоод хаалгаа барьсан гэж хэлж байна. Энэ толгой эргүүлсэн олон тоогоо нэг жигд болгоод, мэдээллээ Улсын Их Хуралд өгөх хэрэгтэй. Шалгалт хийх, 150,000 бланк хэвлэх энэ тэрийгээ хариул. Юуг нь нуугаад байгаа юм бэ? Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтэн нь биш, дарга нь өөрөө хариул.
Ц.Пүрэвдорж: Та яг ямар тайлангаас ярьж байгааг би сайн мэдэхгүй байна. Хуультай холбогдуулаад боловсруулсан бичиг баримт дотор байхгүй байна. Хяналт шалгалтыг манай тамгын газраас нэгтгээд дамжиж гаргасан тайлан дотор тийм тоо баримт байгаа болов уу гэж бодож байна. Би тэрийг нягталж байгаад танд тодорхой гаргаж өгье гэж бодож байна.
З.Энхболд: С.Дэмбэрэл гишүүний асуултад хариулт олдсонгүй.
Tweet