Амжилттай хөгжсөн, хөгжиж буй улсуудын хувьд хөгжлийн эхэн үедээ тусгайлсан хөгжлийн хөрөнгө оруулалтыг хийх үүрэгтэй санхүүгийн институци байгуулан түүгээрээ дамжуулан төсвөөс гадуур хөрөнгө оруулалт хийдэг нийтлэг туршлагад үндэслэн манай улс Хөгжлийн банкийг 2012 онд байгуулсан.
Хөгжлийн банк томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлэхээр 2012 оны 3 дугаар сард гадаад зах зээлээс 580 сая ам.долларын хөрөнгө босгосноор хөгжлийн бүтээн байгуулалтын ажлууд эрчимжсэн.
Өнөөгийн байдлаар Хөгжлийн банкаар хийгдэх санхүүжилт нь зөвхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн тусгай шаардлагаар хязгаарлагдаж байгаа бөгөөд Хөгжлийн банкаар дамжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний зарцуулалтыг төсөвт тусгахгүйгээр зарцуулж байна.
Одоогоор Хөгжлийн банк төсвөөс эргэн төлөгдөх болон төслийн орлогоос эргэн төлөгдөх гэсэн 2 чиглэлээр төсөл, хөтөлбөр санхүүжүүлж байна. Хөгжлийн банк өөрийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнөөс эдийн засгийн хувьд үр ашигтай, төслийн орлогоос эргэн төлөгдөх боломжтой төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь Хөгжлийн банкны ажиллах сонгодог механизм юм. Гэхдээ суурь дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор тодорхой нийгмийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх шаардлага үүсдэг.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зөвлөмжид "Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулан тооцох асуудлыг боловсруулж Улсын Их Хуралд оруулан шийдвэрлүүлэх" гэж заасны дагуу Төсвийн тухай хуульд тусгах зорилгоор холбогдох хуулийн өөрчлөлтийг боловсруулаад байна. Үүнд:
1/ УИХ төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх болон Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг нийт дүнгээр батлах;
2/ Улсын өр гэснийг Засгийн газрын өр болгон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор өөрчлөх зэрэг өөрчлөлтүүд орж байгаа болно.
Хуулийн төсөл батлагдсанаар төсвөөс гадуурх зарцуулалтыг төсөвт тусган батлах боломж бүрдэх юм.
------о0о-----
Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хавсаргав./beta/upload/files/02.pdf
Tweet