2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс.
Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /хэлэлцэх эсэх/
С.Дэмбэрэл: Хэдийгээр энэ асуудалд шууд хамааралтай биш ч гэсэн гишүүдийн асуусан асуултанд А.Гансүх сайд “бүгдийг нь дэмжиж байна” гэсэн хариулт өглөө. Гэхдээ энд нэг яам асуудлыг оруулж ирж байгаа биш, асуудлыг Засгийн газар оруулж ирж байгаа. Өмнө нь Ч.Улаан сайд нэг асуудал оруулж ирээд, буцаан татаж авсан. Яагаад гэвэл, Засгийн газрын яамдууд нь хоорондоо уялдаагүй, мөн холбогдох байгууллагуудын саналын бүрэн авч, нэгдсэн нэг бодлого гаргаж ирж чадаагүй учраас, гишүүдийн асуусан асуултанд энэ нь илрээд буцаагаад авсан шүү дээ. Одоо яг ийм юм болж байна. Хэдийгээр гишүүдийн зүгээс Гаалийн түр хугацааны журмаас хальсан асуултууд тавьж байгаа ч гэсэн эдгээр нь амьдрал дээр байдаг асуудал. Одоо манай улс Дэлхийн банкны ангилалаар дундаас доош орлоготой орны ангилалд орчихсон, дотоод, гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд, түүнийг хэрэгжүүлэх олон хэлбэрүүд, түүн дотроо “Төр, Хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиа” батлаад, энэнийгээ урамшуулах, дээр нь Монгол Улсын хөрөнгө оруулалтыг урагшлуулахын тулд “Хөрөнгө оруулалтын тухай хуулиа” батлаад, энэ дотроо хөрөнгө оруулалттай холбоотой, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалттай холбоотой хөшүүргүүдийг суулгаж өгсөн. Энэ хоёр хууль болон хугацааг төсвийн талаас нь хараад хоёр жил гэж хэлэх, хуулийн талаас нь хараад гэрээний хугацаа гэж томьёолдог. Хөрөнгө оруулалтын үргэлжлэх циклийн хугацааг гадаад зээл тусламжийн хүрээнд “grace period” буюу “хөнгөлөлтийн хугацаа"-г уялдуулж тавьдаг болохоос биш, нэг нь хоёр жилийн хугацаа гээд, нөгөөх нь гэрээний хугацаа гээд Сангийн яам болон бодит секторыг төлөөлсөн яам хоёрын хооронд нь өөр өөр саналтай байна. Энэ нь энд орж ирээд, УИХ-ын гишүүд бодит амьдралд гардаг асуудлуудыг тавихаар илэрч гарч ирээд байна. Энийг төдий л чамбай биш боловсруулжээ, А.Гансүх сайдаа. Ч.Улаан сайд бол шууд татаад авчихсан. Хууль эрх зүйн боломж байдаг юм байна. Миний бодлоор гишүүдийн саналыг тусгаад, хугацааны хувьд гэрээний болон хоёрын жилийн хугацааг бодолгүйгээр, хөрөнгө оруулалтын хугацаа, хэрэгжих хугацаа энэ бүхнийг бодолцоод дахиад чамбай боловсруулж оруулж ирвэл яасан юм бэ гэсэн асуулт, саналыг зэрэг тавьж байна.
Тэмдэглэлийг дуу бичлэгээс буулгасан: М.Алпи
Хянан засварласан: Л.Алтанхуяг
Tweet