ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ХАРААТ БУС БАЙДЛЫГ БАТАЛГААЖУУЛАХ НЬ
/Танилцуулга мэдээлэл/
Хэвлэлийн хараат бус байдал гэж юу вэ?
Хэвлэлийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөөний талаар олон байр сууринаас хандсан харилцан адилгүй тодорхойлолтууд бий. Хараат бус хэвлэл гэж засгийн газар, улс төр, эдийн засгийн хяналт, мөн материал, үйлдвэрлэл, түгээлтийн дэд бүтцээс хараат бус байхыг хэлнэ”[1] гэсэн бол “Ардчилсан нийгэмд ард түмэн мэдэх эрхтэй. Үүнийг бид мэдээллийн эрх чөлөө гэж нэрлэдэг. Мэдээллийн эрх чөлөө нь мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх бүлэг эрхээр дамжин хэрэгждэг”[2]гэжээ. Түүнлчэн, “Угтаа мэдээлэл гэдэг бол эрх мэдэл. Мэдээллийг олон хүн эзэмших тусам эрх мэдэл тэр хэмжээгээр тархдаг. Олон нийтэд мэдээлэл хүргэх гол хэрэгсэл нь хараат бус, чөлөөт хэвлэл мэдээлэл юм”[3] гэж чөлөөт хэвлэл мэдээллийн мөн чанарыг тайлбарласан тайлбарууд олон байна.
Тэгвэл хэвлэлийн хараат бус байдал гэдэг аль ч субьектээс үл хамааран мэдээллийг иргэдэд тэгш түгээх нөхцөл хангалттай бүрдсэн байхыг хэлдэг аж.
Сэтгүүлчийн хараат бус байдал
Сэтгүүлчийн хараат бус байдалд нөлөөлдөг гадаад, дотоод хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд сэтгүүлчийн мэдээлэл хайх, боловсруулах, түгээх бүхий л үйл ажиллагаанд хамааралтай эрх, тухайлбал, сэтгүүлчийн эрэн сурвалжлах үйл ажиллагааны эрх зүйн хамгаалалт, төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авах эрх, эх сурвалжаа нууцлах эрхийн хамгаалалт, редакцийн хараат бус байдал, сэтгүүлчид нөлөөлсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэрэг бүлэг асуудлууд багтдаг.
Сэтгүүлчийн хараат бус байдлыг “сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад хэн нэгнээс хараат бус байж, олон нийтийн мэдэх эрхэд шударгаар үйлчлэх таатай орчин” гэж хэлж болох бөгөөд харин үүний эсрэг дараах төрлийн хараат байдал сэтгүүлчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байдаг. Үүнд:
1. Улс төрийн хараат байдал: Төрөөс тавих хяналтыг багасгаж хуулиар хориглосон ч тухайн мэдээллийн агуулга, зорилгыг харгалзан тодорхой хязгаарлалтыг хийдэг. Тухайлбал, олон нийтэд түгээхэд ёс зүйн хувьд тохиромжгүй мэдээлэл, улс орны батлан хамгаалах, цэрэг цагдаагийн хүчинтэй холбоотой мэдээлэл, ард иргэдийн дунд үймээн самуун дэгдээх, тогтворгүй байдлыг үүсгэж болзошгүй мэдээлэл түгээхийг төрөөс хязгаарладаг.
2. Эдийн засгийн хараат байдал: Санхүүгийн хувьд хараат байх нь хэвлэл мэдээлэл жинхэнэ утгаараа чөлөөт байж чадахгүйг илэрхийлдэг. Санхүүгийн сул дорой байдал нь хэвлэл мэдээллийн байгууллага бие даан хөгжихөд бэрхшээл учруулдаг бөгөөд томоохон зар сурталчилгааг байнга нийтлүүлдэг байгууллагууд энэ байдал дээр дөрөөлж хэвлэлийг хяналтандаа байлгахыг хичээдэг байна.
3. Редакцийн хараат байдал: Өмчлөгч буюу эзнээс түүний өмчлөлд буй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж буй сэтгүүлч, редакцийн үйл ажиллагаа хараат байдлаар явагдах нөхцлийг хэлнэ. Энэ нь манай улсын хэвлэл мэдээллийн салбарт ихээхэн илэрдэг.
Сэтгүүлчдийн дунд 2010 онд хийсэн тандалт судалгааны үр дүн сэтгүүлчийн хараат бус байдал нэн эмзэг байгаа хэмээн үзэхэд хүргэж байна.[4] Үүнд:
· Нийт сэтгүүлчдийн 50 хувь нь буюу 2 сэтгүүлч тутмын нэг нь хараат бус ажиллаж чаддаггүй.
· 54.5 хувь нь бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгээ чөлөөтэй нийтэлж чаддаггүй.
· 46.3 хувь нь ХМХ-ийн эрхлэгч, редакторууд сурвалжлагч, ажилтнуудынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн шаардлага, хяналт тавьдаг гэсэн.
· Нийт сэтгүүлчдийн 39 хувь нь бэлтгэсэн материалаа тухайн байгууллагын тодорхой бодлогын үүднээс нийтэлдэггүй, зарим хэсгийг хасдаг.
Редакцийн хараат бус байдал
Нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод цензур тавих, тодорхой сэтгүүлчийн нэрийг ашиглах, сэтгүүлчдийн хүсэл зоригийн эсрэг нийтлэл бичих, нэвтрүүлэг хийх даалгавар өгөх зэргээр редакцийн хараат бус байдалд халдах явдал нийтлэг байдаг.
Монгол Улс Үндсэн хуулийнхаа “....үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх . .. гэсэн үзэл баримтлалд тулгуурлан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг 1998 баталсан бөгөөд төрийн байгууллага өөрийн дэргэд хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах, төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоох хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулах, ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэх талаар бүрэн хориглож төрөөс тавих хяналтыг нэлээд хязгаарласан байдаг. Мөн “Олон нийтийн радио, ТВ-ийн тухай” хуулинд “Олон нийтийн радио телевизийн сурвалжлагч, редакц Үндсэн хууль болон энэ хуулийн үзэл санаанд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, олон нийтийн радио, телевизийн удирдлага хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” хэмээн олон нийтийн радио телевизийн сэтгүүлчдийн болон редакцийн хараат бус байдлыг баталгаажуулсан нь чухал зохицуулалт болсон юм.
Хэдийгээр хууль, эрх зүйн орчны хүрээнд дэвшилттэй зохицуулалтууд хийгдсэн ч бодит байдал дээр Монгол Улсын хэвлэл мэдээллийн редакцийн хараат бус байдлын үнэлгээ доогуур түвшинд байгааг олон судалгаа харуулж байна. Сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлгээ чөлөөтэй хэвлэн нийтэлж, хэвлүүлэхэд саад болдог субьектыг тодруулах судалгаанд ерөнхий эрхлэгч 27,3%, тухайн өдрийн дугаар эрхлэгч 20,5%, албаны дарга нар 15,9% гэх мэтчилэн хариулжээ.
Иймд сэтгүүлч, редакц болон өмчлөгчийн хоорондын харилцааны эрх зүйн үндсийг хуульчлан тодорхойлох, сэтгүүлч, редакцийн бие даасан байдлыг хамгаалсан хэм хэмжээг нэн тэргүүнд батлах нь чухал болохыг сэтгүүлчид, мэргэжлийн хүмүүс онцолсоор байна. Хуулийн төсөлд энэ агуулга нэлээн тусгагдсаныг онцлох нь зүйтэй.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хараат бус байдал хэрхэн туссан талаар
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал, редакцын бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулж өгснөөрөө онцлог хэмээн сэтгүүлчид, мэргэжлийн хүмүүс, судлаачид болон хуулийн төслийн ажлын хэсгээс үзсэн байна.
Уг хуулийн төслийн 2-р бүлэг буюу “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЧӨЛӨӨТ, ХАРААТ БУС БАЙДЛЫН БАТАЛГАА” гэсэн хэсэг нь 5 зүйл, 17 заалттай. Зүйл, заалтын гол санааг нарийвчлан харуулбал:
IY зүйл |
Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хангах |
4.1. . . . хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулах, эрхлэх эрхтэй. |
4.2. . . . үзэл бодлоо илэрхийлсэнтэй нь холбогдуулан аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэх, хариуцлага хүлээлгэхийг хориглоно. |
||
Y зүйл |
Төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах |
5.1. . . . хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомжийг батлан мөрдөхийг хориглоно. |
5.2. . . . төрийн байгууллага, албан тушаалтан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан захиргааны акт гаргах буюу үйлдэл, эс үйлдэл хийхийг хориглоно. |
||
5.3. Төрийн байгууллага, албан тушаалтан сэтгүүл зүйн үйл ажиллагааны явцад хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт шалгалт хийх, агуулгыг хянах /цензур/, мэдээлэл түгээхэд саад учруулах, мэдээлэл түгээсэнтэй нь холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, зогсоох, аливаа хэлбэрээр хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно. |
||
5.4. Хуулиар нууцад хамааруулснаас бусад тохиолдолд мэдээ, мэдээллийн хүрээг хязгаарлахыг хориглоно. |
||
5.5. Төрийн байгууллага, албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээсэнтэй нь холбогдуулан иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид энэ хуульд зааснаас бусад хариуцлага хүлээлгэхийг хориглоно. |
||
5.6. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах чиг үүрэгтэй байгууллага, албан тушаал бий болгох, санхүүжүүлэхийг хориглоно. |
||
VI зүйл |
Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглох |
6.1. Төрийн байгууллага. . . хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. |
6.2. Төрийн байгууллагын эрхэлж болох хэвлэн нийтэлж болох үйл ажиллагаа |
||
YIIзүйл |
Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал
|
7.1. . . .мэдээллийн эх сурвалжаа хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хараат бусаар, чөлөөтэй эрхэлнэ. |
7.2. . . .хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох, хэвлэл мэдээллийн байгууллагыг татан буулгахыг хориглоно. |
||
7.3. Хууль бусаар мэдээлэл олж авснаас бусад тохиолдолд тухайн мэдээлэл ньбусдад гэм хор учруулсан гэх үндэслэлээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд хариуцлага хүлээлгэхийг хориглоно. |
||
VIIIзүйл |
Хэвлэл мэдээллийн байгууллагынредакцийн бие даасан, хараат бус байдал
|
8.1. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нарын ашиг сонирхлоос хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулна. |
8.2. Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нь редакцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно. |
||
8.3. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн эрхлэгч нь үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчтэй хараат бус байдлыг хангах талаар гэрээ байгуулж, байгууллагын ёс зүйн дүрэм, дотоод журамдаа тусгах үүрэг хүлээнэ. |
||
8.4. Нийтлэл, нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгч тухайн нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад нөлөөлөхийг хориглоно. |
Хараат бус байдлыг хэрхэн баталгаажуулах талаарх саналууд
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх судалгаа, мэдээ мэдээллүүдээс үзэхэд дор дурдсан хэдэн санааг гаргаж тавьжээ. Үүнд:
· Санхүүжилт хаанаас хийгдэж байгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөгч хэн байхаас үл хамааран сэтгүүлч иргэдийн мэдэх эрхийг хангах үүргээ биелүүлж байгаа гэсэн утгаар үйл ажиллагаагаа сэтгүүлчийн ёс зүйд нийцүүлэн хараат бусаар явуулах ёстой. Энэ нь сэтгүүлчийн эрх гэхээс илүүтэй бусдын мэдэх, бодит мэдээлэл авах эрхийг хангах чиг үүрэгтэй холбоотой. Харин өмчлөлөөс үүдэн санхүүгийн сонирхлоор хийгдэж буй реклам, сурталчилгаа, захиалгат нэвтрүүлэг зэргийг мэргэжлийн үйл ажиллагаанаас хатуу зааглах шаардлагатай бөгөөд ингэж заагласан тохиолдолд сэтгүүлчид мэргэжлийн мэдээ, нэвтрүүлгээ бизнесийн сонирхлоос ангид бэлтгэн түгээх үндэс болно. Өөрөөр хэлбэл, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилт болон нийтлэлийн сонирхлыг хооронд нь хатуу зааглаж чадсан тохиолдолд түүний хараат бус байдал хангагддаг.
· Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 2 дугаар их хурлаас “Монголын сэтгүүлчийн ёс зүйн зарчим”-ыг 2005 онд баталсан боловч уг баримт бичигт редакцийн хараат бус байдлын тухай огт хөндөөгүй, тунхаглалын хэлбэртэй, албан ёсны хяналт тавих субьект байхгүй учир хэрэгжилгүй өдий хүрсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдан “Сэтгүүлчийн ёс зүйн дүрэм”, “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль”, Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах тухай хууль” зэрэг баримт бичгийг батлан гаргаж, түүндээ хэвлэлийн байгууллага, редакц, сэтгүүлчийн хараат бус байдлыг хэрхэн баталгаажуулахыг тодорхой зааж өгөх нь зүйтэй.
[1] Х.Наранжаргал, “Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн байдал” нийтлэл, УБ, 2009, 1-р талд ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбооноос хамтран баталсан Уэндхүекийн зарчимд тунхагласан байдаг хэмээн бичжээ.
[2] Х.Наранжаргал, “Хэвлэл мэдээллийн шударга ѐс” өгүүлэл, АТГ, “Шударга ѐс” сэтгүүл, 02-р дугаар, УБ, 2010, 31-р тал
[3] Жереми Поуп, “Авилгалын эсрэг сурвалж бичиг”, УБ, 2003, 174-р тал, /Орч.Т.Эрдэнэбилэг, Б.Баяр нар/
[4] Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвийн менежер Д.Доржхорол, “Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60 жилийн ойд зориулсан 19 дүгээр зүйл ба хараат бус сэтгүүлзүй дугуй ширээний ярилцлагад тавьсан илтгэлээс/beta/upload/files/sanal-Glob.doc
Tweet