Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл шаардлага:
Монгол Улсын Их Хурлын 2007оны 7 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийг батлан гаргаснаар төрөөс жижиг, дунд үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тогтоон, дэмжих арга хэлбэр, хамтрах хүрээг тодорхой болгон ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд энэхүү хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал МҮХАҮТанхимын гишүүн болон гишүүн бус байгууллагуудаас, бизнес эрхлэгчдээс удаа дараа гарч байсан билээ.
Иймд бизнес эрхлэгчдээс гарч байгаа санал хүсэлт хэрэгцээ шаардлага болон Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх, ажлын байр нэмэгдүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлыг бууруулахад нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой тул хуулийг боловсронгуй болгох шаардлага урган гарч байна.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийг аж ахуйн үйл ажиллагааны төрлөөр нь ялгаж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн нэг ангилалд багтаасан нь хэтэрхий ерөнхий байгаа юм. Иймд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хамаарах болон хамаарахгүй иргэн хуулийн этгээдийг тодорхой болгох, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлж үйл ажиллагаандаа татан оролцуулах, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихдээ үзүүлэх санхүү хөрөнгө мөнгөний асуудлыг ялгавартай тогтоох, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг давтан сургах технологиор хангах асуудлыг бодлогын хэмжээнд гарган тавих, жижиг дунд үйлдвэрийн үндэсний зөвлөлд Үндэсний шинэтгэлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны ажилтнууд болон Танхимын төлөөллийг оруулах. Өнөө үед гарч байгаа төрийн болон засгийн газрын зохион байгуулалт, нэр томьёотой холбоотой заалтуудыг тусгах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд мэргэжлийн байгууллагуудын үзүүлэх үйлчилгээг томъёолох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, тэдгээрт санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах нь зүйтэй.
Бизнес эрхлэгчдийг дэмжих улс орны тогтвортой хөгжлийг хангах зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн харилцааны зохицуулалтыг оновчтой болгох, хэрэгжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх эрх зүйн үндэслэл болон нийгмийн эрэлт хэрэгцээ, практик шаардлагыг харгалзан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулсан болно.
Хоёр. Хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ, төслийн бүтэц
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн ерөнхий бүтцийн хүрээнд хуулийн зарим зүйл, заалтанд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсруулсан.
1. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй этгээдийн ялгааг тогтоох тодорхой болгох, Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөлийг төр, хувийн хэвшилийн төлөөллийг тэнцүү хадгалсан уян хатан, идэвхитэй болгож өөрчлөн зохион байгуулна.
2. Хуулийн төсөлд Үндэсний хөгжлийн шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг тусгах
3. Мэргэжлийн холбоод болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан төсөл хөтөлбөр боловсруулан, тэдгээрт чиглэсэн үйл ажиллагааг явуулах, сонгон шалгаруулалтын комиссын гишүүнээр төлөөлөл оруулах, санхүүжилтэнд санал өгөх эрхтэй байх
4. Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, зээлийг ялгавартай оновчтой өгөх түүний хяналтанд төрийн бус байгууллагуудын төлөөллийг оруулах, мөн энэхүү төлөөллөөс жижиг дунд бизнес эрхлэгчдийг давтан сургах, мэргэшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах
5. Санхүүжилтийг төрийн банктай хамтран хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчдийг ажлын байраар хангах асуудлыг боловсруулах, экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэмжих
Гурав. Хууль батлагдсанаар гарч болох нийгэм эдийн засаг, хууль зүйн үр дагавар, гарах үр дүнгийн талаар
Хуулийг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй.
Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчийн ойлголтыг тодорхой болгосноор төрөөс үзүүлж буй дэмжлэгийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдэн, улмаар жижгээс дунд, дундаас томоохон үйлдвэр эрхлэлт рүү шилжих замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, үйл ажиллагаагаа өргөтгөх идэвх санаачилга бий болно.
Байгаль орчинд халгүй өндөр болон дэвшилтэт технологи нэвтэрч, нэмэгдсэн өртөг бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө.
Төсөл санаачлагч
Tweet