“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 6 ДУГАА�САРЫН 18-НЫ ӨДӨР (ЛХАГВА ГАРАГ)-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛЭЭС
Хоёр. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журамыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай, хэлэлцэх эсэх/
А.Бакей: - За хоёр дахь асуудал бол Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байгаа. Засгийн газраас 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хэлэлцэх эсэх асуудлыг бол Байнгын хорооны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. За тэгээд хэлэлцэж эхлэх үедээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг сайд эзгүй байсан. Хууль санаачлагчийн төслийг төлөөлж Х.Тэмүүжин сайд танилцуулсан. Тэгэхдээ асуулт хариултын явцад зарим зүйл нь илүү тодорхой болгох шаардлагатай гэдэг үүднээс энэ асуудлыг хойшлуулсан байгаа. Түр хойшлуулсан. Өнөөдөр дахиж үргэлжлүүлж хэлэлцэхээр болж байгаа.
Тийм учраас илтгэлтэй холбогдуулж нэмж тодруулж асуух зүйл байвал бас асууж болно. Гишүүд. Тодруулж асуух асуулттай гишүүд байна уу? За Сундуйн Батболд гишүүн байна. Өөр. За асуулт тасаллаа. Сундуйн Батболд гишүүн асуулт асууя.
Су.Батболд: - Бид нар энэ чинь түрүүчийн долоо хоногт, өмнөх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцээд хойшлуулсан байгаа. Тэр дээр ер нь ямар үндэслэл гарсан юм бэ гэдгийг би бас энэ Ч.Сайханбилэг сайд өөрөө энд байж байгаа учраас би дахиж ярих нь зүйтэй болов уу гэж бодож байгаа юм.
Ер нь сүүлийн үед манай хууль санаачлагч субъектүүд ямар нэгэн эрх мэдлийг хэн нэгэнд өгөх авах талаар бас янз бүрийн хууль санаачилдаг болжээ. Тэгээд манай улс бол парламентын бүгд найрамдах улс. Тэгээд энэ утгаараа бол би парламентаас байгуулагдсан Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд, гүйцэтгэх эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой эрх мэдлээ өөрсдөө хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Тэгээд энэ янз бүрийн эрх мэдлийг хэн нэгэнд аваачиж наах, өгөх асуудал нь бол тийм оновчтой шийдэл биш ээ гэж бид нар үзэж байгаа. Тэгээд энэ орж ирж байгаа хууль бол юу гэдэг юм Засгийн газрын өөрийнх нь эрх мэдэлд байдаг асуудлыг Ерөнхийлөгчийн эрх мэдэлд аваачиж өгөх гэж байгаа юм л даа. Тэгээд яах вэ хуульд заасан үндэслэлээ бол юу гэж тайлбарлаж байгаа юм бэ гэхээр Засгийн газрын нөхдүүд ингэж тайлбарлаж байгаа юм.
Төрийн өндөр албан тушаалтнууд, ялангуяа шүүхийнхэн төрийн ёслолын ажиллагаанд оролцоход Засгийн газар түүний хаана суух, хаана зогсохыг нь зааж өгөх нь төдийлөн зохимжтой бишээ гэсэн тайлбар хэлж байгаа юм. Би энэ тайлбарыг бол тийм оновчтой тайлбар биш ээ гэж би үзэж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хууль, өөрийнх нь хуулийн хүрээнд заагдсан тодорхой эрхүүд бий. Тэр эрхүүдийг нь өөрсдийнх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэхийг нь тодорхой болгож өгөх ёстой болохоос хаа хамаагүй юмыг тэнд аваачиж өгөөд та үүнийг ингэх ёстой, тэрийг тэгэх ёстой гэсэн байдлаар хандах нь зохистой биш зүйлээ гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар төрийн ёслолын үйлчилгээ бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр алба бий. Гадаад харилцааны яаман дээр бас алба бий. Энэ улсууд бол Монгол Улсын Төрийн ёслолын үйл ажиллагааг за Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, за тэгээд төрийн эрх барих бусад байгууллагын хүрээнд зохицуулж яваад ирсэн ийм уламжлалтай. Ерөнхийлөгч дээр бол энэ ажлаа хариуцсан алба, хүн байдаггүй. Өөрийнх нь ёслолын ажлыг л. Тэгээд үүнийг бол би Засгийн газрын хийх ёстой зүйлээ гэж үзэж байгаа юм.
Хоёрдугаарт, Засгийн газар бол өнгөрсөн улсын наадмаар бас их ноцтой алдаа гаргасан шүү дээ. Монгол Улсын явж ирсэн түүхийг үгүйсгэсэн. Бүхэл бүтэн 100 жилийн түүхийг үгүйсгэсэн. Монгол төрийн наадмыг тэмдэглэж ирсэн ёс уламжлалыг зөрчиж маш олон зүйлийг тэр дээр хассан нэмсэн тийм тохиолдол гарсан шүү дээ. Үүнийг маш олон хүн эгдүүцэж байсан. Одоо хүмүүс мартаагүй байгаа. Хэдий нэг жил өнгөрсөн ч гэсэн. Монгол Улсын Ардын Хувьсгалын ойг төрийн албан ёсны бичиг баримт дээр албаар орхих. Түүнийг засаж залруулсны дараа бол тэр наадмын ойг бол бараг хүний төрсөн өдрийн ой мэтээр олон зүйлийг дагалдуулж хэлэх ийм ёс зүйгүй зүйлүүд гаргасан шүү дээ. Тэгээд би одоо энэ төрийн ёслолын журмыг өөрчлөх гэж явдал бол би бас энэтэй холбоотой болов уу гэж Улсын Их Хурлын гишүүний хувьд бодож байгаа юм. Засгийн газар өөрийнхөө хийх ёстой ажлыг хийх ёстой. Хийхдээ тэр Монгол хүмүүсийн, Монгол түмний наадамлаж ирсэн ёс заншил, тэр юмыг нь алдагдуулах ёсгүй. Улс төрийн хүчирхийлэл байх ёсгүй гэж би үзэж байгаа юм.
Тийм учраас би энэ хуулийн төслийг би бараг түрүүчийн хуралдаанаар буцаах ёстой гэж үзэж байсан. Одоо ч гэсэн энэ төслийг буцаах саналыг гаргаж байгаа юм. Энэ бол одоо юу гэдэг юм ёстой хийх юмаа олж ядсан хүмүүсийн ажил. Өнөөдөр бид нар олон янзын зөндөө олон хууль хэлэлцэх шаардлага байна шүү дээ. Тэгэхэд ийм жижиг сажиг юмыг хэнд өгөх үү, яах вэ гэдэг наана цаана болох уу гэсэн хууль хэлэлцэж цаг алдаж байх би шаардлагагүй гэж үзэж байгаа юм.
Л.Цог: - Үг хэлэх үү?
А.Бакей: - За Л.Цог дарга. Хариулт тийм ээ. За Ч.Сайханбилэг дарга.
Ч.Сайханбилэг: - Хариулт биш. Ер нь зүгээр яагаад ийм юм оруулж ирсэн бэ гэдгээ л зүгээр нэг тайлбарлах шаардлага байна уу л гээд байна. Су.Батболд гишүүний саналыг сонслоо.
Ер нь бол одоо бол өнөөдөр энэ бид нар бол хуультай. Хуулиараа төрийн ёслолын журмыг Засгийн газар тогтоолоороо батал гэдэг ийм заалттай. Тэрний дагуу 2008 оны хамгийн сүүлийнх нь Засгийн газрын 109 дүгээр тогтоол гэж байдаг. Энэ асуудлаар энэ Төрийн ёслолын журмаа баримтлаад явж байгаа юм.
За энэ 2008 оноос хойш их олон зүйл явдал болсон юм. Одоо бид нар шинээр тэмдэглэдэг шинэ шинэ баяруудтай болсон. Дээрээс нь бас Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгосон. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолуудыг бас шинээр зохион байгуулдаг болсон. Элчин сайд нарыг итгэмжлэх жуух бичиг барих энэ ёслол бас өөрчлөгдсөн. Тэгээд цагаан сар, Чингис хааны мэндэлсэн өдөр гээд энэ бүх асуудлуудаа зохицуулахад энэ нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн ёслолын журмыгаа нэмэлт, өөрчлөлт хийж өөрчлөх ийм шаардлага гарч байгаа юм. За бас давхар дээрээс нь Ерөнхийлөгчийн бас нэлээн хэд хэдэн зарлигууд гарсан. Бид нар Үндэсний их баяр наадмын хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн. Нийтээр тэмдэглэх баярын, тэмдэглэлт өдрийн тухай хуулиуддаа бас өөрчлөлт оруулсан ийм ийм хүчин зүйлүүд байгаа юм.
Тэгээд энэ Төрийн ёслолын журамдаа өөрчлөлт оруулъя тэгээд ингээд ирэхээр дахиад бас Ерөнхийлөгч дээр бас хэд хэдэн зарлигууд. Энэ бүх олон ийм эрх зүйн актуудаа нэгтгэсэн нэг ийм төрийн ёслолын, таны хэлээд байгаа тэр ингээд л одоо төрийн гурван өндөрлөг гэж ярьчихаад зөвхөн ингээд энэ хүрээндээ яриад байна. Гэтэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гээд энэ бас юмнуудыг оруулдаг. Түрүүний болдог шинэ баяр, шинэ ёслолууд, энэ бүх юмнуудыгаа зохицуулсан юмнуудаа хийх хэрэгтэй. Тэгээд үүнийгээ хийхээр Засгийн газрын тогтоолоор хийх, эсвэл ерөнхийдөө хуульдаа өөрчлөлт оруулаад нөгөө эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүн гэдгээр нь Ерөнхийлөгчийн зарлигаараа гаргаад шийдчих үү гэдэг нэг ийм асуудал үүсээд ярьж байгаад одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ч гэсэн зүгээр ажил хэргийн журмаар танилцуулсан, санал солилцсон. Тэгээд ерөнхийдөө Ерөнхийлөгчийн зарлигаар гарч байя гээд. Төрийн ёслолын алба хэвээрээ байдгаараа байна. Бүх үүрэг функцүүд нь хийгдээд явна. Зүгээр энэ ёслолын журмыгаа л нэг мөр нэгдсэн нэг журамтай болгочихъё гэдэг ийм зүйл л орж ирж байгаа юм л даа. Тэрнээс бусад зүйлүүд нь бол мундаг том зарчмын том том өөрчлөлтүүд орохгүй гэж ингэж харж байгаа.
А.Бакей: - За Л.Цог гишүүн асуулт тавьсан уу, үгүй юу? Байхгүй юу. Санал дараа нь. За М.Батчимэг. Санал уу? За тэгвэл одоо асуулт дууслаа. Санал хэлэх гишүүд М.Батчимэг гишүүн, Л.Цог гишүүн, С.Дэмбэрэл гишүүн, Миеэгомбын Энхболд гишүүн, Ж.Батзандан гишүүн. За М.Батчимэг гишүүн.
М.Батчимэг: - За баярлалаа. Тэгэхээр сая Ч.Сайханбилэг гишүүн бас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар бас байр сууриа илэрхийллээ гэж бодож байна. Яагаад гэвэл төрийн ёслол гэдэг бол зөвхөн гүйцэтгэх засаглалтай хамаатай асуудал биш ээ. Энэ бол улс үндэсний хэмжээний асуудал.
Тэгэхээр би Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн бэлгэдэл. Төрийн ёслол гэдэг бол тэр бүхэлдээ ерөөсөө үндэсний эв нэгдэл, бэлгэдэл. Одоо төрийн ёслол хүндэтгэлийн бүх утга агуулгыг агуулж байдаг зүйл. Тийм учраас би бол энэ чиг үүргийг одоо энэ ёслолын журам батлах чиг үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгчид шилжүүлснээр ямар нэгэн байдлаар засаглалын эрх мэдэл хувааж байгаа энэ зүйлд халдаад, гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд халдаад байгаа ийм зүйл байхгүй гэж бодож байна. Харин ч одоо аль нэг засаглалаас дангаараа хамааралтай биш ерөөсөө Монгол Улсын төрийн хэмжээнд бүхэлдээ хамаатай энэ журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлаад явдаг болох нь зөв жишиг юмаа гэж үзэж байгаа. Хэлж байна. Тэгээд би өөрчлөлтийг дэмжиж байн
А.Бакей: - Л.Цог гишүүн.
Л.Цог: - Би бол жаахан шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Монгол Улсын төрийн тэргүүнд одоо хийх ажил байхгүй биш. Маш чухал чухал хүмүүсүүд байна шүү дээ. Харин хийлгэхгүй байгаа байхгүй юу. Энэний оронд би тэр болохгүй байгаа Их Хурлыг яах вэ гэдэг эрх хэмжээг өгмөөр байгаа байхгүй юу. Тараахаас эхлээд. Тийм аар саар юмаа ингээд Ерөнхийлөгчөө дараад улам бэлгэдлийн болгоод байх юм гэж би бодож байгаа юм. Миний л байр суурь шүү дээ. Улам бэлгэдлийн болгоод байна гэж.
Би ер нь энэ Баяр ёслолын хуулийг дахиж хараасай гэсэн саналыг түрүүчийн Их Хурал дээр хэлсэн. Эрийн гурван наадмаа хүртэл ингээд хуульчлаад ингээд хачин дэглээд хаячихдаг ийм байж болохгүй гэж би боддог хүн байгаа юм. Заншлын эрхээр олон арван жилээр, олон зуун жилээр одоо Монголын ард түмэн явж ирсэн юмыг гэнэтхэн хуульчилж бичгийн хуульд оруулж байгаа нь өөрөө хатуудаж байгаа гэж би бодож байгаа байхгүй юу. Тэрийг бодох ёстой байхгүй юу. Бид юмаа онохгүй байна гэж би бодоод байгаа юм л даа. Тэгээд үүнийг хэлэлцэлгүй хойш нь тавибал яадаг юм бэ гэж би бодож байгаа юм. Шаардлага одоохондоо яг алга байна. Аминд тулсан юм алга байна гэж бодож байгаа юм. Ер нь нухацтай бодохгүй бол болохгүй ийм асуудал мөн л дөө. Ямрыг нь одоо бичмэл хуулиар ингээд хязгаарлах юм бэ, дэглэх юм гэдэг асуудал. Энэ баяр ёслолын чинь юмыг.
Ялангуяа одоо ардын өөрийнх нь төрийн бус олон нийтийн байгууллагаар явж ирсэн энэ уламжлалыг сэргээхгүй бол болохгүй юм бас байгаад байгаа юм билээ шүү дээ. Бөхийн холбоо, сурын холбоо, уячдын холбоо гээд өөрийнхөө хийх юмыг хийхгүй төр рүү чихээд байдаг юм уу. Нэг ийм л бас бидэнд ойлгогдохгүй яваад байгаа юм. Үүнийг дахин үзэх нь зүйтэй болов уу гэсэн үүднээс хойш нь тавъя гэж бодож байгаа юм. Хэлэлцэхгүй байх нь зүйтэй л гэж бодож байна.
А.Бакей: - С.Дэмбэрэл гишүүн.
С.Дэмбэрэл: - Яах вэ, одоо явж байгаа нь бүр болохоо больчихоод, цаг хугацааны хувьд яаралтай өөрчлөлт оруулахаар тийм хууль гэж би бодохгүй байна. Одоо ингээд наадам болно. Нөгөө ёслол чинь явдгаараа л явна. Аль нэг улсын ерөнхийлөгч ч юм уу, Ерөнхий сайд ирнэ. Ёслол хийдгээрээ л хийнэ. Юу нь буруу болчихоод байгаа юм бэ, одоо? нэгдүгээрт энэ.
За би тэр гүйцэтгэх засаглалын асуудал, энэ тэрийг ойлголоо. Ёслол л юм байна. Бид сүүлийн үед зан заншлыг хуульчлах гэх оролдох боллоо. Зүгээр л, хуульгүйгээр болчих зүйлсийг, бараг зохицуулалтаар, өөрийнхөө зохицуулалтаар болчих юмнуудыг хүртэл хуульчлах гэж оролдоод байх юм. Нэгэн мундаг хүн, муу төрийн тухай хэлэхдээ, “Хууль их байх тусам авлигажсан төр байдаг” гэж бүр хэдэн зууны өмнө бидэнд сануулсан байна билээ.
Хоёрдугаарт, цаг хугацаагаа бод. Жишээлбэл, би даргын зөвлөл дээр “Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад Чуулган хуралддаг болъё. Тэгэхгүй бол Засгийн газраас оруулж ирж байгаа энэ асуудлуудыг чинь бид хэлэлцэж амжихгүй нь. Хугацаанд нь баталж чадахгүй байна. Маш чухал чухал эдийн засгийн ач холбогдолтой хуулиудыг батлах гээд байдаг. Бид өөрсдийнхөө приоритет буюу тэргүүчлэлийг нь Их Хурал дээрээ хүртэл тэрийгээ гаргах ёстой. Гэтэл Засгийн газраас оруулж ирж байгаа хуулиуд маань ихэнхи нь одоо энэ 100 хоногт ч гэдэг юм уу, тодорхой хугацаатай орж ирж байна. Ерөнхийдөө эдийн засгийг идэвхжүүлэх тийм хуулиуд их орж ирж байна. Эд нар чинь цаг их авдгийг та бүхэн мэднэ. Нэг Байнгын хороон дээр одоогийн энүүн шиг ач холбогдол муутай, дараа нь буюу намрын чуулганаар хэлэлцэж болох ийм хуулийг оруулж ирээд, үүнийг нь бид хэлэлцэх эсэх дээр маргаж суудаг нь хэр зохимжтой юм бол?
Бидний өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн байдал нэгдүгээрт. Хоёрдугаарт, тэр байтугай манай энэ Байнгын хороо, энэ өөрөө приоритет нь мөн үү? Би бол биш гэж бодож байна. Тийм учраас үүний хэлэлцэх эсэхийг нь хойшлуулаад, энэ 100 хоног дуусаад, энэ оны эцсээр, намрын чуулганы нэг хэсэгт нь оруулаад, яаралгүйхэн шиг баталчихвал яасан юм бэ гэсэн ийм санал байна даа.
А.Бакей: - За М.Энхболд гишүүн.
М.Энхболд: - Би хоёрхон зүйл хэлье гэж бодож байна. Ер нь бол төр өөрийн үйлчилгээтэй, төр өөрийн ёслолтой байсан ийм түүхтэй. Тэр үүргийг нь бол Засгийн газар одоо гүйцэтгэх засаглалынхаа хувьд хийж хэрэгжүүлж ирж байсан. Өмнө нь бол сайд нарын зөвлөл ингээд хийж ирж байсан. Их олон арван жилийн түүхтэй Төрийн үйлчилгээний газар гэдэг ийм Засгийн газрын агентлаг аж ахуйн нэгж байгууллага болоод ингээд явсан.
Тэгээд энэ бүгдийн цаана бол мэдээжийн хэрэг өөрийнхөө үйлчилгээний газраар үйлчилгээгээ хийлгүүлэх, тэр хувийн аж ахуйн нэгж байгууллагаар гэрээ хэлэлцэл хийж хийлгүүлэх хоёрын өртөг зардал хаана нь илүү гарах вэ гэдэг бол хэнд ч ойлгомжтой. Тийм учраас энэ зүйлийг бол ингээд Ч.Сайханбилэг дарга, Хэрэг эрхлэхийн дарга байхдаа үгүй болгосон. Одоо Ч.Сайханбилэг дарга Төрийн ёслолын бас Засгийн газраас ингээд байхгүй болгоод Ерөнхийлөгч рүү шилжүүлэх гэж байгаа юм байна. Энийгээ Хэрэг эрхлэх газрын дарга нэг бодож үзээчээ. Нэгдүгээрт.
Хоёрдугаарт, энэ хууль батлагдвал Төрийн ёслолд ямар нэгэн алдаа оноо гарах юм бол түүнийг засдаг залруулдаг хэлдэг хүн байхгүй болно шүү. Засгийн газар төрийн ёслолыг хариуцаж байгаад Ерөнхийлөгчийг орхичихсон, шүүх, прокурорыг орхичихсон ч юм уу ийм тохиолдол байхгүй. Харин Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, тэр ёслолд чинь ийм алдаа оноо юмнууд гарч байна шүү гэдгийг хэлж үе үеийн Засгийн газар, түүний төрийн ёслол бол түүнийг нь хэрэгжүүлж, биелүүлж, гадаадын олон арга хэмжээг Гадаад яамны төрийн ёслол нь хэрэгжүүлж, ингээд Засгийн газар дээрээ энэ ёслолоо ингээд гадаад дотоод ёслолынхоо юмнуудыг ингээд барьж явсан. Одоо Ерөнхийлөгчийн тогтоосон дүрэм, журмын дагуу алдаа оноо гарвал хэн засах юм. Хэн залруулж хэлэх юм. Ерөнхийлөгчөө энэ дээр ийм ёслолын алдаа болчихлоо гэдгийг Ерөнхийлөгчид одоо ухаан нь хандаж хэн хэлэх юм бэ. Засгийн газар хэлэх юм уу. Хэрэг эрхлэх газрын дарга хэлэх юм уу.
Тэгэхээр аливаа арга хэмжээ, асуудал бол бүгдээрээ дандаа ингээд 100 хувь сайн болдоггүй л дээ. Зарим юм нь ингээд алдаатай болдог. Тэрийг засдаг юм нь жишээ нь. Би ганцхан жишээ хэлье. 2002 оны 7 сарын 12-ны орой Яармагийн дэнж дээр баяр наадам дуусангуут тухайн үеийн улсын Ерөнхийлөгч Н.Багабанди гуай Яармагийн дэнжийн шороог эс тооцвол наадам сайхан боллоо наадмын комиссын дарга аа гэж надад хэлж байсан юм. Би тэрийг нь бол Ерөнхийлөгч одоо надад үүрэг өгч байна. Тэр төрийн ёслолын юманд чинь бол энэ Яармагийн шороо чинь хэтэрлээ, дэндлээ шүү гэж үүрэг өгч байна гэж ингэж тэр ёслолын арга хэмжээ чинь бас ямар нэгэн талаараа дутагдалтай болж байна шүү гэж үүрэг өгч байна гэж ингэж ойлгоод ингээд 2003 оны 6 сард Хүй долоон худагт тэр 1778 оноос хойш морь уралдаж байсан газраа эргэж очих ийм шийдвэрийг гаргаж Ерөнхийлөгчийн өгсөн үүргийг биелүүлж байсан байхгүй юу.
Энэ мэтчилэнгээр бас Ерөнхийлөгч гарч байгаа алдаа, гарч байгаа дутагдал юмыг бол засаг талдаа үүрэг даалгавараа өгч ингэж явдаг байх хэрэгтэй. Тийм учраас энэнээс бол ингээд. Төрийн ёслолын алдаа юм гарах юм бол тэгээд хэлдэг ярьдаг засах гэж оролддог ийм юм бол байхгүй болно шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.
А.Бакей: - Сундуйн Батболд гишүүн саналаа хэлчихсэн билүү.
Су.Батболд: - Уг нь бол Засгийн газар буцаад татаад авчихмаар байгаа юм. Зүгээр би бол энэ төслийг буцаая гэсэн горимын саналыг хураалгаж үзье гэж.
А.Бакей: - Буцаая гэдэг чинь горимын санал уу? Горим уу. Тийм ээ. За тэгвэл горимын санал гарсан учраас Сундуйн Батболд гишүүний энэ хуулийн төслийг буцаая гэсэн.
Ч.Сайханбилэг: - Тэгээд наад горимын санал чинь дэмжигдчихвэл Засгийн газар хуулиа татаж ав гэдэг санал хураалт болчихно гэсэн үг шүү дээ.
А.Бакей: - За ахлах зөвлөхөөс тайлбар сонсъё.
О.Тунгалаг: - Улсын Их Хурлын гишүүн горимын санал гаргасан учраас горимын саналаар санал хураалт явагдаж байж л асуудал шийдэгдэнэ.
А.Бакей: - Тэгэхдээ яг хуулийн төслийг буцаая гэж. Тэр чинь хэлэлцэх шаардлагагүй гэдэг чинь санал хураалтаар шийдэгдэнэ шүү дээ. Тэгэхээр тийм байна. Томъёолол нь буруу байна. За Ж.Батзандан гишүүн саналаа хэлье.
Ж.Батзандан: - За Монгол Улсын үндэсний баяр наадам тун удахгүй болно. Наадмын бэлтгэл ажил, төрийн ёслолын наадамтай холбогдсон төрийн ёслолын бэлтгэл ажил бол аль хэдийнээ хангагдаад эхэлчихсэн. Төрийн байгууллага шат шатандаа бэлтгэл ажлаа хангадаг энэ ажил явж байгаа. Тэгэхээр яг одоо наадам тулчихсан. Үндэсний баяр наадам болох гэж байгаа энэ цаг үед энэ хуулийг байнга байнга өөрчлөх нь тийм оновчтой биш байхаа гэж би ойлгож байгаа. Засгийн газар зохион байгуулдаг бол энэ жилийнхээ баяр наадмыг, төрийн ёслолынхоо ажиллагааг, хамгийн том төрийн ёслолын ажиллагаа наадмын үеэр болдог. Засгийн газар өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд шийдээд явах нь зүйтэй байх. Тийм учраас энэ хуулийг С.Дэмбэрэл гишүүн сая 9 сар хүртэл, намар хүртэл хойшлуулах нь зүйтэй гэдэг саналыг дэмжиж байна гэдгийг хэлье.
А.Бакей: - Гишүүд саналаа хэлж дууслаа. Одоо санал хураалт явуулъя.
За Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар хураалт явуулна. Энэ саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөе. Энэ саналыг Б.Гарамгайбаатар, Д.Эрдэнэбат гишүүд дэмжсэн байгаа. За тоолъё.
14-өөс 6. Дэмжигдсэнгүй ээ.
За өнөөдрийн хуралдаан дууслаа. Улсын Их Хурлын гишүүдэд баярлалаа.
Хуралдаан10 цаг 40 минутад өндөрлөв.
Tweet