2014 оны 06 дугаар сарын 19-ны Пүрэв гарагт болсон УИХ-ын Нэгдсэн чуулганы хурлын тэмдэглэлээс:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай, хэлэлцэх эсэх/;
С.Дэмбэрэл: - Тайлбаруудыг нь сонсоод, энэ хуулийг маш чухал зорилготой юм байна гэж би ойлголоо. Гэвч зорилго болон оруулж ирж байгаа төсөл хоёр хоорондоо төдий л сайн авцалдахгүй байна. Тиймээс нэг асуух зүйл байна. Үүнийг ер нь байхгүй болгочихож болдоггүй юм уу? Хэрвээ бид, нийт бизнес эрхлэгчидэд зээлийн хүүгийн тааламжтай, 1 оронтой тооны орчин үүсгэе гэж бодож байгаа юм бол, зээлийн хүүг нэмэгдүүлж байгаа бүх хүчин зүйлүүдийг арилгах талаар бодмоор байх юм. Д.Зоригт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дээр бид бас ажиллаж байна. Банкны нийт зардлыг нэмэгдүүлдэг, ингэснээрээ зээлдэгчдэд нэрмээс болж очдог тийм зүйлүүдээс зоригтой татгалздаг байх хэрэгтэй. Ийм алхам хийж болдоггүй юм уу? Үүний тулд энэ татварыг байхгүй болговол яасан юм бэ? гэсэн асуулт байна.
Ч.Улаан: - С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Ер нь сүүлийн үед, аливаа татварыг байхгүй болгоё гэдэг асуудал нэлээд гарч байна. Энэ санал хүмүүст их л сайхан сонсогдож байгаа байх. Гэхдээ бодит амьдрал дээр ийм боломж байхгүй. Үүнийг сайн бодох ёстой. Тэр тусмаа гадаадын зээлийн хүүгийн татварыг байхгүй болгоно гэж асуудалд хандвал Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс ашиг орлого, татвар авч чадахгүй болох тийм нөхцөл байдалд хүрч болзошгүй юм. Бид энэ урьдчилан харах аргагүй сөрөг үр дагаварыг тооцож байж асуудалд хандахгүй бол болохгүй. Бид бас тал талаас нь багагүй судалж, тооцоолж үзсэн. Ингээд, засгийн газрын хувьд, үүнээс өөр арга алга гэж үзсэн.
Tweet