Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцсэн асуудал: Монгол хэлний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Энхболд нар 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
С.Дэмбэрэл:- Ажлын хэсгээс асуух хэд хэдэн зүйлс байна.
Д.Батцогт: - С.Дэмбэрэл ги шүүний асуултанд эхлээд, М.Батчимэг гишүүн, дараа нь А.Бакей гишүүн хариулна.
М.Батчимэг: - Та чухал асуудал хөндөж асуулаа. Баярлалаа. Үнэхээр, Монгол Улсын Үндсэн хуулиар өөр хэл бүхий үндэсний цөөнхийн хэл соёлыг хамгаалах талаар хуульчлагдсан. Ялангуяа манай казак иргэдийн хэл соёлтой холбоотойгоор нэлээд яригддаг. Үндэсний цөөнхийн хэл соёлыг хамгаалах асуудал бол төрийн үүрэг мөн. Энэ хууль ч бас Үндсэн хуулийн энэ зарчимд тулгуурлан боловсруулагдсан. Бид энэ хэсгийг бараг тэр чигээр нь төсөлдөө оруулсан бөгөөд, хуульчид үүнийг заавал давхардуулан заах хэрэггүй гэж бас зөвлөж байгаа. Мөн хэлний сургалттай холбоотой зарим асуудлуудыг, хууль өргөн барьсны дараа тодотгох шаардлага байна гэдгийг зарим иргэдээс ирүүлсэн. А.Бакей гишүүд бид нар ч бас энэ асуудлаар санал солилцсон. Хуулийн хэлэлцүүлгийн явцад энэ санаа тусаад явах боломжтой гэж үзэж байгаа.
Бичгийн соёлтой холбоотой хоёр дахь асуудлаар, бичгийн эрдэмтэн, мэргэжилтэн, ахмад туршлагатай хүмүүсийг олноор нь татан оролцуулж байх талаар чухал асуудлыг та хөндлөө. Хууль өргөн барих болсон үндсэн шалтгаануудын нэг нь яг үүнтэй холбоотой. Монгол Улс хилээ манадаг мөртлөө, хэлээ манаж, хамгаалах манаачгүй явж ирсэн байна. Манай улс хэл бичгийн олон сайхан эрдэмтэн мэргэдтэй мөртлөө, эдгээр хүмүүсийнхээ эрдэм чадлыг зөв сайнаар нэгтгэж ашиглах, хэл соёлоо хамгаалах үйлсэд гар нийлж ажиллаж чадалгүй өдий хүрчээ. Үүнийг зохицуулсан эрх зүйн баримт бичиг ч хомс байсан байна. Манай улсад бусад орнуудын адил Хэл Зохиолын Хүрээлэн /ХЗХ/ бий. Энэ хуулиар энэхүү ШУА-ын ХЗХ-д монгол хэлний дүрмийг өөрчлөх, засан сайжруулах, нэмэлт оруулах асуудлуудыг хариуцуулахаар зааж байгаа. Мөн Төрийн албан ёсны хэлний төрийн хэлний зөвлөлийн чиг үүргийг өргөтгөөд, эрдэмтэн мэргэд оролцсон “Хэлний бодлогын үндэсний зөвлөл” гэсэн бүтэцтэй болох юм. ингэснээр таны хэлсэн ахмадуудаа оролцуулах албан ёсны бүтэц, тогтолцоо энэ хуулиар бий болох юм. Мөн энэ хуулинд “Төрийн байгууллагууд бичиг үсгийн түшмэлтэй байна” гэж заасан. Төр захиргааны бүх байгуулагууд бичиг хэргийн албатай байгаа. Гэхдээ хуулиар, чиг үүргийг нь нарийвчлан зааж өгөөгүйн улмаас бичиг хэргийн албаныхан нь ерөнхийдөө, механик ажил хийдэг болчихсон. Цаашдаа албан байгууллагын бичиг хэргийн хүмүүс нь хэлний чадвар сайтай, бичгийн соёл өндөртэй бичиг хэргийн түшмэлүүд болох учиртай юм. Тиймээс, энэ хууль батлагдсанаас бичиг хэргийн хэл найрлага, албан хэргийн хөтлөлт, соёл дээшилнэ гэсэн бодолтой байгаа.
Нэмж хэлэлхэд, энэхүү хууль Хаврын чуулганаар хэлэлцэгдэж батлагдах нь маш чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь, энэ хуулийг дагаж улсын төсөвт аливаа ачаалал дарамт гарахгүй. Гэхдээ орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт орох нь гарцаагүй. Улсын төсөв хэлэлцэхээс өмнө энэ асуудал хэлэлцэгдээд явах нь хуулийг хэрэгжүүлэхэд тус дөхөм болно гэж үзэж байна. Хэлний асуудал нь өнөөдөр нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал биш юм шиг харагдаж байгаа боловч, үнэн чанартаа бол улс үндэсний аюулгүй байдалтай холбоотой, өдрөөс өдөрт гээгдэж байгаа амин чухал хэл соёлтой холбоотой асуудал юм.
С.Дэмбэрэл: - Та миний бодлыг тааж хариулаад байна. Би танд тийм асуудал тавиагүй. Байнгын хорооны дарга нарт тавьсан асуулт бол таны хэлэлцүүлж байгаа хуультай холбоогүй, тусдаа асуулт юм шүү.
А.Бакей: - Эдийн засгийг идэвхжилийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол гарсан. Энэ талаар Засгийн газар 100 хоногын дотор багтааж хийж гүйцэтгэх зүйлсээ төлөвлөөд, ажил нь явагдаж байгаа. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бусад томоохон асуудлууд тусгаглсан. Тухайлбал, холбогдох чиг үүргийн байнгын хороодод хуулиуд хэлэлцэгдээд явж байгаа. Манай Төрийн байгуулалтын байнгын хорооны хувьд бас ойрд хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа чухал асуудлууд бий. Жишээлбэл, Хяналтын тухай хууль бол бизнес эрхлэгчдэд учир байгаа дарамтыг бууруулахад чиглэгдсэн багц хуулийн төсөл боловсруулагдаж, өргөн баригдаад байгаа. Мөн төсвийн тодотголоор төрийн байгууллагуудын төсвийг 20% танах шийдвэр гарсан. Энэ дагуу ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хсэг байгуулагдаж, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгохтой холбоотой асуудлаар саналаа боловсруулж байна. Ирэх долоо хоногт ТББХ-ны хурлаар төрийн байгууллагууд өөрсдийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хоорондын ажлын уялдаа холбоогоо хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар тогтоол гаргахаар бэлтгэж байна. 100 хоногын дотор бүх зүйл өргөс авчихсан юм шиг өөрчлөгдөнө гэж бодож болохгүй. Суурь асуудлууд шийдэгдэх байхаа. Тэгэхээр үүний хажуугаар бид өнөөдрийн хэлэлцэж байгаа хуулиуд шиг шаардлагатай бусад хуулиудыг ч бас хэлэлцээд явах нь зөв гэж үзэж байна.
Tweet