Би энэ саналуудыг 7 дугаар сарын сүүлээр валютын ханш ид суларч байх үед бичсэн юм. Түүнээс хойш бараг 3 сар боллоо. Уг нь УИХ, Засгийн газрын түвшинд эдийн засгаа ер нь бүхэлд нь нэг том зургаар харж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, бодлогын алхмаа тодорхойлох учиртай юм. Гэтэл тэгсэнгүй, наадамласаар явтал нэг мэдэхэд дараа жилийн төсөв, мөнгөний бодлого ороод ирж байх юм. “Салхи Дамбий” шиг эдийн засгийн бодлоготой явсаар л байх гэж үү??
2013-2014онд УИХ, Засгийн газраас цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын багцууд:
I. Эдийн засгийн гадаад орчин, гадаад худалдааны чиглэлээр:
1. Гадаад секторын иж бүрэн дүн шинжилгээ, түүнийг макро эдийн засгийн бодлоготой уялдуулсан бодлогын арга хэмжээнүүдийг судалж тодорхойлж байдагThink tank бий болгох. Үүнийг УИХ-ын судалгаа шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх замаар (УИХ-ын судалгаа шинжилгээний чадавхи гэдэгт Тамгын газрын энэ чиглэлийн чадавхи төдийгүй УИХ-д ажлаа шууд тайлагнадаг ҮСХороо, Монгол банк, СЗХороо зэрэг байгууллагын чадавхитай уялдуулахыг ойлгоно)шийдэх, УИХ-ын даргын захирамж гаргах
2. Эрдэс баялгийн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх талаарх бодлого үйл ажиллагааг тодорхойлсон баримт бичгийг УИХ-ын тогтоол хэлбэрээр яаралтай гаргаж эдийн засаг, экспортыг “солонгоруулах” үйл явцыг 2014-2016 оны тэргүүлэх чиглэл болгох
3. Импортын либералчлал ба үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах бодлогыг зохистой удирдах гол хэрэгсэл болох учиртай гааль тарифын механизм, түүнийг хангасан эрх зүйн зохицуулалтыг оновчтой, шуурхай, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаан дээр үндэслэсэн байх чиглэлээр өөрчлөх
4. Валютын ханшны огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, ханшийн зах зээлийн тэнцвэрт байдлыг шуурхай зохицуулах чадавхи сул байгааг өмнөх саруудын ханшийн зах зээл дээр гарсан үйл явц тодорхой харууллаа. Төсвийн орлого, төлбөрийн тэнцлийн урсгал дансанд валютын ханшийн сулралт тодорхой хэмжээний эерэг нөлөө макро түвшинд үзүүлж байгаа хэдий ч эдийн засгийн өрөөсгөл бөгөөд архагшсан бүтэцтэй, худалдааны нөхцөл олон жилийн турш байнга муу, архагшсан шинжтэй явж ирсэн, түүхий эдийн экспортоос улам бүр хамааралтай болж буй Монголын эдийн засгийн нөхцөлд эдийн засагт инфляцын хүлээлт, дарамт нэмэгдэх, хэрэглээний зах зээл дээрх үнийн өсөлтөнд нөлөөлөх үр дагавар нь илүү их байна. Иймд:
5. Валютын ханшийн дэглэмийн асуудлыг валютын тухай хууль тогтоомжинд тодорхой болгож өгөх, зохицуулалттай хөвөх ханшийн дэглэмтэй бусад улс орны нийтлэг жишгийн дагуу ханшийн хэт хэлбэлзэл, цочролын үед зөвхөн интервенцийн арга хэрэгсэл бус өөр бусад санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглах боломжийг эрх зүйн хувьд бүрдүүлэх, ялангуяа нөөц дээр суурилсан, ханшийн огцом хэлбэлзлээс эдийн засгийн тэнцвэр, урсгал тэнцэл, инфляцийн дарамт шууд хамаардаг орны хувьд чөлөөтэй хөвөх ханшийн дэглэмд шилжих асуудлыг суурьтай судалгаа шинжилгээний үндсэн дээр авч үзэх
6. Валютын зах зээлийн хэлбэр болох банк хоорондын зах зээлийг өргөтгөж оролцогчдын тоог ББСБ-ууд, санхүүгийн зах зээлийн бусад оролцогчид, томоохон экспорт, импортын компаниудыг оролцуулах замаар нэмэгдүүлэх, ханшийн эрсдлээс хамгаалах үүсмэл хэрэгслүүдийг өргөнөөр ашиглах, үүсмэл хэрэгслийн дундын захыг бий болгож ажиллуулах талаар холбогдох шийдвэр гаргах, хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах
7. Эдийн засаг дахь долларжилтийн түвшинг зохистой хэмжээнд байлгах зорилгоор Монгол улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйлгээ тооцоо хийх хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, банкуудын гадаад хадгаламж, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн гадаад төлбөр тооцоо, хадгаламжийн дансны гүйлгээнд үр дүнтэй хяналт тавих механизм бий болгох, арилжааны банкуудын төгрөгийн болон валютын зээл, хадгаламжийн зохистой харилцааны индикатив үзүүлэлтийг тогтоох чиглэлээр санал боловсруулж холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх
8. Гадаад валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүд болон Засгийн газрын худалдан авалтын тендерийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн валютын ханшийн хэлбэлзлийн зөрүүний улмаас бий болсон алдагдлыг олон улсын практикийн дагуу hardshipбуюу хүнд хэцүү нөхцөл байдал үүссэн гэж үзэж Монгол банк, Сангийн яам ханшийн зөрүүний алдагдлыг 30-50 хувь нөхөх замаар валютын эрсдэлийг хуваалцах, эдийн засагт гадаад валютын нэмэлт эрэлт үүсгэхгүй байх арга хэмжээг цаг алдалгүй авах
9. Дунд хугацаанд валютын ханшийг тогтворжуулахад зөвхөн интервенц хийх арга хангалтгүй бөгөөд боломжгүй гэдгийг харгалзан ханшийн “сэтгэл зүйн түвшинг” урьдчилан зарлах, валютын “хонгилыг” тодорхойлж, валютын зээл, хадгаламжийн дээд хэмжээг тогтоох, хүүгийн түвшинг удирдах гэх мэт стандарт бус арга хэмжээг цаг хугацааны интервалтайгаар Төв банкны зүгээс шаардлагатай үед авч хэрэгжүүлэхэд бэлэн байх, энэ талаар санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөх
10. Төв банкны гадаад валютын нөөцийн болон Засгийн газрын өрийн багцуудыг хооронд нь уялдуулах, валютын эрсдэлээс хамгаалах механизм бий болгох талаар Монгол банк, Засгийн газар хамтран ажиллах, шаардлагатай хууль эрх зүйн орчин бий болгох
11. Валют нэрлэсэн болон бодит ханшийн индексийн дизайн, арга зүйг сайжруулах, мөнгөний бодлогын индексийг тооцох, түүнийг макро эдийн засгийн нэг үзүүлэлт болгож, ханшийн өөрчлөлтөнд нөлөөлж буй спекулятив /дам/ хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцох, шалтгааныг арилгах чиглэлээр тогтмол мониторинг хийж холбогдох арга хэмжээг авч байх
12. Гадаад зээл тусламжийг зохицуулах эрх зүйн орчинг холбогдох хуулинд өрийн удирдлагын талаар шинээр бүлэг нэмэх эсвэл өрийн удирдлагын тухай шинэ хууль гаргах замаар өөрчлөх
13. Хэдийгээр Монгол улс дэлхийн банкны үнэлгээгээр дундаас доош орлоготой улсуудын ангилалд орсон хэдий ч хөгжлийн албан ёсны тусламж (ОДА), техникийн туслалцаа хөнгөлэлттэй нөхцөлөөр авах бодит шаардлага, хэрэгцээ байсаар байна. Энэ нь ялангуяа ядуурал, эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын салбар зэрэг хүний хөгжлийн салбаруудад ихээхэн хэрэгцээтэй байсаар байгааг харгалзан тусламжийн тухай бодлогын шинэ баримт бичиг боловсруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч ажиллах боломжийг бүрэн ашиглах, арилжааны зээл ба хөнгөлөлттэй зээл, тусламжийн зохистой харьцааг тогтоох, зээл авах, хэрэгжүүлэх, эргэн төлөх мөчлөгт нэгдсэн менежмент хийх зэрэг эрх зүйн орчинг тодорхой болгох
14. Зээлийн зэрэглэл буурах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрийн хүндрэлийн эрсдэлийн түвшинг бууруулах, гадаад өрийн үйлчилгээний эргэн төлөлтийн санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгах гэх мэт асуудлыг ганц нэг яамны хэмжээнд авч үзэж буйг өөрчилж санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн чиг үүрэг, оролцогчдын тоо, үйл ажиллагааг өргөжүүлэх замаар УИХ-ын холбогдох байнгын хороодтой нягт уялдаатай шийдвэрлэж байх шуурхай, үр дүнтэй институцийн болон менежментийн бүтцийг бий болгох
15. 2 хөрштэй УИХ, ЗГ-ын түвшинд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны механизмыг үр дүнтэй, “нэгдсэн нэг цонх”-ны зарчмаар боловсронгуй болгох, энэ хүрээнд Засгийн газар хоорондын комисс гэсэн уламжлалт хэлбэрийг агуулга, хэлбэрийн хувьд өөрчлөх, төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа бүхий улс хоорондын хамтын ажиллагааны үр дүнтэй механизм бий болгох, 2 талын хамтын ажиллагааны байнга, тасралтгүй ажиллаж байдаг хэлбэр рүү шилжүүлэх, Монгол улсын төрийн яамд агентлагууд гэх мэт гадаад худалдааны оролцогчдын хэлэлцээр хийх чадавхи /bargaining power/, эдийн засгийн дипломат үйл ажиллагааны мэдлэг, туршлага чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
16. 2 хөрштэй улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон жил ажиллаж тэтгэвэрт гарсан ахмад дипломатууд, мэргэжилтэнгүүдээс бүрдсэн багийг байгуулж 2 хөрштэй хамтран ажиллах үйл ажиллагаанд зөвлөх статустайгаар оролцуулдаг байх
17. УИХ, түүний Байнгын хороод өөрсдийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлээр 2 хөршийн хууль тогтоох холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны идэвхитэй механизм бий болгох чиглэлээр санаачилга гарган бодит ажил болгох, 3 улсын хууль тогтоох байгууллагын Тэргүүн нарын харилцан яриа, хамтын ажиллагааны механизм бий болгох чиглэлээр Монголын тал санал, санаачилга гаргах
18. Далайд гарцгүй, эмзэг эдийн засгийн бүтэцтэй хөгжиж буй орны хувьд Монгол улс дамжин өнгөрөх тээврийн болон худалдааг хөнгөвчлөх, тээвэр-логистикийн коридорын асуудлаар НҮБ-ын шугамаар олон талын механизм бий болгох санаачилга гаргах, үүнийг 2 хөрш болон гуравдагч хөрш орнуудаар дамжуулан эдийн засгийн идэвхтэй дипломат үйл ажиллагаагаар дамжуулан хийх
19. Хоёр хөрштэйгөө дамжин өнгөрөх тээврийн асуудлаар дангаараа идэвхитэй үйл ажиллагаа санаачлахын зэрэгцээ НҮБ-ын UNCTAD, UNЕCE, Дэлхийн банкнаас энэ чиглэлийн тусламжийг авах, зуучлалыг хүсэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх, “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж УИХ-аар батлуулах
20. Гадаад худалдааг эдийн засагжуулах үйл явцыг идэвхжүүлэх ялангуяа хоёр хөршийн зах зээлд нэвтрэн орох нэгдсэн стратеги боловсруулах БНХАУ-ын Өвөрмонголын ӨЗОрон, Зүүн хойд мужуудын зах зээлд болон ОХУ-ын Сибирийн мужуудын зах зээлд монголын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлж, нэр төрлийг нь олшруулах өргөн боломж байгааг бүрэн дүүрэн ашиглах замаар “Зах зээлээ тэлэх” төрийн бодлого хэрэгжүүлэх
21. Замын-Үүдийн хил дээр гаалийн үнэлгээ хийхдээ мэдээллийн ганцхан эх үүсвэр ашиглаж буйг өөрчилж бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагуудын оролцоотойгоор үнийн мэдээллийн бодитой, нэгдсэн мэдээллийн сан бий болгох замаар импортын барааны дотоодын үнэ инфляци өсөхөд нөлөөлж буй байдлыг арилгах, бизнес эрхлэгчдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, хилийн боомт дээр хуулинд заагаагүй аливаа төрлийн хураамж авдгийг зогсоох
22. 2 хөршийн хилийн ойролцоо байгуулагдаж буй эдийн засаг, худалдааны чөлөөт бүсийн менежментийг хувийн хэвшилд гэрээний үндсэн дээр олгох асуудлыг шийдэх, холбогдох хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг хууль эрх зүйн хүрээнд бий болгох
23. Эрдэс баялгийн салбарын хөгжлийн үзэл баримтлал, хуулийг орчин үеийн компанийн сайн засаглал, тогтвортой бизнесийн практик жишээнүүд, хөрөнгө оруулалтын тунгалаг, урьдчилан төсөөлж төлөвлөж болохуйц, тогтвортой эрх зүйн орчинг хангах байдлаар яаралтай өөрчлөх, эрдэс баялгийн болон бусад томоохон төсөл хөтөлбөрүүдийн менежмент сул, төр хувийн хэвшлийн уялдаа тааруу, хоорондын хамтын ажиллагааг зохицуулсан механизм хэвшиж тогтоогүйгээс олон хүндрэл, сөрөг нөлөөллүүд гарч байгааг өөрчлөх
24. Нийт эдийн засагт, түүний дотор эрдэс баялгийн салбарт төрийн оролцооны түвшин, хэлбэр, менежментийн талаарх хууль эрх зүйн орчинг шүүмжлэлтэйгээр эргэн харах зайлшгүй шаардлага үүссэн байгааг харгалзан төрийн зохицуулалтын хэмжээ, хязгаар, арга хэрэгслүүдийг хуульчлан тогтоох
25. Эрдэс баялгийн салбарт төрийн өмч давамгайлсан, түүнийгээ цаашид нийтийн өмчид шилжүүлэх гэсэн бодлого, эрх зүйн орчин зохистой эсэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах бодлогын үр дүнтэй хэрэгсэл болж чадаж буй эсэх, төрийн өмчит компани дээр компаний сайн засаглал сул, нийтийн өмчийг удирдах социалист угшил байсаар байгаа, орчин үеийн туршлага байхгүй нөхцөлд нийт ард түмнийг хувьцаа эзэмшигч болгох стратеги нь баялгийн хувиарлалтын цорын ганц, шударга хэлбэр болж чадах эсэх дээр эргэн харж, иж бүрэн судалгаа, дүгнэлт гарган УИХ-д танилцуулан холбогдох стратегийн чиглэл боловсруулах
26. Стратегийн ач холбогдолтой салбар ба стратегийн ач холбогдолтой бараа, түүхий эд гэдэг томьёоллуудыг олон улсын практикт хэвшиж тогтсон ойлголтуудын дагуу тодорхой болгох, төрийн оролцооны хэлбэр, өмчлөл, менежментийн зохистой харьцааг эргэн харах, холбогдох бодлогын чиглэлүүдийг гаргах
27. Эрдэс баялгын салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцад болон хэрэгжиж эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөр хэлбрээр төсвийн орлогод төвлөрүүлж буй буруу практикийг цэглэж, гагцхүү онцгой тохиолдолд хуулинд заасан үндэслэлээр татан төвлөрүүлэх эсэх асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх замаар УИХ-ын шийдвэр гаргуулж байх
28. Байгаль орчин, ногоон бизнесийн зарчмуудыг эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хуулийн нэг гол шаардлага болгон тавих ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх, уул уурхайн ил тод байдал, КНХ-ыг бодитойгоор хэрэгжүүлж буй компаниудыг хөндлөнгийн үнэлгээ дүгнэлтийн үндсэн дээр урамшуулах сэдэл, сэжим түлхэцийн тогтолцоог эрдэс баялгийн салбарт бий болгох
Байгаль орчин, ногоон бизнесийн санхүүжилт, сайн засаглал, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр тодорхой үйл ажиллагаанууд хэрэгжүүлж буй банкуудын туршлагыг банкны секторт түгээн хэрэгжүүлэх чиглэлээр Монгол банкны зүгээс зориуд анхаарч тодорхой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх
29. Хөгжлийн банкны бие даасан, хараат бус байдал, үр ашигтай ажиллах зарчим, менежмэнтийн бүтцэд оновчтой өөрчлөлт хийх, эрх зүйн хувьд банкны системийн бүрэлдэхүүн хэсэг болгон үр ашиг, хяналт мониторингийн үйл ажиллагааг сайжруулах
30. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчинг ижил тэнцүү авч үзэх эсвэл тус тусд нь ялгавартай хандсан хууль эрх зүйн орчин үүсгэх талаар Засгийн газар, УИХ-ын түвшинд нэгдсэн байр суурьтай болох
31. Хөрөнгө оруулалтын өнөөгийн хүчин төгөлдөр буй хууль нь их төлөв төрийн институциудын эрх, үүрэг, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцын институцийн дэс дараалал гэх мэтийг тусгасан боловч хөрөнгө оруулалтыг урамшуулах сэжим түлхэцийн тогтолцоо байхгүй байгааг өөрчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах омбудсманий үйл ажиллагааг бүрэн тусгах
32. Хөрөнгө оруулалтын салбарын болон газар зүйн бүтцийг оновчтой болгох, уг салбар дахь сэжим түлхэцийн тогтолцоог бий болгохдоо эдийн засгийн салбрууд, дэд салбруудаар ялгавартай тогтоох, тухайлбал, хөдөө аж ахуй, өндөр технологи, шинжлэх ухааны багтаамж ихтэй, ногоон бизнесийг түлхүү урамшуулах, энтертаймэнт, жижиглэн худалдаа, үйлчилгээний секторт дотоодын хөрөнгө оруулагчид, жижиг дунд бизнесүүд давамгайлж байх бүтцийг бодолцож боловсруулах
II. Макро эдийн засгийн чиглэлээр цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын чиглэлүүд:
33. Макро эдийн засгийн байдлын судалгаа, нэгдсэн төлөвлөлт хийхдээ Засгийн газар, УИХ-ын түвшинд Үндэсний тооцооны нэгдсэн хүснэгт, нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын баланс, хөрөнгийн урсгалын матриц, мөнгөний бодлогын индекс, хэрэглэгчдийн итгэлийн болон бизнесийн мэдрэмжийн индекс зэрэг үзүүлэлтийг бодлогын түвшинд бодитойгоор хэрэглэх, эдийн засгийн эмзэг байдлын үнэлгээг хийж хагас жил тутам УИХ-д мэдээлж байх энэ чиглэлээр шаардлагатай хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах
34. Төсөв болон мөнгөний бодлогын уялдаа хангалтгүй, мөчлөг дагах, сөрөх, эдийн засгийн хэт халалт гэх мэт томьёололуудыг монголын эдийн засгийн бодит байдал, мөн чанарт таарч зохицож байгаа эсэхийг судалгааны үр дүнг үл харгалзан дээр дурьдсан эдийн засгийн шинжилгээний арга хэрэгсэлтэй уялдаагүйгээр хийсвэр, механик байдлаар эдийн засгийн үнэлгээ, дүгнэлтэд хэрэглэж байгаа нь нийт эдийн засгийн өсөлтийн бодлого, төсөв мөнгөний бодлогын практик хэрэглээ, ач холбогдол, харилцан уялдаа хамаарлыг хангаж чадахгүй байгааг онцгой анхаарч бодлогын судалгаа шинжилгээ, бодлого боловсруулж хэрэгжүүлэх арга барил, хандлагадаа өөрчлөлт оруулах
35. Үүнтэй холбогдуулан эдийн засаг, санхүү, мөнгөний бодлого хариуцсан төрийн байгууллагууд нэг нь нөгөөгөө шууд бус байдлаар үгүйсгэсэн мэдэгдэл хийх, өөрийн байгууллагыг дөвийлгөн магтах зэрэг зохисгүй үйлдэл нь олон нийтийн дунд эдийн засгийн бодлогыг ойлгомжгүй болгох, тодорхойгүй байдалд оруулах зохисгүй байдал гарч буйг таслан зогсоох
36. Монгол банкны бие даасан байдлыг бэхжүүлэх, засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт хүрэх зорилгоор Монголбанкны мөнгөний бодлогыг гүйцэтгэх удирдлага нь давамгайлсан, хараат бус эсэх нь хуулиар баталгаажаагүй бүтцээр дамжуулан хэрэгжүүлж буйг зогсоож хуулийн дагуу баталгаажсан хараат бус гишүүд бүхий, гүйцэтгэх удирдлагуудаас хараат бус захирлуудын зөвлөлийг бий болгох чиглэлээр Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах
37. Инфляцыг онилсон мөнгөний бодлого 2013 оноос хандлага нь өөрчлөгдсөнтэй холбогдон тодорхой хэмжээний эерэг үр дүн өгч буй хэдий ч бүхэлд нь авч үзвэл эдийн засгийн оролцоотой /хүртээмжтэй/ өсөлтийг онилох тал дээр хангалтгүй байгааг онцгой анхаарч мөнгөний бодлогын 2014 оны баримт бичигт инфляци ба эдийн засгийн оролцоотой өсөлтийг /ажил эрхлэлт/ онилох хосолсон бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгслүүдийг тусгах
38. Инфляцийн нийлүүлэлтийн тал дээр хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрүүд, арга хэмжээ нь зээлийн хүүг аяндаа буулгаж нэг оронтой тоонд оруулах мэтээр хийсвэр төсөөлж банкны секторт өрсөлдөөн өрнүүлэх чиглэлээр бодлогын дорвитой алхмууд хийгдэхгүй байгаад онцгой анхаарч Монгол банк, Засгийн газрын идэвхитэй оролцоотойгоор 2013-2016 онд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах зорилтот хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, энэ чиглэлээр УИХ-ын ЭЗБХорооноос өгсөн үүрэг даалгаварт маш хариуцлагагүй хандаж байгааг онцгойлон анхаарах
39. Санхүүгийн секторын шинэчлэлийн иж бүрэн баримт бичгийг боловсруулах ажил удааширч байгаад онцгой анхаарах, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн бүтцийг ЭЗХЯам болон Монголын банкуудын холбооны оролцоотойгоор өргөжүүлэх, үйл ажиллагааны тогтмол шуурхай байдлыг хангах, УИХ-ын ЭЗБХороо, Төсвийн байнгын хороонд улс орны санхүүгийн тогтвортой байдлын талаар хагас жил тутам тайлагнаж байх
40. Монголын банкны холбоо болон санхүүгийн секторын мэргэжлийн холбоодтой хамтран Банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулан санхүүгийн секторын шинэчлэлийн баримт бичгийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгох чиглэлээр Монгол банк, Сангийн яам, СЗХороо, ХЗДХЯам хамтран ажиллах
41. Төсвийн зарлагын менежментийг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр болон төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд оруулах шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар саналаа УИХ-д танилцуулах
42. Урсгал төсөв, хөрөнгийн зарлагын төлөвлөлтийг нэгдсэн байдлаар хийх, хөгжлийн индикатив төлөвлөлтийн орчин үеийн арга зүй, арга хэрэгслийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газрын болон УИХ, түүний харьяа институциудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах чиглэлээр шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж УИХ-аар хэлэлцүүлэх
43. Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хийх, төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг тооцохUNIDO-гоос боловсруулсан нэгдсэн аргачлал нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлж, тэргүүлчлэлийг зөв тогтоох, хяналт тавих үр дүнтэй механизм бий болгох
44. Хувийн хэвшлийн хөгжлийн стратеги батлагдсан ч түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тодорхой хөшүүрэг, арга хэрэгсэл байхгүй байгааг харгалзан уг стратегийг тодорхой болгож төр, хувийн хэвшлийн идэвхтэй хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх, Төрийн зарим чиг үүргүүд, үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх үйл ажиллагааг бодитойгоор хэрэгжүүлэх үйл явцыг бодлогын нэг гол чиглэл болгон хурдасгах
45. ДНБ-ий үйлдвэрлэлд хувийн хэвшлийн оролцоо 75 хувь орчимд байгаа хэдий ч гол зарим салбаруудад төрийн өмч зонхилсон, давамгайлсан байдалтай байгаа нь ДНБ-ий өсөлтийг нэмэгдүүлэх ихээхэн нөөц боломж байна гэдэг талаас нь харж сүүлийн жилүүдэд зогсонги, ил тод биш болсон хувьчлалын хөтөлбөрийг шинээр боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, менежментийн шинэчлэл хийх, хөндлөнгийн хараат бус хяналт мониторингийн тогтолцоог сайжруулах
46. Тендерийн хуулийг өөрчлөхдөө төрийн институциудын худалдан авах үйл ажиллагааны баримт эргэлтийг хялбаршуулан хурдасгах, худалдан авалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн, хараат бус хяналт шалгалтыг хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагуудыг оролцуулан хийх эрх зүйн үндсийг бүрдүүлэх
47. Бичил санхүү, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр санаачилга, идэвхтэй ажиллаж буй банкуудын заавал байлгах нөөц болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шаардлагуудыг суллах, уян хатан тогтоох зээлийн болзошгүй эрсдэлийн сан нь өндөр байх, хурдасгасан зарчмаар тооцох зэргээр Монгол банк бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
48. ЖДҮ-ийн тухай хуулийг өөрчилж ерөнхий заалтуудыг тодорхой болгох, санхүүжилтийн механизмыг оролцооны зарчим дээр үндэслэн хүртээмжтэй болгох, ЖДҮ-ийн зээлийн хэрэгжилт, хувиарлалтанд хувийн хэвшлийн тэнцвэртэй оролцоог хангасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмыг эрх зүйн хувьд хангаж өгөх, зээлийг дамжуулан зээлдэх үйл явцад зөвхөн арилжааны банкууд бус банк бус санхүүгийн байгууллагуудын оролцоог хангах
49. ЖДБизнесийн зээлийн батлан даалтын тогтолцоог төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмаар дамжуулан хэрэгжүүлэх, арилжааны банкууд, ББСБайгууллагуудаас уг санд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн үндсийг бий болгох, хот, дүүрэг, аймаг, сумдад энэхүү үйлчилгээний хэрэгжилтийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж улсын төсөвт суулгаж өгөх
50. Бичил болон өрхийн бизнест зориулсан санхүүгийн эх үүсвэрийг тусд нь бий болгон, бичил санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, тэдэнд зориулсан “бөөний” зээлийн тогтолцоог бүрэлдүүлэх
51. Жижиг, дунд бизнесийг дэмжихэд зориулсан хувийн хөрөнгө оруулалтын сан, зээлийн үйл ажиллагааг төрийн зүгээс дэмжих, хадгаламж зээлийн хоршоод, ломбардны үйлчилгээний эрх зүйн орчинг сайжруулах
52. Банкууд болон ББСБ-уудын зээлийн багцад ЖДҮ-д зориулагдсан хувь хэмжээнээс нь хамааруулан заавал байлгах нөөцийн доод хэмжээ, зохистой байдлын шалгуур үзүүлэлт гэх мэт үзүүлэлт, шалгууруудтай нь уян хатан холбож өгөх сэжим түлхэцийн тогтолцоог бий болгох
53. Хөгжлийн банкны зээлийн багцад ЖДБизнесийг дэмжих бөөний зээлийн бүтэц тусгайлан бий болгох, түүгээр дамжуулан банкууд болон санхүүгийн бусад байгууллагуудад бөөний зээл олгох механизмыг бүрдүүлэх
54. УИХ-ын ЖДҮ-ийн дэд хорооны статусыг дээшлүүлж, хувийн хэвшил, ЖДҮ-ийн хөгжлийн Байнгын хороо байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх
55. Бизнесийн орчны шинэчлэлийг дэмжих, төрийн зүгээс эдийн засагт оролцож буй арга хэлбэр, механизмыг сайжруулах, төрийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг оновчтой болгох зорилгоор УИХ-ын бүтцэд шинэчлэлийг дэмжих, төрийн зохицуулалтыг оновчтой болгох Түр хороог байгуулах
III. Байгаль орчин, ногоон хөгжил, эрүүл мэнд, ядууралтай холбоотой бусад асуудлууд
56. Ногоон эдийн засагт шилжих, ногоон өсөлтийг эдийн засгийн өсөлтийн гол чиглэл болгох чиглэлээр тодорхой эхлэлүүд тавигдсан хэдий ч эрх зүйн болон институцийн орчинг тодорхой болгох, тухайлбал үндсэн чиглэл, улсын төсөв боловсруулах, батлах, хэрэгжүүлэх шатанд ногоон эдийн засаг, хөгжлийн үзүүлэлтүүд, үзэл санаа хэрхэн тусаж буй талаар ЭЗХЯам, БОНХЯам СЯам болон бусад яамдын уялдаа холбоог бодитойгоор хангаж дээрх баримт бичгүүдэд тусгаж УИХуралд оруулж ирдэг байх, тогтвортой хөгжлийн үндэсний хорооны үйл ажиллагааг байгаль орчин, эрүүл мэнд, ядуурал гэх мэт чиглэлээр байгуулагдсан үндэсний хороодтой нэгтгэж, ажлыг нь уялдуулах
57. Ногоон өсөлт, хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд, хэмжих тогтолцоог үндэсний тооцооны системд суулгаж өгөх ажлыг хурдавчлах, макро түвшний үзүүлэлтүүдийн тогтолцоог энэ чиглэлээр өөрчлөх, микро түвшинд бүх төрлийн нөөцийг аривлан хэмнэх эко үзүүлэлтүүдийн тогтолцоог бий болгох, тэдгээрийг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, урамшуулах хууль эрх зүйн орчин бий болгох
58.Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийг тэргүүлэх чиглэлд тавих, байгаль орчны эмзэг төлөв байдал, хандлагыг харгалзан байгаль орчин, ногоон хөгжилд зориулсан төсвийн хэмжээг эрс нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт тавьсан таван аймгийн санхүүжилтийг тусгайлан авч үзэн нэмэгдүүлэх санхүүгийн хөшүүрэг бий болгох, байгаль орчны чиглэлээр байгуулагдсан сангуудыг нэгтгэн “Байгаль орчин, ногоон хөгжлийн сан” бий болгох
59. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг түргэсгэх, санхүүгийн тогтолцоог төр, хувийн хэвшлийн зохистой харьцаатай болгох, төрийн зүгээс эрүүл мэндийн секторт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хувийн хөрөнгө оруулалт, даатгалын сэжим түлхэцийн тогтолцоог сайжруулах
60. Хүн амын эрүүл мэнд, ядуурлын хамаарал нэмэгдэж буйг харгалзан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүн дотор суурь үйлчилгээний хэрэгжилт, чанарыг дээшлүүлэх, бүс нутаг, аймгуудын онцлогыг харгалзан үзэх, эрүүл мэндийн чиглэлээр мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах болон 2015 оноос энэ чиглэлээр тавих зорилтууд, шаардагдах хөрөнгө оруулалтыг шаардлагатай түвшинд бодитой тодорхойлох
61.Эрүүл мэндийн салбарт санхүүгийн нөөцийг бүс нутаг, аймгуудын бодитой хэрэгцээн дээр тулгуурлан оновчтой хуваарьлах, үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрүүдийн бүтцийг хүн амд хүргэх бүх шатны тусламж үйлчилгээний хүртээмж, үр ашгийг харгалзан бодитой тогтоох, тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох
62. Ядуурлыг бууруулах үндэсний хэмжээний бодлогын баримт бичгийг шинээр боловсруулах, ядуурлын олон хүчин зүйлсээс хамааралтай байдал, төр, хувийн хэвшлийн энэ салбар дахь хамтын ажиллагааг шинээр авч үзэх, “пирамидын ёроолын зах зээл”-ийг хөгжүүлэх тал дээр хувийн хэвшлийн сэдлийг нэмэгдүүлэх, банк, ББСБ-уудын энэ зах зээлд ажиллах хөшүүргийг бий болгох
63. Зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн тогтолцоог бүрдүүлэх, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн тогтолцоог энэ чиглэлийн олон улсын туршлага дээр үндэслэн бий болгох, ядуурлаас гарах иргэдийн санаачилгыг дэмжих санхүүгийн арга хэрэгслүүдийг өргөн ашиглах, хуримтлалын бүлэг байгуулах иргэдийн санаачилгыг санхүүгийн арга хэрэгсэл, эх үүсвэрийн хувьд дэмжих
64. Ядуурлын өмнөх, ядуурлын болон ядуурлын дараах шат бүрт зориулсан бодлогыг бүс нутгуудад ялгавартай хэрэгжүүлэх, малчдын дунд үүсэж буй орлогын тэгш бус байдлын ялгааг нэмэгдэж буйг харгалзсан бодлого хэрэгжүүлэх, чинээлэг малчдын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, цөлжилт, бэлчээрийн доройтол, хомсдол эрчимтэй явагдаж буй бүс нутгийн иргэдийн амьжиргаанд одооноос эхлэн онцгой анхаарал хандуулах
65. УБ хотын ядуурлыг бууруулах, бичил, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд УБ хотын оролцоог эрс нэмэгдүүлэх, хотын хөгжлийн тулгамдсан гол асуудал гэдэгт онцгой анхаарах, дүүрэг бүрт ядуурлыг бууруулах зорилтот хөтөлбөр бий болгож засаглалын үр дүнгийн нэг гол үзүүлэлт болгох
Tweet