УИХ-ЫН 2014.05.15-НЫ ӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС:
ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ
С.Дэмбэрэл: Хяналтын тухай хуулийг дэмжиж байна. Гэхдээ энэ хууль ямар хууль гарах ёстой вэ гэдэг дээр саналаа хэлье. Хуулийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би орж байгаа. Одоогийн байдлаар бидний гар дээр байгаа материалтай танилцахад бид бүхэн Хяналтын хуулийнхаа концепцийг дутуу хийсэн юм шиг санагдаад байгаа.
Хүний аюулгүй байдлыг эрүүл мэндийн талаас нь, хүрээлэн буй байгаль орчин талаас нь, хүнсний аюулгүй байдал талаас нь сайн хангаад бусад салбарын хяналтуудыг хуваах, шилжүүлэх ийм байдлаар эхний байдлаар хууль маань орж ирсэн байна. Зах зээл дээр ер нь бол гурван төрлийн л хяналт байна. Энэ гурван төрлийн хяналт гурвуулаа хуульд тусгагдаж байж энэ хяналтын тухай хууль бүрэн бүтэн болох ёстой. Өөрөөр хэлбэл зах зээл маань өөрөө хянадаг, тэр нь хэрэглэгч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч гээд өөрөө хянадаг тогтолцоо байгаа. Яагаад гэвэл өрсөлдөөний зах зээл учраас. Түүнээс биш төр нь хянаад компаниуд нь гэх юм уу иргэд нь хяналтын объект “бай” болдог ийм харилцаа бол биш. Энэ талаас нь нэгдүгээрт бодох ёстой. Хоёрдугаарх нь оролцооны асуудал байгаа. Төрийн бус байгууллагуудыг л оролцуулчихвал болно гэдэг энэ асуудал хэлбэрийн хэрэг болохоос биш цаад мөн чанар нь оролцоог хэрхэн яаж хангасан юм, хөндлөнгийн хяналт мониторинг бие даасан байдлаар хийх ямар заалтууд орсон бэ гэдэг нь л гол асуудал. Үүнийг их анхаарах хэрэгтэй. Түүний дараа стандартын асуудал байгаа. Ихэнх стандартууд сайн дурын шинж чанартай болох гэж байгаа. Сайн дурын шинж чанартай гэдэг нь төр түүнийг албадан хийлгэнэ гэсэн үг биш. Зах зээлийн оролцогчид буюу операторууд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд хамтран сайн дурын стандартыг хэрэгжүүлнэ. Үзэл санааны хувьд үүнтэй хэр зэрэг нийцсэнийг анхаарах. Бид сүүлийн үед Ерөнхий сайдын ивээл дор гэж их ярьдаг болсон байна. Ерөнхий сайдын ивээл дор л орохоор тухайн асуудал сайжрана гэсэн ойлголт байхгүй ээ. Тухайн хяналтын бие даасан хараат бус байдлыг оролцооны аргаар хангаж өгсөн хяналт бол хамгийн сайн үр ашигтай хяналт болж чадна. Энэ бүхэн Хяналтын хуулийн үзэл санаа нь болсон байх ёстой.
Жижигхэн мэт боловч чухал нэг асуудлыг хэлэхэд хяналтын байгууллагууд ихэвчлэн жигд хувцастай “форм” байдаг. Энэ хувцас цаашид байх уу, үгүй юу. Ингэж жигд ижил хувцас өмсөх хэрэг байна уу? Хяналтыг хагас цэрэгжилтийн байдалд оруулсныг өнгөн хэлбэрээр илэрхийлж байгаа нь энэ жигд ижил хувцаслалт. Дээр нь хилийн хяналт гэж бас нэг асуудал байна. Энэ хуулийн дараа хилийн хяналт гээд тусдаа нэг хууль байх юм уу үгүй юм уу гэдгийг бид бас шийдэх ёстой. Эцэст нь хэлэхэд энэ хуулийн бас нэг мөн чанар нь нийлүүлэлтийн хэлхээ гэдэг тухайн бүтээгдэхүүн орж ирэх, эсвэл төрөн гарах гээд эцсийн хэрэглэгч дээр хүрэх энэ бүх шатанд хяналтыг хамгийн үр ашигтайгаар яаж хангаж чадсан бэ гэдэг буюу нийлүүлэлтийн хэлхээний хандлага гэж нэрлэдэг энэ хандлага энэ хуулийн үзэл санаанд сууж өгч бүх бүлгүүдэд нь шингэж өгч чадсан уу гэдэг асуулт байгаа. Ийм байдалтайгаар энэ хуулийг хийхгүй бол өнгөцхөн бодоод хүний аюулгүй байдлаа аваад үлдье бусад асуудлыг салбарын яамд нь хариуцаад үлдэг гээд хөндлөнгийн хараат бус хяналтын гол холбоосоо орхигдуулвал энэ хууль маань дахин хувиарлалтын тухай зүгээр нэг хяналтын хууль болно. Эцсийн үр дүн нь ачаалалгүй, дарамтгүй, үр ашигтай тийм хяналтын тогтолцоог бүх талуудын оролцоотойгоор хангаж өгсөн ийм тогтолцоог энэхүү хуулиар бүрдүүлж өгөх ёстой шүү. Энэ талаас нь бодож ажлын хэсэг дээр маш анхааралтай хандах ёстой. Засгийн газраас оруулж буй хуулиудын чанар сүүлийн үед сайн ч байна, муу ч байна. Гэхдээ ихэнх нь уучлаарай, гологдож байна. Тийм учраас УИХ-ын хариуцлага маш чухал байна. Бүр онцолж хэлвэл энэ хууль маань бидний яриад байгаа эдийн засгийг сайжруулах 100 хоногт багтах ёстой хууль учраас үүн дээр онцгой анхаарна байх гэж найдаж байна.
Tweet