УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014.05.07-НЫ ӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС:
/Тогтоолын төслийн хавсралтад “татвар төлөгчид, төрийн бус байгууллагаас төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, шалгалт хийх, төсвийн зарцуулалтыг хамт олонд мэдээлэх, хэвлэлд тайлангаа мэдээлж байх” гэсэн заалт нэмэх тухай хэлэлцэх үеэр/
С.Дэмбэрэл: Татвар төлөгч нь өөрсдийнхөө төлсөн татвараа хэрхэн зарцуулагдаж байна гэдгийг хөндлөнгөөс хараат бус байдлаар бие дааж хянах тийм тогтолцоог бий болгье гэсэн санаа. Өөр элдвийн санаа агуулаагүй. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдөд өөрсдийн төлсөн мөнгийг шалгах “заяагдмал” эрх байх ёстой л доо. Түүнийг нь бид нар хийж өгдөггүй болохоос биш. Хаа нэг газар вэбсайт дээр эсвэл гадаа самбар дээр тавих бол өөр хэрэг. Засаглалын үйл ажиллагаа маань өөрөө бүх этгээдүүдийг оролцуулсан, тэр тусмаа хөндлөнгийн,хараат бус хяналтын тогтолцоог бий болговол энэ улс маань эрүүл болно. Уг нь энэ бол зөвхөн татвар дээр яригддаг асуудал биш юм даа. Бүх хуулин дээр яригдаж байх ёстой. Сүүлийн үед бид нэг дэвшил хийж байгаа. Тэр нь аливаа нэгэн хууль орж ирэхэд ямар нэгэн удирдах зөвлөл байгуулахдаа зөвхөн төрийн захиргаадаас бүрдсэн биш, төрийн бус иргэний нийгмийн төлөөллийг ажлын хэсэгтээ оролцуулаад, түүн дээрээ төр болон хувийн хэвшлийн засаглалын шинэ механизмыг оруулах гээд оролдож байна. Түүнтэй нэгэн адил цаашдаа энэ улсад татвар төлөгчдийн төлсөн мөнгө нь бүгдэд ил тод байж, ядахдаа татвар төлөгчид төлсөн мөнгөнийхөө төлөө сэтгэл хангалуун байдаг, үүнийгээ хаана, хэн, юунд зарцуулсныг мэддэг байх болно. Бид нар бүтээн байгуулалт гэж ярьдаг боловч үнэн хэрэгтээ нийтийн хөрөнгө оруулалтыг хэр зэрэг үр ашигтай зарцуулж байна, бидний төлсөн мөнгө хэр зэрэг үр ашигтай зарцуулагдаж байна гэдгийг мэддэг тийм эрх зүйн боломжийг бий болгох талаар ажиллаасай гэсэн л заалт шүү дээ. Шинэчлэлийн засгийн газар маань өөрөө шинэчлэлийг хийе, ил тод байдлыг бий болгье гээд, түүнчлэн дөнгөж сая хаалтын гэрээ муу зүйл гээд хэлчихсэн үед бол энэ заалтыг дэмжээд гаргасан нь зөв байх гэж бодож байна.
Tweet