2014.04.24-ний өдрийн Улсын Их Хурлын Нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс:
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
С.Дэмбэрэл: Надаас тамхи татдаг хүмүүсийг өмөөрсөн, дэмжсэн үг сонсоно гэж байгаа бол том эндүүрэл шүү гээд эхлээд хэлье. Хэдийгээр би тамхи татдаг хорт зуршилтай ч гэсэн, энэ зуршилтайгаа 30-д жил амьдарлаа. Удвал сайд аа, Эрдэнэчимэг гишүүнээ, Баасанхүү гишүүнээ би уг нь тамхинаас гарахыг боддог л доо. Гэхдээ олон улсын хэмжээнд тамхи татдаг хорт зуршилтай хүмүүсийг хүчээр зогсоож болдоггүй гэдгийг мэдээд янз янз бүрийн арга хэмжээ авдаг юм байна. Олон улсын хэмжээнд конвенци гэж нэрлэдэг Тухайн улс орон сайн дураар нэгдэн ордог, тэр нь тухайн улсынхаа бодлогоос хамаардаг Олон улсын конвенци гэж нэрлэгддэг барим бичиг гаргачихдаг юм байна. Манай улсад агуу, ухаантай хүмүүс байгаа. Хурлын танхимд ч мөн адил, сая үг хэлж байгаа мундаг мундаг гишүүд байна. Би та нарыг шүтлээ. Үнэхээр сайхан байна.
Гэхдээ маш энгийн зүйлийг нэг “залуу”, Баасанхүү гэдэг оруулаад ирсэн байна. Тэр нь тамхи татдаг цэг гэж бусад улс орнуудад байдаг юм байна. Тэрийг нь л байгуулчихья гэсэн тийм л нэг энгийн заалт оруулаад ирсэн. Яагаад гэвэл илт бие биенээ хуурч, хурлын танхимд маш сайхан үг хэлээд, гадаа гудамжинд хаана ч гэсэн нууцаар тамхи татаж байгаа тэр зүйлийг л олоод харсан байна. Маш энгийн зүйлийг, энгийн нүдээр олоод харсан байна. Энэ асуудлыг л ярьж байна. Гэтэл асуудлынхаа голыг ярихгүй, бие биенээ сонирхлын зөрчилтэй, зөрчилгүйгээр нь цоллоод байх хэрэг байна уу?
Би нэг зүйлийг гайхаад байна. Өөрөөр хэлбэл миний эрүүл мэндийн төлөө болон тамхи татдаг мянга мянган хүмүүсийн эрүүл мэндийн төлөө зовж байгаа гишүүд маань яагаад “архаг тамхичин” Дэмбэрэлийн санаачилсан ядуурлын эсрэг үндэсний хөтөлбөрт нэгдээгүй юм бэ?, яагаад Эрүүл мэнд ба ядуурал, эрүүл мэндийн талаар хэд хэдэн хурал санаачилж хийгээд, одоо 5 сард Удвал сайдтай ярилцаад бас нэг хурал хийх гэж байхад яагаад тэрэнд нэгдэж орохгүй байгаа юм. Яагаад гэвэл энэ нийгмийн асуудал мөн үү, мөн. Архидалт, тамхидалт нийгмийн асуудал мөн үү, мөн. Шийдлийг нь хайж байна. Түүнээс биш ийм хуурай хууль гаргадаг юм биш. Тийм учраас намайг сонирхлын зөрчилтэй гэнэ үү, үгүй гэнэ үү хамаагүй би үгээ хэлэх ёстой. Хүний эрх ярьж байна. Аливаа асуудлыг ярихдаа бүх чиглэлд ийм идэвхтэй байгаасай гэж хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр эдийн засгийн асуудал маш хүндрэлтэй байгаа. Энэ асуудал дээр яг ийм идэвхтэй оролцоосой. Үндэсний хэмжээнд олон жил архагшсан ядуурал гэдэг асуудлыг энэ их хурлын зааланд оруулж ирэхэд нь бүгдээрээ дэмжээсэй. Дээр нь агаарын бохирдолтой холбоотой асуудлыг бүх яамны чиг үүрэг болгох хэдэн гишүүнтэй хамтарч санаачилсан хуулийг минь дэмжээсэй, яагаад гэвэл энэ тамхины эсрэг та бүхний хэлж байгаа санаатай агаар нэг юм шүү. Баярлалаа, Эрдэнэчимэг, Баасанхүү гишүүдээ. Та бүгд маш сайн хууль санаачилсан шүү. Архаг тамхичин Дэмбэрэл болон бусад мянга мянган архаг тамхичдын эрүүл мэндийн төлөө санаа зовж байгаа та бүхэнд тэдний өмнөөс гүн талархал илэрхийлье.
Tweet