Уулзалт 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15:30 цагт МҮХАҮТ-ын хурлын өрөөнд болов.
Оролцогчид:
Хэлэлцэх нь: Эрүүл мэндийн салбарын бизнест тохиолдож буй саад бэрхшээл, түүнээс гарах арга зам
Хэлэлцсэн нь:
Уулзалтыг С.Дэмбэрэл нээв.
С.Дэмбэрэл: Сүүлийн өдрүүдэд миний бие салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, бизнест тохиолдож буй саад бэрхшээл, үүнд ялангуяа тусгай зөвшөөрлийн талаар санаа бодлыг нь сонсож байна. Энэ удаад эрүүл мэндийн салбарынхантай уулзаж, та бүхний жаргал зовлонг сонсох гэсэн зорилготой юм. Иймээс та бүхэн танай салбарт олгогддог ямар тусгай зөвшөөрлийг багасгах, хүчингүй болгох талаар санал бодлоо хэлнэ үү. Эрүүл мэндийн салбарт төрийн ямар зохицуулалт хэрэгтэй байгаа вэ? Төрөл бүрийн тушаал, дүрэм, журам бизнест чөдөр болж байгаа эсэх, цаашлаад татварын орчин, валютын ханшны өсөлт бизнест сөрөг нөлөө үзүүлж буй эсэх, тендерийн асуудлын талаар та бүхэнд хэлэх санаа оноо байгаа байх гэв.
Б.Болормаа: - Манай салбарынхантай уулзаж, бидний үгийг сонсох уулзалтыг зохион байгуулсанд талархал илэрхийлж байна. Эрүүл мэндийн салбар бол өөрөө тун эмзэг. Тиймээс эмзэг салбарыг төр анхааралдаа авах хэрэгтэй. Бидэнд бэрхшээл зовлон байсаар ирсэн. Манай салбарт гол нь шударга бус орчин саад болж байна. Тухайлбал, тендэр гэж юм байна. Мөн түүнчлэн эмийн салбарынхан бараг бүгд л импортлогчид. Сүүлийн саруудын валютын ханшны өсөлт биднийг сөхрүүлэх боллоо. Зарим компаниуд бүр алдагдалд орсон. Төр үүнд зохицуулалт хийхгүй бол эмийн салбар унахад бэлэн байна.
С.Дэмбэрэл: - Валютын ханшны өсөлтөөс болж компаниуд алдагдалд хүрч байгаад төр хуваалцах ёстой гэсэн байр суурьтай байдаг, би. Төрийн буруу бодлогоос болж бизнес муудах ёсгүй. Удахгүй энэ талаар Монголбанктай ярьж, мэдэгдэл гаргуулах болно. Тендэрийн тухайд хэдэн жил ярьж байна. Өнөөдөр энэ асуудал шинэчлэгдэхгүй байгаа нь үнэн. Тиймээс тендэрийн талаар хууль эрх зүйн орчны талаар хийхээр төлөвлөж байгаа юм бий. Харин та бүхэнд энэ талаар тодорхой санал байвал бичгээр өгөөрэй.
А.Цолмон /эмнэлгийн тоног төхөөрөмж импортлогч “Эйч энд Эйч” ХХК-ийн ерөнхийлөгч /: - Эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлүүд бол хэрэгтэй зүйл. Гэхдээ зарим нэгэн импортын зөвшөөрлүүд нь давхацдаг. Өөрөөр хэлбэл, худалдах болон импортын тусгай зөвшөөрлийг хэлэх байна. Манайд эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн стандарт ер байдаггүй.
С.Дэмбэрэл: - Зарим салбарт стандарт бизнест саад болдог гэдэг. Харин нөгөө хэсэг нь стандартыг сайн дурын үндсэн дээр байлгах саналтай юм билээ. Давхацсан тусгай зөвшөөрлийн талаар манай Гиллиотины багаар оруулахыг зөвлөж байна.
О.Дамба /Монголын эм хангамж, үйлдвэрлэгчдийн эм холбооны гүйцэтгэх захирал/: - Эмийн салбарт өнөөдөр 40 орчим зөвшөөрөл байдаг судалгаатай бөгөөд давхацсан зүйл бий. Түүнээс гадна эм импортлогчдод зөвхөн төмөр замаар тээвэрлэх гэсэн нэг шаврын хаалт журам байдаг. Эрүүл мэндийн улсын байгууллагууд төрөөс жилдээ 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг. Харин хувийн хэвшлийнхэн төрөөс юм хүртэхгүй байгаа. Хувийн хэвшлийнхэн нийгмийн төлөө л явдаг. Өнөөдөр ядуурал буураагүй л байна. Ядууралд хувийн хэвшлийхний үүрэг их байх ёстой. Сайн эмнэлэг, чанар сайтай эм ядуурлыг бууруулах нэг хөшүүрэг гэж үздэг. Эмийн сангуудаар худалддаг хөнгөлөлттэй эмийг ядуучууд биш, харин боломжийн иргэн хүртэж байгаа нь нууц биш. Иймд эмийн хөнгөлөлтийн асуудлыг эргэж харах хэрэгтэй. Тендерт шалгарсан байгууллага валютын ханшийн өсөлтийг даахгүй байгаа бөгөөд араасаа авлига, хүнд суртлыг дагуулсаар байна. Татварын буцаан олголтыг бид хүсэж байна. Эмийн бүх компаниуд өнөөдөр НӨАТ төлдөг. Үүнийг бууруулах талаар та ямар бодолтой байгааг сонирхох байна.
С.Дэмбэрэл: - Одоогоос таван жилийн өмнө МҮХАҮТ Монгол Улсад бизнес хийх замын зураглал гаргасан. Энэ номонд эм импортлох процесс, үүнд цаг хугацаа зардал, эмийн импортын үйл ажиллагааны диаграмм зэргийг тусгасан. Тухайлбал, эм импортлоход таван үе шат дамжиж, шат бүрдээ 18-19 хүний гарын үсэг цуглуулж, зөвшөөрөл авдаг гэж гарчээ. Энэ шат дамжлага өнөөдөр хэвээрээ байна уу?
О.Дамба: - Өнөөдөр эм импортын шат дамжлага буураагүй, харин ч ихэссэн.
С.Дэмбэрэл: - За, тэгвэл, эрүүл мэндийн салбарыхны бизнес хийх замын зураглалыг шинэчилж, ойрын хугацаанд тусгай зөвшөөрлийн хувь заяаг шийдвэрлэдэг Гиллиотины багаар оруулмаар байна. Харин та бүхэн манай зөвлөлтэй хамтран замын зураглалаа шинэчилж, томоор гаргаж, Гиллиотины хуралд ирээрэй гэж хүсэх байна. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, НӨАТ бууруулах талаар хуулийн төсөл боловсрогдож байгаа. Энэ төслөөр бүгд НӨАТ төлнө, гэхдээ бүгд 5 хувь гэж орсон. Хаврын чуулганаар энэ асуудал хэлэлцэгдэнэ, дэмжих эсэхийг мэдэхгүй. Нэмж бас нэг мэдээлэл хийхэд, сарын өмнө миний бие Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзаж, эрүүл мэндийн салбарынхныг оролцуулсан эрүүл мэндийн чуулганыг ирэх тавдугаар сард зохион байгуулах талаар саналаа солилцсон. Иймд манай зөвлөл та бүхэн хамтран энэ чуулганыг хийвэл их сайн байна. Одооноос бэлтгэл ажилдаа орохыг зөвлөе. Яам чуулганыг дэмжинэ гэдгээ хэлсэн байгаа.
Ц.Ганбат /эмнэлгийн хэрэгслийн импортлогч “Лабтекс” ХХК-ийн захирал/:
- Өнөөдөр банкны зээл өндөр хэвээр байна. Импортын татвараас бүх эмнэлгийн тоног төхөөрөмж чөлөөлөгдөж чаддаггүй. Жишээ нь, оношлогооны төхөөрөмжөөс импортын татвар авдаг. Импортыг тэглэсэн журмын хугацаа дууссан. Эм, эмийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид уг нь бүгд ЖДҮ эрхлэгчид шүү дээ. Энэ асуудлыг дахин шийдвэрлэмээр байна.
Р.Мөнхцэцэцэг /эмийн худалдаа, үйлдвэрлэлийн “Цомбо” ХХК-ийн ерөнхий захирал/: - Монголд эмийн үйлдвэрлэл эрхэлдэг 30 гаруй компаниуд бий. Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан олон улсын өндөр стандартыг биднээс шаарддаг. Гэтэл бид энэ стандартад чирэгдэх болсон. Манайд эмийн бодлого гэж байдаггүй. Эх орондоо үйлдвэрлэж чадаж байгаа эм, эмийн бүтээгдэхүүнд импортын зөвшөөрөл олгомооргүй байна. Тендэр хүндрэлтэй явагддаг. Тухайлбал, 20 эм үйлдвэрлэнэ гэсэн тендерт шалгарсан үйлдвэр бараг 200 эм шинээр үйлдвэрлэх болдог. Энд санхүүжилт маш их хэрэгтэй. Тиймээс тодорхой хэмжээнд төр санхүүжилт гаргавал сайн байна.
О.Дамба: - Эрүүл мэндийн салбарт шалгаруулсан тендэрт хөндлөнгийн мониторинг яаралтай хийх хэрэгтэй байна. Эндээс их юм гарна, тендэр зөв шударга, чанартай явагдаж уу гэдэг нь ил болно. Монголд эм, эмийн бүтээгдэхүүний стандарт өөр өөр байдаг. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.
Н.Жавчиндорж /рашаан сувиллын ”Нэмэх трейд” ХХК-ийн ерөнхий захирал/:
- Өнгөрсөн сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайд 51 дүгээр тушаал гаргажээ. Тушаалын нэр нь “Эмнэлэг, сувиллын орны дээд хязгаарыг батлах тухай “ гэж. Энэ тушаалыг би шүүмжилмээр байна. Төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хутгалдаж байгаагийн нэг жишээ энэ юм. Яам хувийн эмнэлэг, рашаан сувиллын орны тоонд хязгаарлалт тавьж байгааг ойлгохгүй байна. Үйлчлүүлэгч хүрээд ирвэл уучлаарай, манай орны тоо гүйцсэн гээд явуулж таарах нь. Нөгөө талаас уг тушаалд эмнэлгийн орны дээд хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулж, хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих орны тоо, өөрийн орлогоор санхүүжих орны тоог зааж өгчээ. Тодруулбал, хувийн эмнэлгүүдэд даатгалын сангаас санхүүжих орны тоо нь улсынхтай харьцуулбал харьцангүй бага гарсан байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилт ялгавартай батлагджээ. Тиймээс энэ яамны тушаалыг хүчингүй болгох санал гаргаж байна. Бас нэг санал хэлэхэд Эрүүл мэндийн яамны цахим сайт дээр бидэнд хэрэгцээтэй мэдээлэл огт байдаггүй. Тэгж журамлав, ингэж зөвшөөрлийг хязгаарлана гэсэн бизнесийг дэмжих бус, дарамтлах мэдээлэл түлхүү байдаг.
Д.Дандий /биобүтээгдэхүүн үйлдвэрлэгч ”Монсэрүм” ХХК-ийн захирал/:
- Биобэлдмэл болон вакциныг эм гэж тодорхойлоход бэрхтэй. Эдгээр нь хүний эрүүл мэндтэй холбоотой учир анхаарахгүй бол болохгүй нь. Вакцин, биобэлдмэл хоёр эмнээс хоцорч байна. Өнөөдөр шүлхий, галзуу өвчин гээд газар авах нь. Одоо манайд хэрэглэж байгаа вакцинуудыг ДЭМБ зөвхөн зөвшөөрсөн болохоос биш, хоёр сая гаруй хүн амтай улсад аль серийн вакцин нь тохиромжтой гэдэг дээр хэзээ ч зөвлөмж өгч байгаагүй. Тэд ч тухайн улс ямар вакцинаа иргэндээ тарих нь огт хамаагүй, бид зөвхөн гэрчилгээ олгодог гэдэг. Манайд орж ирж байгаа вакцинууд чанарын хувьд хоцрогдсон гэж хэлэх байна. Дийлэнх улс орон хүн амдаа ямар вакцин тарих эсэхээ эхлээд тухайн улс руу явж, судалгаа хийснээр, за ийм серийн вакцин энэ вируст тохиромжтой гэсэн саналаа гаргадаг юм. Манайх энэ туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Миний бие 60 гаруй жил биобэлдмэлийн талаар судалгаа шинжилгээний ажил хийлээ, одоо ч хийсээр байна. Биобэлдмэлийг эндээ үйлдвэрлэхэд түүхий эд байна, боловсон хүчин ч бий. Одоо гагцхүү байр савтай болж, тодорхой хэмжээний санхүүжилтийг төр гаргаж үйлдвэрлэлээ эхлүүлмээр байх юм. Эхний удаад альбумин, гемоглобулин хийх хэрэгтэй. Энд өөр нэг санал хэлэхэд, манайд оюуны бүтээлийг барьцаалах тухай хууль гарах нь уу? Мөн гепатит С,В вирусийн загвар технологийн төсөл боловсруулсан байгаа. Үүндээ патент авмаар байна.
С.Дэмбэрэл: - Вакцины талаар манай ард түмэн сайн ойлголтгүй байгаа. Манайхны эрүүл мэндийн боловсрол ч тааруу. Нийтээрээ эрүүл саруул байж, эрүүл саруул сэтгэж, хөдөлмөрлөнө. Эрүүл мэндийн даатгалын сан мөн л хангалтгүй байдаг нь ДЭМБ-аас гаргасан судалгаагаар харагдана лээ. Орчин үеийн шинэ дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг төр өөр дээрээ авсан ч уг нь болно. Манай Танхимын цахим сайт дээр оюуны бүтээлийн барьцааны тухай хуулийнд саналаа өгнө үү гэсэн мэдээлэл байгаа. Та энд саналаа өгөөрэй.
Н.Эрдэнэ /эмийн худалдаа, үйлдвэрлэлийн “Нахиа импекс” ХХК-ийн дэд захирал/: - Сүүлийн үед төр эмийн хангамжийн компаниуд руу дайрдаг болжээ. Үүнээс үүдэж нийгэмд бидний талаар буруу мессеж нисч байна. Эмийн сангууд хэд дахин бүтээгдэхүүнээ өсгөдөг гэнэ. Энэ бол маш ташаа мэдээлэл. Эмийн чиглэлээр 40-50 компаниуд тусгай зөвшөөрөл авдаг бөгөөд энэ бичиг баримт хэрэгтэй зүйл. Харин зөвшөөрлөөр гадны стандартыг шаарддаг нь амьдралд нийцэхгүй байна. Өнөөдөр эмзүйч мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байна. Эцэст нь хэлэхэд төр жижиг компаниудыг устгах чиглэл барьж байгаа мэт бодлого нь харагдаж байна.
Ж.Нина /эмийн худалдаа, үйлдвэрлэлийн “Монфарм Трейд” ХХК-ийн зөвлөх/:
- Эмийн жорын стандартыг өөрчлөх хэрэгтэй. Эмийг олон улсын эмийн худалдааны нэрээр болгох шаардлагатай байна.
Ж.Рэнцэн-Амгалан /”Тун-Эрдэнэ фарма” ХХК-ийн ерөнхий захирал/: - Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэйгээр 370-380 эм олгодог. Миний бодлоор төр дотоодын зах зээлийн эмийн бараг 80 хувийг нь даатгалд хамруулах хэрэгтэй гэж санагдаж байна. Эдгээр хөнгөлөлттэй эм жинхэнэ хүндээ хүрдэггүй. Өнөөдөр эмийн салбарынхныг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн даатгалын газар дарамтлах нь их болсон.
Анхны хувьчлагдсан салбар бол эмийн сангууд. Анх орцонд, дараа нь орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж байлаа. Харин одоо бол орон сууцны нэгдүгээр давхарт эмийн сан ажиллуулахыг хатуу хориглоод байна. Дээр нь эм хангамжийн газруудыг нийслэл хотоос хөөх болов. Эмийн салбарынхан өнөөдөр тун хэцүү байдалтай үйл ажиллагаа явуулдаг. Төр нь дэмжих битгий хэл, бараг гадуурхах болсон. Ерөнхий сайд хар зах дээр үр зулбуулдаг эм зардаг алуурчдыг илрүүлж чадахгүй байж, мань мэтийгээ буруутгаж байна. Манай салбарт төрийн бодлого байхгүй. Хүний эрүүл мэнд чухал гэдгийг төр ухаарахгүй явна. Эм импортлох зөвшөөрөлгүй байж “Оюунтолгой” эм, эмийн бүтээгдэхүүнээ гаднаас зөөдөг болсон. Ямар ч бүртгэлгүй эм орж ирж байна. Эрүүл мэндийн салбарын статистик буруу зөрүү, тогтворгүй гардаг. Эм болон хүнсийг нэг дор зохицуулах болоод байна. Энэ бол бүтэхгүй, эмийн хангамжийн тусгай агентлаг бий болгох хэрэгтэй юм.
Б.Оюунбат /”Оргил фарм” ХХК-ийн менежер/: - Тусгай зөвшөөрөл манай салбарт хэрэгтэй. Гэхдээ тэр олон хяналт шалгалтыг устгамаар байна. Аливаа шалгалт дэмжих бодлого барих ёстой.
С.Дэмбэрэл: - Та бүгдийн ярианаас сонсоход эрүүл мэндийн салбар маш замбараагүй байдаг юм байна. Эрүүл мэндийн салбарт төрийн бодлого байлаа ч, гол нь хэрэгждэг байх ёстой. Ард түмний дунд эмийн худалдааны талаар буруу ойлголт яваад байгаад та бүхэн өөрсдөө сайн пи-ар хийх хэрэгтэй. Хэвлэлийн бага хурал зохиох, сонин хэвлэлд булан гаргах зэрэг нь нээлттэй шүү.
З.Зузаан /Азийн хөгжлийн банкны Эмийн салбарын зохицуулалтын зөвлөх/:
- Манай банкнаас эм хангамжийн талаар төсөл боловсруулаад Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Төсөлд эмийн зар сурталчилгааг оруулж, эх орны үйлдвэрлэлийг дэмжих, эрүүл мэндийн салбарт төрийн нэгдсэн зохицуулалт байх шаардлагатай, тогтолцоог бий болгох санал орсон байгааг дуулгах байна.
Ц.Норовпил /”Ароно” шүдний эмнэлгийн захирал/: - Миний бие шүдний эмчилгээ болон шүдний цөөн тооны тоног төхөөрөмж гаднаас оруулж ирдэг юм. Гэтэл шүдний зориулалтын зүйлсээс кресло сандал л цор ганцаараа чөлөөгдсөн байдаг. Бусад нь бүгд татвартай, бид чинь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид шүү дээ. Тиймээс энэ асуудлыг эргэж харж үзнэ үү. Өнөөдөр шүдний салбар сайн хөгжиж байна, боловсон хүчин ч мөн сайн байна. Харин гаднаас энэ салбарт орж ирж байгаа эмнэлэгүүдийг таслан зогсоох хэрэгтэй. Шүдний эмнэлгийг зөвхөн нэг газар үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрдөг. Өөр газар салбар нээхийг зөвшөөрдөггүй. Энэ бол бизнесийг нэг талаар хязгаарлаж байна. Эмнэлгийн салбарын импортын зөвшөөрлийг тоног төхөөрөмж болгоноор 14 хоногийн хугацаатай авдаг нь хүндрэлтэй байна.
Хүүхдийн шүдний өвчлөл их байна. Тиймээс энэ асуудлыг төр дангаараа хариуцаж болдоггүй юм уу. Манайд шүдний урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй явагдана. Хоёрт, эрүүл мэндийн даатгалд бүх иргэдийг хамруулж оруулах хэрэгтэй байна. Монгол эмч нар тухайн өвчнийг анагааж чадаж байгаа салбарт гадны эрүүл мэндийн чиглэлийн компаниудыг эх орондоо оруулмааргүй байна.
С.Дэмбэрэл: - Та бүгдийн ярианаас сонсоход өнөөдөр эрүүл мэндийн салбар хэцүүхэн байдалтай байгаа юм байна. Энэ удаагийн уулзалтын тэмдэглэлтэй сайтар танилцаж, ямар арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагатай ярилцах болно.
Дахин хэлэхэд, Гиллиотины багаар оруулах асуудлаа сайтар боловсруулж, тусгай ямар зөвшөөрөл бизнест саад болж байгаагаа замын зураглал хэлбэрээр гаргахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөл явагдаж байгаа. Эрүүл мэндийн салбарын бизнес эрхлэгчид жижиг, дунд үйлдвэрлэлд хамаарах ёстой. Энэ утгаараа төрийн бодлогод орох ёстой юм. Салбарын тендэрийн асуудалд мониторинг та бүхний зөвлөсний дагуу хийе.
Миний бие Нийгмийн Бодлогын байнгын хороонд эргээд орох бодолтой байгаа. Хорооны гишүүний хувьд эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн даатгалын системтэй холбоотой асуудалд түлхүү анхаарч ажиллах болно. Эрүүл мэнд бол ядууралтай холбоотой. Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахаас эхлээд энэ салбарт хийх ажил их байна гэж ойлголоо. Ирэх тавдугаар сард болох эрүүл мэндийн чуулганы үер та бүхэн зовлон жаргалаа сайн ярих хэрэгтэй.
Бид бараг гурав цаг орчим хуралдлаа. Энэ удаагийн уулзалт үр дүнтэй болсон эсэхийг ажил хэрэг харуулах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ салбарт ямар шинэчлэл гарав гэдгээс хамаарна. Би одоо Элчин сайдтай цаг товлосон учир гарлаа. Тиймээс уулзалтыг Ц.Янсанжав үргэлжлүүлэн удирдаад явна.
Ц.Янсанжав: - Зөвлөлийн гишүүд улиралд нэг удаа уулзалт хийж, салбарынхаа зовлон жаргалаа ярьж баймаар байна. Зөвлөлийн ажлыг тогтмолжуулах, идэвхжүүлэх нь чухал. Та бүхэн бизнест саад болж байгаа, ямар бэрхшээл учирдаг талаараа Танхимд бичгээр саналаа тогтмол өгч байхыг зөвлөе. Бид хамтарч ажлаа явуулж байж, бизнесийн таатай орчинг бий болгох ёстой.Та бүхэнд амжилт хүсье.
2014 оны 3 дугаар сарын 12 Улаанбаатар хот
Уулзалтын тэмдэглэлийг хөтөлсөн:
МҮХАҮТ-ын дэргэдэх Эрүүл мэндийн салбарын зөвлөлийн нарийн бичиг
Б.Сарантуяа
/Утас-325374, 9913-8907/
Tweet