Засгийн газраас “Тусгай зөвшөөрөл, лицензтэй холбоотой бүх асуудлуудыг зохицуулах” чиглэлээр байгууллагдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээс.
... Санхүүгийн зохицуулах хороонд нийтдээ 84 тусгай зөвшөөрөл лиценз байдаг. Эндээс 21-ийг хүчингүй болгох шаардлагатай. 62-ийг нь хэвээр нь үлдээх ёстой гэсэн анализийн багаас санал болгосон...
Хэлэлцэх асуудал: Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудал...
С.Дэмбэрэл: Гиллиотиний баг гээд биднээс бүрдсэн нэг баг байна. Тэрний дэд хэсгээс, жишээлбэл, санхүүгийн зохицуулах хороонд 84 тусгай зөвшөөрөл байсныг та нартай яриад 21-ийг нь хүчингүй болгоод, 62-ийг нь үлдээсэн юм байна. Бидэнд бол ямар сонирхол байна вэ гэхээр, Монгол улсад бизнес дарамтгүй байдаг, бизнесийг хөнгөвчилсөн, элдэв хүнд суртал гардаггүй байлгах зорилгоор Ерөнхий сайдын захирамж гараад, УИХ-ын гишүүд бид ороод ажиллаж байна. УИХ-аас томилогддог энэ төрийн байгууллага ч гэсэн бас л тийм сэтгэл санаатай, ижил зорилготой байх ёстой. Гэхдээ өнөөдөр бид өөр өөр зорилготой байгаад байна. Та нар хамгаалдаг, бид “цаазлах” гэж зүтгэдэг юм шиг болоод байна. Дэд хэсэг ажиллаад, 62-ийг нь “бид учраа олохгүй байна, та бүхэн шийдэж өгөөч” гээд оруулж ирээд, тэгээд бид нэг нэгээр нь хэлэлцэж явах гэж байна. Энэ бол маш их цаг авна. Тийм учраас миний санал бол, нэгдүгээрт, ижилхэн санаатай бай. Энэ төр, бид бизнест учруулдаг хүнд суртлыг багасгаж арилгах энэ чиглэлээр ажиллаж байна. Тийм учраас танайд ажлын хэсгээс даалгавар өгмөөр байна. Энэ 62 зөвшөөрлөө 50% багасгаад, шууд л 31 лиценз болгочихоод ороод ир. Тэгээд дараагийн хуралд 31 асуудлыг л ярилцъя. Гэхдээ энэ үлдсэн 31 зөвшөөрлийн нэг хэсгийг нь даатгалын холбоо руу өгье. “Бид үүнийг хийх хэрэггүй. Даатгалын холбоонд шилжүүлье. Хуулинд ийм өөрчлөлт оруулъя” гэж даатгал руу шилжүүлээд, “энэ хэсэг нь зайлшгүй манай хороонд байх ёстой. Үүнийг шийдэж өгөөч” гээд аваад ир. Ингэж, чиг үүргээ шилжүүлэх саналаа бас хамт аваад ирвэл 31 асуудал дээр ажиллаж болно. Санхүүгийн зохицуулах хорооны ерөнхий, бүр эрхэм зорилго нь бол Монгол улсад санхүүгийн зах зээлийг л хөгжүүлэх явдал юм. Гэтэл 62 тусгай зөвшөөрөл олгодог энэ институци маань зөвхөн хэдэн тусгай зөвшөөрлийн хүрээнд л ажиллаад байхаас биш, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, энэний хөгжилд нь дөхөм үзүүлэх, зах зээлийн оролцогчдыг дэмжих талаар хийж байгаа ажил, бодлого, шийдвэр нь харагддаггүй. Энэ бол шалгалтын явцад ч гэсэн мэдэгдсэн. Тиймээс та бүхэнд хүчтэй зөвлөхөд 62-ийг 31 болгоод л ороод ир. Үлдэж байгаа 31-ээс нь бусдад шилжүүлэх нь энэ гээд дараагийн хуралдаанаар тодорхой хугацаатайгаар оруулж ир гэж л хэлэх байна. миний санал бол энэ.
Tweet