Уул уурхай, тээвэр, логистикийн салбарын бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын тэмдэглэл
Хэзээ: 2014-02-11
Хаана: МҮХАҮТанхимын 404 тоот өрөө
Цаг: 14.30 эхлэв.
Оролцогчид:
С.Дэмбэрэл /УИХ-ын гишүүн, МҮХАҮТанхимын дарга/: Сайн байцгаана уу, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Та бүхэн энэ уулзалтын утга учрыг мэдэж байгаа. Та бүхэнд ямар асуудал байна. Миний хувьд их хурал завсарлаад бизнес эрхлэгчидтэй цуврал уулзалтууд хийж байна. Салбар салбараар хүлээн авч уулзаж байна. Ирэх чуулганаар танай салбарт шаардлагатай хууль эрх зүйн орчин хир зэрэг бүрдсэн, юу дутаж байна, юу хэрэгтэй байна, хоёрдугаарт одоо байгаа хууль эрх зүйн орчинд Засгийн газраас шинэтгэл хийж байна. Жишээлбэл тусгай зөвшөөрөл лицензийг хүчингүй болгох талаарх анхны хуралдаан өнөөдөр хийж байна. Үүнд тас цавчих буюу эрс шинэтгэл хийх баг байгуулагдсан. Энэ багийн гишүүн нь миний бие. Яамдууд өөрт байгаа үлдсэн тусгай зөвшөөрөл лицензээ багийн өмнө ирж хамгаалах ёстой. Тэд нарт бид асуулт тавьж энэ үнэхээр үндэслэлтэй юу үгүй юу, үлдвэл бизнесийн орчинд ямар нэг дарамт үзүүлэх үү гэх мэтээр асуултууд цаанаасаа өгөгдсөн байдаг. Монгол улсын хувьд маш зузаан материалууд их байна. Тэр материалуудтай ажиллаж эхэлж байна. Мэргэжлийн хяналт, гааль, яамдууд гэх мэт тусгай зөвшөөрөл өгдөг төрийн бүх яамдууд байна. Хоёр баг байгаа, нэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг, нөгөө нь ажлын хэсэг. Тэр ажлын хэсэгт Засгийн газраас Сайханбилэг сайд Их хурлын гишүүнийхээ хувьд орсон, үлдсэн нь Их хурлын гишүүд байдаг, миний бие, Батчимэг, Гарамгайбаатар, Дашзэвэгийн Зоригт гэсэн гишүүд орсон. Энэ хүмүүс энэ сараас эхэлж ажиллаж эхэлж байна. Гол зорилго нь тусгай зөвшөөрөл, лицензийн тоог эрс, мэдэгдэхүйц хэмжээнд хүртэл бууруулахад оршиж байна. Өчигдөр барилгын салбарынхантай уулзсан. Одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчинд өөрчлөх болоод нэмэлт бусад асуудлаар саналаа надад бичгээр өгөхөөр болсон .Түүнийг Их хурлын Эдийн засгийн байнгын хороонд өгч, цаашлаад их хурлын тогтоол шийдвэр гаргуулах тал дээр би ажиллах болно. Өмнө нь санхүүгийн салбарынхантай уулзсан. Өнөөдрийн энэ уулзалт бол бодит секторын гол төлөөлөл уул уурхай, тээвэр, логистикийн хүмүүстэй уулзаж байна. Энэ чиглэл дээр та бүхний бодол ямар байна, юу саад болж байна, юуг өөрчилмөөр байна, энэ талаар товчхон саналаа хэлнэ үү. Мөн манай ажилтнууд та бүхний саналыг бичгээр авч нэгтгэн чуулган эхлэхэд саналууд өөр өөрийн хаяглагдах ёстой тодорхой газруудад хүрэх болно. Эдгээр нь хуулийн өөрчлөлт бол түүнд ажиллана, одоогоор бизнестэй холбоотой 10 гаруй хуулийн өөрчлөлт дээр ажиллаж байна. Ирэх чуулганаар олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэгдэж байна. Татварын орчны талаар яригдана, магадгүй эдийн засгийн өршөөлийн талаар яригдана. Ерөнхийдөө 2014 он бол Монгол улсын хувьд реформын жил байх ёстой. Реформ нь тууштай бөгөөд бүрэн гүйцэд байх ёстой. Энэ талаас бид ажиллах ёстой. Тийм учраас бизнесийн байгууллагуудын саналыг авах их чухал. Монгол улсын хувьд бизнесийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын санал авдаг соёл их доогуур. Гэхдээ тал талдаа өөрчлөгдөж байна, зарим газрууд санал хүсэлтийг их сонсч үйл ажиллагаандаа тусгаж байна. Ингээд уул уурхай, зам тээврийн яамдуутай холбоотой, юуг яаж өөрчилмөөр байна, ямар санал байна гэх мэтийг ярилцан энэ удаагийн уулзалтыг эхэлье. Уул уурхайн салбараас эхэлье.
н.Дамба /Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч / : Цаг зав гарган бидэнтэй уулзаж, бидний саналыг сонсч байгаа УИХ-ын гишүүн Дэмбэрэл танд баярлаж байгаагаа илэрхийлье. Би 4 төрлийн санал хэлмээр байна. Нэгдүгээрт бид эрх зүйн баримт бичиг болох Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлуулж авсан . Энэ баримт бичгийг боловсруулж батлуулахад Таны үүрэг их байсныг бид хэлэх ёстой. Ямар ч байсан энэ баримт бичгээр хувийн хэвшилд тулгуурласан ийм салбар болох чиглэл рүү орсон. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байгаа. Яаманд сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Манай ассоциацаас миний бие, мөн Алгаа захирал орж ажиллаж байна. Яамныхан үндсэн баганыг гаргаж ирсэн, гэвч тус багана нь яамдын түшмэдүүдийн янз бүрийн сонирхол орсон төсөл гарч ирсэн, янз бүрийн зөвшөөрөл гэх мэт одоо хориглох гэж байгаа зүйлсийг аль болох их болгосон тийм төсөл явж байна, үүнд уул уурхайн ассоциаци бүх гишүүдийн саналыг нэгтгэн өгсөн. Олон заалт өөрчлөхөөр бол нэмэлт өөрчлөлт биш болно, цөөл гэж шахаад байгаа. Түүнийг цөөлөхөөр ажлын хэсэг гаран ажиллаж байна. Нөгөө талаар тусгай зөвшөөрлийн тухай асуудал зайлшгүй чухал асуудал.уул уурхайн салбарт тусгай зөвшөөрөл гэхээр олон зүйл байхгүй, 2-3 хан зүйл байдаг, тэгсэн хирнээ олон тоотой, жишээлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл гэхэд 3000, ашиглалтынх 1000 гаруй, нийтдээ 5000 тусгай зөвшөөрөл байгаа, дээр нь тэсрэх, тэсэлгээний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл гэж 20 орчим байдаг. Тусгай зөвшөөрлийн талаар ашигт малтмалын хуулинд тодорхой зүйлс оруулж өгөх хэрэгтэй байна. Тусгай зөвшөөрөл нь маш их хүнд суртал, авилгын эх үүсвэр болоод байна. Үүнээс болж олон хүмүүс гэмт хэрэгт холбогдож байна. Анх 1997 оны хуулиар тусгай зөвшөөрлийг цуцлах, шилжүүлэх гэсэн хоёр чухал заалт байсан. Тэр дундаа цуцлах нь үндсэн 3 үндэслэл байсан. 2006 оны хуулиар 5 болоод байна, шинэ нэмэлт өөрчлөлтөөр дахиад нэмэгдвэл улам хэцүү болоод байна. Мэргэжлийн хяналтын байцаагч нар тусгай зөвшөөрөл цуцлах санал гаргах хэрэгтэй гэсэн заалт 2006 оны хуулиар орсон. Тэгээд баахан тусгай зөвшөөрлийг цуцлаад, саяхан сонин дээр гарсан байсан, буцаад түүнийгээ зөвшөөрч сунгаж өгдөг ч юм уу гэх мэт үйлдлүүд хийгдэж байгаа нь цаанаа авилгал яваад байна гэсэн үг. Тэгэхээр ийм зүйлгүй болгомоор байна. Жам ёсны гарцаагүй байдлаар цуцлагдахаас биш ямар нэгэн этгээдийн санал санаачилгаар цуцалдаг ийм зүйл хийхийн бол буруу зам руу яваад өгнө. Төлбөр төлөөгүй бол, компани дампуурсан бол, төрийн санаачилгаар гэсэн 3 тохиолдолд цуцалж болно, гэхдээ төр нөхөн төлбөр олгоно гэсэн амин чухал 3 зүйлийг барих хэрэгтэй. Одоо болтол тусгай зөвшөөрөл олгож эхлээгүй байгаа. Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулж байж олгоно гээд байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй 4, 5 жил болж байна. Монгол улсын эрдэс баялагийн нөөц маш ихээр ховордож байна гэсэн үг. Олборлолт явагдаж байгаа ч шинээр нөөц ирж хайх ажил 4, 5 жил хаагдаад зогссон байгаа нь манай орны нийт баялагийн сан хорогдоно уу гэхээс нэмэгдэхгүй. Үндэсний аюулгүй байдал талаас бодсон ч үүнийг яаралтай олгож эхлэх хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн гэдгийн нэг том зүйл нь энэ. Хөрөнгө оруулалтын хуулийг сайжруулсан, бодлогын баримт бичгийг гаргасан гээд байгаа боловч тусгай зөвшөөрлөө олгохгүй байгаа нь хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн хаалт болоод байна. Нөгөө зүйл нь урт нэртэй хууль юм. Хууль гарснаас хойш 4 , 5 жил болсон ч хэрэгжсэн гэхэд хэцүү, хэрэгжээгүй гэхэд хэцүү. Үүнийг хэрэгжүүлэх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулаад энэ хуулийг хэрэгжүүлье, нөхөн төлбөр олгодогт нь олгоё, олгохгүйд нь олгохгүй байя. Одоогийн байдлаар хуулийг хэрэгжүүлдэг, дуулгавартай копманиуд хохирох болоод байна. Хууль гарангуут үйл ажиллагааг зогсоосон, тоног төхөөрөмжийг зарсан, ажилчдаа тараасан ийм компаниудад нөхөн төлбөр өгөхөөс өөр аргагүй. Гэтэл өгөхгүй гээд гүрийгээд байна. Нөгөө нэг асуудал нь төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гээд 2010 онд батлагдсан нь уул уурхай, тээвэр логистикийн салбарт маш их саад болж байна. Гол нь царигийн асуудал, уг нь энэ бодлогод цариг заахгүй байх ёстой байсан, цариг заасныг өөрчлөхгүй бол уул уурхайн бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр борлуулах гаргах, Ерөнхий сайд Хятадын Ерөнхийлөгчтэй уулзаад тэрбум тонн нүүрс гаргана гэж тохирсон, үүнийг авто тээврээр гаргах ямар ч боломжгүй, үүнд төмөр зам гарцаагүй хэрэгтэй. Нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр унаж байгаа үед өртөг зардлыг бууруулах асуудал маш чухал асуудал. Өрсөлдөх чадварын гол зүйл нь энэ байдаг. Тэгэхлээр төмөр замыг яаралтай тавих хэрэгтэй байдаг, гэтэл царигийн асуудлаас болж гацаад байна. Үүнийг нэг мөр болгох нь хэрэгтэй байна.
С.Дэмбэрэл: Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг гэж нэлээд дэвшилттэй зүйл гарсан. Уншиж үзэх хэрэгтэй. Төр давамгайлсан уул уурхайн бодлого илүү либерал болж, хувийн хэвшил, төр хамтын ажиллагаа, төр шууд оролцохгүй байх гэсэн заалтууд оруулж өгсөн. Баримт бичгийн үзэл санаагаар явбал дараагийн хууль сайн гарах ёстой. Өөрсдийн саналыг тодорхой өгөх хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг багасгах асуудал яг одоо эхэлж байна. Оруулж ирж байгаа цаасанд ийм ийм хүндрэл байгаа гэдэг нь харагддаггүй, тэгэхлээр уул уурхайтай холбоотой ямар хүндрэл байна гэдгийг надад бичгээр гаргаж өгөх хэрэгтэй байна. Мэргэжлийн хяналтын тухай хууль 2 удаа буцаагдсан, Олон улсын санхүүгийн корпораци ажиллаж байгаа, нэлээн дэвшилттэй хууль орж байгаа. Мэргэжлийн хяналт бол гол гол салбарууд хүнсний аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны салбаруудад голлон төвлөрөх юм шиг байна лээ. Гэхдээ тэд нарын өөртөө үлдээж байгаа тусгаар зөвшөөрөл нь нэлээд зальтай маягаар үлдээх гэсэн тийм зүйлүүд байсан, жишээлбэл бүтээгдэхүүн гэдэг нэрийн дор. Ашигт малтмалын хуулинд мэргэжлийн хяналтын байцаагчийн үйлдлийг концепцын хувьд байлгах уу үгүй юу, дараа нь тээвэр логистикийн асуудлууд төрөөс баримтлах бодлогын баримт бичигт туссан. Хажуугаар нь Батхүү гишүүн санаачилан, УИХ-ын даргын захирамжаар төрөөс тээвэр логистикийн талаар баримтлах бодлого гэсэн баримт бичиг боловсруулагдсан. Батлагдахад нэг гишүүний гарын үсгийг хүлээгээд байж байна. Түүнчлэн богино хугацаанд зайлшгүй шийдвэрлэх ёстой эдийн засгийн 21 заалт бүхий асуудлууд бэлтгэгдсэн байгаа, үүнд уул уурхай, тусгай зөвшөөрөл, валютын ханшийн эрсдлийн талаар хүртэл асуудлууд орсон, эдгээр нь ээлжит бус чуулганаар орох байх. Урт нэртэй хууль бол үнэхээр гацаа болж байна, гэхдээ улс төр хийхгүй бол энэ гацаанаас амархан гарах боломжтой юм билээ.
н.Эрдэнэбаатар /Уул уурхайн үндэсний олборлогч компани/: Эрдэнэс таван толгойн санхүүжилтын асуудал юу болж байгаа вэ? олон газруудад өртэй, манайх нэг талд нь олборлолт хийж байгаа компани, мөнгөө өгөхгүй байгаа болохоор үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болчихсон. Энэ том төслийн санхүүжилтыг та бүхэн хэрхэн болгоож байдаг юм бол?
С.Дэмбэрэл: Энэ бол зөвхөн уул уурхай гэлтгүй нэлээд олон салбарт хүмүүсийн бухимдлыг төрүүлж байгаа асуудал. Юмаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байна гэсэн үг. Төр өөрөө нүүрс ухахаа болъё, ерөнхий гэрээлэгчийн зарчмаар бусдаар ухуулдаг болъё,бид мөнгийг нь төлдөг болъё гэсэн асуудал зарчмын хувьд орсон. Миний хувьд энэ талын мэдээлэл байхгүй байна, маргааш Ганхуяг сайдтай уулзана, асууж тодруулж өгье.
н.Адъяа/Оюу толгой ХХКомпани/: Манай компаний гол асуудлууд хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулагдаж байгаа боловч ерөнхийдөө сүүлд тогтвортой бус байгуулагдсан ямарваа нэгэн гэрээг өөрчлөх асуудал бүх зүйлийн сонгодог жишээ, бай болоод байна. Манай компаний хувьд уул уурхайн ассоциаци болон бусад холбоодоор дамжуулан бизнесийн хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгахад нэлээд эрчимтэй нөлөөллийн ажлуудыг явуулж байна. 2016 оны сонгууль болоход дахиад энэ орчин өөрчлөгдөх, реформын асуудлууд замхраад алга болох, дахиад тогтвортой бус байдал битгий үүсээсэй, ингэсний үүднээс гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагч нарт төвөгтэй байдал үүсэхээс хамгаалсан нөлөөллийн ажлууд хийгээд явж байна. УИХ д уул уурхайн салбарыг төлөөлсөн ч байдаг юм уу гишүүд лобби бүлэг болж ажиллавал зүгээр байна. Тэгэхгүй ганц ганцаараа дугараад байхгүй, уул уурхайн асуудлуудыг хүчтэй гаргах лобби группийг байгуулах хэрэгтэй байна. Мөн танхим болон бусад бизнесийн холбоод нэгдэн нэг дуугаар санал бодлоо төр засагт хүргэж байх хэрэгтэй байна.
С.Дэмбэрэл: Оюу толгой гэлтгүй бух компани, бүх секторт тогтвортой байдал хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулалтын хуулиар тогтвортой байдал, хоёрдугаарт incentive, гуравдугаарт хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр саналууд сайн хийж өгсөн. Гагцхүү хөрөнгө оруулалтын агент гэж байгуулагдсан, энэ агенттай бид маш сайн хамтран ажиллах ёстой. УИХ дээр лобби групп байгуулах их хэцүү. Бизнес эрхэлж байсан хүмүүс психологийн хувьд бага зэрэг дарамттай байдаг. Харин бизнесийн жаргал зовлонг мэддэг хүмүүс ажлын хэсэгт ороод эрүүл лоббиг хийж болдог юм байна. Хэд хэдэн хуулиуд дээр харагдсан. Танхим бол дотроо лобби байгуулах, бусад холбоодтой хамтран ажиллах хэрэгтэй. Оюу толгой бол энэ чиглэлийн хуулиуд дээр санал өгч хамтран ажиллах хэрэгтэй. Мөн иймэрхүү уулзалтуудыг хийж болно.
Т.Занашир /Тээвэр зуучлагчдын холбоо/: Тээвэр зуучлагч гэдгийг яг зууч гэдэг утгаар нь ойлгож болохгүй юм. Freight forwarder гэдэг нь хүргэлт гэсэн үг, хүргэлтийг зохион байгуулахад маш их маргаан гардаг, цаг хугацаа, замын эрсдэл, тээвэрлэгч, үйлчлүүлэгчийн хоорондын маргааныг зохицуулах шаардлага зайлшгүй гардаг. Үүнийг иргэний хуулиар шийдвэрлүүлэхээр манай үйл ажиллагаатай тохирч өгөхгүй байна. Үүнийг тохируулахын тулд бид хууль боловсруулаад танд өргөн барьсан. Та түүнийг их хурлаар хурдан шийдүүлээд өгөөч гэж хүсэх гэсэн юм. Энэ хууль бол тээвэрлэгч, зуучлагчдын үүргүүдийг хооронд нь ялгаж өгсөн хууль, үйл ажиллагааг зохицуулсан хууль. Хууль батлуулахаар аль нэг төрийн байгууллагын харъяанд оруулах гээд байдаг, гэхдээ манай энэ хууль бол зөвхөн оролцогч талуудын үйл ажиллагааг зохицуулж өгсөн хууль юм.
С.Дэмбэрэл: Энэ чуулганаар өргөн барина. Сая боомтын хуулинд нэлээд том концепци орсон. Хууль батлагдаад хэний харъяанд байх уу гэдэг асуудал маш их яригдсан. Боомтын хуулинд янз бүрийн үзэл баримтлал гарч ирсэн, худалдааг хөнгөвчлөх асуудал, цахим нэг цонхны асуудал, бар кодны асуудал орж өгсөн байгаа, бизнесийнхний саналыг авсан хуулиуд маш сайн гарч байгаа. Санал өгөөгүй, мэдээгүй хуулиуд байсан их гарч байна, бизнесийн салбарыг эрүүдэх хүртэл заалтууд явж байдаг, даатгалын хууль яригдаж байхад нийгмийн хамгааллын яаман дээр яригдаж байхад тэнд даатгалын компаниуд мэдээгүй байх жишээтэй. Танхимын веб сайт дээр багц хуулиуд байгаа, хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, эрүүгийн хуулийн бүхэл бүтэн ном орж ирсэн, үүнд үнэт цаас хувийн өмчтэй холбоотой асуудлууд байгаа түүнийг сайн унших ёстой, хуульч гарган уншуулж санал өгөх ёстой. Бид маш сайн хамтран ажиллаж байж засагт саналаа өгөх ёстой. /Ордон дээр дуудаж байгаа тул би ингээд явъя, та бүхэн манай танхимын нэгдсэн бодлогын асуудлыг хариуцсан хүмүүст саналаа өгөөрэй/.
н.Дамба : Дэмбэрэл даргын хэлж байгаагаар манай оронд л ийм байгаа болохоос биш гадаад орнуудад Танхимаар дамжуулан лобби хийж санал гаргаж дэмжүүлэх ажил сайн хийгддэг. Олон улсын жишгээр явъя гэж бодож байгаа бол санал бодлоо нэгтгэх хэрэгтэй. Эрдэс баялагийн баримт бичгийг хэлэлцэх үед их хурлын гишүүд 50, 50 хувь юм билээ, зарим хэсэг нь бизнесийг үзэн яддаг, юм л бол хааж боох юм тавьдаг, харин зарим хэсэг нь үнэхээр бизнесийг дэмждэг, ойлгодог хүмүүс байна. Байгаль орчныг хамгаална, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярьж байгаа ч Монгол улс аялал жуулчлалаар хөгжихгүй, үзүүлэх зүйлгүй, дэд бүтцийн асуудал хэцүү. Бүлэг байгуулах асуудлыг Танхимд санаандаа авах байх. Бид эрдэс баялагийн бодлогын баримт бичигт арбитрын байгууллагатай байх асуудлыг оруулж өгсөн, юм л бол шүүхэд дуудагддаг асуудал байна. Ялангуяа тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг авч үзэхэд дандаа л төрийн албан хаагчийн буруу булхайтай асуудлаас болж үүссэн байдаг. Иймд арбитрын байгууллагатай байх шаардлагатай байна. Эрдэс баялагийн баримт бичгийг нэг бүрчлэн сайн унших хэрэгтэй, зарим нэг үг хэллэгийг битүү утгаар оруулж өгсөн байгаа. Тэгэхгүй бол үг үсгийг эсрэгээр нь мушгих гээд хэцүү байдаг. Нөгөө нэг зүйл нь ашигт малтмалын хуулийг олон нийтээр өргөн хэлэлцүүлэх нь нэг талаар зөв боловч нөгөө олон эх орончдын эсэргүүцэл хүчтэй орж ирдэг. Манай бизнес эрхлэгчид өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэж чаддаггүй, мохоо, бүрэг , амиа бодсон гэдэг юм уу тийм байдаг. Гэхдээ төрийн дарамт их байдаг болохоор том компаниуд дуугарч чаддаггүй жишээ байдаг.
Ч.Нэргүй /МҮХАҮТ, НБТЗГазар/: Лобби бүлгийн хувьд Танхим бодоогүй биш бодож байгаа. Их хуралд бизнес эрхлэдэг байсан 30 гаруй гишүүд бий. Эдгээр гишүүдтэй бид уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Эдгээр хүмүстэй хуулийг зөв зүйтэй боловсруулах, батлуулах тал дээр хамтран ажиллана. Дуугүй байхгүй гэдэг үүднээс татварын хуулиуд, бизнесийн дарамтууд, валютын ханшийн өөрчлөлт зэргээр хохирсон компаниудын алдагдал хохирлыг барагдуулах талаар шүүхэд хандах, болохгүй бол эхний улиралд багтаан бизнесийхний том жагсаал хийе гэх мэтээр саналууд бодоод явж байна. Нэг улирал татвар төлөхгүй байхад улс орны төсөв дампуурна, ийм байхад яагаад бизнесийнхнийг сонсохгүй байна гэсэн шаардлагаар жагсаал цуглаан хийхэд буруудахгүй гэж Танхимын зөвлөл, тэргүүлэгчдийн хурлаар ярилцаж байна. Арбитрын хувьд арбитрын тухай хууль байдаг, аль ч улсын Танхимын тухай хуульд хажуудаа арбитр, гарал үүсэл, экспертизийн үйлчилгээг хамт авч явна гэсэн заалт байдаг. Манай арбитрын хувьд олон улсын ба үндэсний арбитр гээд цар хүрээ нь өргөжсөн. Манай бизнесийнхэн өөрсдөө арбитрыг сайн ойлгодоггүй, хэрэглэж чаддаггүй. Гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлнэ гээд заагаад өгсөн байхад тэр асуудал арбитрт богино хугацаанд, зардал багатай шийдүүлэх боломжтой, арбитрын шийдвэр эцсийн шийдвэр болдог, давж заалдах асуудал байхгүй. Арбитрт хандаад ялангуяа уул уурхайн олон асуудлыг шийдвэрлэхэд бид бэлэн байгаа. Манай арбитрт Монгол улсын тэргүүлэх 60 гаруй арбитрч байдаг, талууд өөрсдөө арбитрчаа сонгох эрхтэй, боломж байгаа. Өөр асуудал байна уу?
н.Гэрэлт од /уул уурхайн үндэсний олборлогч/: Уул уурхайн салбарт шинэ үе гарч ирж байна. Уул уурхайн салбарт гэрээлэн олборлогч компани үүсээд үйл ажиллагаа нь хэвшээд явж байдаг ч гэрээлэн олборлогч гэдэг үг аль ч хуулинд байхгүй, үүнээс шалтгаалан гэрээлэн олборлогч, лиценз эзэмшигч хоёрын хоорондын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн баримт бичиг байдаггүй. Ашигт малтмалын хуулинд лиценз эзэмшигч баяжуулах буюу олборлолт хийнэ гэсэн заалт байдаг. Ямар нэг асуудал гарахад гэрээлэн олборлогч нь унахад бэлэн байдаг. Тийм учраас хуулийн нэршилд оруулж өгөх хэрэгтэй байх. Нүүрсний үнэ унаад байгаа учраас зардлыг багасгахын тулд том тоног төхөөрөмж авах шаардлагатай байдаг, энэ тал дээр төр засгаас туслах хэрэгтэй байх.
Б.Тэлэнгэд /Монложистик Ворлдвайд ХХК/: Манай улсад худалдааны хууль гэж байдаггүй учраас худалдаа нь замбараагүй болсон. Ганзагын наймаачид бүгдээс зайлсхийж зугтаж болно, татвар мөнгөнөөс зугтдаг, худалдааны хууль тодорхойгүй учраас дурын худалдааны компаниуд тээвэр зууч хийгээд байна. Олон улсын практикт тийм зүйл байдаггүй. Энэ намар 30-40 худалдааны жижиг компаниуд яаман дээр очоод тээвэр зуучийн гэрчилгээ аваад явж байна. Тээвэр зуучийн үйл ажиллагаа бол тодорхой дүрмээр явагддаг. Мөн өнгөрсөн жил шинэчлэлийн засгийн газар мэргэжлийн хяналтын гол эрх үүргийг гааль руу шилжүүлнэ гэж ярьж байсан боловч одоо мэргэжлийн хяналтын тусдаа хууль гарч байгаа юм байна. Гаалиас дээр гааль гэж байдаггүй, гэтэл мэргэжлийн хяналт бол гаалиас дээр гарчихсан 1990 оны дунд үеийн гааль шиг л болсон байна.
Ч.Нэргүй /НБТЗГазар/: Өмнөх Засгийн газарт худалдааны зохицуулалтын тухай хууль гэж яригдаж байсан. Гэтэл одоо алга болсон, Танхим энэ худалдааны хуулийг санаачилаад өргөн барина гэж бодож байгаа. Та бүхэн энэ хуулинд бас саналаа өгч болно. Засгийн газраас гурван ажлын хэсэг байгуулсан. Нэг дэх нь бизнесийн орчинг сайжруулах талаар санал боловсруулах ажлын хэсэг, тусгай зөвшөөрлүүдийг багасгах талаар санал боловсруулах ажлын хэсэг, гурав дах нь мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрчлөх талаар санал боловсруулах ажлын хэсэг гэсэн. Энэ нь мэргэжлийн хяналтын газруудын үүргийг тодорхой яамдуудад хуваарилан өгөх талаар ажлууд хийгдэж байна.
Ц.Мөнхбаатар /БЛС ХХК , Ерөнхий менежер /: Гаалийн хуультай холбоотой нэг санал хэлэх гэсэн юм. Одоогийн байдлаар гаалийн татварыг бүтээгдэхүүний өөрийн өртөг дээр улсын хил хүртэл тээвэрлэсэн тээврийн зардлыг нэмсэн дүнгээс тооцож авдаг. Гэтэл манай уул уурхайн компаниуд өндөр хөгжилтэй Америк, Канад зэрэг улсаас авах хүсэлтэй байдаг, тээврийн зардал нь өндөр гарна. Бүтээгдэхүүний үнэ нь өөрөө өндөр байхад дээрээс нь тээврийн зардлаас татвар авах нь хүндрэлтэй санагддаг. Тиймээс тээврийн зардлаас гааль боддог асуудлыг болиулах тал дээр санал өгөх хэрэгтэй байна.
Ч.Нэргүй: Өөр санал байхгүй бол ингээд хурлаа дуусгая. Бичгээр хэзээд саналаа өгч болн. Танхимд хаяглаад явулахад бид саналыг хүлээн авч холбогдох газруудад явуулахад бэлэн байгаа. Та бүхнийг хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Хурлаас гарсан саналууд:
Бичгээр өгсөн саналууд:
2014 оны 2 сарын 11 өдөр, 16.00 цагт дуусав.
МҮХАҮТанхим, 404 тоот хурлын өрөө
Протокол хөтөлсөн: Б.Батчимэг /ЗКЛХ-Ахлах мэргэжилтэн/
Tweet