УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 12 сарын 25-ны хуралдааны тэмдэглэлээс:
Хэлэлцсэн асуудал: “Ус болон уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр БОНХЯамны 2013 оны жилийн төсөв, үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх тайлан”
С.Дэмбэрэл: С.Оюун сайдаас биш орлогч сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, хэлтсийн дарга нараас асуух асуулт байна.
1. Яг энэ 2013 онд та нар өөрсдөө санаачлаад хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа ганц, ганц ажлуудаа товчхон, товчхон хэлээд өгнө үү.
2. Санхүүжилтийн талаар А.Бакей гишүүн хөндөж байна. Тэр санхүүжилт чинь үнэхээр бага байна. Ерөнхий чиг үүргийн яамны хийж байгаа болон хийх ёстой үйл ажиллагаанд огт хүрэлцэхгүй санхүүжилт байна. Үүнийг шулуухан, түс тас хэлчихмээр байна. Санхүүжилт чинь хүрдэггүй юм байна. Угаасаа, түүхээрээ Байгаль Орчны Яамны санхүүжилт дандаа үлдэгдлийн зарчмаар явж байна. Энэ хандлага өнөөдөр ч огт арилаагүй байна. Тэр тусмаа байгаль орчны асуудал дээр Ногоон хөгжил гэдэг асуудлаар санхүүжилтийг нэмэгдүүлэх, ялангуяа манай байнгын хорооноос болон Төсвийн байнгын хорооноос дэмжлэг аваад, 2014 оны санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар юу хийх вэ? Тухайлбал, агаарын бохирдлын асуудалд 20-хон тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Монгол улс чинь агаарынхаа бохирдлыг Мянганы хөгжлийн санд даалгачихсан биш шүү дээ. Бид өөрсдөө шийдвэрлэх ажил хийх ёстой. Ингэхийн тулд мөнгө, төсөв хэрэгтэй. Хамгийн энгийн тооцоогоор үзэхэд л 20 тэрбум байтугай, 200 тэрбум шаардлагатай. Ийм тохиолдолд яаж санхүүжилтийг нэмэгдүүлэх вэ? гэдэг асуудал тулгараад байна.
3. Сүүлийн үед Хөгжлийн банк нь “Хөгжлийн сан нэртэй хогийн сав” болох гээд байна. Концессийн үйл ажиллагаа нь хэн ч хийдэггүй, төр хийхээс залхуурдаг тийм ажлуудаа шиддэг бас нэг хогийн сав болох гээд байна. Тэгсэн мөртлөө концесс нь хувийн хэвшлийнхний итгэлийг алдчихсан, мөнгөө төлдөггүй, тодорхой биш, гэрээний сахилга бат байхгүй байна. Ийм тохиолдолд концессоор юм хийлгэх гээд асуудал шийдэгдэхгүй. Тийм учраас концессоор шийдүүлчихье гээд байгаа зүйлүүдийнхээ санхүүжилтүүдийг нэмээд, 2014 оны санхүүжилтийг төсөвт тусгах талаар юм хийж болдоггүй юм уу гэсэн санал маягийн асуулт байна.
4. Байгаль орчны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нь ороод Ерөнхий сайд нь ахалдаг Тогтвортой хөгжлийн үндэсний хороо байгууллагдаад бүтэн жил боллоо. Үүнийг санаачлаад, байгуулуулаад, анхны хуралдаанд нь оролцсоноос хойш хэдэн сар өнгөрлөө. Энэ чиглэлээр 2014 онд дорвитой өөрчлөлт хийх ямар нэгэн зүйлийг БОНХЯ-аас төлөвлөгдөж байна уу?
Б.Тулга /БОНХЯ-ны дэд сайд/ : Маш товчоор нэг л ажлыг нэрлэе. НҮБ-ын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын бусад 4 байгууллагатай хамтраад PAGE гэдэг хөтөлбөрийг зарласан байгаа. Тэр хөтөлбөрийн зорилго нь 2020 он гэхэд 30 орчим улсыг Ногоон эдийн засгийн загвар улс болгоё гэж зорьж байгаа. Бүх үйл ажиллагаагаа тухайн сонгосон улс орнууд руугаа чиглүүлэх санаачлага гаргасан. Энэ санаачлагад Монгол улсыг бол хамгийн анхны 7 улсын нэгээр бүртгүүлэхэд голлон хичээж ажилласан.
Ж.Батболд /БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/: Нэлээд олон ажлууд дээр ажилласан. Төр хувийн хэвшлийн түншлэлийг байгаль орчны салбарт бий болгоё гэдэг дээр анхаарч, энэ ажлыг 5 сараас эхлээд, 11 сард үндэсний чуулган хийж дуусгасан байгаа. Одоо бид нарын өмнө нэлээд олон ажил байгаа. Төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, зөвшөөрөл лицензүүдийг цэгцлэх, түншлэлийн жагсаалтуудаа бий болгох гэх мэтчилэн хууль эрх зүйн өөрчлөлт гээд энэ ажлыг С.Оюун сайдын тушаалаар дахин ажлын хэсэг гараад, би ахалж ажиллаж байгаа.
Газрын дарга Банзрагч: Ойн талаар хийсэн сайдын дурдсан бүх ажлууд манай хэлтсээр орсны дотор, яг өөрийн санаачлагаар хийсэн зүйл гэвэл ойжилтийн аж ахуйн арга хэмжээнд хувийн хэвшлийг оруулах зорилгоор таримал ойг худалдаж авах, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг асуудлыг санаачилж боловсруулсан.
Газрын дарга Оюунсувд: Усны нөөцийн чиглэлээр 2013 онд нэлээн хэдэн ажил хийсэн. Яг өөрөө сэтгэл хангалуун байгаа ажлаа нэрлэе. 1964оноос хойш улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоогоод, тухайн үедээ газрын зурагт нарийн тэмдэглэгдэж чаддаггүй байсан бүх зураглалуудыг архиваас авч, дижитал зурагболгон хувиргаад газрын зурагт буулгаж, Монгол орны усны нөөцийг тогтоогдсон газрын зургийг хийсэн. Үүндээ их сэтгэл хангалуун байгаа.
Газрын дарга Дашдаваа: Тусгай хамгаалттай газрын сүлжээний хүрээнд олон ажил хийсэн. Тэр дотроос бид нарын хувьд өөрсдөө санаачилж хийсэн ажлыг сайд хэллээ. Засгийн газрын хөтөлбөрт орсон тусгай хамгаалттай газар нутагт аялал жуучлалыг хөгжүүлэх ажлыг цэгцтэй болгож явья гэсэн санааны хүрээнд “Тусгай хамгаалттай газарт байрлах эко гэр сууц үйлчилгээнд тавигдах стандарт”-ыг боловруулж саяхан батлуулсан. 2014 оноос стандартын шаардлагыг тавиад, хэрэгжилтийг нь хангуулах боломж бүрдэж байгаа гэж үзэж байна.
С.Оюун: 2012 оны сүүлээр С.Дэмбэрэл дарга бас яг энэ асуудлыг бидэнд тавьж байсан. “Сайдаа, мөнгө төгрөгөө хөөцөлдөхгүй юм уу? мөнгөгүйгээр яаж ажлаа хийх гэж байгаа юм бэ?” гээд асууж байсныгаа дахин сануулж байна. 2014 оны төсөв үнэхээр бага орлоготой байхаар байгаа учраас “та нар ямар нэгэн байдлаар төсвөө нэмж болохгүй” гэж Засгийн газраас бүх салбарууддаа даалгавар өгсөн учраас бид ч төсвөө олигтой нэмээгүй. Гэхдээ Дагвадорж гуайн хэлсэнчлэн, олон улсын байгууллагуудаас ямар нэгэн санхүүгийн дэмжлэгийг ирэх 3 жилийн хугацаанд нэлээд авахаар байгаа. Монгол улс одоо ядуу буурай орон биш, дунд орлоготой орон болчихсон учраас буцалтгүй тусламж тэр болгон ирэхгүй байгаа. Харин Байгаль орчны салбарт хамтран ажиллах боломж бас нэлээд байгаа. Дагвадорж гуайн төслүүдээс гадна Германы KFWбанкнаас буцалтгүй санхүүжилтээр 11 сая евро, дээрээс нь улсын төсөвт жил болгон үүний Монголын талын санхүүжилт гээд 20% нь сууж байгаа. Тусгай хамгаалттай газар нутагт дэмжих хөрөнгө оруулалт хийх гээд нийтдээ 11 сая гэдэг чинь 5 жилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар ийм төсөл эхэлж байгаа юм. Тэрний 20% нь жил бүр улсын төсөвт сууж байгаа. Ирэх жил бид ойн тооллогыг олон улсын стандартын хүрээнд ШУ-ы үндэстэйгээр анх удаа хийх юм. Тэрэнд 3 орчим сая ам.долларыг JST-ээс гаргуулж байгаа. Төсөвт 1 тэрбум төгрөг суусан. Хүн амын тооллогыг 10 жилдээ нэг хийдэг шиг энэ улс даяар ойн тооллого хийж, нүүрстөрөгчийг шингээх чадварын талаар болон бусад олон үзүүлэлтүүдийг нь хэмжих тооллого ирэх жил хийгдэх юм. Энэ тооллого хийгдсэний дараа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах боломж бий болох юм. 2015 онд төсвөө өөр маягаар боловсруулахыг хичээнэ. Дашрамд хэлэхэд орон нутагт байгаль орчны чиглэлээр нэлээд төсөв хуваарилагдаж байгаа. Үйлдвэрлэл явагдах юм бол тэрнээс орох орлого нь шууд орон нутгийнхаа төсөвт нэмэгдэх шаардлагатай. Тэр үйлдвэрлэлийг нөхөөд байгаль хамгаалахад зарцуулах ёстой.
Тогтвортой хөгжлийн Үндэсний зөвлөлийн талаар С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Ногоон Хөгжлийн үзэл баримтлал 2014 оны 1-р сард батлагдчихвал, Тогтвортой хөгжлийн Үндэсний зөвлөлөө Ногоон Хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гол бүтэц болгож авах бодолтой байна. Учир нь салбар хоорондын зохицуулга маш их байгаа. Учир нь Ногоон хөгжилд зөвхөн манай яам биш, бүх салбарууд хамрагдаж байгаа учраас Ерөнхий сайдаар ахлуулсан Тогтвортой хөгжлийн Үндэсний зөвлөл дээрээ л Ногоон Хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, асуудлуудаа шийдвэрлүүлдэг болох нь зөв гэж үзэж байгаа. Бас Мянганы хөгжлийн зорилтууд нь 2015 оноос Тогтвортой хөгжлийн зорилтууд болно. Тэрийг манай улс Ногоон хөгжлийн зорилтуудаа шинээр боловсруулахад ашиглах нь зөв гэж үзэж байгаа
Tweet