“Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн 2014 оны 01 сарын 10-ны УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс:
С.Дэмбэрэл: - Бид нэг юм хийх болохоороо Засгийн газарт үүрэг өгдөг. Засгийн газар нь сайн, муу нэг зүйл хийгээд ирдэг. Тэрийг нь бид засна. Эцэст нь бас нэг хэрэгждэггүй хөтөлбөрүүд гараад ирдэг. Урт хугацааны хөтөлбөр гэхээрээ хэдэн жилээр байх юм бэ? Лав, 2050 он биш. 2030 он гэвэл энэ хамгийн их төсөөлж болох хугацаа. УИХ-ын даргын захирамжаар, бүх улс төрийн намуудын төлөөлөл орсон, мэргэжлийн түвшинд, Монгол улсыг хэрхэн хөгжүүлэх талаар бичиг баримт боловсруулахын тулд, бид юуны өмнө өнөөдрийн дэлхий нийтийн чиг хандлага болоод байгаа ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ийн тухай ярих хэрэгтэй болно. 1992 онд анх энэ тухай яриа гараад, дараа нь сейфэнд ороод мартагдчихсан. “Үндэсний хөгжлийн цогц бодлого нь болохоор хэт тунхаглалын шинж чанартай, хэмжиж болдоггүй, тодорхой бус, бүтцийн хувьд хэт ерөнхий зүйл болсон. Энэ бүх талаас нь харж байгаад, “2030 он хүртэлх Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлого” гэсэн баримт бичиг байвал оновчтой юм болов уу гэсэн бодол байна. Тогтвортой хөгжлийн Эдийн засаг, Нийгэм, Байгаль орчин гэсэн 3 үндсэн тулгуур бий. Тэр нь аяндаа хөгжлийн бодлогын маань бүтэц болчихно. Энэ баримт бичгийн олон үр хөврөлүүдийг энд тэндхийн байнгын хороон дээр нэг нэгээр нь яриад, батлаад л байна. “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” батлагдах гэж байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Хөгжлийн төлөвлөлт” гээд л ороод ирнэ. НХХАХЯ-аас “Хүний хөгжил” гэсэн бас нэг бичиг ороод ирчихсэн л байна. Бичиг баримтууд бол үнэндээ хангалттай байна. Тиймээс энэ бүхнийг нэгтгээд, Засгийн газраас хамаардаггүй, цаг алдаж хүлээдэггүй, Улс төрийн намууд, УИХ-ын гишүүдийнхээ мэдлэг, чадвар, арга туршлагыг аваад, мэргэжлийн туслалцаа үзүүлэх баг, эрдэмтэн судлаачдыг оролцуулан ажиллаж, бусдын бичсэн зүйл дээр засч суух биш, өөрсдөө голлож суугаад бүтээх хэрэгтэй. Олон хуудастай нуршуу зүйл биш, хэмжиж болохуйц, үйл ажиллагааны удирдамж байж чадахуйц, уян хатан хэрэгжих бүтээл боловсруулан гаргах хэрэгтэй. Энэ ажилд би хувьдаа цаашид бусад нөхдүүдтэйгээ, тухайлбал Ардчилсан Нам, Ардын нам, “Шударга ёс” эвслийнхэний аль алиных нь оюун ухаан, мэдлэг чадварын хандив, туслалцааг авч, хамтран ажиллахад бэлэн байна. Цомхон, бодит, хэмжиж болохуйц, хэт нарийвчлан зааварчлаагүй, 2030 он хүртэлх хөгжлийн төсөөлөлийг бий болгосон зүйлийг томьёолон бичихэд боломжтой гэж бодож байна. Жишээлбэл, энэ уул уурхайн асуудал байна. Зарим нь Монгол улс Чили шиг байх ёстой л гэнэ. Зарим нь Кувейт шиг болно ч гэж ярьж байх шиг. Энэ бүхний үндсийг өнөөдөр тавиад, орчихоод л явж байна. Эрдэс баялгын салбарт баримтлах бодлогод хүртэл концефцийн шинж чанартай зүйл орчихсон л байгаа. Энэ бүхнийгээ л нэгтгэж боловсруулсан нэг зүйл хиймээр байна.
Tweet