12 дугаар сарын 16-ны Даваа гарагт 14.00 цагаас “Б” танхимд болсон “Валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулах” үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээс:
С.Дэмбэрэл: - Байнгын хорооны тогтоол гарахдаа ерөнхийдөө эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх гэсэн утгаар л гарчиг нь өгөгдсөн. Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ гэж гараагүй. Өсөлтийг эрчимжүүлнэ гэсэн ойлголт ч байхаа больсоор 20 жил болж байна.
Тэгэхээр, нэгдүгээрт байгаа нэрээрээ л хэлэлцээд явъя. Нэрэндээ, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, гадаад валютын ханшны удирдлагын талаар авах арга хэмжээний талаар л тогтоолын эх бэлд гэсэн. Ханшыг бид удирдах талаар л явж байгаа. Ханшны хэт өсөлт, ханш бууруулах, ханшын удирдлагыг сайжруулах талаар ч гэдэг юм уу ийм зүйлээр бид ажиллаагүй.
Хоёрдугаарт, Зоригоогын хэлсэн 5 саналыг ерөнхийд нь би дэмжиж байна. Гэхдээ яаж томъёолж оруулах вэ гэдэг асуудал байна. Үүнийгээ их зөв томъёолж оруулах хэрэгтэй.
Гуравдугаарт, энэ дотор дунд хугацааны зорилтууд орж байна. Энэ дунд хугацааны 32 зорилтуудыг бүгдийг хасъя. Тэр дундаасаа авч, шууд урагүлуулж, богино хугацааны зорилтондоо оруулж болох, ойрын хугацаанд хэрэгжүүлэхүйц тийм юмнуудыг нь л авч үлдээе. Тийм үйлдвэр байгуулна, тэгнэ ингэнэ гэсэн зүйлсийг л үлдээх хэрэгтэй. Энэ чинь засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд орсон, зарим нь бүр 2014 оны мөнгөний бодлогод орчихсон тийм зүйлс. Тийм учраас нэг нэгээр нь хөөж уншаад л, хасах хасахгүй гээдгийг шийдээд явмаар байна.
Дөрөвдүгээрт, энэ дээр экспортыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэр, жижиг дунд бизнесийг дэмжих тэр чиглэлийн зүйлүүд ерөнхийдөө зөвхөн уул уурхайн экспорт дээр орчихсон байна. Экспортын санхүүжилтын заалтан дээр ганцхан тоног төхөөрөмжийн заалт л орсон байна. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яамнаас экспортын хөтөлбөр батлагдчихсан байгаа. Энэ дундаасаа онцгойлж авч үзэх зүйл буюу ойрын хугацаанд хэрэгжүүлэх асуудал нь бол уул уурхайн бус экспортын идэвхжлийг яаж сайжруулах вэ, ялангуяа санхүүжилтийн асуудлуудыг яаж шийдэх гэдэг асуудал юм. 2014 оны мөнгөний бодлогод бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн дэмжиж ажиллана гээд биччихсэн байгаа. Тэгэхээр, энэ 2-ыг уялдуулаад, экспорт ба жижиг, дунд бизнесийн идэвхжлийг ойрын хугацаанд нэмэгдүүлэх талаар Төв банк, Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, тэгээд хувийн хэвшлийн төлөөлөл гэсэн энэ байгууллагуудын нэрийг энэ дотроо дурьдаж, оруулж өгмөөр байна.
Дараа нь, машин зэрэг тодорхой зарим юмны импортыг багасгаж, валютын гадагш гарах урсгалыг багасгах талаар тодорхой заалтууд орсон байна. Капиталын хяналтыг хэлээгүй л дээ. Ерөнхийдөө эрэлтийг багасгах чиглэлээр л зүйлүүд орсон. Хэрэв машин тэргийг оруулахаар бол бодох зүйлүүд бас бий. Улаанбаатарт явж байгаа 160 мянган автомашины 50% нь амь амьжиргаагаа авч яваа, хувиараа ажиллаж амьдралаа залгуулдаг хүмүүсийн машин байгаа. Энэ бол Улаанбаатарыг асар их бохирдуулна гэхээсээ гадна, ерөнхийдөө эдгээр машины насжилт нь өндөр машинууд л байгаа. Энэ тохиолдолд ийм машин оруулж ирэх эрэлт яаж зогсох юм бэ гээд, тэр талаас нь тодорхой заалт оруулж өгөхгүй бол бас нэг эвгүй юм руу оруулчихаж магадгүй тийм заалт бас байна. Энийг анхаармаар байна.
Түрүүн ярьсан, одоо гадуур татварын төлөвлөгөө биелүүлэх гэж довтолгоо хийгдэж байна. Өнөөдрийн сонин дээр харахад, 13.5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүллээ гээл бичсэн байгаа. 10 сая долларын төлөө эдийн засгийг улам бүр нуугдмал байдалд оруулж байна. Үүнийг ерөөсөө зогсоох ёстой. Өөрөөр хэлбэл, бид эдийн засгийн идэвхжлийг хангах гэж байгаа юм бол эдийн засгийн идэвхжлийг нурааж байгаа энэ төр засгийн үйлдлийг, зөвхөн төлөвлөгөөг оны өмнө аятайхан биелүүлчих гэж зүтгэдэг, биелүүлэхгүй юмаа гэхэд нилээд өндөр гаргахын төлөө гаргаж байгаа ямар ч уялдаагүй энэ бодлогын эсрэг ямар нэгэн зүйл тавьж өгөх хэрэгтэй. 2005 оноос хойш ийм их мөнгө нуугаагүй л байх. Энэ чинь татвар дээр нь нэмээд татварын торгууль, алданга гэж тооцоод ирэхээр нугараад, энэ чинь үндсэн өрнөөсөө ихэсчихсэн байгаа хэрэг шүү дээ. Үүнийг бол татварын ерөнхий газрыхан хүлээн зөвшөөрөхгүй, бид хуулийн дагуу явж байна гэж тайлбарлаж байна. Хуулийн дагуу явж байгаа юм бол, яагаад хэдэн жил хуулиа биелүүлээгүй байж энэ жил биелүүлэх гээд зүтгээд байгаа юм бэ? Энэ дээр бид их онцгой анхаарч, энэ түрэмгийлэлийг зогсоохгүй бол их эвгүй юм болох шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ эдийн засгийн идэвхжилийг нураах, хамгийн гол нь эгэл жирийн иргэд, өөрийнхөө болон гэр бүлийнхээ амьдралыг болгох гээд зүтгэж яваа тэр мянга мянган хүмүүсийн бизнесийг нураах ийм нэг аюул нүүрлээд байна. Тийм учраас энэ хэт төрсөг хандлагаас бушуухан зугатаамаар байна.
Энд бас нэг баахан юмнууд байна. “Экспортыг дэмжих замаар гадаад валютын орох...” гэхчилэн олон зүйл байна. Энэ хэсгийн гарчгыг нь л үлдээе. Гэхдээ эндээс яг авах юмнуудаа л оруулъя. Давтагдсан юмнууд зөндөө их байна. Эрдэс баялагын салбарт баримтлах тэр бодлого зэргээс ганц нэг санаануудыг шууд авч, мөн тэр яаралтай хийх хэрэгтэй байгаа санаануудыг тусгаж болно. Дээр нь нэмэх саналуудын хувьд гэвэл надад 5-6 санал байна. Тэднийгээ би уншчихъя.
<>5.Хөгжлийн банкны асуудлаар энд орсон байна л даа. Гэхдээ сүүлийн үед Хөгжлийн банкыг системийнх нь нэг хэсэг болгох эсэх дээр бид бас нэлээд ярилцаад байгаа. Жишээлбэл, Эдийн засгийн байнгын хорооны протоколоор, үүнийг хэлэлцэнэ гээд заагдчихсан байгаа. Одоогоор Хөгжлийн банк валютыг худалдаж аваад байгаа. Тэгэхээр одоо яг ийм байдлаар цаашаа яваад байх уу, энэ банк системийнхээ гадуур ажиллаад байх уу гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл банкны системийнхээ интеграли хэсэг нь болохгүй яваад байх юм уу, боллоо гэхэд ямар нөхцөлтэйгээр сисдемдээ орох вэ гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк чинь бусдаасаа шал өөр банк шүү дээ. Шаардагдах шаардлагууд нь ч өөр байгаа. Тэгэхээр энэ талын заалтыг бас оруулж өгөх хэрэгтэй гэсэн иймэрхүү нэг хэдэн саналууд байна.
Tweet