УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавьжээ. Тус асуулгыг дор бүрэн эхээр тавьсан бөгөөд хуулинд заасан ёсоор УИХ-ын гишүүний асуулгад 30 хоногын дотор хариу өгөх ёстой юм байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОРОВЫН АЛТАНХУЯГ ТАНАА
Асуулга тавих тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Танд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:
-
Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийг хэзээ, ямар аргаар хувьчлах гэж байгаа вэ?
-
2012 онд Засгийн газрын тогтоолоор хувийн компаниуд шилэн кабелийн сүлжээ байгуулах ажлыг зогсоосон нь мэдээлэл, харилцаа холбооны салбарт шударга өрсөлдөөн өрнөхийг боомилсон шийдвэр болсон байна. Энэ алдааг засах чиглэлээр бодлогын ямар арга хэмжээ төлөвлөж байна вэ?
-
МХС ТӨК-д хэрэгжсэн гадаадын зээл тусламжийн төсөл, хөтөлбөрийн үр дүн болон өр төлбөрийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
-
Ази – Европын хооронд мэдээллийн транзит урсгал ашиглан, үйлчилгээний экспорт хөгжүүлэх талаар Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй бодлогын талаар хэлж өгнө үү? (Энэ нь экспортыг солонгоруулах ажлын салшгүй хэсэг байх учиртай.)
-
Транзит бизнесийн салбарт үндэсний компаниудыг дэмжих, уг бизнест хэрэглэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, транзит бизнес явж буй газрыг тусгайлан анхаарах чиглэлээр бодлогын ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.
Хүндэтгэсэн,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ДЭМБЭРЭЛ