12 дугаар сарын 10-ны Мягмар гарагт “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах” үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээс:
С.Дэмбэрэл: - За, Үндсэн хуулийг бараг л бүтнээр нь уншиж үзээгүй хүн ярих гэж байна. Унших нь уншсан боловч, бүтэн уншиж мэдсэн гэж хэлж чадахгүй л дээ. Энд “эцсийн тайлангийн бүтэц” гээд нэг аятайхан зүйл байх юм. Би сая лавлаад асуусан чинь хийгдэж байгаа зүйл юм байна. Тус тусдаа хийгээд, базаж нийлүүлэх ажил нь дутуу, ийм бүтээгдхүүн гарч байгаа юм байна. А.Бакей бас сая англи хэл дээрх нэг бүтээл бас сонирхуулж байна. Ингээд 2 ч бүтээл гарчээ. Энэ ажлын хэсэг маань Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх болон тийм шаардлага байгаа эсэхийг тодруулах ёстой. Одоо хамгийн эхнийхээ асуултанд хариулах ёстой. Шаардлагатай юм уу, үгүй юу? Сая ерөнхийлөгч энэ ажлын хэсгийг байгуулагдах гэж бүтэн жил болж байгааг зарласан. Бүтэн жил! Их удаж байна гэдгийг анхааруулж байгаа хэрэг. Би үүнтэй санал нэг байна. Түргэтгэх хэрэгтэй. Бидэнд бэлэн бүтээгдхүүнүүд байна. Миний сайн таньдаг, чадвартай хуульчид энд сууж байна. Энэ хүмүүсээс юм гарна гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ УИХ-ын гишүүдийн дунд өөр өөр бодол бас байна. Жишээлбэл, С.Баярцогт гишүүн “Өмнө нь оруулсан 11 өөрчлөлтийн 7-д нь би хүргэхгүй шүү, маш зөв өөрчлөлтүүд болсон” гэж өнөө өглөө мэдэгдэж байна билээ. Тэгэхээр энэ мэтчилэн зарим зөрүүтэй, өөр саналууд ч бий, бас гарч ирнэ. Бид наад зах нь 2 хувилбар бэлтгэх ёстой. 3-4 гээд хэдэн ч хувилбар гарч мэднэ. Энд байгаа бүтээгдхүүнүүдээс харахад урьдчилсан байдлаар зарим зүйл заалт дээр хувилбарууд гарчихсан байна. “Өөрчлөлтийн хувилбарууд” гэж байгааг би зөв ойлгож байна уу? Энэ чинь өөрөө өөрчлөлт хийх шаардлагыг харуулж байгаа юм. Тэгэхээр үүнийгээ хурдавчилъя. Үүнийг нэгтгэх ажлаа түргэтгээд, тэгээд тэр нэгдсэн хувилбар дээрээ ярилцъя. Бидний шийдвэр гаргах зүйл маань л энэ шүү дээ. Шаардлагатай эсэх нь судалгааны түвшинд тодорхой болчихсон байна. Бид үүн дээр юу нэмэх юм бэ? Бараг л нэмж чадахгүй болов уу гэж санагдаж байна. Судлаачдын гаргаж ирсэн энэ бүх нарийвчилсан судалгаа шинжилгээн дээр санаандгүйгээр ”өөрчлөлтийн хувилбарууд” гэж бичдэггүй. Тэгэхээр хувилбарууд бэлэн байна. Одоо тэднийгээ нэгтгэж зангидаад оруулаад ир. Тэрэн дээр нь ажлын хэсэг нухацтай ажиллая. Тэгэхдээ оруулж болох хязгаарлалтууд байгаа шүү гэдгийг манай ерөнхийлөгч дахин дахин сануулж байсныг ч бас мартаж болохгүй. Юу юун дээр өөрчлөлт оруулах нь ч бас чиглэл өгөгдчихсөн байгаа. Тийм биз? Хязгаарлалт нь байна. Бүх боломж байна. Одоо ганцхан боловсруулсан бичиг баримт нь л хэрэгтэй. Түүнийгээ боловсруулж, ярилцаад, иж бүрэн зүйл өргөн барьцгаая...
- Туршлагатай гишүүд, олон зүйл ярьж байна. Тэгэхээр шийдвэр гаргах үүрэгтэй хүнийхээ хувьд “аль болох хурдан гар дээр маань тэр хувилбаруудаа тавиад өгөөч” л гэж гуйж байгаа юм. Ганц уншихад хүртэл засчихмаар зүйл харагдаж л байдаг. Жишээлбэл, одоо хүртэл маргалддаг тэр 5, 6-р зүйлүүд байна. “Ард түмний мэдэлд байна” гэсэн нь яг юу гэж байгаа юм бэ? Яаж мэдэлд нь байлгах юм бэ? Хууль зүйн сайд нь хүртэл хариулж чаддаггүй асуулт шүү дээ. Надад салаа утгагүй, ойлгомжтой нэг л хариулт хэрэгтэй байна. “Ард түмний мэдэлд байна” гэдгийг бид яаж батлах юм бэ? Энэ чинь одоо маргааны сэдэв болоод байна шүү дээ. “Үгүй ээ. Ард түмний мэдэлд юу ч алга” гэж ярьдаг хэсэг ч бас байна. Ийм зүйлсийг л тодруулмаар байна...
- Би одоо яах вэ гэдэг талаар л яримаар байна. Сонсоод байх нээ, надад тэр судалгаа нь хэрэггүй юм байна. Тэгэхээр надад гар дээр минь тавих зүйл хэрэггүй болчихлоо. Хэлэлцэх явцын дунд нэг нэгээрээ гараад ирэх юм байна гэж ойлгогдлоо. Одоо тэгвэл надад Үндсэн хууль дээр оруулж болох өөрчлөлтийн заалт нэг бүр л хэрэгтэй болж байна. Тэгэхээр, тэ заалт нэг бүр дээр нь л яриад л явъя. Д.Дэмбэрэл гуай ажлын хэсэг байгуулаад, 3 жил ажилласан гэж хэлж байна. Хийсэн бүтээгдхүүн нь байж байна. Д.Лүндээжанцан гишүүн ч бас маш тодорхой зүйлүүдийг ярьж байна шүү дээ. Хуулиар хориглогдсон хөндөж болохгүй зүйлийг нь үлдээгээд л, засч болох зүйлсээ жагсааж байгаад л ажиллая. Тэрийгээ л гаргаад ир. Тэгээд заалт болгоноор нь л ярья. “Үүнийг хөндөж болох уу? Болно. Тэгвэл өөрчлөх үү? Өөрчилье, эсвэл үгүй” гээд л шууд хийгээд явъя. Хажууд энэ судлаачид маань сууж байг. Тэгээд хажуунаас зөвлөгөө, сануулгаа өгөөд хамт яваг. Бид тэр бүх судалгааг унших албагүй юм байна. Гэхдээ та бүхний саналыг асууж, мэдээлэл авна. Судлаачид, эрдэмтэдийнхээ санад дүгнэлтийг ч сонсоно. Гадаадынханы юмыг ч сонсох ньзөв. Би өдөр бүр гадаадын хүмүүстэй уулзаж, ярилцаж, юм сонсож, мэдээлэл авдаг. Яагаад гэвэл, тэдэнд энэ ардчилсан нийгмийн талаар манайд байгаа мэдлэг, мэдээлэлээс хамаагүй илүү мэдлэг, мэдээлэл, 200 жилийн туршлага, үзсэн, сонссон зүйл байдаг. Манайх 20 жилийн л туршлагатай. Хуулинд хүртэл “УИХ хууль боловсруулахдаа Олон улсын туршлага ашиглана” гээд заачихсан байгаа шүү дээ. Энэ ардчилал энэ тэр гэдэг чинь нарийндаа гадны л юм шүү дээ. Тэгэхээр асуух л хэрэгтэй. Гэхдээ мэдээж, бид өөрсдийнхөө хөрсөнд тохирсон бүтээгдхүүн гаргах ёстойгоо бас мартаж болохгүй. Энэ хуулийг хийсэн хүмүүс чинь нөр их хөдөлмөрөөр, хөрсөндөө тохирсон бүтээгдхүүн гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ түүнээс хойш он жилүүд өнгөрөөд, зарим зүйл нэлээд өөрчлөгдсөн байна. Энэ өөрчлөлтөнд тохируулах шаардлага ч бас байгааг мэдэж байгаа хүмүүс нь ч бас бэлэн байна. Гурван жил судлаад, цээжээрээ мэддэг болчихсон хүмүүс сууж байна шүү дээ. Тэгэхээр одоо ингээд ажлаа хийе. Хүлээх хэрэг юу байна. Болно гэсэн зүйлүүдээ гаргаж ирээд л шууд ярилцъя. Ажлын хэсгийн гишүүдэд ийм л зүйл хэлэх байна. “Ийм ийм зүйл дээр та юу бодож байна” гээд л бариад ир. Тэгвэл би “би ингэж өөрчилье боддог юм” гэж энэ хуульч, судлаачиддаа хэлээд, асууж, мэдээлэл аваад, саналаа хэлье л дээ. Хоорондоо хамтраад л ажлаа хийе. Тэгж байж л ажлынхаа ард гарна. Тэгэхгүй бол хэдэн сар хүлээж нэг судалгаа гаргуулаад, тэрийгээ гадаад хэл рүү орчуулж, санал аваад, дахиж боловсруулж, нэг бүтээл гаргаад тараахад хүн бүр унших ч юм уу бүү мэд. Тийм учраас үүнийгээ процесс болгож, менежмент хийж, хурдан сайн явуулмаар байна.
Tweet