Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үед:
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: - ... Үндэслэлийн 1.1 дээр “бие даасан” гэсэн ийм томьёолол байхгүй. “тэнцвэртэй” гэж томьёолвол ямар вэ? Хуулинд ч ийм үгээр бий. Бүх хуулинд голдуу “эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах” эсвэл “Тэнцвэртэй бөгөөд тогтвортой хөгжлийг хангах” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. “Бие даасан” гэдэг үг нь “Хойд Солонгос” шиг сонсогдоод байна. Хасчихсан ч болно.
Б.Гарамгайбаатар: - тийм байна, “бие даасан” гэдэг үг болохгүй байна. “Бие даасан хөгжлийг хангах” гэдэг нь буруу болоод байна. Тэгэхээр “Төрөөс эрдэс баялагын салбарт баримтлах бодлого нь хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацааны эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгох, үндэсний язгуур эрх ашгийг хангахад чиглэгдэнэ.” гэж өөрчилье./санал хурааж, дэмжигдэв./ ... 1.3 дахь заалтыг нэмж байгаа энэ заалттай холбоотой санал хэлнэ үү.
Д.Одонтуяа: - Эрдэс баялгын салбарыг гол тэргүүлэх салбар гэж үзээд, бусад салбарыг энэ салбарт баримтлах бодлоготой уялдуулах тухай заалт юм...
С.Дэмбэрэл: - Сая би “тэнцвэртэй” гэдэг үг оруулах санал гаргасан. Тэр үг одоо энэ хэсэгт гарч ирэх ёстой юм. Аливаа нэг салбарыг “тэргүүлэх чиглэл” гээд хуульчлаад тогтоочихоор эдийн засгийн явцад тэр нь мөнхийн юм шиг болчихдог. Гэтэл Монгол улсын хөгжлийн явцад, түүхэн тодорхой үеүдэд энэ тэргүүнчлэл нь үргэлж өөрчлөгдөж ирсэн. Бид дараагийн салбарыг асуудлыг хэлэлцэх үеэрээ бас “тэргүүлэх салбар” гэх үү? Жишээлбэл Хөдөө аж ахуйн салбарыг юу гэх вэ? Тэгэхээр үүнийг “тэргүүлэх” гэж нэрлэхээсээ илүү, “Эрдэс баялагын салбарт баримтлах төрийн бодлого нь эдийн засгийг солонгоруулах үйл явцтай нягт уялдаа холбоотойгоор хөгжүүлнэ.” гэсэн утгаар л оруулчихвал болно. Өөрөөр хэлбэл бүх салбарууд хоорондоо уялдаатай, холбоотой гэсэн утга байх хэрэгтэй. Бусад салбар нь нэгийгээ дагаж хөгжинө утга одоо энд чинь орчихоод байна. Ингэж болохгүй. Харин хоорондоо нягт уялдаа холбоотой хөгжинө гэсэн санаа л оруулах хэрэгтэй. Тэрнээс уул уурхайг дагаж, тээвэр, логистик зэрэг бусад салбар нь дагаж хөгжинө гэсэн утга байхгүй. Бидний гол зорилго бол “Эдийн засгийг солонгоруулах” гэдэг албан ёсны нэр томьёолол, үзэл баримтлалаа л баримтлах нь зөв. Үүнийгээ л оруулж, баталгаажуулах хэрэгтэй... Өөрөөр хэлбэл энэ салбарын бодлого нь Монгол улсын хэмжээнд бидний баримталж байгаа үүнээс том бодлого болох “Солонгоруулах бодлоготой уялдана” гэсэн утга л энд орно гэж бодож байна... Харин тэр зайлшгүй нягт холбоотой “тээвэр, логистик” гэсэн үгнүүд нь байг.../санал хурааж, дэмжигдэв./...
Б.Гарамгайбаатар: - 1.5-ыг 2.1 болгон өөрчилсөн үүнийг батлах уу? Санал хураая.
С.Дэмбэрэл: - Ганцхан найруулгын засвар хиймээр байна. Энийг шууд гараа өргөж батлахаас ичиж байна. Монгол хэлээр бичээч. “Эрдэс баялагын хөгжлийн хэтийн төлөв, тус салбараас...” гээд биччихсэн байж болмооргүй байна. Энэ илүү үгнүүдээ хас. “Хөгжлийн хэтийн төлөв, эдийн засаг нийгэмд үзүүлэх үр өгөөжийг нь...” гээд л боллоо шүү дээ. Үүнийгээ жаахан янзалж батламаар юм. /дэмжигдэв. Санал хурааж батлагдав/...
С.Дэмбэрэл: - Төслийн 2.1.1- т “Эрдэс баялагын салбарт баримтлах бодлого нь урт хугацаанд тогтвортой байх зарчим баримтлана.” гэж оруулмаар байна. Зарчмаа л оруулах хэрэгтэй. Гол нь энэ урт хугацааны тогтвортой байдлыг өөрчлөхийг хүсч байгаа юм бол та нар судалгаа шигжилгээгээ сайн хийгээрэй гэсэн утгатай юм бичих гээд байна. Өөр хууль, дүрэмд байгаа зүйлийг давхардуулах хэрэггүй...
3.1.7 дээр 3 юм байна. Олзворлох үйлдвэрлэлийн ил тод байдал, хариуцлагатай уул уурхай, стратегийн үнэлгээ зэрэг нь орчин үеийн уул уурхайн салбарт их төлөв, сайн компаниудыг үлгэрлэн дууриах, сайн дурын жишгээр явагддаг олон улсын зарчим байгаа юм. Үүнийг эрх зүйн орчинтой холбоно гэдгийг би үнэндээ сайн мэдэхгүй байна. Үүнийг зайлшгүй хуульчилж өгөх юм уу, үгүй юу гэдэг дээр улс орнууд болон НҮБ-ээс хуульчилж заасан зүйл байхгүй гэж хэлж болно. Ганц нэг улс л магадгүй. Бид үүнийг үзэл баримтлал дээрээ тусгаж өгсөн нь хамгийн том дэвшил мөн. Энэ бодлого маань өөрөө эрх зүйн баримт бичиг. Үүн дээр нэмж эрх зүйн орчин бий болгоно гэдгийг би ойлгохгүй байна. Энэ бодлогын баримт бичгийг бид УИХ-аараа батална. “Эрдэс баялгын салбарт баримтлах төрийн бодлого” шүү дээ. Олон улсын энэ 3 том үзүүлэлт манай бодлогод тусна гэдэг нь бид тэр стандартад хүрнэ л гэсэн үг. Түүнээс үүн дээр нэмж хууль санаачлах гээд байж болохгүй шүү. Энэ худлаа юм болно. Тийм учраас эрх зүйн гэхээсээ илүү, найруулгын чанартай өөрчлөлт хийж, “энэ 3 зүйлийг уул уурхайн салбарт хэрэгжүүлнэ эсвэл дэмжинэ” гэсэн байдлаар оруулъя. Эрх зүйн орчин гэвэл төөрөлдсөн хэрэг болно.
Tweet