УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд хуралдаж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/,Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хэлсэн үг:
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн асуудлаар ярьж байна. Мөн Сүхбаатар аймгын Халзан сумын Засаг даргын тамгын газрын барилгыг барих асуудлыг ярих юм байна. Үүнийг манай байнгын хороо ярих шаардлага бий юу? Төрийн байгуулалтын байнгын хороо Төсвийн тухай авч хэлэлцэхдээ:
-
Юуны өмнө институци талаас нь харж ярилцах ёстой байх. Хэд хэдэн байгууллагын тоног төхөөрөмжийг нэмэх эсэх тухай ярихаасаа илүү, төсөв ерөнхийлөн захирагчдын хоорондын ажлын уялдаа буюу төрийн институциудын хоорондын ажлын уялдаа, төсвийг боловсруулах, хэрэгжүүлэх, зохиох бүх шатанд болж байна уу, үгүй юу гэдгийг ярих ёстой.
-
Төсвийн тухай хуулинд байгаа нэг заалтын дагуу, одоо засгийн газар хийх гэж байгаа 9 хүний бүрэлдхүүнтэй нэг институцийн тухай яримаар байна. Ерөнхий сайдаар ахлуулсан, Төрийн бус байгууллагууд, эрдэмтэдийн хамтарсан бүтэцтэй, өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллага хамтран төсвийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх бүх шатанд нь үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор байгуулж байгаа институци юм. Энэ тухай бид ярих ёстой.
-
Төсвийн болон мөнгөний бодлого институцийн талаасаа хэр зэрэг уялдаж байна вэ, яагаад бид жил бүр төсвөөс их хэмжээгээр хасч, танаж байна вэ, яагаад үргэлж тодотгол хийж байдаг юм бэ, институци хоорондын гажиг нь юундаа, хаана байна вэ, яагаад ингээд яваад байгаа юм бэ гэдгийг бодож, ярьж, дүгнэлтээ хийдэг байх ёстой.
Тийм учраас өнөөдрийн байнгын хорооны дүгнэлтэнд миний оруулах санал бол:
-
Төсвийг боловсруулж, батлах, хэрэгжүүлэх шатанд төрийн байгууллагуудын, түүний дотор засгийн газар болон УИХ, төсөв ерөнхийлөн захирагчдын хооронд, түүний доод байгууллагуудын хооронд уялдаа холбоо муу байна. Энэ уялдаа холбоо муу байгаагын нэг илрэл нь бүх төрлийн хөрөнгө оруулалтуудын төслийг хэлэлцүүлэхээр оруулж ирэхдээ эдийн засгийн үр ашгийнх нь тооцоог хийж, үүгээр нь эрэмбэлэхгүй байна. Үүнийг ингэж оруулж ирж байхыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос шаардлага тавих ёстой.
-
Нөгөө нь хэдийгээр хуулинд төслүүдийг нийгмийн ач холбогдолоор нь үнэлнэ гэж заагдчихсан байгаа боловч, яг хэн нь, яаж үнэлэх нь тодорхойгүй, энэ нийгмийн ач холбогдлыг нь баталж нотолсон жагсаалт огт байдаггүй явдал юм. Эдийн засгийн үр ашгаар нь ч, нийгмийн ач холбогдлоор нь ч, энэ 2 үзүүлэлтийг нийлүүлээд эрэмбэлчихсэн жагсаалт хаана ч байхгүй байна. Тийм учраас ТББХ маань цаашдаа, бүх төрлийн төсөв захирагч нарт энэ жилийнхээ төсвийн эхний жилд ядаж 50%-ыг нь эхлээд эдийн засгийн үр ашгийг нь тооцоолж, коэффицентоор нь эрэмбэлээд, арын багананд нь нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж, үүний дараа институци талаас нь энэ гажгийг арилгах боломж бүрэлдэнэ гэж үзэж байна. Энэ талаас нь энэ байнгын хороо бодож, ярьж байх нь зүйтэй. Би өөрөө эдийн засгийн байнгын хорооны гишүүнийхээ хувьд энэ талаар тэр байнгын хороон дээр юм ярьдаг боловч, төслүүдээ оруулах өрсөлдөөн явагдаж, бүгдийг нь төсвийн байнгын хороо руу оруулаад, тэнд ваакумжсан нөхцөлд ороод бүгдээрээ хасагддаг. Монгол орныг ингэж засаглах хэрэг байна уу? Ийм байдлаар төсвийг гурилдаж, хуурамчаар баталж, эцэстээ дотоодын нийт бүтээгдхүүний (-2)-оос хэтрээгүй, хариуцлагатай байгаа юм шиг харагдах мөртлөө дотроо асар хариуцлагагүй төсөл, төсөв баталдаг явдал давтагдаж байна. Энэ бүхний институцийн бүрэлдхүүн нь юу байна вэ гэдгийг хэлж өгсөн тийм л дүгнэлт манай хорооноос гараасай гэж хүсч байна.
ТББХ-ны дарга А.Бакей: - Таны гаргасан саналыг бид дүгнэлтэндээ тусгая. Энэ дашрамд хэлэхэд, танаар ахлуулсан “Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Тэр хүрээндээ таны ярьж байгаа эдгээр асуудлуудыг бид анхаарах болно.