УИХ-ын Чуулганы 2013оны 11 сарын 01-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс.
“Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хэлэлцэх үед
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн тавьсан асуулт:
-
Би Америк явж туршлага судлаагүй ч гэсэн, хэдэн ном уншиж байхад ийм “Төсвийн шинжилгээний алба” гэсэн ийм алба байх нь чухал ач холбогдолтой юм байна гэж санагдсан. УИХ нь Засгийн газартаа тоо, бодлогоор дөрлүүлж, үхэр шиг байхгүй юмсан гэж бодвол ийм алба хэрэгтэй. Гэхдээ бодох зүйл бас байна. Тухайлбал, “Мөнгөний бодлого”-ыг яах вэ? Эдийн засгийн байнгын хороо цаашид ийм хүсэлт тавьбал яах вэ? Хэдийгээр энэ албыг төсвийн шинжилгээний алба гэж нэрлэж байгаа ч гэсэн, төсвийн хэдэн тоон дээр анализ хийх ажлаар эдний албыг хязгаарлагдмааргүй байна. Сангийн бодлогыг энэ албаны хүмүүс судлах юм уу, үгүй юу? Төсөв болон мөнгө, сангийн бодлогын хоорондын уялдааг хангасан эсэхийг судлах юм уу? гэсэн эхний асуулт байна.
-
Эртээд, хэсэг хүн төсвийн тухай ярилцлага хийж байгааг зурагтаар үзлээ. Их сургуулийн хэсэг професорууд төсвийн талаар гайхалтай их зүйл хийснээ танилцуулж, харамсалтай нь бүтээлүүдийг нь уншдаг хүн байдаггүй гэдгийг ярьж байна. Тиймээс төрийн гадна байгаа, төсөв, мөнгөний бодлогод анализ дүгнэлт хийх чадвартай хүмүүс, эх үүсвэрүүдийг төсвийн шинжилгээнд хэрхэн хамруулах талаар ямар бодол төлөвлөгөө байгаа вэ?
-
Төсөв орж ирээд хэлэлцүүлэх үед, тухайлбал, сангийн яамныхан УИХ-д зөвхөн өөрсдийнхөө байр сууринаас, хараат бус дүн шинжилгээ хийсэн байдлаар хариулж чадахгүй байна. Уг нь парламентад тийм байр сууринаас хариулт өгөх ёстой. Жишээлбэл, төсвийн хариулага, тогтвортой байдлын тухай хуулийн нэг заалт буюу (+3) эсэх тухай асуудал дээр хэн нэгэн хүн, хараат бусаар хариулт өгөх л учиртай. Гэтэл үүнийг өгч чадахгүй л байгаад байна. Мөнгөний бодлого дээр бид 20 гаруй жил Монгол банкны амыг харлаа. Энэ жилийн батлуулах гэж оруулж ирж байгаа зүйл нь ганцхан хуудас зүйл л байгаа. Хараарай. Ямар нэгэн анализ дүгнэлт хийхгүй бол үүнийг тэр чигээр нь л батална. Энэ тохиолдолд, цаашдаа макро эдийн засгийн шинжилгээ, түүний дотор төсөв, мөнгөний шинжилгээг энэ алба чинь хийх юм уу, үгүй юу гэдгийг хууль тогтоомжиндоо яаж тусгасан юм бэ? Үүнийг лавлаж асуумаар байна.
-
Эцэст нь асуухад, УИХ маань судалгаа шинжилгээнийхээ ажлыг бууруулах тийм бүтэц рүү орчихоод байна. Судалгаа, шинжилгээний хэлтсээ багасгаж, судлаач, шинжээчдийнхээ орон тоог цөөрүүлчихлээ. Ийм тохиолдолд Үндэсний статистикийн газар, УИХ-ын Тамгын газар, одоо энэ байгуулагдах гэж байгаа “Төсвийн шинжилгээний газар”, Монгол банкны судалгаа шинжилгээний алба зэрэг бүтцүүд хоорондоо хэрхэн уялдаж ажиллах юм бэ?
гэсэн асуултууд байна . баярлалаа.
Хариулт: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-
С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Энэ албаны төсвийг 900 сая байхаар шийдсэн байсан. Энэ төсвийнхөө хүрээнд гаднаас өндөр мэргэжсэн шинжээчдийг гэрээгээр хөлслөн авч, зөвлөмж авсан. Өндөр мэргэжсэн ийм гадаадын судлаач шинжээчидээс гадна төрийн гадна байгаа дотоодын эрдэмтэн судлаачдыг авч ажиллуулах боломж бас бий. Судалгааны байгууллагуудтай ч бас хамтарч ажиллах ёстой. Мөн засгийн газар болон төв банкнаас оруулж ирээд байгаа асуудлууд дээр шийдвэр гаргахад, тэдний оруулж ирсэн судалгаа, дүгнэлтүүд нь үнэн, бодит эсэх дээр үнэлэмж, дүгнэлт гаргаж ажиллана. Макро эдийн засгийн асуудлууд дээр ч мөн адил анхаарч ажиллана. “Мөнгөний бодлого хариуцна” гэж байхгүй байгаа. Үүнийг нэмж оруулъя. Макро эдийн засаг дотроо багтсан гэж ойлгоод яваад байсан юм. Эдийн засгийн томоохон хөтөлбөрүүд, дунд хугацааны бодлогууд, тэдгээр бодлогуудад туссан хөтөлбөрүүдийг үр ашигтай байх тал дээр нь /одоо үүнд анхаарал хандуулахгүй байгаа/ энэ алба итгэл үнэмшил төрүүлэх үүднээс тооцоо судалгаа хийж, үр дүнгийн үзүүлэлтүүдийг нь гаргаж УИХ-ын гишүүдэд болон байнгын хороондод танилцуулж ажиллах юм.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн нэмэлт асуулт:
-
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хамгийн эхний зүйл заалтан дотор нэг зарчим бий. Тэр нь УИХ руу орж ирж байгаа аливаа хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд нь эдийн засгийн хувьд үр ашигтай, нийгмийн хувьд ач холбогдолтой байх ёстой гэсэн заалт бий. Өнөөдрийн оруулж ирж байгаа практикаар эдийн засгийн үр ашгаар нь тооцоолоод, эрэмбэлчихсэн төсөл хөтөлбөрүүд орж ирдэггүй. Үүнийг хаана ч, хэн ч хийхгүй байна. Ийм тохиолдолд энэ шинжилгээний алба Засгийн газрын оруулж ирж байгаа энэ замбараагүй олон тоонуудыг замбараатай болгож, УИХ-ын гишүүний ширээн дээр эдийн засгийн үр ашиг болон Нийгмийн үр ашгаар нь эрэмбэсэн жагсаалт гаргах юм уу, эсвэл Засгийн газарт “та нар үүнийгээ ийм болго” гэж хэлэх чадавхтай алба л байх хэрэгтэй байна.
Хариулт: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-
С.Дэмбэрэл гишүүний нэмэлт асуултанд хариулъя. Энэ алба бол зөвхөн УИХ-д зөвлөмж өгч, тусалцаа үзүүлж ажиллах учиртай юм. Түүнээс биш Засгийн газартай ажиллах байгууллага биш. Таны хэлээд байгаа хөрөнгө оруулалтын томоохон хөтөлбөрүүд, төслүүд, арга хэмжээнүүдийн үр дүнд нь судалгаа шинжилгээ хийж, зөвлөмж гаргана гэж л оруулсан байгаа. Жишээлбэл, татварын хуулийн өөрчлөлт орж ирэхэд зүгээр яриад л өнгөрчихөж байна. Гэтэл тэр хуулийн өөрчлөлтөнд ямар давуу болон сул тал байгааг судалж зөвлөмж өгөх зэргээр байнга ажиллах алба юм.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн дэмжиж хэлсэн үг:
<>-Өнөөдрийн байгаа бодит байдал бол төсөв мөнгөний бодлого орж ирэх үед, тэрийг асууж, тодруулах, хэлэлцэх явцад хардаг, асуудаг, лавладаг ганц газар нь Засгийн газар л байдаг явдал олон жил үргэлжилж ирлээ. Үүнийг өөрчилж, УИХ-ын өөрийнх нь чадавхийг дээшлүүлэх, дархлааг нь сайжруулах зорилгоор оруулж ирж байгаа гэдэг талаас нь би үүнийг дэмжиж байна. Ц.Даваасүрэн гишүүний хэлж байгаа шиг татварын бодлого орж ирэхэд анализ хийгээд, зөвлөмж өгдөг болно гэдэг нь зөв. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар татварын хуулийн өөрчлөлтийг Сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам юм уу, татварын алба нв өөрсдөө санаачлан боловсруулаад, түүнийгээ оруулж ирж тайлбарлаад, тэрийг нь л хэлэлцсэн болоод баталчихдаг. Гэтэл түүнд нь татварын бодлогын анализ хийдэг тийм чадавхи УИХ-д байдаггүй. УИХ-ын гишүүдийн зөвлөх, шадар туслахууд нь ч тэр бүр тийм чадвартай байдаггүй. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн хувь хүн өөрсдөө л энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй болдог. Энэ хуулийн оруулж ирж байгаа гол санаа нь УИХ-ын гишүүд олуулаа судалгаа шигжилгээний үнэлэлт дүгнэлтийг олж авах боломж олгож байгаа явдал юм. Ингэснээр бидний хууль батлах үйл ажиллагааны чанар дээшлэх юм. Улмаар УИХ-д оруулж ирдэг төсвийн болон мөнгөний бодлогын чанар нь ч дээшилнэ. Чанаргүй зүйл оруулж ирвэл, тэр судалгаа шинжилгээний албаныхан төсвийн болон эдийн засгийн байнгын хороонд бие даасан санал дүгнэлтээ ирүүлэх учиртай. Жишээлбэл, “энэ төсөвийг хэлэлцэх боломжгүй байна. Учир нь оруулж байгаа хөрөнгө оруулалтуудыг үр ашгаар нь эрэмбэлээгүй байна. Хууль зөрчсөн байна...” гэхчилэн тайлбарладаг болно гэж найдаж байна. Би ийм байгаасай л гэж хүсч байна. Гэвч ийм байж чадах уу? Энэ албыг байгуулчихаад, дөнгөж эдийн засгийн мэдлэг олж авсан жаахан залуучууд ирээд суучихвал ашиг байхгүй. Тийм учраас аль болох гаднаас орсон, чадвартай хүмүүсийг дайчлан ажиллах тийм механизмыг хуулиндаа хийгээд өгчихвөл, энэ алба цаашдын ач холбогдол ихтэй. Гэхдээ энэ алба зөвхөн төсвийн байнгын хороонд төдийгүй УИХ-д байгаа бас нэг том байнгын хороо болох Эдийн засгийн байнгын хороонд тусалж, энэ 2 институцийг засгийн газраас хараат бусаар, байнгын бодлогыг, хууль тогтоох байгуулагуудын гаргасан шийдвэрийг гаргаж чадаж байгаа бол ийм байгуулга байгуулсаны ач холбогдол гарна гэж бодож байна. Энэ талаас нь сайтар бодож, хуулиндаа тусгаж ажиллавал зүйтэй гэж үзэж байна. Нөгөө талаас, Үндэсний статистикийн хороо, аудитын газар байсаар байтал бид яагаад ийм албыг тусад нь байгуулах гээд байна вэ гэдгийг зөв тайлбарлах хэрэгтэй байна. Үндэсний статистикийн газрыг энэ улсын макро эдийн засгийг тоо баримтанд тулгуурлан хараат бусаар гаргаад, УИХ болон олон нийтэд гаргаж өг гэж хуулиар ажлыг нь заж өгсөн. Аудитын хуулийг саяхан өөрчилж, санхүүгийн хараат бус байдлыг нь нэмэгдүүллээ. Энэ бүхэн бол хараат бус тоонуудыг авахын тулд л хийгдэж байгаа ажлууд юм. Энэ бүх тоонууд болон Сангийн яам болон засгийн газрын бусад байгуулагуудын ирүүлсэн тоонуудыг харьцуулж үзээд, дүн шинжилгээ хийдэг ийм байгуулгыг л байгуулах гэж байгаа юм. Энэ талаас нь үүнийг дэмжих нь зүйтэй. Гэхдээ ганцхан УИХ-ын Тамгын газартай холбоотой, УИХ-ын бусад байгууллагад тайлагнадаг, бусад байгууллагуудтай холбоотой байдаг байдлаар ажлыг нь зохион байгуулж өгвөл зүйтэй. Мөн энэ чиглэлийн мэргэжлийн төрийн бус байгуулагууд, Мэргэжлийн их дээд сургуулиудтай холбоотой ажилладаг байдлаар ажлыг нь зохион байгуулж өгвөл энэ алба цаашаа сайн явна. Ингэхгүй бол ажил нь явахгүй. Тийм учраас энэ талаас нь сайтар бодож хийгээсэй гэж хүсэж байна.