УИХ-ын 2013 оны Намрын чуулганы 10 сарын 17-ны нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс
С.Дэмбэрэл гишүүний асуулт:
- Баярлалаа. Би эхний асуултаа Д.Ганхуяг сайд, А.Гансүх сайд, Ц.Баярсайхан, М.Сономпил сайд нараас асуумаар байна. Та бүхний хариуцсан салбарт хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдээс 2013 онд оруулсан хөрөнгө оруулалтын статистик дүн ямар байна вэ? 2014 онд хэд болох талаар ямар төсөөлөлтэй байгаа вэ?
- Хоёрдугаарт, Ч.Улаан сайдаас асуух асуулт. 2013 оны 06-р сарын дундаас өнөөг хүртэл Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн нэг оролцогчийнхоо хувьд валютын ханшны хэлбэлзлийн чиглэлээр танай яамнаас ямар санаачилга гаргаж, ямар асуудлыг тус зөвлөлөөр оруулж хэлэлцүүлсэн бэ?
- Гуравдугаарт, мөн Ч.Улаан сайдаас асууя. Монгол Улсын хэмжээнд 2013 болон 2014 онд концессийн хэлбэрээр хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор хэд байх вэ?
- Дөрөвдүгээрт, Э.Бат-үүл даргаас, 2013 оны эхний 3 улиралд Улаанбаатар хотод концессийн хэлбэрээр хийгдсэн хөрөнгө оруулалт яг одоогоор ямар хэмжээнд байна вэ? 2014 онд хүлээгдэж байгаа төсөөлөл ямар байгаа вэ?
- Дөрөвдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох хүнээс нь асууя. 2013 оны байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, 2014 оны төсөөлөл ямар байна вэ?
- Тавдугаарт, Ерөнхий сайдаас асуух хоёр асуулт байна. Тендэрийн хуулийг хэзээ оруулж ирэх вэ? Би өмнө нь олон удаа хэлж байсан. Тендэрийн хууль чинь энэ бүх хөрөнгө оруулалтанд гацаа үүсгээд байна шүү.
- Монгол Улсын санхүүгийн жилийн хугацааг өөрчлөх талаар УИХ-ын 2 гишүүн саналаа өргөн барьчихсан байгаа. Энэ талаар засгийн газрын байр суурь ямар байна вэ?
- Эцэст нь, зарим нэг томьёололын талаар бид цаашдаа нэлээд тодорхой ярьж байхгүй бол болохгүй байна. Жишээлбэл, инфиляци, үнэ тогтворжуулах зэрэг зүйлийг дандаа абсолют /туйлын, төгс/ утгаар яриад, ард иргэдийг төөрөгдөлд оруулаад байна. Үүнээс болоод ард иргэд болон нийгмийн мэдээ мэдээлэл дээр “Эд нар худлаа ярьж байна.” гэж хэлэгддэг болчихсон. Тэгэхээр нэг зүйлийг хаа хаанаа их сайн ойлгомоор байна. Бид, юмны үнэ өсөлтийг сааруулах тухай ярьж байгаа. Өөрөөр хэлбэл үнэ тогтворжуулах гэдэг маань үнийн өсөлтийн хурдцыг сааруулах бодлого л гэж ойлгомоор байна. Би бол тэгж ойлгодог. Зорилго нь ч тийм л байгаа. Тэгэхээр үнийн өсөлтийн хурдац нэмэгдсэн ба буурсан гэж ярихаас биш, инфиляци өслөө, буурлаа гэж ярих нь буруу юм. Үнийн өсөлт хурдтай байгааг ярьж энэ хурдыг бууруулах тухай ярьж байгаа болохоос биш, зарим тодорхой бараан дээр мөлхөө байдлаар, аажим буурч байгааг бид яриагүй шүү дээ. Тиймээс нэг томьёололоор ярьж сурмаар байна. Тухайлбал, эдийн засгийн хөгжлийн сайд “Инфиляци 2 дахин буурсан” гэж хэлчихээд хэвлэл мэдээлэлээр зөндөө баалуулсан шүү дээ. Энийг анхаарцгаана уу. За баярлалаа.
УИХ-ын дарга З.Энхболд:
- Сайд нар С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулна уу.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
- Хөрөнгө оруулалтын талаар С.Дэмбэрэл гишүүн өмнө нь бас асууж байсан. Энэ дүнг жилд 1 удаа гаргадаг юм байна. 07 сарын 01-нд дүнгээ гаргасан. Хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдээс 863 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон байна. Оны эцсийн дүнгээр гараагүй байна. Оны эцэст дүнг дахин гаргана. Ирэх онд эдийн засгийн өсөлтөөс багагүй хэмжээгээр нэмэгдэх байх. Одоо ирэх оны үндсэн чиглэл, төсөв зэргийг батлахаар бүх зүйл тодорхой болно гэж бодож байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг жилд 1 л удаа гаргадаг тул ийм асуултанд хариулахад жаахан хэцүү байна. Нөгөө талаас манай салбарт нэг асуудал байгаа. Манай улсад тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн толгой компани нь гадаадад IPOхийж хөрөнгө босгодог. Тэр хөрөнгөний хэдэн хувь нь Монгол дахь үйл ажиллагаанд зарцуулагдаж байна вэ гэдэг судалгааг одоо хийж байна. Удахгүй та бүхэнд танилцуулна.
Эрчим хүчний сайд М.Сономпил:
- Манай эрчим хүний салбарт сүүлийн жилүүдэд гадаадын, ялангуяа хувийн хэвшлийн байгууллагуудын хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл боломж их нэмэгдсэн гэж хэлж болно. Энэ чиглэлээр компаниуд нэлээд их сонирхож байгааг тэмдэглэж хэлмээр байна. 2012-2013 онд Салхитийн 50,000 ваттын салхин цахилгаан станц барихад хувийн хөрөнгө оруулалтаар нийт 170 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Энэ оны 06 сарын 20-нд ашиглалтанд орсон. Мөн 08 сарын 26-нд олон жил яригдсан 5–р цахилгаан станцын сонгон шалгаруулалт явагдсан. Одоо засгийн газартай гэрээ хэлэлцээр хийгдэж байна. 2014 оноос цахилгаан станцын ажил явагдаж эхэлвэл 1,5 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх боломжтой. Мөн Тавантолгой дээр баригдах 900 сая – 1 тэрбум ам.долларын өртөгтэй цахилгаан станцын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ер нь эрчим хүчний салбарт хууль дүрмэн дээр нь жаахан жаахан өөрчлөлт хийгээд, дэмжээд өгвөл, хувийн хөрөнгө оруулалт өсч байгаа салбар мөн гэж хэлж болно. Баярлалаа.
Зам тээврийн сайд А.Гансүх:
- Зам тээврийн салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг 2 хувааж авч үзэх хэрэгтэй гэж би үздэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ороогүй. Учир нь Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө хэрэгжүүлэхээр оруулсан зорилтуудыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлуудыг Эдийн засгийн хөгжлийн яам дээр төвлөрүүлж байгаа. Концессийн газар Эдийн засгийн хөгжлийн яаманд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн яам бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хөгжүүлэх засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлсэн байгаа. Тухайлбал, Баянзүрх – Налайхын зам, Олон улсын шинэ нисэх буудал руу тавигдах хурдны зам, Алтанбулаг – Замын Үүдын хоорондох 990 км хурдны зам зэрэг замуудын хөрөнгө оруулалтын Эдийн засгийн хөгжлийн яам дээр төвлөрүүлээд явж байна. Ер нь энэ салбарт хувийн хэвшлийнхэн өөрийнхөө хөрөнгө оруулалтаар ямар ажил хийж байгаа вэ гэвэл, голдуу уул уурхайн компаниуд өөрсдийнхөө олборлосон бүтээгдхүүнийг тээвэрлэх замд хөрөнгө оруулалт хийж байгаа. Тухайлбал, Петрочайна компани, Оюутолгой, South Gobi Sands, Алтайн хүдэр компаниуд өөрсдийнхөө хөрөнгөөр зам тээврийн салбарт өөрсдийнхөө бүтээгдхүүнийг тээвэрлэх замуудыг бариад явж байгаа. Яг одоогоор энэ бүгд нийлээд 400 орчим км зам болж байгаа юм. Төсөвт өртөгийг нь яг одоогоор би хэлж чадахгүй байна. Тодруулаад, дахин ажлын шугамаар мэдэгдье.
Сангийн сайд Ч.Улаан:
- Баярлалаа. Энэ он гарсаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл сар бүр тогтмол хуралдаж байгаа. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг тогтворжуулахад бид анхаарч байна. Ялангуяа төгрөгийн ханш унасан үед ханшийг тогтворжуулахтай холбоотой асуудлаар зарим сард 2 удаа хуралдаж, зөвлөлдөж байсан. Бидний оруулсан тодорхой санал гэвэл, бүх төлбөр тооцоог Монгол улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйцэтгэх тухай асуудлыг оруулж танилцуулсан. Татварыг валютаар авч байгааг өөрчлөх хуулийн санал оруулж танилцуулагдсан. Хамгийн сүүлд, төсөв мөнгөний бодлогыг өргөн барихын өмнө уулзаж, харилцан уялдааг нь хангах асуудлаар мөн зөвлөлдсөн. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг тогтворжуулахад бид анхаарч байна. Баярлалаа.
Tweet