Мөнгөний бодлогын гол зорилт нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэнэ.
1. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:
1.1 Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2014 оны эцэст 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгана. Үүний үр дүнд дунд хугацаанд макро эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ.
1.2 Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтална.
2. Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:
2.1 Банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, үүсч болзошгүй системийн шинжтэй эрсдэлийг даах чадварыг нэмэгдүүлнэ.
2.2 Олон улсад мөрдөгдөж байгаа хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг сайжруулна.
2.3 Банкны эрсдэлийг бууруулах, улмаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдүүлэх зорилгоор банкны зээлийн барьцаа хөрөнгийн эрх зүйн орчинг шинэчилнэ.
3. Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:
3.1 Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлнэ.
3.2 Санхүүгийн зах зээлийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран эхлүүлнэ.
3.3 Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаа, арга хэрэгслүүдийн ил тод, нээлттэй байдлыг хангах замаар бодлогын үр нөлөөг сайжруулна./beta/upload/files/2014.doc
Tweet