Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 16-ны өдөр(Пүрэв гараг)-ийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс
Улсын Их Хурлын даргаЗ.Энхболд ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, хуралдааныг даргалав.
Хэлэлцэх асуудал: Дөрөв. Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл
З.Энхболд: Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг эхэлье. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулна. Индэрт урьж байна.
Ч.Улаан: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээн мэдэгдэл нь дунд хугацаанд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төрөөс баримтлах төсвийн бодлогын баримт бичиг юм. Энэхүү бодлогын баримт бичиг нь Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2014 оны төсвийн хязгаар болон Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо судалгааны үндсэн дээр суурь болж тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх учиртай юм.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг баримтлан Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо дүн шинжилгээний хамт боловсруулан танилцуулж байна.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро-эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн дараах төсвийн бодлогыг баримтлах юм. Үүнд,
Нэгд. Төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлыг хэмжээг 2 хувиас хэтрүүлэхгүй байх.
Хоёр. Бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийж эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчинг бүрдүүлэх замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох.
Гуравт, цалин тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлж тогтолцоог нэвтрүүлэх.
Дөрөв. Улсын төсвөөс санхүүжүүлэх, шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг өмнөх оны түвшингээс бууруулахгүй байх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих.
Тав. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг өмнөх оноос бууруулахгүйгээр орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх.
Зургаа. Төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, хэрэгжилтийг тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн гол зорилго нь дунд, урт хугацаанд макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг дэмжихэд чиглэгдэж байна. Энэ хүрээнд Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувиас ихгүй байхаар төсөөлж байна.
Та бүхэн Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.
З.Энхболд: - Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулна. Индэрт урьж байна.
Д.Хаянхярваа: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг гарган та бүхэнд танилцуулж байна.
Дунд хугацаанд макро-эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг дэмжих, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, Засгийн газрынх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлт, төсвийн орлого, зарлага, эх үүсвэр, орон нутгийн төсвийн харилцаа, Монгол Улсын төсөв, санхүүгийн нөөцтэй уялдуулж төсөл санаачлагч уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Төслийн хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын гадаад өрийн өнөөгийн үнэ цэнэ ямар байгаа, дотоод нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг эзэлж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийхээс өмнө Улсын Их Хурлын гишүүдэд өгөх. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ төлөвлөлтийн асуудал эргэлзээтэй байна. Төлөвлөлтийн алдаанаас болж орлого, зарлага, төсвийн алдагдал буруу төлөвлөгдөж байгааг анхаарах. Хөгжлийн банкнаас санхүүжигдэж байгаа мөнгө, тухайлбал 1.5 тэрбум долларын бонд төсөвт суусан байх ёстой мөнгө. Гэтэл төсвөөс гадуур зохицуулагдаж байгаа томоохон зарлагын асуудлуудыг цэгцлэх цаашдаа төсвийн хүрээний мэдэгдлийг нэлээн бодитой төлөвлөн боловсруулж гаргах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно.
Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн болно.
Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Анхаарал тавьсанд баярлалаа.
З.Энхболд: - Ажлын хэсгийг танилцуулъя. Ч.Улаан Сангийн сайд, Х.Ганцогт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ж.Ганбат Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Б.Доржсэмбэд Сангийн яамны Нэгдсэн төсвийн хэлтсийн дарга, М.Батгэрэл Сангийн яамны Орон нутгийн хөгжлийн сангийн нэгдсэн хэлтсийн дарга, О.Хуягцогт Төсвийн зарлагын хэлтсийн дарга, Н.Нарангэрэл Өрийн удирдлагын хэлтсийн дарга, Н.Мөнхбат Эдийн засгийн хөгжлийн яамны сайдын зөвлөх.
За хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулттай гишүүд нэрээ өгнө үү.
З.Энхболд: - За С.Дэмбэрэл гишүүн асууя.
С.Дэмбэрэл: - За баярлалаа. Энэ бол харахад яг хуулийн хүрээнд хийгдсэн, их томоотой мэдэгдэл, төсвийн төсөөлөл байна. Гэхдээ би эднийг бүгдийг нь худлаа гэж харж байна. Яагаад гэвэл энэ дээр задаргаа алга. Дээр нь хэрэв ДНБ-ний бодит өсөлтийг 3 жилээр төсөөлөөд тооцоолсон юм бол ҮНБ энэ хоёрын зөрүү нь ямар хүчин зүйлээс болсон гэсэн анализ нь алга. Дээр нь уул уурхайн бус эдийн засагт бүтээгдэж байгаа нийт цэвэр өртөг буюу үндэсний орлогын хэмжээ уул уурхайн болон уул уурхайн бус сектороор ялгасан юм алга. Гэх мэтээр ийм байна.
Би тэгээд Ч.Улаан сайдаас ганцхан асуулт асуух гэсэн юм. Бас, Төсвийн байнгын хорооноос нэг асуулт асууна. Хэрэв та инфляцийг ингээд, 6 хувь гэсэн төсөөлөл байгаа юм бол надад бас нэг төсөөлөл хэлж өгнө үү. Хонь, үхрийн цул болон ястай махны 1 килограмм нь 2014, 2015, 2016 онд таны төсөөллөөр хэд байх бол гэсэн нэг ийм асуулт байна.
Төсвийн байнгын хорооны даргаас асууя. Би андуураагүй бол Төсвийн тухай хуулийн 12-ын хэд билээ дээ, энэ төслйиг оруулж ирэхдээ мөнгөний агрегатууд болон бусад макро эдийн засгийн тооцоонуудтай хамт, дүн шинжилгээтэй нь хамт орж ирж байгаа юм. Та энийг хууль зөрчиж байна гэж үзэж байна уу, үгүй байна уу гэсэн асуултад хариулж өгнө үү. Баярлалаа.
З.Энхболд: - Эхлээд Ч.Улаан сайд, дараа нь Ц.Даваасүрэн дарга.
Ч.Улаан: - За баярлалаа. С.Дэмбэрэл гишүүний асуултад хариулъя. Төсвийн хүрээний мэдэгдлийг та бүхэнд хэлэлцүүлж байна. Үндсэн чиглэлийн төсөөллийг ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэхээр ингэж бэлтгэж байгаа юм билээ. Тэгэхээр энэ одоо өсөлтийн задаргаа, тооцоо, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн дүн шинжилгээ, төсөөллийн асуудал бол тэр хүрээнд нэлээн дэлгэрэнгүй яригдах байх. Яригдана гэж бодож байна. Энэ үндсэн дээр гарсан төсвийн хүрээний мэдэгдлийн гол тооцоо үндэслэлийг бид нар одоо Эдийн засгийн хөгжлийн яамнаасаа аваад түүнд нь тааруулж одоо төсвийнхөө хүрээний мэдэгдлийн тооцоо үндэслэлийг хийсэн юм.
За инфляцийн хувьд бол 6 хувьд одоо барих бололцоотой. Энэндээ чиглэсэн бодлогоо явуулъя гэж төсвийн хүрээний мэдэгдэл дотор орж ирсэн байгаа. Энэ маань мөн л нөгөө Эдийн засгийн хөгжлийн төсөөллөөсөө урган гарсан.
Яг хонь, үхрийн махны үнийн төсөөллийг би одоо шууд өгч чадахгүй байна. Салбар хариуцсан сайд маань илүү өргөн хүрээтэй харж байгаа. Дээрээс нь энэ үнэ тогтворжуулах хөтөлбөр, мөн энэ тодорхой бүтээн байгуулалтын төслүүдийн явц үр дүнтэй уялдуулаад төсвөөс өгөх урамшууллын дэмжлэгтэйгээ уялдуулж байгаад ингээд одоо салбар хариуцсан сайд маань илүү оновчтой хэлэх байх гэж би хувьдаа бодож байна. Ингээд Х.Баттулга сайдыг хариулж өгөөсэй гэж хүсэж байна. Баярлалаа.
З.Энхболд: - Ц.Даваасүрэн гишүүн.
Ц.Даваасүрэн: - С.Дэмбэрэл гишүүний хоёр дахь асуултад хариулъя. Тэгэхээр таны яриад байгаа одоо бас мэдээллийн хувьд учир дутагдалтай байна гээд байгаа зүйл бол Байнгын хороон дээр хөндөгдсөн. Ер нь Төсвийн тогтвортой байдлын хуулийн 4 дүгээр бүлгээр бол тодорхой зааж өгсөн юм. Төсвийн хүрээний мэдэгдэл гэж одоо юу байх вэ гэж. Тэгэхээр энэ дээр бол нэг заалт нь л яг хэрэгжчихээд байгаа юм. 12.1 нь. Нөгөө тусгай шаардлага, үзүүлэлтүүдийг оруулж ирсэн юм. Харин 12.3-т байх төсвийн хүрээний мэдэгдлийн агуулгуудыг оруулж ирэх асуудал бол учир дутагдалтай байгаа. Тийм учраас би бас хэлбэрдсэн хандлагатай гээд гишүүдийн хэлээд байгаатай нэг талаасаа санал нэг байгаа юм. Цаашдаа бид энийг засах ёстой. Жишээлбэл, ийм ийм зүйлүүд байх ёстой юм. Ер нь нэг ном шиг л юм орж ирэх ёстой. Макро эдийн засгийн тогтвортой байдал, төсвийн бодлогын төлөвлөлтийн талаар хийсэн дүн шинжилгээг оруулж ирсэн байх ёстой. Хэрэглэсэн аргачлал, тооцоолол, үндэслэлүүдийг нь оруулж ирсэн байх ёстой. Мөн 2 жилийн төсвийн төлөв байдлыг хамааруулсан тооцоо, ДНБ, хэрэглээний үнийн төвшин, мөнгөний бодлогын үндсэн үзүүлэлт, ажил эрхлэлт болон ажилгүйдлийн төвшин, төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны урсгал тэнцлийн талаарх макро эдийн засгийн үзүүлэлтүүд мөн бас орж ирсэн байх ёстой. Тооцоо судалгаатай.
12.3.7-д байгаа болзошгүй өр төлбөр, өрийн шинжилгээний асуудал бол яах харьцангуй одоо энэ дурдсан агуулгууд дотроо арай мэдээлэлтэй зүйл орж ирсэн байгаа. Өрийнхөн бол энэ дээр арай тодорхой мэдээллүүд ирүүлсэн. За бусад зүйлүүд дээр бол одоо гишүүдийн хэлээд байгаа мэдээлэл дутагдалтай байна гэдэгтэй би санал нэг байна. Цаашдаа бол энийгээ анхаараад ялангуяа энэ хэлэлцүүлгийн явцад энэ төсвийн тогтвортой байдлын хуулийн 12.3-ыг хангах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгж байж бид нар энэ хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа төсвийн хэлэлцүүлгийг хийх ийм шаардлагатай болоод байгаа юм. Тэгэхээр зөрчсөн гэх нь юу юм. Ер нь бол зарим материалууд бол зарим мэдээллүүдийг нэмж авах шаардлагатай байна, дутагдалтай байна гэж хэлэх байна.
З.Энхболд: - За гишүүд асуулт асууж дууслаа... Гишүүд үг хэлж дууслаа. Хэлэлцэх эсэх асуудлаар санал хураана. Санал хураахад бэлэн үү? Байнгын хорооны саналаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураая. Санал хураалт.
63 гишүүн оролцож, 33 гишүүн зөвшөөрч, 52.4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдаан 17 цаг 10 минутад өндөрлөв.
Tweet