Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 04 дүгээр сарын 23-ны өдөр (Мягмар гараг)-ийн хуралдааны тэмдэглэлээс
Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, хуралдааныг даргалав.
Нэг. Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Зам, тээврийн сайд А.Гансүхийн мэдээлэл
Б.Гарамгайбаатар: - С.Дэмбэрэл гишүүн асууя.
С.Дэмбэрэл: - За миний бие хэдэн асуулт асууя. Нэгдүгээрт, энэ жижигхэн төрийн байгууллага 02 дугаар сарын 28-нд 150 сая төгрөгийн тендер зарлажээ. Тэгээд 3 дугаар сарын 28-нд тэр тендер нь нээгдэж, 04 дүгээр сарын 28-нд гурван компани орсон байгаа юм. Ингээд тэр нь шалгарах юм шиг байгаа юм. Энэ хооронд гурван сар явчихаж байна л даа. Тэгэхээр А.Гансүх сайдаас ямар асуулт асуух гэж байна гэхээр, танай салбарт Тендерийн хуулийн хэрэгжилт, хугацааны хувьд тендерийг зарлахаас авахуулаад эцсийн шалгаруулалт хүртэл бодит байдал дээр дунджаар хичнээн хугацаа авч байна вэ гэсэн нэгдүгээрт асуулт.
Үүнтэй холбогдуулаад бас тэр тендертэй холбогдуулсан нэг зүйл байна. Би бордюр гэж юу байдгийг нарийн сайн мэдэхгүй л дээ. Явган хүний тэр хашлагыг аваад хаячих юм, тэр нь яагаа ч үгүй зүгээр зүйл байх юм. Тэгээд шинийг хийх юм, хуучныг нь тухайлбал, надад өгчихөж болох уу? гэсэн хоёрдугаар асуулт.
Гуравдугаарт нь, метроны асуудал, танай яамны Улаанбаатар хотод метро барих талаар албан ёсны байр суурийг тов тодорхой, эдийн засгийн үр ашиг, нийгмийн үр ашиг талаас нь харьцуулаад хэлж өгнө үү?
Дөрөвдүгээрт, РРР буюу төр хувийн хэвшлийн түншлэл танай салбарт одоогоор хэдэн хувийг эзэлж байна вэ? Цаашид энэ ирэх 4 жилд хэдэн хувийг эзлүүлэх бодол байна вэ?
Тавдугаарт, хамгийн сүүлчийн асуулт нь, “Транзит монгол” гэдэг хөтөлбөр амьд уу, үхсэн үү? Энэ дээр амьд, эсвэл үхсэн гэсэн товчхон хариулт өгнө үү.
Б.Гарамгайбаатар: - За хариулъя. Аль болохоор товчхон хариулна шүү цаг явж байна.
А.Гансүх: - Тендерт бол 60 хоног зарцуулж байгаа. Яг нарийвчилсан хугацаа тоог нь манай хүмүүс тодруулаарай. Хэрэв маргаан гарах юм бол энэ хугацаа нь сунаад, тендер нь зогсчихдог. Шүүхийн маргаан бол дунджаар зургаан сараас 1 жил зургаан сарын хугацаанд үргэлжилдэг.
Бордюрын хувьд бол хот хариулах байх, метроны хувьд бол Улаанбаатар хот дээр явж байгаа. Улаанбаатар хотынхон энэ дээр хариулна.
С.Дэмбэрэл: - Үгүй, би Улаанбаатар хотоос асуухгүй, танаас асууж байгаа байхгүй юу. Монгол Улсын Зам, тээврийн сайдын хувьд Улаанбаатар нийслэлд тавигдах метроны асар их хөрөнгө оруулалт шаардсан энэ хөрөнгө оруулалтын төслийн талаар танай яамны албан ёсны байр суурь юу вэ гэж зориуд асууж байгаа юм.
А.Гансүх: - Яах вэ, эхлээд энэ дээр тодруулъя. Зам, тээврийн яам бол олон улсын чанартай орон нутгийн чанартай замыг хариуцдаг. Улаанбаатар хотын замыг бол Улаанбаатар хот хариуцаж байгаа. Энэ утгаараа бол Улаанбаатар хотын дотоодын нийтийн тээврийн асуудал бол Улаанбаатар хот дээрээ явдаг учраас метроны асуудлыг Улаанбаатар хот зангидаад явж байгаа. Ер нь зам тээврийн салбарын хувьд бол метроны төслийг дэмжиж байгаа. 1.5 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжихээр төлөвлөж байгаа ийм төсөл байгаа. Эдийн засгийн үр өгөөжийн тооцоог нь үзсэн. Нэг хүн 600 орчим төгрөгөөр явахад эдийн засгийн үр өгөөжөө өгөх тооцоо гарсан байгаа, үүнийг дэмжиж байгаа.
Б.Гарамгайбаатар: - Үлдсэнийг нь Хотынхон хариулах юм байна.
Н.Гантөмөр: - Бордюр дээр бол өмнө нь хийгдэж байсан ажлуудаар ингээд уламжлал болоод явчихсан. Энэ ажлыг бол зогсоож байгаа. Тэгээд зогсоохоос гадна замын арчилалтын асуудал давхар яригдаж байгаа. Манай хот дээр зам засвар, арчилалтын компаниуд байдаг. Тийм учраас тэр замын эвдэрсэн, хэмхэрсэн, өнгө зүсээ алдсан, шаардлага хангахаа байсан юмыг их хэмжээгээр биш ер нь бол тэр дор нь солих ийм хариуцлагыг Нийслэл хот хүлээж байгаа. Үүнийг бусдад шилжүүлж болохгүй. Энэ манай өмчид байдаг учраас хуулийнхаа дагуу шийдэгдэнэ. Метро дээр би.
С.Дэмбэрэл: - Метро дээр хариулт авахгүй. Хариулах хэрэггүй. Би асуудаг юмаа асуучихсан, би асуултаа тодруулъя. Тэр ямар утгаар гуйж байгаа юм шиг ёжилж байна вэ гэхээр, зүгээр байсан явган хүний замыг хуулж хаяад, дахин дахин солиод байгааг хэлж байна шүү дээ. Жил л болсон тэр бордюруудыг дахиад, бараг тоосыг нь арчаад л буцаагаад тавьчих. Авах шаардлагагүй юмыг хийгээд байгаа байхгүй юу. Тэрийг л би ёгтолж асуусан юм. Тэгэхээр энэ хариултаас би нэг юм тодруулах гэсэн юм. Нэгэнт хэрэв 60 хоног ч энэ хуулийн хугацаа, амьдрал дээр энэ тендерүүд 3 сар болох гэж байна. 150 сая төгрөгийн тендер шүү дээ. Гэтэл танай салбар дээр яг би тэр маргааныг оролцуулалгүйгээр /Де факто/ бодит амьдрал дээр хэдэн хоног болоод байнаа? Энэ чинь ажлыг маш их саатуулж байна шүү дээ. Энэ чиглэлээр танай яам болон ер нь Засгийн газарт, Эдийн засгийн байнгын хорооноос Тендерийн хуулийн хэрэгжилтийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр анализ хийж, бүх яамны хэмжээнд, бүх тендерүүд дээр дүгнэлт хийгээд, тэгээд энэ чиглэлээр хуулийг өөрчлөх, шуурхай болгох талаас нь л би сонирхож асуугаад байна. А.Гансүх сайд та миний нөгөө нэг асуултад үргэлжлүүлээд дуусгачихаач. Сүүлийн 2 асуултыг маань хариулаад дуусгачих.
А.Гансүх: - Тэгсэн байна, дутуу хариулчихаж. РРР буюу төр хувийн хэвшлийн түншлэлийн хувьд бол Концессын хууль 2010 онд гарсан. Ингэснээр төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Үүний дагуу Засгийн газар 2011 онд 198 дугаар тогтоол баталж гаргасан. Энэ тогтоолоор бол, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нийт арга хэмжээний төлөвлөгөө, жагсаалтаа баталж гаргасан байгаа. Тогтоолд орж батлагдсан арга хэмжээнүүд дээр төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхээр ажиллана. Энэ хүрээнд төмөр зам, авто зам бол ихэнх нь төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа учраас энэ бол ямар нэгэн төр хувийн хэвшлийн түншлэл хэрэгжүүлээд би ажил гүйцэтгэх гэрээгээр явчих болов уу, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинээр барих төмөр зам дээр хэрэгжүүлнэ. BOT нөхцөлөөр, агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн маш олон ажил байна. Ялангуяа шинэ нисэх буудлын менежментийг төр хувийн хэвшлийн гэрээгээр хийе гэж байгаа. Одоо байгаа Чингис хаан олон улсын нисэх буудлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр менежментийг нь өгөхөөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон байна гэх мэтчилэн ажлуудыг бид нар хэрэгжүүлнэ.
“Транзит монгол хөтөлбөр”-ийн хувьд бол үргэлжилж байгаа. Юуны өмнө бол Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор арга хэмжээ авч байгаа. Засгийн газар Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх 250 сая долларын хүрээнд Улаанбаатар төмөр зам дохиолол холбоотой системийг хамгийн орчин үеийн евро стандартаар хийхээр шийдвэрлэсэн. Үүний үр дүнд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадвар 30 хувь нэмэгдэнэ. Өнөөдөр Улаанбаатар төмөр зам 25 сая тонн ачаа нэвтрүүлэх чадвартай, энэ төслийг хэрэгжүүлсний үр дүнд 30 сая тонн ачаа нэвтрүүлэх чадвартай болно. Дээр нь хамгийн орчин үеийн дохиолол холбооны системээр тоноглогдох учраас транзит тээвэр өснө гэж бид тооцож байгаа. Оросын тээврийн стратеги батлагдаж гарсан. Энэ тээврийн стратегид, 2015 он гэхэд Улаанбаатар төмөр замыг нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ гээд бас орчихсон байгаа. Үүний дагуу бид нар ОХУ-тай хамтраад ажиллах, Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн төлөвлөгөөг гаргаж байна. Энэ дээр тооны зөрөө байгаа. Манай мэргэжилтнүүдийн тооцоогоор бол Улаанбаатар төмөр замын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд 1.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна гэж тооцсон. Энэ бол урт хугацаандаа буюу 10 орчим жил үргэлжлэх ийм ажил байгаа. Оросын мэргэжилтнүүд бол 2.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна гэсэн тооцоо гаргасан. Ингээд 2 тал мэргэжилтнүүдээ хамтарсан ажлын хэсэг дээр үүнийг нэгтгэх юм. Энэ ажлууд хийгдээд Улаанбаатар төмөр замыг шинэчлэх төлөвлөгөө тодорхой болно. Үүний үр дүнд транзит тээвэр нэмэгдэнэ. “Транзит монгол хөтөлбөр” хэрэгжинэ гэж би үзэж байгаа юм.
Б.Гарамгайбаатар: - Цагаа барина шүү, Н.Батцэрэг гишүүн асуултад.
А.Гансүх: - Бондын санхүүжилтээр авто зам,төмөр замд хөрөнгө оруулалт хийхээр бондын зөвлөл дээр шийдсэн Засгийн газрын тогтоол гарсан. Бондын мөнгөнөөс энэ жил авто замд 570 тэрбум төгрөг, төмөр замд 400 сая доллар өгөхөөр ингээд шийдсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ мөнгийг бол энэ жилдээ бүтээн байгуулалтынхаа ашиглана. Төмөр замын хувьд бол 2013 онд Тавантолгой, Гашуун сухайт чиглэлийн 267 км замд 400 сая долларын ажил хийгдэнэ гэж төлөвлөсөн байгаа. Далангийн ажил, газар шорооны ажил хийгдэнэ. Цаашдаа энэ хөршийн орнуудтай төмөр замын чиглэлээр далайн боомт ашиглах, транзит тээврийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа ажлууд байгаа. ОХУ болон БНХАУ-тай бол манайх далайд гарцгүй орны хэлэлцээрийг 1991, 1992 онд хоёулантай нь байгуулсан байдаг. Энэ хэлэлцээр бол Монгол улсад далайд гарах боломжийг энэ 2 улс хангах үүрэг хүлээсэн байгаа. Энэ хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр манай яам бас тодорхой санал боловсруулаад энэ чиглэлээр ажиллана. Ашиглах боомтынхоо нэмэх, үүнтэй холбоотой транзит тээврийнхээ хэмжээ, нэвтрүүлэх чадвар гэх мэтчилэн асуудлуудыг давхар шийдэхээр төлөвлөж байна. Мөн Оросын Холбооны Улс, Хятад улс хоёулаа Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон байгаа. Энэ Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын хүрээнд бол худалдааг чөлөөлөх, ямар нэгэн ялгаварлан гадуурхах саад бэрхшээл учруулахгүй байх үүргийг гишүүд орнууд хүлээсэн байдаг. Ингээд Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын хүрээнд бид нар 2 оронтойгоо, түрүүний далайд гарцгүй орныхоо хэлэлцээрийг хамтатгаад хийхэд бол бид нар транзит тээвэр болон боомт ашиглах дээр үр дүнтэй хэлэлцээр хийх ийм эрх зүйн боломж нээлттэй байгаа. Энэ чиглэлээр ОХУ-тай тохирсон далайн 3 боомтыг бид нар Монгол улсад ашиглуулахаар нэр зааж тохирсон протоколыг Засгийн газар хоорондын тээвэр ажлын хэсэг дээр тохирсон байгаа. Үүнтэй холбоотойгоор транзит тээврийн тарифыг хөнгөлөлттэй үнээр тээвэрлэхээр протоколд тохирсон. Яам хоорондын санамж бичиг байгуулчихсан, одоо Засгийн газар хоорондынхоо гэрээний төсөл дээр ажиллаад, текстээ боловсруулаад дуусчихсан байгаа. БНХАУ-тай энэ төмөр замын хэлэлцээрийг удахгүй эхлүүлнэ. Энэ хүрээнд бид түрүүний хэлсэн эрх зүйн боломжууд олон улсын дэлхийн байгууллагын дүрэм журмын хүрээнд боомт ашиглах транзит тээврүүдийнхээ хэлэлцээрүүдийг хийгээд явна гэж төлөвлөж байгаа.
Б.Гарамгайбаатар: - Би нэг асуулт.
Н.Гантөмөр: - Нэмэх үү, нөгөө телевизээр явж байгаа 350 тэрбум төгрөг замын ажлаар хотод хөрөнгө оруулна гээд. Энэ болохоор хотын буюу улсын төсвөөс 150 тэрбум, 200 тэрбум нь манай Чингис бондын хурдны замын “Гудамж” төслийн 200 сая Засгийн газраас батлагдсан ийм мөнгө байгаа юм. Энэ жил 350 тэрбум бол Улаанбаатар хотын зам дээр ойролцоогоор оролцохоор тийм боломжтой гэж үзэж байгаа юм. Гэхдээ энэ тоо бол нэмэгдэх байх. Арай хүрэхгүй гэж тооцоо гаргаж байгаа юм. Хоёрдугаарт тэр хаягжуулах асуудал зам хийж байгаа хаягжуулах асуудал дээр бид нар аятайхан самбарууд ямар компани орж байгаа юм, хэдэн километр байгаа юм, хэчнээн төгрөгний өртөгтэй юм гээд ноднин бол тавьсан. Тэгэхдээ тэр самбарын маань өнгө үзэмж хүнд харагдах өгөөж нь жаахан тааруу байгаа учраас энэ жил бид нар арай өөр маягаар ард иргэдэд танилцуулах ийм ажлыг зохион байгуулна. Одоогийн байдлаар гудамж төсөл дээр ажил арай эхлээгүй байна. Зургийн ажлууд маань үндсэндээ цэгцрээд, гудамжны асуудлууд цэгцрэх байх. Хурдны замын зургийн ажлуудыг бас энэ хүрээнд ярьж байгаа гэсэн ийм мэдээлэлтэй байна.
С.Дэмбэрэл: - А.Гансүх сайдаа, ТИР конвенцийн хэрэгжилтийг товчхон хэлээрэй. ТИР конвенци.
Б.Гарамгайбаатар: - Тодруулах уу?
Н.Батцэрэг: - 350 тэрбумын ажлыг хэдэн компани гүйцэтгэх юм Н.Гантөмөр даргаа?
Н.Гантөмөр: - Энэ дээр нөгөө хуулиараа сонгон шалгаруулалт явна. Яаж зарлахаа бас шийднэ. Энэ дээр Хөгжлийн банкны нэг хуулийн гарц байдаг. Тэр дээр Хөгжлийн банк хуульчлагдсан байдал нь шууд гэрээ хийдэг тийм хуулийн заалттай байдаг. Хэрвээ үүгээр явбал бид энэ асуудлаа тухайн компаниудын нэрс ирчихсэн байгаа. Авто замын холбоо, бусад байгууллагаас ирсэн байгаа. Тэгээд бид нар энэ жил ажил хийх чадвар хамгийн гол нь, та бүгдийн яриад байгаа чанар, дээр нь хэчнээн жил хийсэн туршлага, үнийн асуудал гээд олон шалгуур үзүүлэлтээр энэ компаниудыг энэ жил дүгнэж гаргаж байгаад, тэгээд хийсэн ажлынх нь боломж бололцоо, хийх ажлынх нь цар хүрээгээр нь энэ компаниудыг сонгон шалгаруулж ажилд оруулна.
Н.Батцэрэг: - Намрын чуулган эхэлсний дараа мөн л энэ асуудлынхаа үр дүнгийн талаар хэдүүлээ ингээд ярилцаад суух байх. Зуны хэдэн сар том ажил өрнөх юм байна. Би түрүүн хэлээд байсан, эрсдэлээ сайн тооцоорой, 350 тэрбумын хөрөнгө оруулалт нэг зуны хэдэн сарын дотор хийгдэж байгаагүй шүү. Ямар компаниуд, ямар хүн хүчээр, яаж зохион байгуулагдаж, ажлынхаа дарааллыг яаж харж хийх юм гэдэг маш чухал асуудал шүү. Миний сонссоноор өчигдөр эхний бэртэл гараад эхэлчихсэн шүү дээ. Зүгээр явган хүний зам тавьж байсан хүмүүс нэгийгээ бэртээчихсэн байгаа. Ийм эрсдэлүүд гарна зуны турш. Баахан цахилгаан шугам сүлжээ тасарна, хүмүүс цахилгаанд цохиулах магадлалтай, дээрээс нь баахан шороо босно, ер нь бол их л юм болно доо. Бүтээн байгуулалт гэдэг өөрөө бас том сорилт, эрсдэлийг ардаа дагуулж явдаг. Үүнийг сайн тооцоорой нэг. Хоёрдугаарт нь тэр 350 тэрбумаар хэдэн компани, хэн гэдэг захиралтай ямар компаниуд шалгараад, яаж хийв гэдэг одоо бол та нар төлөвлөчихсөн байх ёстой шүү дээ. Энэ хэмжээний ажлыг иймэрхүү туршлагатай, ийм хүн хүч зохион байгуулалттай компаниудаар гүйцэтгүүлнэ гэсэн ерөнхий бодлого хийж байх ёстой дүр зургаа гаргачихсан байх ёстой шүү дээ. Ийм юм дутуу яваад байгаа шүү манайхан.
Б.Гарамгайбаатар: - Хөөе дараа нь, асуултад хариулж байгаа хүмүүс бас дэг жаягаа барьж хариулна шүү. Надад хэдэн асуудал байна. Эхлээд Хотынхноос асууя. Одоо энэ Олон улсын Бага хуралтай уялдаад нөхөөснүүд маш их хэмжээгээр хийгдэж байна. Энэ нөхөөсийг ер нь яаж хийгээд байгаа юм бэ? Үүнд нэг хариулт өгөхгүй юу. Үндсэндээ замчдыг доромжлоод байгаа юм уу, ямар учиртайг нь би ерөөсөө ойлгохгүй байна. Д.Нанзаддорж энэ дээр хариулт өгөх байх гэж бодож байгаа юм. Хийж байгаа аж ахуй нэгжүүд нь ямар хүмүүс ажиллаад байгааг би ерөөсөө ойлгохоо болиод байгаа юм. Зам засвар арчилтын ажлыг хийдэг мэргэжлийн компаниуд биш юм шиг харагдаад байх юм. Энэ дээр та нар ер нь хяналт тавьж байна уу гэж нэг асууя. Хоёрдугаарт, яамныхнаас асуух гээд байна. Хүмүүс бол барилга бүтээн байгуулалтын чиглэлийн асуултыг илүү асууж байна. Энэ засвар арчилт дээр одоо яг улсын чанартай зам, мөн хоттой хамааралтай хотын зам хоёр дээр засвар арчилтын төсөв хэд байгаа юм бэ? Яг одоо бид нар шаардлага хангасан засвар арчилтын төсвийг бүрдүүлж чадаж байна уу, үүний төлөө юу хийж байна вэ гэж асуух гээд байгаа юм. Зам барих нэг өөр асуудал, тэр барьдаг технологитой компаниуд замаа бариад, тодорхой гарантиный хугацаанд ажлаа өөрсдөө хянаад, тэгээд захиалагчид хүлээлгэж өгч байгаа. Дараа нь тэр авсан ажлыг авсан замаа яг хүүхэд шиг, өсгөж байгаа хүүхэд шигээ харж хандаж явах ёстой энэ ажил бүр огт байхгүй байгаа шүү дээ. Үүнийг яагаад Хотынхон ч тэр, яамныхан ч тэр огт ярихгүй байгаа юм бэ? Энэ мөнгө өнгөрсөн жил тавиулж чадаагүй гэж А.Гансүх сайдын ярианд товчхон дурсаж байгаа боловч үүний төлөө юу хийж байна? Ямар төлөвлөгөө ямар хэлцэл, асуудлуудыг хийгээд хот, улс хоёроороо гаргаад явж байна вэ гэж асуух гэсэн юм. Бид нар бол зам бариад байна. Том бүтээн байгуулалт хийгээд байгаа боловч дараа нь тэр Төрийн өмчийн хорооныхонтой бас хүн байгаа байх, энэ төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай гэрээ байгуулсан уу, захирлуудтай нь яг өнөөдөр бүрэн гэрээ байгуулж дууссан уу? Ямар гэрээ байгуулсан бэ гэж асуух гээд байгаа юм. Яагаад гэвэл ажлаа хийж чаддаггүй гүйцэтгэх захирал, Төрийн өмчийн хорооны засвар арчилтын компаниудын захирлууд маш олон байгаа. Өөрсдийнхөө ажлыг хийдэггүй мөртлөө барилгынхаа компаниуд уруу үргэлж дайралт хийж явдаг. Энэ хэдэн төгрөгийн санхүүжилт аваад гэрээ байгуулаад, засвар арчилтын ажил хийгээд явж байна. Одоо нэг ёсондоо барьсан замаа арчилж хамгаалдаг ажил нь огт байхгүй байгаад байгаа байхгүй юу. Энэ дээр мэргэжлийн байгууллагууд юу гэж хэлэх вэ? Энэ Бага хурлыг угтаад тийм хүүхдийн тоглоом юм шиг юм хийгээд явж байна шүү дээ. Урдуур, бүх зам дээр харагдаж байгаа. Тэр битгий хэл Их тэнгэр, Зайсангийн гүүрийг холбодог зам дээр нэг өдөр байна уу, хэдэн хүн ажиллаж байсан, маргааш нь нөхчихсөн байсан. Тэгэхдээ тэр үед нь цас орсон, нойтон байсан, эцсийн дүндээ зам яагаад эвдэрдэг юм бэ гэдгийг мэргэжлийн хүмүүс мэднэ шүү дээ. Яагаад энэ тал дээр анхаарал тавихгүй байгаа юм бэ? Тэгээд барьсан компаниудаа буруутгаж байгаа болохоос яг засвар арчилтын асуудал дээр яагаад энэ ерөөсөө юм дуугардаггүй юм бэ гэдгийг би асууя гэж бодоод байгаа юм. Өшөө нэг нь түрүүн онгоцны буудлын ажил дээр би ярилаа. Үндсэндээ ер нь яам, хотын удирдлагууд юу хийх ёстой юм бэ? Яг өөрсдийнхөө ажлыг тодорхой болгох хэрэгтэй байна шүү дээ. Та нар бол захиалагч байгууллага шүү дээ. Захиалагч байгууллага яагаад хяналтын ажил уруу орох гээд яриад байгаа юм бэ гэж асуугаад байгаа юм.
Хоёрдугаарт, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулснаар захиалагчийн ажил дуусаад хяналтын баг шилжиж явах ёстой шүү дээ. Энэ ажлуудаа та нар бас зааг ялгааг салгахгүй юм бол эргээд та нар бүх ажлын юун дээр унана шүү. Яагаад би үүнийг хэлээд байна вэ гэхээр сонгодог тэр хэлбэр рүүгээ шилжүүлээч. Одоо болтол шилжүүлж өгөхгүй байгаад байгаа байхгүй юу. Тэр замын компаниудыг ангилсан гэдэг бол Холбоо ангилж чадахгүй шүү дээ. Үүнийг мэднэ шүү дээ, би бол сайн мэднэ, Д.Нанзаддорж мэдэж байгаа, Р.Онон мэдэж байгаа. Тэгээд Холбоо ангилсан гэж худлаа яриад байх юм. Холбоо ангилаагүй шүү дээ. Би өчигдөр тэд нартай уулзсан, ангилал хийгдээгүй байна лээ. Одоо хотод хийгдэж байгаа ажлууд их том ажлууд байгаа. Энэ хотод байгаа ажлууд чинь иргэдийн нүдэн дээр харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд эцсийн дүндээ замын салбарынхан юу ч хийж чаддаггүй, юу ч хийдэггүй, эсвэл дандаа идэж уудаг гэдэг ийм нэр рүү оруулж байгаа юм. Үнэн чанартаа бол энэ хүний нүдэн дээр байгаа ажлуудыг тэр технологийн яг горимыг нь барьж ажиллуулж чадахгүй байна шүү дээ, өнөөдөр. Нөхөөс хийхэд ямар хэлбэр дүрс гаргах ёстой юм, яаж цэвэрлэх ёстой юм, хар тосоор хаагуур нь будах ёстой юм, хэд хоногийн дараа газар доороо хатсан уу, хатаагүй юу бүх технологийн горим байхгүй, нөгөө хуучин арга барилаараа явж байгаа. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ хуучин арга барилаасаа яам ч тэр, хотын удирдлагууд хэзээ салах юм бэ? Өнөөдөр зүгээр нүд хуурсан ажлууд хийчихээд байгаа байхгүй юу. Хийсний дараа буруутан нь дандаа гүйцэтгэгч нар байгаа болохоос дарга нар биш байгаа шүү дээ. Үүнийг та нар юу гэж хэлэх вэ? Яг одоо хотод хийгээд байгаа ажил төсөв нь хаанаас гараад яваад байгаа юм бэ? Татвар төлөгчдийн мөнгөөр явж байгаа шүү дээ. Татвар төлөгчид нь бид биш шүү дээ яг үнэндээ. Энэ томоохон, иргэдэд буруу ойлгуулаад байдаг болохоос татвар төлөгчдийн мөнгө ямар байх ёстой тэр юмнаас чинь гарч байгаа бол энэ хяналт гэж байх ёстой. Үнэхээр өрөмдмөөр нөхөөснүүд тавьж байгаа байхгүй юу. 3 хоногийг л эсвэл даах гээд байгаа юм уу? Ийм юм харагдаад байна, үүнийг хотынхон хараач. Тэгээд яамныхан засвар арчилтын мөнгийг уг нь та нар хөөцөлдөх, энэ дээр анхаарал тавих ёстой шүү дээ. Би энэ дээр яамыг ажил хийгээч гэж хэлэх гээд байгаа юм. Яагаад гэвэл энэ ажил огт үндсээрээ байхгүй болсон. Яам Тамгын газрууд, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яаманд энэ асуудлаа олигтойхон хандаад, үүнийгээ хамгаалдаг арга ерөөсөө байхгүй. Үүнээсээ болоод хэчнээн сайхан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийчихээд, хийсэн ажил нь үр дүн байхгүй. Сүүлд нь дотоодын үндэсний үйлдвэрлэгчдээ гадныханд муу хэлээд ярьж байгаа шүү дээ. Бодит үнэн шүү. Өөрсдийнхөө үндэсний үйлдвэрлэгчдийг өөд нь татах юмыг ярьдаг болохоос гадныханд доош нь хийгээд явж байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхэд тийм юм хийгээд явж байгаа байхгүй юу.
Үндэсний үйлдвэрлэгчдэдээ дэмжиж байж та нар энэ ажлыг нь татна уу гэхээс гадныхныг шүтэж амьдраад хэзээ ч өөдөө явахгүй шүү дээ. Эцсийн дүндээ үүнийг яам, хотынхон анхаараасай. Өшөө нэг юм, нэгэнт дуусгачихъя. Энэ 30 хувийн урьдчилгаа буюу тендерийн урьдчилгааг өгдөг байдлаа болиоч гэж хэлэх гэсэн юм яаманд, хотод ч энэ холбоотой. Чанар гэж бид нар ярих юм, энэ урьдчилгааг өгөхгүйгээр тэр аж ахуй нэгжүүдийг ажиллуулдаг чадвартай аж ахуй нэгжүүдийг сонгож авах шаардлагатай болчихоод байгаа байхгүй юу. Яагаад гэвэл та нараас авсан 30 хувиа зүгээр банкинд аваачиж өрөндөө өгөөд байгаа байхгүй юу. Тэгээд үндсэн ажлууд чинь хийгдэхгүй байгаад байгаа юм. Энэ дээр анхаараач, тэгэхээр Тендерийнхээ хуульд өөрчлөлт оруулдаг юм уу, эсвэл урьдчилгааны асуудал дээр өөрчлөлт оруулмаар байгаа юм. Өнөөдөр аж ахуй нэгжүүд хүндээр тусгаж авч болно. Гэхдээ эцсийн дүндээ та нарын яриад байгаа, хийх гээд оролдоод байгаа чанарын чинь асуудал энэ дээр л бодитоор харагдана шүү дээ. Өөрөө хөрөнгө олоод хийсэн хүмүүс муу юм хийнэ гэж байдаггүй байхгүй юу. Өөрсдөө мөнгөө урьдчилгаагаа гаргаад хийж байгаа хүмүүс, хөлсөө урсгаж олсон мөнгөө буцаагаад газарт булж байгаа хүмүүс чанаргүй юм хийнэ гэж байхгүй. Урьдчилгаа авсан мөнгөө банкныхаа өрөнд өгчихөөд ингэж урьдчилгаа аваад банкиндаа өгдөг юм гээд банкнаас авсан зээлээ зүгээр өөр юманд зарцуулчихаад яваад байна шүү дээ. Энэ бол дэвшил биш, тэгэхээр би та нар үүнийг анхаараач гэх гээд. Хоёрдугаарт, замын ажил бол барилгын норм, нормативаар хийгдэнэ. Үүнийг барих хугацааг үүнийг л барихгүй юм бол хэчнээн сайхан юм яриад, хэчнээн сайхан чанар яриад үр дүнгүй байхгүй шүү дээ. Өнөөдөр үнэн шүү дээ, 5 сантиметрийн зам бол Зил 130, 469 машин байхад баригдаж байсан стандарт байхгүй. Өнөөдөр Lexus 570 уначихаад 69-ийн зам дээр хурдлаад, тоормослоод явж байгаа байхгүй юу. Тэгээд тэр үрэлтийг нь бодоод үз дээ. Зил 130-ын тээвэр хийдэг зам бариад тэр дээрээ 120 тонны даацтай хүнд даацын тэрэг техникийг явуулаад байгаа байхгүй юу. Үүнийг зогсоох, өөрчлөлт оруулах, тэр Засгийн газарт шаардах энэ бүх асуудлуудыг бол яам, хотын замын салбарт хариуцсан хүмүүс хэрэгжүүлнэ шүү дээ. Үндсэндээ зам маш том дэд бүтэц, том бүтээн байгуулалт. Энэ өөрчлөлтүүдийг бид нар бодлогын чанартай бодлогоор хийхгүй бол, би бол юу гэж хэлж байгаа юм гэхээр яамныхан гуравхан юмыг анхаараач гэж хэлэх гээд байгаа юм. Нэгдүгээрт, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулдаг гэрээндээ өөрчлөлт оруулж өгөөч, яагаад гэхээр энэ төсөвтэй холбоотой, давхар хэлчихлээ үг хэлэх байснаа, хоёрдугаарт захиалагч захиалагчийн байр сууринаас ажлаа хийгээд хяналтад өгөөч гэж хэлэх гэсэн юм. Би асуулт асуугаад, хэлэх гэсэн үгээ хэлчихлээ. Та бүхэн бас зөвөөр ойлгоорой гэж хэлье.
А.Гансүх: - Тодруулга хийх үү? Замын засвар арчилтын хувьд яам анхаарч байгаа. Анхаараад энэ 2013 оны төсөвт 34 тэрбум төгрөг суулгаад оруулсан Их Хурал дээр хасаад шийдсэн. Их Хурлын гишүүд энэ дээр давхар анхаарч өгөөч гэж хэлмээр байна. Өнөөдөр энэ томоохон хэмжээний бүтээн байгуулалттай холбоотойгоор компаниудаас маш их санал яам уруу ирж байгаа, энд оролцъё бид нар ийм боломжтой гээд энэ бүх саналыг бид нар зам дээр Авто замчдын холбоо уруу явуулж байгаа. Авто замчдын холбоо өөрсдөө тэндээ нэгтгээд манай яам уруу санал өгч байгаа. Тэгэхээр бид нар энэ замын компаниудыг сонгох сонголтод шууд нөлөөлж юм уу, оролцохгүй байгаа. Төрийн бус байгууллагуудынхаа журмын дагуу явж байгаа юм шиг байна. Ер нь бол энэ байгуулж байгаа гэрээнд бид нар томоохон хэмжээний өөрчлөлт оруулна гэж төлөвлөсөн байгаа. Замын засвар арчилттай холбоотой, хугацаанд ашиглалтад нь өгөөгүй бол ямар үүрэг хариуцлага хүлээх үү гэх мэтчилэн гэрээнийхээ эрх зүйн орчныг бүрэн өөрчилж нэлээн хатуу гэрээ хийнэ гэж төлөвлөж хийж байгаа. Гэхдээ энэ дээр нэг асуудал гаргаж байгаа юм юу гэхээр нөгөө санхүүжилт Хөгжлийн банк уруу шилжчихсэн учраас өнөөдөр Хөгжлийн банк өөрийнхөө гэрээний загвараар гүйцэтгэгч нартай гэрээ хийх юм байна. Энэ дээр нь бид нар санал өгөөд ингээд хамтарсан ажлын хэсэг гаргаад явж байгаа. Манай санал хэр зэрэг тусгагдах юм бол тэр гэрээн дээр Хөгжлийн банкныхан ч гэсэн өөрийн гэсэн байр суурьтай байгаа. Илүү их санхүүжилт талаас нь харсан энэ дээр ойлголцоод, гэрээнийхээ загварыг шинэчлээд гаргачих байх гэж бодож байгаа. Ингээд зарим нэг нь бол яг Зам, тээврийн яамнаас шууд хамаарахгүй асуудлууд байгаа.
Д.Нанзаддорж: - Улаанбаатарын нөхөөсний талаар Б.Гарамгайбаатар гишүүн зарим юмыг нь их зөв харсан байна. Гэхдээ би энэ дээр тайлбар хэлье. Энэ жилийн хувьд бол онцлог байгаа. Ардчилсан орнуудын VII Бага хурал болно гээд энэ хугацаа заасан ажил. Ер нь технологийн хугацааг гаргах юм бол асфальттай үйлдвэрлэл явуулах болоогүй байгаа. Тэгээд гарцаа байхгүй Бага хуралтай холбогдуулж нөхөн засвар хийх шаардлагатай болсон. Гэхдээ үүнийг хугацаанд шахагдаад чанаргүй хийж байгаа гэж ойлгогдмооргүй байна. Өөрөөр хэлэх юм бол Нисэхээс Яармагийн гүүр, Танктай хөшөөний уулзвар хүртэлх зам бол энэ жил шинэчлэгдэх зам. Өөрөөр хэлбэл ажил явагдаж байгаа зам учраас энэ дээр ингээд нүхнүүдийг чуулганы үеэр битүүлээд яая, нүхийг нь битүүлчихье гэсэн юугаар хийгдэж байгаа юм байгаа.
С.Дэмбэрэл: - Уучлаарай Бага хуралтай холбогдуулж зам зас гэж хэн хэлсэн юм бэ? Тэрийг нь нэг тодруулаад өг.
Д.Нанзаддорж: - Энэ чинь Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарчихсан, олон орны зочид төлөөлөгчид ирнэ, Ерөнхийлөгчийн зиндааны хүмүүс ирнэ, Ерөнхий сайдын зэрэглэлтэй хүмүүс ирнэ. Ийм учраас замаа нүхгүй байлгая гэсэн ийм чиглэл гарсны дагуу Яармагийн замд засвар хийх гэж байгааг бид нар мэдэж байгаа шүү дээ. Тийм учраас энэ дээр нүхнүүдийг нь битүүмж байгаа. Үндсэн шинэ хийгдэж байгаа замууд дээр технологийн горим алдагдан хийгдэж байгаа юм байхгүй. Энэ ажлууд бол номын дагуу хийгдэж байгаа гэж хэлмээр байна. Ер нь Улаанбаатар хотод чанартай сайн гүйцэтгэх ажил хийх ёстой гэж С.Дэмбэрэл гишүүн түрүүн ярьсан. Улаанбаатар хот чинь ажил хийхэд их төвөгтэй. Инженерийн байгууламжууд газар доороос маш их гардаг, нүүлгэн шилжүүлэлтүүдийн асуудлууд гарч ирдэг учраас том компаниуд нь ерөөсөө тоож орж ирдэггүй юм. Тэгээд яах вэ, ажлын туршлагатай нэг байнгын үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаран компани байгаа Улаанбаатарт хотод, эд нарыгаа додомдож тендер шалгаруулалтад оруулаад эд нарыг чинь ороод сурчихсан байдаг юм байна. Ингээд энэ ажлууд явагдаж байгаа. Өртөг юуны хувьд ярьсан ч гэсэн Улаанбаатар хотын зам чинь маш их ажиллагаатай шүү дээ. Доороо инженерийн байгууламжтай, хашлагатай хоёр талаараа, гурав дахин өргөн хөдөөний замаас ингээд үзэх юм бол зовлон их байгаа. Засвар арчилтын асуудлыг үнэхээр Улаанбаатар хотод ашиглагч эзэн гэж байхгүй. Улаанбаатар зам засвар арчилтын компанийг эс тооцвол Улаанбаатар хотын замыг арчилж хамгаалах эзэн байхгүй. Нэг эзэнжүүлье гэсэн асуудлыг ажил аваад тавьсан. Тэгэхээр нийтдээ 45 тэрбум төгрөгийн асуудал болдог юм. Жилийн 4 улиралд арчлаад аваад явъя гэхээр зэрэг. Энэ мөнгө бол байхгүй. 2013 оны хувьд гэхэд 15.5 тэрбум төгрөг засвар арчилтад хуримтлагдаж байгаа. Ингээд бодоод үзэхээр бид нар 3 дахин хөрөнгө нэмэгдчихээд энэ хотын замыг арчилж авч явах юм гэсэн ийм тоо байгаа. Хотын ажил дээр анхаарч байгаа гэдэг нь үнэн. Ноднин намраас эхлээд бид нар хийх гэж байгаа бүх замууд дээр мэдээллийн самбарыг тавьсан. Утастай, хаягтай нь. Энэ жил хийгдэх гэж байгаа замууд дээр бас энэ замын өргөн хэд юм, хучилтын зузаан хэд юм, ямар өртөгтэй юм, хэн гэдэг компани барьж байгаа юм. Ингээд иргэд энэ дээр хяналтаа тавиад, иргэд өөрөө өөрийнхөө хороо, дүүрэгт баригдаж байгаа замын хийц эсэхийг мэдээд иргэдийн оролцоод байгаа мэдээллээр нь хяналт авъя гэдэг ийм бодлого хэрэгжээд сайн явж байгаа шүү.
Б.Гарамгайбаатар: - За одоо үг хэлэх гишүүд хэлнэ үү... С.Дэмбэрэл гишүүн.
С.Дэмбэрэл: - За энэ саналыг сонслоо. Ер нь ажил хийгдэж байгаа л юм байна. Эдийн засгийн байнгын хороонд хэлж байгаа миний саналууд бол манай хорооны ажилд хандсан тийм санал юм шүү.
Нэгдүгээрт, энэ А.Гансүх сайдын тавьсан презентацийг сайн үзэж чадсангүй. Тэнд маш олон, тодорхой системтэй мэдээлэл өгөх юмнууд байх шиг. Тэр нь маш хурдан дурдагдаад явчих юм. Тийм учраас Эдийн засгийн байнгын хорооны веб сайтад иймэрхүү авч хэлэлцэж байгаа зүйлүүдийг урьдчилан байршуулж байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, тендерийн асуудлаар түрүүн би саналаа хэлсэн. Энэ Тендерийн хууль салбар болгонд хэрэгжиж байгаа байдлын талаар анализ хийх тийм үүргийг засгийн газарт өгөөд, үүнийхээ үндсэн дээр хуульд өөрчлөлт оруулахгүй бол түрүүн миний анх ярьсан шиг, 150-хан сая төгрөгийн төлөө ингэж хугацаа алдан явж байна. Тийм учраас хуулийн гарц хайгаад, Хөгжлийн банкны шууд гэрээ энэ тэр гэж яриад байлаа шүү дээ. Тэгтэл харин байхгүй юм байна, тэгэхээр энэ Тендерийнхээ хуулийг өөрчлөөч. Тийм учраас л би түрүүн асуугаад байгаа нь тэр шүү дээ. Улаанбаатар хот дээр ямар байгаа юм, яамууд дээр байгаа энэ тодорхой салбарууд дээр энэ тендерийн зүйл гээд, тэрийг хамгийн төгс төгөлдөр шийдэл олчихсон юм шиг, энэ нь хэзээ ч өөрчилж болохгүй зүйл юм шиг бодоод байгаа юм. Энэ чинь худлаа. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн сумын сургуулийн дээврийг засах тендер зарлаж байгаа infra currentment гээд зарлаж байгаа юм. Өнгөц харахад гоё шударга юм шиг мөртлөө яг бодит амьдрал дээр энэ чинь худлаа байна. Тийм учраас тендерийн энэ тал дээр ажил хийхэд садаа болж байна. Дээр нь хүмүүсийг сэжиглэх үндэслэл бий болгож байна. Тийм учраас үүнийг хүмүүст, хэрэв дарга гээд тавьчихсан бол, итгээд эрх чөлөөг нь өг. Санхүүжилтийг нь шууд хийдэг болох хэрэгтэй. Тодорхой хэмжээний үлдсэн хэсэг дээр нь тендерийн хөндлөнгийн хяналттай байх энэ системийг оруулж өгөхгүй бол олон жил засгийн бүх байгууллагууд ингэж явчихсан байна. Тийм учраас, энэ бол танай яамны буруу биш, угаасаа Тендер гэдэг хууль нь ийм. Тэр хэрэгжихгүй байгаа нь үүнтэй холбоотой. Тийм учраас манай Байнгын хорооноос үүн дээр:
Нэгдүгээрт, анализ хийгээд, Засгийн газраас мэдээллийг нь аваад, энэ чиглэлээр цаашид хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, би түрүүн асуусан, метро гэхэд та дэмжиж байна лээ. Энэ бол танай яамны гэхдээ үүнийг Улаанбаатар хотын эдийн засаг, Монгол улсын макро эдийн засагтай хэр зэрэг холбогдож байгаа гэдгийг том хэмжээнд яриад, түүний дотор зам тээврийн салбарт яаж холбогдож байгаа гэдгийг харахгүй бол энэ чинь салчихаад байгаа шүү. Тийм учраас би тэр метроны проектын талаас хэр зэрэг зохистой байх талаас эдийн засгийн төдийгүй нийгмийн талаас нь, өөр альтернатив хувилбарууд байсаар байхад яагаад зөвхөн үүнийг л сонгож байгаа юм бэ гэдэг талаас нь асуусан. Тийм учраас үүнийг цаашдаа та анхаарвал, нэлээн сайн анхаарах ёстой шүү.
Гуравдугаар санал нь, түрүүн Б.Гарамгайбаатар гишүүний саналуудыг дэмжиж байгаа юм. Би өөрөө мэргэжлийн хүн биш ч гэсэн маш тодорхой юм хэлчихсэн. Түүний дотор стандарт байсан, тэр нэг инженерийн холбогдолтой саналууд байна шүү дээ. Энэ бүхнийг болоод бусад гишүүдийн хэлсэн саналуудыг нэгтгээд Байнгын хорооны протоколд яаж тусдаг юм, үүнийг манай зөвлөх мэдэж байгаа байх, эсвэл Байнгын хорооны тийм зөвлөмж, тогтоол гаргадаг юм уу, яадаг юм ийм шийдэл нь байж, асуулт асуугаад, саналаа хэлж байгаа миний энэ оролцоо үр ашиггүй үрэгдэхгүйгээр шийдэл нь гарч, цаашдаа ажил болж байх ёстой шүү. Үүнийг л та бүхэн анхаараарай. Тэгэхгүй бол бид нар энд яриад суугаад байдаг, би жишээлбэл өлсөж байна өглөө нөгөө цахилгаан ус байхгүй байсан учраас хоол идэж чадаагүй. Тэгсэн мөртлөө энэ дээр саналаа хэлээд, үгээ хэлчихье гээд хүлээгээд суугаад байдаг. Тэгэхээр үүнийг анхаараад бид нарыг би байнгын хороон дотроо л ярьж байна шүү дээ. Үүнийгээ үр дүнтэй болох талаас энэ нэг тодорхой шийдэл, чиглэл зөвлөмж өгсөн ийм юм хийгээсэй гэж бодож байна, баярлалаа.
Б.Гарамгайбаатар: - Гишүүдэд баярлалаа. Үг хэлж дууслаа. Тэгээд Байнгын хороо бол мэдээж хэрэг Зам, тээврийн яамны мэдээлэл болоод хотын дэд бүтцийн асуудал хариуцсан хүмүүсийн мэдээллийг сонссон. Тэгээд мэдээлэл протоколд тэмдэглэгдсэн байгаа. Гишүүдийн хэлсэн үг болгон тэмдэглэгдсэн. Бид нар дараа нь яамд, хотын удирдлагуудад энэ асуудлаар тодорхой чиглэлүүдийг өгнө. Өгсөн чиглэлүүдийнхээ хариуг бид нар авч вэб сайтаар тараана. Гишүүд бол энэ хэлсэн ярьсан үгийнхээ хариуг нэхэх байх, тэгээд нэхэх асуудлыг Байнгын хороо зохион байгуулна. Ер нь бол бид нар иймэрхүү ажлуудыг ойр ойрхон хэрэгжилт ямар байгаа вэ гэдгийг бас мэдээлнэ гэдгийг хэлье.
С.Дэмбэрэл: - Байнгын хорооны дарга аа, би ганцхан санал мартчихаж. Би нөгөө Хөгжлийн банкны талаар ярих гэж байсан юм. Манай Байнгын хороо Хөгжлийн банкны асуудлаар ойрын хугацаанд энэ асуудлыг яг мэдээлэл хийлгэхгүй өнөөдрийн Хөгжлийн банк бол нэг талаас бол хэрэггүй хогоо хаядаг шуудай болж хувирч байна. Тийм учраас энийг тусгайлан авч хэлэлцье гэсэн нэмэлт санал байна.
Б.Гарамгайбаатар: - Уг нь энэ удаагийн мэдээлэл дээр би Зам, тээврийн яам, хотын удирдлагуудын, Хөгжлийн банкийг гээд Төрийн өмчийн хороо гээд бүгдийг нь байлгаж байж гишүүдэд тодорхой мэдээлэл өгөөд, энэ хүмүүсийн хооронд байгаа тэр зөрчлүүдийг нь ойлголцуулъя гэж бодсон. Тэгээд харамсалтай нь Төрийн өмчийн хорооны дарга ирээгүй. Хөгжлийн банкнаас хүмүүс ирээгүй учраас иймэрхүү юмнууд доголдоод байгаа. Хойшид үүнийг Байнгын хороо аль болохоор тарааж өгөх гээд оролдоод байгаа. Дээр нь Байнгын хороо бол бас нэг шинэ юм Байнгын хороогоор хязгаарлахгүйгээр бүх гишүүдийг сонирхсон асуудлуудаа оруулж ирж асууж, мэдээлэл ав гэсэн байр сууриар хандаж ажиллаж байгаа. Тэгээд гишүүд бас энэ дээр анхаарна биз дээ гэж хэлье.
С.Бямбацогт: - Б.Гарамгайбаатар дарга аа, наана чинь сая та сонин юм хэлж байна л даа. Хөгжлийн банк ирсэнгүй, нөгөөдөх нь юу билээ, Төрийн өмчийн хороо ирсэнгүй гэж байна. Ирэхгүй бол яах юм, ингээд хаях юм уу, ингээд өнгөрөх ёстой юу?
Б.Гарамгайбаатар: - Бид бол албан ёсоор ирэх шаардлага тавьсан, ирсэнгүй. Тэгэхээр тэр хүмүүстэй эргээд тэр асуудлаараа ярья. Уг нь Н.Батбаяр сайд сууж байсан шүү дээ. Н.Батбаяр сайдын байх үед нь тэр Хөгжлийн банкны асуудлууд нь яригдахгүй өнгөрчихлөө шүү дээ. Яг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг бид нар авчир гэсэн байсан юм. Тэгээд ирсэнгүй. За Ц.Оюунгэрэл гишүүн.
Ц.Оюунгэрэл: - Ц.Оюунгэрэл гишүүн. Би энэ С.Дэмбэрэл гишүүний саяын гаргасан санал дээр санал хураалт явуулах боломжтой юу гэж асуух гэсэн юм. Нөгөө энэ Тендерийн хуулийг шинэчлэх ажлын хэсэг Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах нь их зөв юм шиг санагдаад байгаа юм л даа. Манайх шиг улирлын чанараар ажилладаг. Тэгээд түрүүн Ц.Нямдорж гишүүн ч хэлж байсан. Манай тендер бол хэн хамгийн муу барилга барих вэ, хэн хамгийн муу зам барих вэ гэдэг ийм уралдаант шалгаруулалт болдог гээд энэ бол соёлын салбар дээр яг адилхан болчихоод байгаа юм. Бид нар соёлын сайхан барилга байгууламж бариулах, одоо ингээд соёлын өвийг сэргээн засварлах гээд Монгол улсад дахиад хэзээ ч олдошгүй ховор соёлынхоо өвийг хамгаалах асуудал болдог. Тэгэхэд бид нар мэргэжлийн компаниудыг урихаасаа илүү дахиад тендер зарлаад хамгийн хямдхан нь гээд ингэх юм бол бас л замаас дутуугүй их л асуудал гарах гээд байдаг юм. Тэгэхээр зэрэг зам дээр гарч байгаа асуудал бол зүгээр бүх салбарт гарч байгаа асуудлын нэг дүр төрх нь. Тийм учраас ийм одоо улирлын чанартай эдийн засагтай нийцсэн ийм сонгон шалгаруулалтын, хамгийн гол нь сонгон шалгаруулалтаас гадна энэ С.Дэмбэрэл гишүүний саяын хэлдэг дээр нэг аягүй үнэтэй зүйл байгаа байхгүй юу. Сонгон шалгаруулалт бол хялбархан, тэгээд энгийн, хүмүүст нээлттэй байдлаар хийгддэг. Дээр нь хийж байх явцад нь олон нийтийн хяналт шалгалт, олон нийтийн тэр мониторинг нь илүү их сайн нээж өгсөн тийм улирлынхаа чанарт нийцсэн ийм хуультай болмоор байх юм. Манай хууль бол үнэхээр сонгон шалгаруулалт нь нэг их урт хугацаанд зарладаг, маргаан гарахаар урт хугацаанд үргэлжилдэг, тэгсэн мөртлөө яг барьж байх үед нь олон нийтийн хяналт шалгалт хийх ямар ч боломжгүй ийм л хууль байдаг л даа.
Б.Гарамгайбаатар: - За энэ талаар Эдийн засгийн байнгын хороо анхааралдаа авъя. Тэгээд гишүүдийн энэ санал дээр тулгуурлаад бид бас зохих ажиллагаа хийе гэж бодож байна. Албан ёсоор Зам, тээврийн сайдын мэдээллийг сонсож дууслаа. Гишүүдэд баярлалаа.
Хуралдаан 13 цаг 20 минутад өндөрлөв.
Tweet