Хилийн боомтын тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий АБГББХ болон хууль зүйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан.
2013 оны 5 дугаар сарын 13
С.Дэмбэрэл: Эртээд хуралдаад хоёр даалгавар өгсөн. Концефцийн тухай таарахгүй байна. Хил дээр ажилладаг байгууллагуудыг нэгтгээд дундаас нь дахиад нэг байгууллага гараад ирсэн. Тэрийг больсон уу?
Хариулт: - Таны ярьсан худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн харилцаа хөгжүүлэх талаар концефцийн чанартай мэдээллүүдийг Гаалийн байгууллага дэлгэрэнгүй хийсэн. Үүнтэй холбоотой саналуудыг зарчим дээр бол оруулсан байгаа. Мөн хилийн боомтын удирдлагын асуудал дээр бол наад саналууд чинь хөнгөвчлөх тал руугаа тусгагдсан. Аюулгүй байдал талаасаа Тагнуулын болон хууль сахиулах байгууллагуудын хувьд анхаарах зүйлс ч бас бий.
С.Дэмбэрэл: Улам тодорхой болох үүднээс яг тодорхой асуучихъя. Энэ хилийн боомт дээр ажилладаг байгууллагуудыг дээрээ нэг даргатай тийм бүтэцтэй болгох тийм санаа явж байсан. Боомтын захиргаа ч билүү? Тэр байгаа юу? больсон уу?
Хариулт: - Төсөл дээр бол байгаа. Засгийн газрын өргөн баригдсан хууль дээр ч бас байгаа. Яг байлгах эсэх асуудлыг эцэслэж шийдээгүй байгаа.
С.Дэмбэрэл: тэгвэл яг одоо тэрнийгээ та бүхнээс асуучихъя. Байгууллага болгоноороо, яг өөрийнхөө байгууллагыг танилцуулаад, бидний бодлоор бол ийм байгууллага байх ёстой, эсвэл байх ёсгүй гэсэн тэр тайлбараа хийцгээчих. Товчхон товчхон, болж байна уу? тийм учраас л бид чинь энд ингээд бүгдээрээ хамт сууцгааж байгаа шүү дээ.
Хариултууд:
1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Төгсбаяр: Боомтын нэгдсэн захиргаа бий болох нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ байгууллага маань хяналт шалгалтын байгуулгуудын өөрсдийнх нь хуулиараа хүлээсэн чиг үүргэд нь оролцохгүй. Харин Боомтын дэд бүтэц, ажиллаж амьдрах бололцоог нь хангах чиглэлээр ажиллана гэж хуулийн төсөл дээр явж байгаа. Төрийн бусад байгууллагууд ачааллаа хөнгөлөөд, хилийн боомтын захиргаа руугаа дэд бүтэц, барилга байгууламж, аж ахуйн талын ажлаа хариуцуулах юм.
С.Дэмбэрэл: Мэргэжлийн хяналтын албан ёсны санал гэж үзэж болох уу?
- Төгсбаяр: Болно
2. Гадаадын иргэн харьят эрхлэх газар Мөнхбат: Энэ саналыг дэмжиж байгаа. Энэ байгууллага нь бас боомтынхоо менежментийг хариуцаад явах юм. Орос Холбооны Улсад Росграница гэдэг байгууллага байдаг. БНХАУ-д тухайн боомтыг хариуцсан орон нутагт нэгж нь байдаг. Үүнтэйгээ холбогдуулаад, байгууллага хоорондын харилцаа, дэд бүтэц, цаашдын хандлагыг нь тодорхойлж өгч байх ийм байгууллага яг өнөөдрийн байдлаар алга. Одоогоор боомт дээр ажиллаж байгаа хяналтын байгууллагууд өөр өөрсдөө жижиг жижгээр хариуцаад явж байгаа учраас үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нь илүү нээгдэнэ. Нэвтрүүлэх хүчин чадал нь нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
3. Засгийн газрын хэрэг эрхлэх газар Мөнх-Эрдэнэ: хуулийн төслийг дэмжиж байгаа. Манай оруулсан төсөл л дөө.
4. Өмнөговь аймаг дахь засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, ажлын албаны ажилтан Батсүх: хуулийн төслийг дэмжиж байгаа.
5. Барилга, хот байгуулалтын яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Дондогмаа: Манай Яам хэдэн боомтын асуудал дээр ажилласан. Хуулийн төсөл, ийм байгууллага байгуулахыг дэмжиж байгаа.
6. Шархүү: - Асуудлыг бид судалж үзээд, хуулийн төсөл, төлөвлөгөөг боловсруулсан. Боомтууд нь инженерийн дэд бүтэц байхгүй, аж ахуйн асуудлуудыг хариуцсан байгууллага, бүтэц төсөв байхгүй, хил гааль дээр ажиллаж байгаа хэдэн хөөрхий байгууллага ээлжлээн нэгийгээ томилон, нөгөөдүүл нь нааш цаашаа явж, энд тэндээс юм гуйж, царайчилж жаахан юм хийдэг ийм л байдалтай байна. Тийм учраас ерөнхий төлөвлөгөөний судалгааны үндсэн дээр, хилийн цэрэг болон бусад байгууллагуудтай ярилцсаны үндсэн дээр орчин үеийн түвшинд хүрсэн хилийн боомтыг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Саналыг зөвшөөрсөн.
7. Хот байгуулалтын хөгжлийг дэмжих төв Хуягбат: Манайх Боомтын ажлыг ажлын гүйцэтгэл хийсэн компани. Яамнаас зургын даалгавар аваад судалгааны ажлыг боомт дээр гүйцэтгэсэн. Бидний ажиглалтаар хил дээр үйл ажиллагаа 4 байгууллагаас өөр боомтын аж ахуйн асуудал хариуцсан эзэнгүй байдаг юм байна. Халаалт, зам талбай зэрэг олон асуудал байна. Голлон үйл ажиллагаа явуулдагаараа Гааль, Хил хамгаалах албаныхан түлхүү анхаардаг юм билээ. Манай хот байгуулалтын баримт бичгүүдэд хил дагасан хотхоны асуудал шинээр орж ирж байгаа. Үүнтэй холбогдуулан хилийн боомт дагасан суурьшилын бүсийг бид төлөвлөсөн. Энэ нь боомтын байдал, нутаг дэвсгэрийн онцлогоос хамааран 1000-5000 хүн амтай янз бүрийн суурингуудын асуудал байгаа. Иймээс тэр боомтын захиргааны асуудал хариуцсан нэгж байх шаардлага гарч ирж байгаа юм билээ. Хилийн боомт бол улсын онцгой обьект. Засаг захиргааны хувьд сум орон нутагтаа хамаарах эсэх асуудлыг ч бас анхаармаар санагдсан. Бид зураг төсөлдөө суурьшлын бүс нь тусдаа, хилийн боомтын хяналтын хэсэг нь тусдаа байхаар төлөвлөн хийж байгаа.
8. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Уугангэрэл: Дэлхийн гаалийн байгууллагаас “21 зууны гааль” гэсэн багц гаргасан юм. 10 зүйл төлөвлөсний нэг нь “Хилийн хяналтын зохицуулга бүхий удирдлага” гэж бий. 9 сарын 11-ны үйл явдлаас хойш үүнийг илүү хүчтэй тавьж байгаа. Гадаад худалдааг хөнгөвчилөх, аюулгүй байдлыг хангах гэсэн 2 талаасаа энэ чухал болж байгаа юм. Хил дээр өөр өөр чиг үүрэгтэй олон байгууллага бие даан ажилладаг нь шат дамжлагыг нэмэгдүүлж, хүнд суртал бий болгодог. Мөн төсөв мөнгийг хэмнэлтгүй зарцуулж байна гэдэг үүднээс “Хилийн хяналтын зохицуулга бүхий удирдлага” гэсэн ерөнхий нэг удирдлагад нэгтгэх гэж байгаа юм. Улсууд янз бүрээр шийдсэн байна. Гаальдаа бусад байгууллагаа захируулан нэгтгэж хийсэн нэг хэсэг байна. Зарим нь нэгдсэн захиргаа гаргаж шийдсэн байна. Энэ байгууллага нь аж ахуй, барилга байшингийн асуудлаа хариуцаж, тусгай байгуулагуудаа энэ талын ачаанаас чөлөөлж, хүнд суртал, давхардалгүйгээр, хурдан шуурхай үйлчилж, гадаад худалдааг хөнгөвчлөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэх юм. Манай улсын хувьд энэ нэгдсэн захиргааны байгууллагыг байгуулахыг Гаалийн байгууллага дэмжиж байгаа.
9. Татварын Ерөнхий газар: манайх саналыг дэмжиж байгаа.
10. Тагнуулын ерөнхий газар, тасгийн дарга Мөнхбат: манайх дэмжиж байгаа.
С.Дэмбэрэл: Энэ хилийн боомтын нэдсэн захиргаа гэж, миний ойлгож байгаагаар бол тухайн хил дээр ажиллаж байгаа байгууллагын хуулиар заагдсан бие даасан үйл ажиллагаанд нь оролцохгүйгээр, эдгээр байгууллагуудын хөгжлийн асуудал, түүний дотор нийгмийн хөгжил, хөрөнгө оруулалт энэ бүхнийг нэгтгэж оруулж байх, байгууллага тус бүрийн өөр өөрсдийнх нь тухайн жилийн төлөвлөгөөг нэгтгээд, энэ байгууллага төлөөлөн оруулж ирнэ гэсэн үг үү? Жишээлбэл, одоо Гаалийн ерөнхий газар гэхэд Сангийн яам уруу өөрийнхөө хөрөнгө оруулалтыг шууд өгчихөж байгаа биз дээ? Цаашдаа яах юм бэ? Нэгдсэн байдлаар оруулж байх юм уу? нэгдүгээрт.
Хоёрдугаарт, энэ захиргаа нь хилийн боомтыг хөгжүүлэх янз янзын зураг төсөл боловсруулаад, хөгжлийн төслүүд гаргаад, энэ төслийг хэрэгжүүлэхэд бодлогынх нь хувьд нэгтгэж базсан ийм инстутци байх уу? Хуулийн төсөл дээр тэгж байгаа юу?
Гуравдугаарт, Сая худалдаа хөнгөвчлөх гэж ихэнх нь ярилаа. Худалдаа хөнгөвчлөх талаар яг яаж энэ хуулийн үзэл санаанд тусгагдсан юм бэ? Худалдаа хөнгөвчлөх асуудлаа байгууллагуудын хоорондын, Гаалийн байгууллагуудын их олон жил ярьж байгаа integrated border management буюу хилийн интегралчлагдсан менежмент нь энэ хилийн боомтын захиргаагаар хамгийн хөнгөвчлөлтэй нөхцөлөөр, түргэн шуурхай явагдана гэсэн ийм заалт, үзэл санаа нь энд туссан уу? Энийг та нэг тодорхой хэлээд өгөөч.
Хариулт: - Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн үндсэн концефци нь энэ. Одоогийн шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын чиг үүрийг бол багасгаж, нэгтгэж байгаа. Тэгэхээр давхардал арилна гэсэн үг. Нөгөө талаас бол хуулийн төсөл дээр боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу боомтыг барьж байгууллана, ажиллуулна гэж заасан байгаа.
С.Дэмбэрэл: Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу боомтыг барьж байгууллана гэхээр, хилийн боомтын нэгдсэн захриргаа үүнийг хариуцана гэсэн үг үү?
Хариулт: - Тийм, тэгнэ. Ерөнхий төлөвлөгөөний дагуу, боомтын барилга байгууламж, техник хэрэгсэл сайжраад ирэхээр үйлчилгээ, нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ. Боомт дээр удаан хүлээж гацдаг бизнес эрхлэгчдийн хүндрэлүүд арилна гэж үзэж байгаа. Нөгөө талаасаа, үйлчилгээний стандарт гэж гарч ирнэ. Энэ стандартыг Боомтын нэгдсэн захиргаа баталж хэрэгжүүлнэ. Үүн дээрээ хяналт тавина. Мөн нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэхийг төлөвлөж байгаа. Ерөнхий сайд ч Замын-үүдэд очих үеэрээ 06 сарын 1-ны дотор ийм үйлчилгээ нээх чиглэл өгсөн. Энэ мэтчилэн Нэг талаасаа хяналт шалгалтын давхардлыг цөөлж, оновчтой болгоно. Нөгөө талаасаа дэд бүтэц, ажиллах нөхцлийг сайжруулна. Цахим тоног төхөөрөмж, программ хангамжийг нэвтрүүлнэ. Энэ бүхний үр дүнд таны хэлж байгаа худалдаа хөнгөвчлөх асуудал гайгүй сайн болох байх гэж найдаж байна. Гэхдээ зөвхөн энэ биш, цөөнгүй хууль тогтоомжид өөрчлөлт орно. Жишээлбэл, бид саяхан гаалийн болон татварын хуулинд өөрчлөлт хийж, бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлсөн.
С.Дэмбэрэл: Мэргэжлийн хяналтын тухай хуулинд, хилээр бараа бүтээгдхүүн оруулахад зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай материалуудын тухай засгийн газрын хэддүгээр тогтоол билээ, /бүүр өмнө гарсан/ импортоор оруулж байгаа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэсэн хавсралттай /173 тоот тогтоол билүү? 2002 оных байна уу?/ тэр тогтоол одоо хүчинтэй хэвээрээ байгаа юу? Дээр нь шинэ хууль батлагдсантай холбогдоод хүнсний тухай хуулинд орсон тэр заалтуудыг хэрэгжүүлэх тийм шаардлагууд оруулсан. Тэгэхлээр энэ бүхэн өөрчлөгдөөгүй байхад яаж тэр хилээр чинь хяналт шалгалтын процедур багасаж, яаж тэр бизнес эрхлэгчдэд худалдаа хөнгөвчлөгдөх юм бэ гэдийг л би асуугаад байна. Тэгэхлээр энийг нэгтгэж багтааса хилийн нэгдсэн менежмент, худалдаа хөнгөвчлөх нь л энэ бүх байгууллагуудын олон үйл ажиллагааг тусгасан энэ хуулийн гол амин сүнс нь байх ёстой. Тийм биз? Тийм байдлаар засгийн газраас оруулж ирсэн байх гэдгийг лавлаж л би асуугаад ийм юм асуугаад байна л даа. Энд цахим ч гэж алга. Нэг цонхны үйлчилгээ гэдэг, одоогийн тэр ажилладаггүй, худлаа юмыг авчраад тавьчихсан байна. Өнөө хирнээ ажилладаггүй, бодит байдлаар байгууллагуудыг хамтруулаад суулгачихдаггүй мөртлөө, “Нэг цонхны үйлчилгээ” гэгддэг тэр юмыг Швейцараас тусламжаар хуулж аваад, дүүргүүд дээр хийгээд байгаа. Ийм юмыг хил дээр аваачаад тавина гээд байх юм, энэ чинь худлаа. Энэ цахим нэг цонхны үйлчилгээг л би хэлээд байгаа юм. “Гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээ” гэж олон улсын нэрээр нэрлэгддэг худалдаа хөнгөвчлөх үйл ажиллагааны шийдэл энд тусгагдаж уу гээд харахаар л, энд байхгүй байна л даа. Хил дээр ажилладаг энэ байгууллагуудын хамгийн гол үзэл санаа нь энэ л байх ёстой. Энэ рүү нь л энэ хуулийг чиглүүлж гаргаад, энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүнд суртал багасна, гадаад худалдааны үйл ажиллагааны зардал багасана, ингэснээрээ барааны эргэлт хурдасна, барааны эргэлт хурдассанаар зах зээл дээрх бүтээгдэхүүн үйлчилгээ түргэн орж ирнэ, ингэснээрээ инфлияцын өсөлтөнд эерэгээр нөлөөлөх ёстой. “Гадаад худалдааны цахим нэг цонхны мастер төлөвлөгөө” гэж байгаа. “Гадаад худалдааны цахим нэг цонхны үндэсний хороо” гэж байгуулагдсан байгаа. Тэр хорооны, мастер төлөвлөгөөний дагуу энд байгаа бүх байгууллагууд цахим төхөөрөмжтэй, тийм хүчин чадалтай болсон байх ёстой. Энэний эрх зүйн үндэс нь энэ хуулинд тавигдсан байх ёстой гэж л би үзээд байгаа юм. Энэнийг л би асуугаад байгаа юм л даа. Гэтэл ийм юм ороогүй юм шиг л санагдаад байна. Энийг дахин сайжруулахгүй бол болохгүй шүү. За ажлын хэсгийн бусад гишүүдэд ярих боломжийг нь олгоё.
Tweet