УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ИЗНН-ынхан Засгийн газарт сайдын суудал нэмж авахгүй. Одоо байгаа нэг дэд сайдын суудлаа хадгалаад үлдэхэд хангалттай гэсэн байр суурьтай байгаа юм уу?
-Мэдэхгүй. Манай намынхан ийм зүйл огт яриагүй. Яагаад гэвэл АН-аас ямар нэг санал тавиагүй учраас мэдэхгүй байна.
-Санал тавибал нэмж сайдын суудал авна гэсэн үг үү?
-Тэгвэл ярилцах байлгүй дээ.
-Хэнийг сайд болгох вэ, Засгийн газарт хамтарч байгаа нам, эвсэлдээ хэрхэн хуваарилах вэ гэсэн яриа тохиролцоо ид өрнөж байна. Одоо хүртэл санал тавиагүйг бодоход танайхыг үл тоомсорлож байгаа хэрэг үү?
-АН өнгөрсөн амралтын өдрүүдэд албан бус яриагаа хийсэн биз. Удахгүй оруулж ирэх байлгүй. Албан ёсны зүйл өнөөдрийг хүртэл болоогүй байна. Манай нам албан бус зүйлд оролцдоггүй. Албан ёсоор бидэнтэй хамтарч ажиллая гэсэн ерөнхий тохироо бий.
Манай нам түүндээ үнэнч байгаа. Яам хариуцахыг санал болговол мэдээж хэрэг намын хурлаараа хэлэлцэнэ. Манайхан цаашдаа яахаа С.Дэмбэрэл гэдэг хүний, өөр хэн нэгний өрөөнд биш, намынхаа хурлаар шийдвэрлэдэг.
-Хэрвээ танай намд нэг яам хариуцах санал тавибал та сайд болох уу?
-Ер нь өмнө нь ч “Надад сайд болох хүсэл эрмэлзэл байхгүй” гээд хэлчихсэн шүү дээ. Бидэнд албан ёсны санал тавиагүй байгааг хэлсэн. Тавьсан тохиолдолд асуудлыг ярьж болно.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Энэ хууль хэр өгөөжтэй байх бол?
-Аливаа зүйлийг үнэлж дүгнэхдээ цээжний бангаар биш, бусдын туршлагыг харж хэлэх хэрэгтэй. Төрийн зүгээс эдийн засгийг ил тод болгох, өршөөл үзүүлэх арга хэмжээ авсан олон орны туршлага бий.
Далд эдийн засаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоонд ордоггүй хэсгийг албажуулах зорилгоор энэ хуулийг баталсан. Түүнчлэн нөгөө талаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилт бий.
Монгол руу орох гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан, экспортын бүтээгдэхүүний үнэ унасан, улс төрийн нөхцөл нь ч онц дүн авахаар биш байна. Тодорхой бус байдал давамгайлсан ийм үед Монгол Улс дотоод хүчин зүйлдээ найдахаас өөр аргагүй.
Энэ хуулийн цаад зорилго нь далд эдийн засгийг ил болгох, татварын бааз суурийг өргөсгөх юм. Нөгөөтэйгүүр Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталсны гол үр дүнг нь бизнесийн үйл ажиллагаагаа нуудаг хүмүүс хүртэнэ.
Бусадтайгаа адилхан бүртгүүлээд бага хэмжээний татвараа төл. Таны өмнөх үйлдлүүдийг төр өршөөж байна гэсэн утгатай хууль шүү дээ. Татварын өршөөл үзүүлэх хуулийг 2009 онд баталж, хэрэгжүүлж байсан.
Долоон жилийн дараа дахин иймэрхүү хууль баталж хэрэгжүүлж байна. Ер нь 8-10 жилийн зайтай ийм арга хэмжээ авсан орнууд сайны жишээ болдог. Давтамж нь 4-5 жил болчихвол муу туршлага болно.
Итали, Аргентин зэрэг хөгжилтэй улс муугийн жишээ болсон. Сайн туршлага гэвэл Энэтхэгийг дурдаж болно. Тус улс гурван сарын хугацаанд Эдийн засгийн өршөөлийн хууль хэрэгжүүлсэн. Ингэхдээ ил болгосон мөнгөөр нь Засгийн газрын бонд худалдаж авсан байдаг.
Ер нь улс орнууд хуулийнхаа сурталчилгааг сайн хийдэг. Зарим улс 30 хувийн татвар, 100 хувийн нэр төрийн баталгаа гэж сурталчилж байх жишээтэй. Мөн оффшор дансыг илрүүлэх оролдлого хийгээд бүтээгүй бол оншор буюу дотоодод нуугдаж байсан мөнгийг эргэлтэд оруулах ажил явуулж байсан.
Монгол Улс сайн туршлагуудыг хуульдаа тусгасан.
-Татвараа шударгаар төлж явсан аж ахуйн нэгжүүдийг яах вэ. Шударга бусыг нь өршөөгөөд байхаар ялгаварлал гарч байна.
-Тийм. Энэ асуудал асуултын тэмдэгтэй хэвээр үлдсэн. Манайх 105 мянган татвар төлөгчтэй. Дийлэнх нь татвараа шударгаар төлдөг. Бас дутуу төлдөг нь ч байж магадгүй. Татвараа шударгаар төлж байсан хүмүүсийг урамшуулах заалт хуульд оруулж чадаагүй.
Би эдийн засаг, татварын өршөөлийн хууль гаргах зайг тодорхой хугацаатай зааж өгье гэсэн санал гаргасан. Ингэхээр Үндсэн хуулийн цэцэд очоод уначихна гэсэн. Мөн татвараа бүрэн төлж байсан аж ахуйн нэгж бий.
Эдгээрт өршөөлийн явцад төсвийн орлогын бүрдэлтийг харж байгаад татварын амралт олгоё гэсэн санал гаргасан. Мөн дэмжээгүй. Татварын амралт гэдэг нь хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх, тодорхой хугацаанд татвар авахгүй байхыг хэлээд байгаа юм.
Бусад орон Өршөөлийн хуулийн дараагаар татварын шинэ орчин бүрд үүлдэг. Манайх ч татварын хуулиудаа шинэчлэх гэж байна. Татварын байцаагч давуу эрхтэй, бага үүрэгтэй, татвар төлөгч бага эрхтэй байгаа эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, эрхийг тэнцвэржүүлнэ.
Энэ хууль батлагдсанаар татварын шинэ орчин бүрдэнэ. Татварын багц хуулийг намрын чуулганаар шинэчлэн батална. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль арванхо ёрдугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ. Нуусан хааснаа ил болгосны дараа татварын шинэ орчин үйлчилнэ гэж ойлгох хэрэгтэй.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль далд эдийн засгийг бүрэн ил болгож чадах болов уу?
-Чадахгүй. 2009 оны Өршөөлийн хууль дөрвөн их наяд төгрөг ил болгосон байдаг. Өмнөх Өршөөлийн хуулийн хэрэгжилтээс харахад нийт ил болсон мөнгөн дүнгийн 49.1 хувь нь жижиглэнгийн болон бөөний худалдааны салбарынханд ногдож байна лээ.
Уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарынхан 7-10 хувийг эзэлсэн байдаг. Цөөн хэдэн сектор л хамарсан байсан. Улс орнууд эдийн засгийн салбаруудаа бүрэн хамруулахыг хичээдэг юм билээ.
Энэ хуульд банк санхүүгийн байгууллагуудыг оруулаагүй. Манай улсын далд эдийн засгийн талаар олон янзын судалгаа хийсэн байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцдэг гэж л байдаг юм.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 22 хувь гэдэг. Үүний 50 хувь нь ил болно гэж тооцвол өмнөхөөсөө их мөнгө ил болох болов уу. Мөнгө төгрөг ил болохдоо биш, Монгол Улсын татварын суурь өргөсөх нь хуулийн гол үр дүн юм.
Т.БАТ
Tweet